Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 126

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, улсын яллагч П.Нямцэцэг, шүүгдэгч Н.О, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн “Д“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Есөн чоно овогт Нямдаваагийн Оюунбаатарт холбогдох “1811035000014” дугаартай, 186/2019/0104/э индекстэй хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 17-ны  өдөр хүлээн авч, 2019 оны 02 дугаар сарын  сарын 13-ны өдөр шүүн хэлэлцэв.                    

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол Улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, "Трансбус" ХХК-д тэрэг тавигч ажилтай, ам бүл 6, эхнэр 1-8 насны 4 хүүхдийн хамт амьдардаг, Хөвсгөлийн аймгийн Тосонцэнгэл сумын 2 дугаар баг Сэлэнгэ тоотод оршин суух хаягтай боловч одоо Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын      54-642 тоотод оршин сууж байгаа, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 514 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Есөн чоно овогт Нямдаваагийн Оюунбаатар            /РД: РК86010230/,

        Холбогдсон хэргийн талаар:

        Н.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 54-642 тоотод гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч Э.Адъяажаргалыг зодож сандлаар зүүн гаран тус газар нь цохиж биед нь зүүн гарын богтос ясны далд хугарал, дух, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал зулгаралт, баруун хацар, дагзны, хуйх, баруун өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                            

         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг:  Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн  мэдүүлэг:

1.1.  Шүүгдэгч Н.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Хоёр: Шүүгдэгч мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Адъяажаргалын:...2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын    54-642 тоотод гэртээ хүүхдүүдээ хараад байж байтал манай нөхөр Оюунбаатар ажлаасаа буугаад 14 цагийн орчимд гэртээ согтуу орж ирсэн. Согтуу гэр дотор өвдөглөж тойроод нударгаараа газар цохиод байсан. Том охин Нарансолонгыг хүрээд ир гэж зандарсан тул охин айгаад очихгүй байсан тул би Оюунбаатарт хүүхэд айлгалаа шүү дээ гэхэд чамд хамаагүй гээд орилж байх үед гаднаас манай аав Энх-Амгалан орж ирээд чи яагаад орилоод хүүхэд айлгаад байгаа юм бэ гэхэд чи хуцалгүй дуугай бай чамд хамаагүй гээд орилоод агсраад байсан учир аав чи яагаад байгаа юм бэ гэхэд Оюунбаатар гараад үзчих үү гээд хоёулаа гарсан. Би араас нь гарч хартал Оюунбаатар аавыг маань хувцасны захаар нь боож унагаасан. Би тэр хоёрт хүнээс ичээч гэхэд тоохгүй дээр доороо ороод ноцолдож байгаад Оюунбаатар аавын ард гарснаа нуруунаас нь хазах үед би болиулахад аав зугтаад явсан. Гэрт бага хүүхэд уйлаад байсан учир би гэрлүүгээ орж хүүхдээ аваад байж байтал Оюунбаатар гаднаас орж ирээд миний толгой руу 3-4 удаа цохьсон ба чи ямар их аавыгаа зугтаалгадаг юм бэ гээд эхлээд модон сандал надруу аваад шидэхээр нь би хөлөөрөө хаачихсан чинь газар унасан модон сандлыг аваад чи ямар их хаадаг юм бэ гээд намайг цохих гэсэн учир би хүүхдээ хамгаалж зүүн гараараа хаасан чинь сандлаар 3 удаа зүүн гарын шуу руу цохиж гар хугалсан гэх мэдүүлэг. /хх 9-10/,

