Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 207/МА2023/00082

 

 

 

 

 

 

 

 

 

2023 09 21 207/МА2023/00082

 

 

Б.М-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч Ч.И-д холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.У даргалж, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.А, Ерөнхий шүүгч Б.Б нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 142/ШШ2023/..... дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.М-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч.И-д холбогдох,

Гэм хорын хохирол 2.280.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Б.М-ын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Бийн илтгэснээр хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О нарийн бичгийн дарга Н.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.М- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ..... дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7-д хохирогч Б.М- нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжпэх эрхтэй болохыг дурьдсугай гэсний дагуу хохирогч Б.М- би гэмтлийн улмаас удаан хугацаанд ажил хийгээгүй, хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмжтэй байсны улмаас 2023 оны 01 дүгээр улирлын урамшуулалт цалин хасагдсан, шинжилгээнд хамрагдсан зардал зэргийг Ч.И-гоос гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүх хуралдаанаас хойш гарсан зардал 2023 оны 01 дүгээр улирлын урамшуулалт цалин олгоогүй 2.240.000 төгрөг, Эхо шинжилгээний төлбөр 40.000 төгрөг, нийт 2.280.000 төгрөгийг Ч.И-гоос гаргуулж Б.М- намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.И- шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Б.М-ын нэхэмжлэлтэй танилцлаа. Түүний нэхэмжилсэн 2.280.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй Ч.И- би зам тээврийн осол гаргасан гэж буруугаа яг тэр дор нь хүлээн зөвшөөрч 3.215.000 төгрөг урьд нь төлсөн гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 142/ШШ2023/..... дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1 дэхь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ч.И-гоос 1.854.825 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.М-ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 425.175 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7.-д зааснаар нэхэмжлэгч Б.М-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51.430 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулан олгож, хариуцагч Ч.И-гоос улсын тэмдэгтийн хураамжаар 44.627 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Нэхэмжлэгч Б.М- нь шүүхэд шүүх хуралдаанаас хойш гарсан зардал буюу 2023 оны 1 дүгээр улирлын урамшуулалт цалин олгогдоогүй 2.240.000 төгрөг, эхо шинжилгээний төлбөр 40.000 төгрөг бүгд 2.280.000 төгрөгийг Ч.И-гоос нэхэмжилсэн бөгөөд анхан шатны шүүх 1.854.825 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. ...шүүх ийнхүү шийдвэрлэхдээ дараах нөхцөл байдлыг анхаараагүй. Нэхэмжлэгч Б.М-ын нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн 2 ширхэг нотлох баримтыг шүүх үнэлээгүй. Энэ нотлох баримтуудын нэг нь А ХХК-ийн ажилтны гүйцэтгэлийн үнэлгээний хуудас байх бөгөөд уг баримт нь эхээрээ биш канондсон хуулбар байна. ...шүүх Б.М- мөнгө авсан тухай баримт ирүүлээгүй тул аваагүй байгаа гэсэн үг гэх утгатай дүгнэлт хийсэн. ...Өөрөөр хэлбэл өөрт нь олгохоор 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр шийдвэрлэсэн мөнгийг ажил олгогч олгохоос татгалзсан буюу нэхэмжлэлд дурьдсанаар 1 дүгээр улирлын урамшуулалт цалин хасагдсан, урамшуулалт цалин олгогдоогүй гэсэн нөхцөл байдлаа нотлоогүй юм. Ийм байхад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг үнэлэх тухай заалтыг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл шүүх Б.М-ыг 1 дүгээр улирлын урамшуулалт цалингаа аваагүй байж таараа гэсэн дотоод итгэлдээ хөтлөгдсөн хэтэрхий нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Б.М- нь эход бөөрөө харуулсан гээд 40.000 төгрөг нэхэмжилсэн байдаг. ...ослын улмаас Б.М-ын бөөр гэмтсэн тухай шийтгэх тогтоолд дурьдсан байгаа, шүүх эмнэлгийн дүгнэлтэнд байхгүй учраас энэ ердийн байдлаар үзүүлсэн төлбөрийг төлөх ёсгүй. Шүүх иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх заалтыг баримталсан нь буруу. Шүүх нэхэмжлэгч болон хариуцагчийг буруу тодорхойлсон гэж үзэж байна. Иймд дээрхи үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрийг хүчингүй болгоно уу. Шүүх хуралд орно гэжээ.

ХЯНАВАЛ :

Нэхэмжлэгч Б.М- нь хариуцагч Ч.И-д холбогдуулан гэмт хэргийн улмаас үүссэн гэм хорын хохиролд 2.280.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1. дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ч.И-гоос 1.854.825 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.М-ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 425.175 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Хариуцагч Ч.И- нь 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт ............... улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан иргэн нэхэмжлэгч Б.М-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж хариуцагч Ч.И-гоос гэм хорын хохиролд 1.854.825 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.М-ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 425.175 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуульд нийцжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрийг хүчингүй болгоно уу гэх агуулгатай давж заалдсан гомдол шүүхэд гаргаж байгаа боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байгаа нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан ...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх..., мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.-т заасан нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх, үүргээ хариуцагч биелүүлээгүй болно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдол нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 44.627 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 142/ШШ2023/..... дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 44.627 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.У

ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Б