| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2019/0107/э |
| Дугаар | 131 |
| Огноо | 2019-01-13 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Байгалмаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 131
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, улсын яллагч Б.Байгалмаа, шүүгдэгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хонин Онход овогт Дашзэвэгийн Одонбаатарт холбогдох эрүүгийн “1711010571158” дугаартай, 186/2019/0107/э индекстэй хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар баг, 4-28 тоотод оршин суух бүртгэлтэй, 2013 онд Хөвсгөл аймгийн Сум дундын шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлсэн, 2014 онд Хөвсгөл аймгийн Сум дундын шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, 2016 онд Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, 2018 оны 01 дүгээр сарын 18-нд Хөвсгөл аймгийн Сум дундын шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Хонин Онход овгийн Дашзэвэгийн Одонбаатар /РД:РЭ92010115/,
Холбогдсон хэргийн талаар:
Д.О\нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүрэг 18 дугаар хороо, Дунд тасганы 1-05 тоотод оршин оршин суух хохирогч У.Наранцэцэгийн байшинд хууль бусаар нэвтрэн орж “Панасоник” маркийн зөөврийн комьпютер, аяганы ком, хоёр ширхэг савхин бээлий зэргийг хулгайлж 100.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг :
1.1. Шүүгдэгч Д.О\шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...би өөрийн гэм буруугаа ойлгож байна. дахиж ийм хэрэг хийхгүй гэв.
Хоёр: Шүүгдэгч мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч У.Наранцэцэгийн:...би Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Дунд тасганы 1-05 тоот хашаа байшинд нөхөр Ганзориг, хүү, ээж нарын хамт амьдардаг. 2017 оны 10 дугаар сарын 16-ны орой манай гэрийнхэн гэртээ унтаж амраад 2017 оны 10 дугаар сарын 17-ны өглөө нөхөр Ганзориг 07 цагийн орчим ажилдаа яваад би гэртээ хүүгийн хамт унтаад үлдсэн. Ингээд би 11 цагийн орчим явсан. Намайг явахад манай хүү гэртээ хичээлээ хийгээд үлдсэн. Тэгээд өдөр 12 цагийн орчим хүү надруу залгаад хичээлдээ явж байна гэж хэлсэн. Хичээлдээ явахдаа хаалгаа түгжээд явсан. Ингээд нөхөр Ганзориг гэртээ 16 цагийн орчим ирэхэд гэрийн эд зүйлийг энд тэнд тавьсан байдалтай байхаар нь надруу залгаад яагаад хамаг юм онгичоод хаясан юм бэ гээд асуухаар нь тийм зүйл байхгүй гэрээс гарахдаа гэрээ цэвэрлээд явсан гэж хэлсэн. Нөхөр Ганзоригийг ирэхэд дунд өрөөний цонх онгорхой байна гээд надруу 16 цаг 15 минутанд залгахаар би гэртээ яваад очиход ээж Чанцалын амьдардаг өрөөний эд зүйлийг тараасан байдалтай байсан. Манай гэрээс 14 инчийн “Панасоник” маркийн зөөврийн компьютер, аяганы ком, хоёр ширхэг савхин бээлий зэрэг алдагдсан. Манай хүүхдийг гэрээсээ гараад явахад халзан толгойтой саарал күртиктэй нүдэнд хүйтэн царайтай ах надруу эргэж хараад байсан гэж хэлсэн. Тэр хүн залуухан хүн байсан гэсэн гэх мэдүүлэг. /хх 34-36/,
2.2.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Ганзоригийн:...гэртээ орой 16 цагийн орчим ирээд хаалгаа онгойлгоход цонх онгорхой байхаар нь хаасан. Тэгээд цонхоор харсан чинь шат байхаар нь хулгай орсон байна гэж бодсон гэх мэдүүлэг. /хх 24-25/,
2.3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 06/581 дугаартай дүгнэлтийн:
1. Шинжилгээнд ирүүлсэн гарын мөрүүд нь шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд тэнцэж буй гарын мөрүүдийг папилон санд 2017-316-ЧД дугаараар кодлон оруулж харьцуулан шинжлэхэд MN0000ӨРШ02610, MN004610004827 дугааруудаар Дашзэвэг овогтой Одонбаатар нэрээр орсон гарын дардастай тохирч байна. шинжээч эмч Г.Гантулга гэжээ / хх-41/
2.4. Шинжээчийн мэдүүлэг.
1. Гарын мөр нь хаана байгаагаас хамаарч харилцан адилгүй байдаг.
2. Цаас мод зэрэг гадаргуу дээр гар мөр гарын мөр арилах хугацаа нь харьцангүй бага буюу 1-3 хоногт арилдаг.
3. Харин вакум цонхны хүрээ цонхны шил зэрэгт удаан хугацаанд хадгалагддаг. Гарын мөр давхцах тохиолдол байхгүй бөгөөд боломжгүй.
