Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 212/МА2023/00051

 

Н.Г-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж, 

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж шийдвэрлэсэн, 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 130/ШШ2023/00162 дугаар шийдвэртэй, ****** оршин суух Н.Г-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч ****** оршин суух М.Е-д холбогдох,

 

“Эрүүл мэндэд учирсан хохирол 1.798.450 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.Бахытбек, нэхэмжлэгч Н.Г-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьезд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн үндэслэл:  

1.1. Миний нөхөр Х.О-ийн хуучин танил гэх залуу К- гэх залуу түүнтэй тааралдаад "...миний баз болох Е- гэдэг залуу нэг тарган үхэр зарахаар авч ирсэн байна, үхэр авах юм бол очоод хараарай” гэж хэлсэн гэхээр нь би нөхрөө дагуулаад 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өглөө 09 цагийн орчим Н.К-ы гэрт зарна гэсэн үхрийг харахаар очих үед бид нарт 5-6 насны хүүхэд хаалга онгойлгож өгсөн. Тэр хүүхэд хэний хүүхэд байсан гэдгийг мэдэхгүй. Бид хоёр хашаа руу орох үед хашаан дотор байсан сарлаг үхэр шууд гүйж ирээд намайг мөргөхөд бетон хашааг толгойгоороо мөргөж газар унасан ба тэр үед нуруун тус газар хэд хэдэн удаа мөргөхөд миний толгойноос цус гоожиж, шокт орсон, хүмүүс салгах ямар ч боломжгүй байсан, хашааны дотор шороо босож, үзэгдэх орчин үгүй болсон.

1.2. Тэгээд миний нөхөр эмнэлгийн түргэн тусламж дуудсан, түргэний машин хүлээн авахад хүргэж, миний толгойд оёдол тавьж өгөөд явуулсан тул гэртээ хэдэн хоног байсан боловч хэвтрийн байдалд орсон ба аймгийн Нэгдсэн эмнэлгээс онош нь тодроогүй тул улсын Гэмтлийн эмнэлэгт 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр автобусаар хот руу явсан ба миний нөхөр асран хамгаалахаар хамт явсан.

1.3. Эхлээд Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж хэвтсэн боловч ор хүрэлцэхгүй байна гэж “Мөнгөн гүүр” нэртэй хувийн эмнэлэг рүү шилжүүлсэн тул 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл 11 хоног хэвтэн сэргээн засах эмчилгээ хийлгэж эмчлүүлсэн.  

 

1.4.Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж ирэхэд надаас нийт 5,0 сая орчим төгрөгийн зарлага гарсан боловч би өөрт байгаа тамга, тэмдэгтэй “Мөнгөн гүүр” эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн үеийн зарим баримтууд болон автобусаар Улаанбаатар хотод явж ирсэн замын зардлыг л үхрийн эзэн болох М.Е-ээс нэхэмжлэхээр шийдсэн. Цаана нь эмийн сангаас худалдаж авсан эм, эмнэлгийн хэрэгсэл, хоол хүнс, орон байрны зардал, хот доторх таксины зардал зэргийг нэхэмжлэхгүй байгаа. Тухайлбал, дотроо төмөртэй Нурууны татлагыг гэхэд 250,000 төгрөгөөр худалдаж авсан юм /зураг нь байгаа/.

1.5. Дээрх үйл явдлын талаар аймаг дахь Цагдаагийн газарт гомдол мэдээлэл гаргаж шалгуулсан ба аймгийн Прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 324 дугаартай тогтоолоор “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоол гаргаж, өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг Иргэний хуулийн 501 дүгээр зүйлд заасны дагуу тухайн сарлагийн эзэн М.Е-ээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн.

1.6. Би үхрийн эзэн М.Е- гэдэг залуутай миний нөхөр хэд хэдэн удаа уулзаж, учир байдлыг хэлж ойлгуулж, гуйсан ба эхлээд гарсан зардлыг төлж өгнө гэсэн боловч сүүлд би төлөх чадвар байхгүй гэж татгалзсан. Эцэст нь хэлэхэд М.Е-ий хайнга хариуцлагагүй байдлаас болж би тахир дутуу болж хохирсон. Одоо хүний байнгын асрамжид орсон, хөдөлгөөн хязгаарлагдсан, эмчийн заавар зөвлөмжийн дагуу дэглэм барьж байгаа боловч явж чадахгүй байгаа тул эмчилгээнд гарсан зардлын өчүүхэн хэсгийг ч гэсэн гаргуулж, зовлонгоо нимгэлэхээр ийнхүү шүүхэд хандаж байна.