2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Энх-Амгалангийн:...2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 14 цагийн үед намайг өөрийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 54-642 тоотод гэртээ байж байхад манай хашаанд цуг байдаг охин Адъяажаргалын гэрт хүн орилоод байхаар нь би охиныхоо гэрлүү орсон. Манай хүргэн Оюунбаатар гэртээ согтуу ирсэн байсан. Гэртээ чанга чанга орилоод хүүхдүүдээ айлгаад эхнэр хүүхдүүд нь бүгд уйлчихсан зогсож байсан. Энэ юу болж байгаа юм бэ гэхэд чамд ямар хамаатай юм бэ чамайг ална шүү гээд намайг бариад авсан. Тэгэхээр нь би гэрт хүүхдүүд айгаад орилоод байна тавьчих гадаа гаръя гээд гадагш гарсан. Гэрийн гадаа гараад Оюунбаатар намайг барьж авч боогоод чамайг боож ална чамаас цус гарах уу баас гарах уу үзнээ гээд боогоод байсан. Би ч зөрүүлээд бариад ноцолдсон. Газар унаад бид 2 ноцолдож байхад газраас чулуу аваад миний нүүрлүү болон цээж хэсэг рүү 2-3 удаа цохьсон. ноцолдож байх үедээ миний ард гараад нуруунаас хазаад байсан. Манай охин хүүхдээ тэврээд ирж салгасан. Би цааш зугтаагаад цагдаа дуудсан. Цагдаа дагуулаад гэрлүү орсон чинь эхнэрээ зодоод гарыг нь хугалчихсан байж байсан" гэх мэдүүлэг. /хх 23-24/,

2.3.Насанд хүрээгүй гэрч Э.Нарансолонгын:... удалгүй 4-5 минутын дараа ээж Адъяажаргал араас нь аав Оюунбаатар нар орж ирсэн. Ээж дүү Нарангоог авсан Энэ үед аав ээж рүү чи ямар их аавыгаа зугтаалгадаг юм бэ гээд жижиг модон сандал авч ээж рүү шидсэн чинь ээж хөлөөрөө хаачихсан юм. Тэгэхээр нь би айгаад гэрээс гараад явчихсан юм. Ингээд би өвөөгийн гэрт байж байтал өвөө аавыг цагдаа нар ирээд аваад явчихсан гэж хэлсэн. Өвөөгийн зүүн нүд нь улайчихсан нурууг нь хазчихсан байсан. Гэртээ орсон чинь ээжийн баруун нүд хавдаад зүүн гар нь хугарсан байсан гэх мэдүүлэг /хх  29-30/,

2.4. Шүүхийн шинжилгээний  үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 236 тоот актын: 

1. Э.Адъяажаргалын биед зүүн гарын богтос ясны далд хугарал, дух, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун хацар, дагзны хуйх, баруун өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шинжээч эмч Т.Чимэд-Очир  гэсэн дүгнэлт /хх-42/,  

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

     3.1. Хавтас хэргээс улсын яллагч:...шүүгдэгчийн гэм бурууг нотлох байр суурьтай оролцож, хавтаст хэргээс 9-10 дугаар хуудас хохирогч Э.Адъяажаргалын мэдүүлэг, 23-24 дүгээр хуудас гэрч Д.Энх-Амгалангийн мэдүүлэг, 29-30 дугаар хуудас насанд хүрээгүй гэрч Э.Нарансолонгийн мэдүүлэг, 42 дугаар хуудас №236 тоот шүүх эмнэлгийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалъя гэв. 

    Шүүгдэгчийн өмгөөлөгч:..шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож, хавтаст хэргээс 12, 15 дугаар хуудас хохирогчийн мэдүүлэг, 23, 25-26 дугаар хуудас гэрч Энх-Амгалангийн мэдүүлэг, 32-33 дугаар хуудас гэрчээр Оюунбаатарын өгсөн мэдүүлэг, 51 дүгээр хуудас Оюунбаатарын яллагдагчаар өгсөн тэмдэглэл, 62 дугаар хуудас Оюунбаатарын хувийн байдалтай холбоотой баримтууд, 66, 74, 81 дүгээр хуудас, мөн хохирогч шүүх хуралдаанд оролцохгүй гэх баримт зэргийг шинжлэн судалъя гэв.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтуудыг тогтоов.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

 

