Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 116

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.О даргалж

Нарийн бичгийн дарга Г.Ц

Улсын яллагч Т.Т

Шүүгдэгч Т.Т нарыг оролцуулан, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанаар

 

   Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Т.Тд холбогдох эрүүгийн 1822000000150 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

    Шүүгдэгчийн биеийн байцаалт:

    Монгол Улсын иргэн, 1971 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ......... оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх И овогт Т.Т /регистрийн дугаар ЗЕ71010115/

 

   Яллах дүгнэлтэд дурдсанаар шүүгдэгч Т.Т нь 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын төвд иргэн З.Бийн толгой болон цээж хэсэгт өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Т.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Шүүгдэгч Т.Т яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: ...2018 оны 11 дүгээр сарын 4-ний орой Сайнцагаан сумын 8 дугаар багт байх айлын гадна хэсэг хүмүүстэй архи ууж байгаад би нэлээн согтсон. Тэгээд шөнө 01 цагийн үед гэртээ ганцаараа алхаад харихад гэрийн гадна байсан манай машины хаалга онгорхой байх шиг байхаар нь хүрч очиход машины хажууд үл таних эрэгтэй хүн явж байсан. Би тэр хүнтэй юунаас болж маргалдаж муудалцах болсноо сайн санахгүй байна. Ямар ч байсан би тэр үл таних хүний нүүрэнд нь зүүн гараараа нэг удаа цохиход тэр хүн газар унасан. Газар унасан хойно нь би өмсөж явсан хромон гутлаараа толгой болон цээж хэсэгт нь нэг удаа өшиглөсөн. Энэ үед манай эхнэр Х.Г гэрээс гарч ирээд надад хандаж “болиоч” гэж хэлсэн... Би гэрлүүгээ алхаад орсон. Тэр хүн босоод цаашаа ганцаараа алхаад явсан... Би З.Бийн толгой цээжинд нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсанаа хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/

                                                                                                                        

Хохирогч З.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2018 оны 11 дүгээр сарын 4-ний шөнө Сайнцагаан сумын 9 дүгээр баг, Мандал гэр хороололд мал, мах худалдан авдаг айлын хүний машиныг нь засаж байгаад шөнийн 12 цагийн үед Х.Г, С.О нартай 0.5 литрийн хоёр шил архи, мөн 5 ширхэг лаазтай пиво хувааж уусан. Тэгээд шөнийн 2 цагийн үед С.Оийн нөхөр Ж.Мд ах өөрийнхөө машинаар Х.Г бид хоёрыг гэр, гэрт нь хүргэж өгнө гээд машинтайгаа явсан. Х.Гийг гэрийнх нь гадаа буулгаад намайг буулгах гээд явж байхад би “гэрийнхээ түлхүүрийг Х.Гт өгөөд мартчихсан байна, энд бууя” гэж хэлээд машинаас бууж үлдсэн. Тэгээд би Х.Гтэй очиж уулзаж түлхүүрээ авъя гэж бодоод гэрийнх нь ойролцоо явж байтал гэнэт харанхуйгаас нэг үл таних залуу ирээд миний нүүрэнд нэг удаа гараараа цохиход нь би газар унасан. Намайг газар унасны дараа толгойны орой хэсэгт нэг удаа, цээж хэсэгт хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэгтэл Х.Г хаанаас гарч ирснийг нь мэдэхгүй хүрч ирээд тэр залууд /нөхөртөө/ хандаж наад хүн чинь ямарч хамаагүй, чи яагаад хүн зодоод байгаа юм бэ гэж хэлж байсан. Намайг зодсон хүн хаашаа явсныг нь мэдээгүй. Тэгээд би ганцаараа алхаж явж байгаад Сайнцагаан сумын 5 дугаар баг, Шандын 2 дугаар гудамжны 4 тоотод байх гэртээ иртэл хүн байхгүй байхаар нь Гд очтол Г гэртээ байсан. Гарьдийнд толгойноос гарч байсан цусаа угаасан боловч цус тогтохгүй байхаар нь өөрөө эмнэлэгт очиж үзүүлж оёдол тавиулсан. Тухайн үед би их согтсон байсан. Харин Х.Гийн нөхөр нь гэх намайг зодсон залууг эрүүл, согтуу байсан эсэхийг мэдэхгүй. Юунаас болоод намайг зодож миний эрүүл мэндэд хохирол учруулсныг нь мэдэхгүй байна. Эхнэртэйгээ хардсан байх. Би Х.Г гэдэг эмэгтэйг урд нь огт танихгүй, бидний хооронд ямар нэгэн холбоо байхгүй. Намайг зодуулж байхад Х.Г гэдэг хүүхэн байсан байх, өөр хүн байгаагүй. Зодуулсны улмаас миний толгойны оройн хэсгийн хуйх язарч 13 оёдол тавиулсан. Цээж хөндүүр байна. Тэр залуу миний биед зэвсэг, зэвсэгийн чанартай зүйл хэрэглэж элдэв юмаар цохиогүй, хөлөөрөө л өшиглөсөн. Би хотод очоод “Мөнгөн гүүр” гэх эмнэлэгт үзүүлж, 160000 төгрөгийн зардал гарсан. Энэ зардлаа нэхэмжилж байна, Өөр санал, гомдолгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 5-6/