1.7. Хариуцагч талаас тухайн үхэр номхон, дөлгөөн үхэр байсан. Хэн нэг рүү дайрахгүй гэж тайлбар гаргасан байна. Гэхдээ тухайн үхэр номхон үхэр байсан бол үхрийн урьд хоёр хөлийг нь тушаад үхрийн хөдөлгөөнийг хязгаарлахгүй байсан. Тухайн үхэр эр үхэр байсан. Үхрийн эзэн үхрийн хөлийг чанга тушсан тохиолдолд үхэр над руу дайрах боломжгүй болох байсан.

1.8. Эмч нар таны уушги дотогшоо ороогүй учраас танд хагалгаа хийх шаардлагагүй төмөр татлагыг хоёр сар хэрэглээрэй гэж зөвлөсөн. Гэмтэл согог судлалын үндэсний төвд 10 хоног эмчилгээ хийлгэсний дараа эмч нар дархлаагаа дэмжиж, эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж эмч нарын шилжүүлсний дагуу “Мөнгөн гүүр” гэх хувийн эмнэлэгт 15 хоног эмчилгээ хийлгэсэн. Эмч нар надад нэг сарын дараа дахин давтан шинжилгээ хийлгэх тухай зөвлөмжийг миний картад бичиж өгсөн. Гэхдээ би давтан шинжилгээнд очоогүй. Яагаад гэвэл дахин дахин Улаанбаатар хотод явж эмчилгээ, оношилгоо хийлгэх боломж байхгүй. Тухайн үед нөхөр маань хариуцагч М.Е-д хандаж замын зардлыг даагаарай чамаас өөр мөнгө нэхэмжлэхгүй гэдгийг хэлсэн боловч М.Е- манай нөхөрт 40,000 төгрөг авчирч өгсөн. Гэхдээ тухайн 40,000 төгрөгийг аваагүй. Өмнө нь би таяг барьж үзээгүй эрүүл мэнд маань сайн байсан боловч 2022 оны 10 дугаар сараас хойш таягтай явж байна.

1.9. Би эрүүл мэндээрээ хохирч байна. Хүнд зүйл өргөж чадахгүй, өөрөөрөө хурдан явж чадахгүй одоо хүртэл зовуурьтай байгаа. Иймд Н.Г- миний бие эрүүл мэндэд учирсан хохирол болох 1.798.450 төгрөгийг иргэн М.Е-ээс гаргуулан намайг хохиролгүй болгож өгнө үү.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзал:

2.1. Би тус аймгийн Булган сумын Улаагчин багт оршин суудаг ба тэнд мал малладаг. Харин аймгийн төвд хүүхэд сургаж намар ирж хавар буцдаг худалдаа наймаа, ченж гэх мэт юм хийдэггүй, мал худалдахгүй жирийн малчин билээ.

2.2. 2022 оны 10 дугаар сарын 04, 05-ны өдөр байх хөдөө Улаагчин багаас Өлгийд нэг сарлаг үхрийг амьдаар нь авч ирсэн. Энэ үхрийг хүргэн ах Н.К- нь хувьдаа авна гэж хэлсэн. Хэрэв авахгүй бол сургуульд сурдаг хүүхдүүддээ идэш болгодог юм уу гэж бодоод ганцхан сарлаг үхрийг гүүрний дээд талд оршин суудаг хүргэн ах Н.К-ы хашаанд оруулж урьд хоёр хөлийг нь тушаад тавьсан байсан. Уг сарлаг нь томоотой мал байсан боловч би ямар нэгэн юм болох вий гэж урьдчилж хаширладаг зангаараа урьд хоёр хөлийг нь тушаад боосон байсан. Уг сарлаг үхэр нь урьд хоёр хөлөө тушуулснаар хөдөлгөөн нь хязгаарлагдаж, нөлөөлөх аюул нь үгүй болдог.

2.3. Сарлаг үхэр нь мал бөгөөд хүмүүс олноор маллаж махыг нь идэж сүүг нь ууж арьс, үс, ясыг нь ашиглаад олон зуун жил болсон үхрийн төрөл, мал юм. Сарлаг үхэр нь аюултай зэрлэг амьтан биш.