Шүүгдэгч Н.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 54-642 тоотод гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч Э.Адъяажаргалыг зодож сандлаар зүүн гаран тус газар нь цохиж биед нь зүүн гарын богтос ясны далд хугарал, дух, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал зулгаралт, баруун хацар, дагзны, хуйх, баруун өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч  Э.Адъяажаргалын:...2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын    54-642 тоотод гэртээ хүүхдүүдээ хараад байж байтал манай нөхөр Оюунбаатар ажлаасаа буугаад 14 цагийн орчимд гэртээ согтуу орж ирсэн. Согтуу гэр дотор өвдөглөж тойроод нударгаараа газар цохиод байсан. Том охин Нарансолонгыг хүрээд ир гэж зандарсан тул охин айгаад очихгүй байсан тул би Оюунбаатарт хүүхэд айлгалаа шүү дээ гэхэд чамд хамаагүй гээд орилж байх үед гаднаас манай аав Энх-Амгалан орж ирээд чи яагаад орилоод хүүхэд айлгаад байгаа юм бэ гэхэд чи хуцалгүй дуугай бай чамд хамаагүй гээд орилоод агсраад байсан учир аав чи яагаад байгаа юм бэ гэхэд Оюунбаатар гараад үзчих үү гээд хоёулаа гарсан. Би араас нь гарч хартал Оюунбаатар аавыг маань хувцасны захаар нь боож унагаасан. Би тэр хоёрт хүнээс ичээч гэхэд тоохгүй дээр доороо ороод ноцолдож байгаад Оюунбаатар аавын ард гарснаа нуруунаас нь хазах үед би болиулахад аав зугтаад явсан. Гэрт бага хүүхэд уйлаад байсан учир би гэрлүүгээ орж хүүхдээ аваад байж байтал Оюунбаатар гаднаас орж ирээд миний толгой руу 3-4 удаа цохьсон ба чи ямар их аавыгаа зугтаалгадаг юм бэ гээд эхлээд модон сандал надруу аваад шидэхээр нь би хөлөөрөө хаачихсан чинь газар унасан модон сандлыг аваад чи ямар их хаадаг юм бэ гээд намайг цохих гэсэн учир би хүүхдээ хамгаалж зүүн гараараа хаасан чинь сандлаар 3 удаа зүүн гарын шуу руу цохиж гар хугалсан гэх мэдүүлэг. /хх 9-10/, гэрч Д.Энх-Амгалангийн:...манай охин хүүхдээ тэврээд ирж салгасан. Би цааш зугтаагаад цагдаа дуудсан. Цагдаа дагуулаад гэрлүү орсон чинь эхнэрээ зодоод гарыг нь хугалчихсан байж байсан" гэх мэдүүлэг. /хх 23-24/,  насанд хүрээгүй гэрч Э.Нарансолонгын:...удалгүй 4-5 минутын дараа ээж Адъяажаргал араас нь аав Оюунбаатар нар орж ирсэн. Ээж дүү Нарангоог авсан Энэ үед аав ээж рүү чи ямар их аавыгаа зугтаалгадаг юм бэ гээд жижиг модон сандал авч ээж рүү шидсэн чинь ээж хөлөөрөө хаачихсан юм. Тэгэхээр нь би айгаад гэрээс гараад явчихсан юм. Ингээд би өвөөгийн гэрт байж байтал өвөө аавыг цагдаа нар ирээд аваад явчихсан гэж хэлсэн. Өвөөгийн зүүн нүд нь улайчихсан нурууг нь хазчихсан байсан. Гэртээ орсон чинь ээжийн баруун нүд хавдаад зүүн гар нь хугарсан байсан гэх мэдүүлэг /хх  29-30/, шүүхийн шинжилгээний  үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 236 тоот  дүгнэлт  /хх-42/,  шүүгдэгч Н.О шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлж байгаа мэдүүлэг болон  хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн  2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Н.Оыг  гэр бүлийн  хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр  хохирол санаатай  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.       

Хохирогч Э.Адъяажаргал  нь шүүхэд бичгээр шүүгдэгч Н.Оаас нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй, гар бүрэн эдгэрсэн, биеийн эрүүл мэндийн байдал сайн байгаа, шүүх хуралдаанд оролцохгүй, өмгөөлөгч авахгүй гэсэн хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг  бусдад учруулсан  хохирлыг  нөхөн төлсөн, гэм хорыг  арилгасан байна гэж  шүүх үзлээ.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршигийг арилгасан зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэргийг  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй тул Н.От хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                          

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Есөн чоно овогт Нямдаваагийн Оюунбаатарыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.1-д  зааснаар шүүгдэгч Н.От хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурван/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Н.О нь тэнссэн хугацаанд зан үйлээ засах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Н.От сануулсугай.

            5. Хохирогч Э.Адъяажаргал нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.От урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр  үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           С.БАТЖАРГАЛ