 

Хохирогч З.Б мөрдөн байцаалтын шатанд 2 дахь удаагаа өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 11 дүгээр сарын 4-ний шөнө Сайнцагаан сумын төвд Т.Т гэх хүн намайг зодож миний толгойд өшиглөсний улмаас миний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Эрүүл мэндэд минь учирсан бодит хохирол болох 160000 төгрөгийг Т.Т манай эхнэр С.Сийн 5025817484 дугаарын дансанд өөрийн сайн дураараа хийж надад учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан. Одоо ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 7/

 

Гэрч Ж.Мийн: ...Манай машинд суух болон буух үед З.Бийн эрүүл мэндэд ямар нэгэн хохирол учраагүй байсан. Хэн нэгэн хүнтэй муудалцаж маргалдсан асуудал огт гаргаагүй. Машинаас буусныхаа дараа хэн нэгэн хүнтэй уулзсан эсэхийг мэдэхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/

 

Дундговь аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 180200343 дугаартай

“а/ З.Бийн биед зүүн чамархай дээд хэсэгт шарх, тархи доргилт, баруун, зүүн нүдний зовхи, цээж, нуруунд цус хуралт зөөлөн эдийн няцрал, цээжинд зулгаралт, баруун чих, духны зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

б/ Дээрх гэмтлүүд нь 4 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүснэ.

в/ Дээрх гэмтэл нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

г/ Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид байнгын хөдөлмөрийн чавдарт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 17/

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 20/ зэрэг нотлох баримтууд болно.

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

    Шүүгдэгч Т.Т 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын төвд хохирогч З.Бийн нүүрэн тус газар нь гараар цохиж улмаар толгой болон цээж хэсэгт өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч, хохирогч, гэрчийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

 Шүүгдэгч Т.Т гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокуророос түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял сонсгосныг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байх тул гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирогч З.Б тус аймгийн Цагдаагийн газарт өгсөн хүсэлтдээ “Миний эрүүл мэндэд учирсан бодит хохирол болох 160000 төгрөгийг Т.Т өөрийн сайн дураараа төлж надад учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан. Одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” /хх-ийн 7/ гэсэн байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Т.Тд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин мөн хуулийн 6.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч хохирогчид учруулсан хохирлоо төлсөн нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

 

         Иймд шүүгдэгч Т.Тийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж чанар, прокурорын саналыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1-д заасан торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Т.Т энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжлүүлсэн эд хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

 

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

         1. Шүүгдэгч И овогт Т.Тийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.Тд 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй,

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Т.Т шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2 /хоёр/ сарын хугацаанд буюу тухайн сарын 25-ны өдрийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

         4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Т.Тд шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг тайлбарласугай.

 

5. Шүүгдэгч Т.Т энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжлүүлсэн эд хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                       Л.О