 

2.4. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн өглөө 09 цагийн үед хүргэн ах Н.К-ы гэрт байхад хашаанд хүмүүс ярилцах нь сонсогдсон. Гадаа гарахад хашаан дотор хүргэн ах настай эмэгтэй, эрэгтэй хоёр дагуулж ирсэн байсан. Тэдгээр хоёр хүн нь миний авч ирсэн сарлаг үхрийг эргэж тойрч харж үзэж сонирхож байсан. Би хүргэн ах Н.К-ы эдгээр хүмүүс яах гэж яваа юм. Үхрийг юу гэж эргэж тойрч үзээд байгаа билээ гэж асуухад хүргэн ах Н.К- нь “энэ хоёр хүн махны ченжүүд. Би худалдах сарлаг үхэр байгаа гэхэд очиж үзэж байгаад авна гэж хэлээд үхрийг үзэж байгаа” гэж хэлсэн. Зайтай газраас тэднийг харж зогссон. Гэтэл нөхөр нь бололтой эрэгтэй нь уг сарлаг үхрийн ард нь гарч сүүлнээс нь татаж биед нь хүрч барьж үзэх гэхэд уг сарлаг үхэр тушаатай хэвээрээ урагшаа харайж үсрэхэд үхрийн урьд талд зогсож байсан настай эмэгтэй ухарч гүйсэн. Гэхдээ сарлаг үхэр нь тэр эмэгтэйд халдаагүй. Биед нь хүрээгүй, тэр хүн рүү дайраагүй юм. Тэр эмэгтэй уг сарлаг үхрийн зүтгэж ганцхан удаагийн харайснаас үргэж, айгаад урагшаагаа хаалга тийш зугтахдаа өөрөө болгоомжгүй хөдөлгөөн хийж унасан. Тэр үед нэг хоёр харайгаад уг үхэр байрандаа тогтож зогссон.

2.5. Харин уг настай эмэгтэй унахдаа бие толгойгоороо юм мөргөж гэмтсэн байдалтай болсон байсан тул тэр үед нөхөр нь болох Н.К- нар түргэн дуудаж аваачаад эмнэлэгт үзүүлсэн. Би ч гэсэн эмнэлэгт очиж эмчлүүлэхэд нь тусалсан.

2.6. Нэхэмжлэгч тайлбарлахдаа Е- гэх залуу хашааныхаа хаалгыг онгойлгож өгсөн гэжээ. Энэ нь худлаа. Хашааныхаа хаалгыг Н.К- ах өөрөө онгойлгож тэд орсон байсан ба үхрийг үзээд хашаан дотор байхад би гэрээс гарч дэргэд нь очсон, хашааны хаалгыг онгойлгонгуут үхэр шууд дайрсан намайг мөргөсөн гэжээ. Энэ нь бас худлаа. Намайг гэрээс гарахад гурвуулаа үхрийг эргэж тойрч харж байсан ба үхэр хэнийг ч мөргөөгүй. Үхэр шууд ирж мөргөсөн гэж худлаа гүтгэж байна. Эмэгтэй тушаатай үхэр урагшаа харайхад айгаад арагшаа ухарч зугтах гэсэн үед болгоомжгүй хөдөлж унахдаа юм мөргөж гэмтэл авсан юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч: “Миний бие Г- гуай болгоомжгүй байдлаас болж унаж гэмтсэн болов уу гэж бодож байна. Е-ий хувьд мал догшин үхэр байсан бол өшөө бат бөх уях байсан байна гэж бодож байна” гэх дүгнэлтийг гаргажээ.

 

 

4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 130/ШШ2023/00162 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 501 дүгээр зүйлийн 501.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Г-гийн хариуцагч М.Е-ээс эрүүл мэндэд учирсан хохирол 1798450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43800 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Анхан шатны шүүх Н.Г- миний нэхэмжлэлтэй М.Е-д холбогдох гэм хор учруулсан маргаан бүхий иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