4. Д.Одонбаатарын гарын долоовор хурууны дардастай гарын мөрийн ерөнхий болон хувийн нийт 20 шинж тэмдэгээр тохирсон гэх мэдүүлэг. /хх 51-52/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд
3.1. Хавтас хэргээс улсын яллагч:...шүүгдэгчийн гэм бурууг нотлох байр суурьтай оролцож, хавтаст хэргээс 15 дугаар хуудас У.Наранцэцэгийн гомдол, 16-21 дүгээр хуудас хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, 54 дүгээр хуудас “Ашид” билгүүн ХХК-ийн үнэлгээний дүгнэлт, 34-36 дугаар хуудас хохирогч У.Наранцэцэгийн мэдүүлэг, 24-25 дугаар хуудас гэрч Н.Ганзоригийн мэдүүлэг, 41 дүгээр хуудас №06/581 дугаартай шинжээчийн дүгнэлт, 51-52 дугаар хуудас шинжээчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.О\нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүрэг 18 дугаар хороо, Дунд тасганы 1-05 тоотод оршин оршин суух хохирогч У.Наранцэцэгийн байшинд хууль бусаар нэвтрэн орж “Панасоник” маркийн зөөврийн комьпютер, аяганы ком, хоёр ширхэг савхин бээлий зэргийг хулгайлж 100.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч У.Наранцэцэгийн:...би Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Дунд тасганы 1-05 тоот хашаа байшинд нөхөр Ганзориг, хүү, ээж нарын хамт амьдардаг. 2017 оны 10 дугаар сарын 16-ны орой манай гэрийнхэн гэртээ унтаж амраад 2017 оны 10 дугаар сарын 17-ны өглөө нөхөр Ганзориг 07 цагийн орчим ажилдаа яваад би гэртээ хүүгийн хамт унтаад үлдсэн. Ингээд би 11 цагийн орчим явсан. Намайг явахад манай хүү гэртээ хичээлээ хийгээд үлдсэн. Тэгээд өдөр 12 цагийн орчим хүү надруу залгаад хичээлдээ явж байна гэж хэлсэн. Хичээлдээ явахдаа хаалгаа түгжээд явсан. Ингээд нөхөр Ганзориг гэртээ 16 цагийн орчим ирэхэд гэрийн эд зүйлийг энд тэнд тавьсан байдалтай байхаар нь надруу залгаад яагаад хамаг юм онгичоод хаясан юм бэ гээд асуухаар нь тийм зүйл байхгүй гэрээс гарахдаа гэрээ цэвэрлээд явсан гэж хэлсэн. Нөхөр Ганзоригийг ирэхэд дунд өрөөний цонх онгорхой байна гээд надруу 16 цаг 15 минутанд залгахаар би гэртээ яваад очиход ээж Чанцалын амьдардаг өрөөний эд зүйлийг тараасан байдалтай байсан. Манай гэрээс 14 инчийн “Панасоник” маркийн зөөврийн компьютер, аяганы ком, хоёр ширхэг савхин бээлий зэрэг алдагдсан. Манай хүүхдийг гэрээсээ гараад явахад халзан толгойтой саарал күртиктэй нүдэнд хүйтэн царайтай ах надруу эргэж хараад байсан гэж хэлсэн. Тэр хүн залуухан хүн байсан гэсэн гэх мэдүүлэг, гэрч Н.Ганзоригийн:...гэртээ орой 16 цагийн орчим ирээд хаалгаа онгойлгоход цонх онгорхой байхаар нь хаасан. Тэгээд цонхоор харсан чинь шат байхаар нь хулгай орсон байна гэж бодсон гэх мэдүүлэг. /хх 24-25/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 06/581 дугаартай дүгнэлт / хх-41/ шинжээчийн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд, эд зүйлийн үнэлгээний тайлан зэрэг хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.Одонбаатарыг нууцаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч У.Наранцэцэг нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн байх тул шүүгдэгч Д.Одонбаатарыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан байна гэж шүүх үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Д.Одонбаатарыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч авахгүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлтээ шүүх хуралдаан дээр мэдүүлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.
Шүүгдэгч Д.О\нь Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ний 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хорих ял шийтгүүлж, хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 6 сар 21 хоногийг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял дээр нэмж нийт биечлэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн цагдан хоригдсон 35/гучин таван/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож шийдвэрлэв.
Монгол УлсынЭрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хонин Онход овогт Дашзэвэгийн Одонбаатарыг нууцаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.Одонбаатарыг 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Одонбаатарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 7 сар 21 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 6 сар 21 хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 4 /дөрөв/ жил, 7 /долоон/ сар, 21 /хорин нэг/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Д.Одонбаатарт оногдуулсан хорих ялыг нээлттэй байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Одонбаатарын цагдан хоригдсон 35 /гучин тав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
6. Шүүгдэгч Д.О\нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Одонбаатарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