5.2. Нэхэмжлэгч Н.Г- би анхан шатны шүүхэд “2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн өглөөний 09 цагийн орчимд Н.Г- би нөхрийн хамт К-ы хашаанд бусдад худалдана гэсэн үхрийг харахаар очиж түүний хашаан дотор ороход хашаан дотор байсан сарлаг үхэр гүйж ирээд намайг мөргөснөөс болж би бетон хашааг толгойгоороо мөргөж унаад толгойдоо гэмтэл авсан. Ингээд тэр даруй эмнэлэгт дуудлага өгснөөр толгойд маань оёдол тавиулсан. Ингээд Баян-Өлгий аймагт байхдаа толгойн өвчин намдаагүй, ар талын нурууны хэсэгт хугаралттай байсан тул 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нөхрийн хамт Улаанбаатар хотод эмчлүүлсэн. Ингээд Н.Г- миний эрүүл мэндэд хохирол учруулсан сарлаг үхрийн эзэн М.Е-ээс 1798450 төгрөгийг гаргуулж өгөхийг хүсэж” нэхэмжлэл гаргасан билээ. Гэтэл анхан шатны шүүх Н.Г- миний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон явдлыг зөвшөөрөхгүй байна.

5.3. Орчин тойрондоо аюул учруулж болзошгүй мал, амьтныг түүнийг маллах буюу хариуцах эзэн нь зохих хамгаалалт хийж бусдад гэм хор буюу аюул учруулахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах үүрэгтэй гэж үзэж байна. Таван хошуу мал дотор сарлаг мал бол эмнэг, догшин, зэрлэгдүү байдаг. М.Е-ээс уг сарлагийн урьд хоёр хөлийг тушсанаар түүний хөдөлгөөн бүрэн хязгаарлагдахгүй бөгөөд сарлагийг заавал уяан дээр байлгаснаар бусдад гэм хор буюу аюул учруулахаас урьдчилан сэргийлэгдэх ёстой гэж үзэж байна. Гэтэл М.Е- нь уг сарлагийн зөвхөн урьд хоёр хөлийг тушиж харин байнгын уяанд байлгаагүйн улмаас хөдөө бэлчээрээс ирсэн зэрлэг сарлаг нь хашаан дотор чөлөөтэй явах боломжтой байжээ. Н.Г- би уг хашаанд эв эрүүл очсон ба урьд хоёр хөл нь тушаатай сарлаг үхэр намайг шууд хөөж мөргөсний улмаас би бетон хашааг толгойгоороо мөргөөд унаж толгойдоо гэмтэл авсан нь илт тодорхой байхад анхан шатны шүүх зөвхөн хариуцагч М.Е-ий удаа дараа гаргасан өөрийгөө хариуцлагаас мултрахыг хичээсэн худлаа тайлбарыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон явдалд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл хариуцагч М.Е-ий уг сарлагийг уяж тавиагүй эс үйлдэхүйн улмаас миний толгойд гэмтэл учирч улмаар надад гэм хор учирсан гэж үзэж байна.

5.4. Н.Г- би толгойдоо гэмтэл авч Улаанбаатар хотод очиж эмчлүүлсэний улмаас надад 1798450 төгрөгийн бодит хохирол учирсан нь иргэний хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэж байна. Иймд уг хохирлыг сарлагийн эзэн С.Е- нь хариуцан арилгах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж байна.

5.5. Давж заалдах гомдолд дурдсан дээрх нөхцөл байдлууд нь анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2. “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн заалттай нийцэхгүй байгааг харуулж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгч Н.Г- миний нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсье.

 

ХЯНАВАЛ:

 

            6. Давж заалдах шатны шүүх Н.Г-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Е-д холбогдох амьтны учруулсан гэм хороос үүсэх үүрэгтэй холбоотой иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянаж үзэхэд, анхан шатны шүүх маргааны үйл баримтад Иргэний хуулийн хэрэглэвэл зохих заалтыг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой нөхцөл байдлын талаар алдаатай дүгнэлт хийснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байх тул дараах үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

 

            7. Нэхэмжлэгч Н.Г- нь 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өглөөний 8-9 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 01 дүгээр багт байрлах иргэн Н.К-ы хашаанд, урд хоёр хөл нь олсоор тушаатай байсан хариуцагч М.Е-ий өмчлөлийн сарлаг үхэрт мөргүүлсний улмаас эрүүл мэндэд нь хохирол учирч, Улаанбаатар хотод очиж эмчлүүлсэн нь хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, талуудын гаргаж өгсөн 2022 оны 10 дугаар сарын 26, 27-ны өдрийн, 11 дүгээр сарын 02-ны өдрийн оношилгооны баримтууд, Мөнгөн гүүр эмнэлгийн сэргээн засах эмчилгээний тэмдэглэлүүд, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 324 дүгээр тогтоол, гэрч Н.К-ы “...тухайн үед үхрийн хоёр хөл нь тушаатай байсан. Үхэр тухайн хүмүүст дайрах шиг асуудал болсон. Үхэр Н.Г-г зориуд мөргөсөн асуудал болоогүй, би хараагүй. Тушаатай байсан үхэр урд хоёр хөлөө өргөөд дайрах шиг болохдоо Н.Г- нар үхрээс айгаад зугтах үед Н.Г- газар унасан. Н.Г- надад гэрээс сандал авчраад өгөөч гэхээр би сандал өгсөн. Үүний дараа түргэн тусламж ирээд бид нар тараад явсан” гэх мэдүүлэг, Н.Г-гийн амбулаториор эмчлүүлсэн карт, гэрч Х.Орынбекийн шүүх хуралдаанд өгсөн “...хашаан дотор 3 хүн ярилцаж байхад урд хоёр хөл нь тушаатай байсан үхэр бид нарын хажууд гүйгээд хүрээд ирсэн. М.Е- бид хоёр өөр тийшээ зугтсан. Манай эхнэр хашааны хаалга руу зугтах үед хашааны хаалга түгжээтэй байсан учраас гарч чадаагүй. Эхнэр маань баруун тийшээ эргээд зугтаж байх үед үхэр араас нь мөргөж цементэн хашаа тулсан. Тухайн үед хашаан дотор шороо босож үзэгдэх орчин үгүй болсон. Тэгж байгаад эхнэрийн маань толгойноос цус гарсан байдалтай байхад Н.К- бид хоёр хашааны гадна талд авч гараад сандал дээр суулгасан. Үүний дараа манай эхнэрийг эмнэлгийн түргэн тусламжаар эмнэлэгт хүргэсэн. Тухайн үед бид нарыг М.Е- гэх хүн дагаад явж, өдөржин эмнэлэгт зураг авхуулаад оношилгоо хийлгэсэн” гэсэн мэдүүлгүүдээр хангалттай тогтоогдсон байна.

 

            8. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд хэргийн үйл баримтыг сэргээн тогтоохдоо маргааныг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой дээрх нөхцөл байдлын талаар, тухайлбал нэхэмжлэгч Н.Г- нь хариуцагч М.Е-ий өмчлөлийн сарлаг үхэрт мөргүүлсэн, эсхүл тус үхрийн довтолгооны улмаас Н.Г-гийн эрүүл мэндэд хохирол учирсан эсэх талаар тодорхой дүгнэлт хийгээгүй атлаа “нэхэмжлэгчид хохирол учрахад хариуцагч М.Е-ий гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн нь тогтоогдоогүй”, “...үхэр нь Н.К-ы хашаан дотор урд хоёр хөл нь тушаатай байсан”, “нэхэмжлэгч Н.Г-д гэм хор учирсан нь хариуцагч М.Е-ий санаатай буюу илт болгоомжгүй үйлдэлтэй холбоогүй”, “гарсан зардал болон М.Е-ий үйлдэл, эс үйлдэхүйд шалтгаант холбоогүй” зэргээр алдаатай дүгнэлт хийж, хэргийн үйл баримтад хамааралгүй Иргэний хуулийн 501 дүгээр зүйлийн 501.2 дахь хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэн, хэрэглэвэл зохих мөн зүйлийн 501.1 дэх хэсгийг хэрэглээгүй буюу хууль хэрэглээний алдаа гаргажээ.

 

            9. Иргэний хуулийн 501 дүгээр зүйлд гэм хорын эрх зүйн тусгай зохицуулалт буюу амьтны учруулсан гэм хорыг хариуцах талаар хуульчилсан бөгөөд мөн зүйлийн 501.1 дэх хэсэгт амьтны үйлдлээс хүний амь нас, эрүүл мэндэд учирсан гэм хорыг тухайн амьтныг өмчлөгч буюу эзэмшигч хариуцна гэж тусгажээ. Гэм хорын эрх зүйн тусгай зохицуулалтын “амьтны учруулсан гэм хорыг өмчлөгч нь хариуцах” нийтлэг зарчим нь өмчийн эрх зүй дэх өмчлөгчийн сахилга, хариуцлагад үндэслэгдэх бөгөөд Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.3 дахь хэсэгт зааснаар мал, амьтны өмчлөгч нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэхдээ мал, амьтан, байгаль орчныг хамгаалах, эрүүл ахуйн шаардлага, бусдын аюулгүй байдлыг хангах талаар тогтоосон хэм хэмжээг сахин биелүүлэх үүрэгтэй.

 

            10. Иргэний хуулийн 501 дүгээр зүйлийн 501.1 дэх хэсэгт амьтны учруулсан гэм хорыг хариуцах нийтлэг зарчмын зохицуулалтыг хуульчилсан бол мөн зүйлийн 501.2 дахь хэсэгт гэрийн тэжээвэр амьтан болон мэргэжлийн үйл ажиллагааны зүйл болсон бусад амьтны үйлдлээс бусдад гэм хор учирсан тохиолдлыг нийтлэг зохицуулалтаас ялган авч үзэж, хэрвээ эдгээр амьтад бусдад гэм хор учруулсан бол өмчлөгч буюу эзэмшигчийнх нь санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдэлтэй холбоотой эсэхийг харгалзаж, тэдгээрийн учруулсан гэм хороос чөлөөлөхөөр хууль тогтоогч тусгайлан зохицуулжээ. Харин эдгээрээс бусад амьтдын хувьд бусдад гэм хор учруулсан бол өмчлөгч буюу эзэмшигчийн санаатай буюу илтэд болгоомжгүй, хайхрамжгүй үйлдлийг харгалзаж үзэхгүй бөгөөд амьтны учруулсан хохирлыг өмчлөгч буюу эзэмшигч нь шууд хариуцахаар Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.3, 501 дүгээр зүйлийн 501.1 дэх хэсэгт тодорхой (императив) хуульчилсан байна.

 

11. Иргэний хуулийн 501 дүгээр зүйлийн 501.2 дахь хэсэгт заасан “гэрийн тэжээвэр амьтан” гэдэгт ашиг шимийг нь ашиглахаас бусад зорилгоор гэршүүлсэн, гэр бүлийн орчин, нөхцөлд хүнтэй хамт амьдрах боломжтой муур, нохой, загас, яст мэлхий зэрэг бусад амьтдыг хэлэх бол “мэргэжлийн үйл ажиллагааны зүйл болсон амьтан” гэдэгт тусгайлсан хөтөлбөрөөр сургуулилтад хамруулж, мэргэжлийн тодорхой үйл ажиллагаа явуулахад бэлтгэгдсэн буюу гаршуулсан нохой, шувуу зэрэг амьтдыг ойлгох бөгөөд сарлаг үхэр буюу таван хошуу малын төрөлд багтах энэхүү амьтан нь гэрийн тэжээвэр амьтан, эсхүл мэргэжлийн үйл ажиллагааны зүйл болсон амьтны аль нь ч биш болох нь илэрхий юм.

 

12. Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалт, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалтад “амьтан гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга буюу түр нутагшсан хөхтөн, ... хамаарна” гэж заасныг анхаарч, нүүдэлчдийн амьдралын эх сурвалж болсон өвсөн тэжээлт, уламжлалт мал аж ахуйд хэрэглэгдэж гаршуулан өсгөсөн таван төрлийн хөхтөн амьтан болох таван хошуу малыг Иргэний хуулийн 501 дүгээр зүйлийн 501.1 дэх хэсэгт заасан “амьтан” гэдэгт хамааруулж дүгнэх үндэслэлтэй бөгөөд хариуцагч М.Е-ий өмчлөлийн сарлаг буюу амьтны үйлдлийн улмаас /мөргөсөн, эсхүл мөргөхөөр довтолсон аль ч тохиолдолд/ нэхэмжлэгч Н.Г-д учирсан хохирлыг тухайн сарлагийн өмчлөгч М.Е-д хариуцуулах нь “амьтны учруулсан гэм хорыг өмчлөгч нь хариуцах” гэм хорын зохицуулалтын нийтлэг зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

13. Нэхэмжлэгч нь хариуцагчаас амьтны учруулсан гэм хорын хохиролд нийт 1.798.450 төгрөг гаргуулахаар шаардсан боловч хэргийн 9, 18 дугаар талд авагдсан санхүүгийн баримтуудыг шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэ зөв, эргэлзээгүй гэж үнэлж, М.Е-ий өмчлөлийн сарлаг үхрийн үйлдлээс нэхэмжлэгч Н.Г-гийн эрүүл мэндэд учирсан хохирол төлбөрийг тодорхойлох баримтууд гэж дүгнэн, хариуцагч М.Е-ээс нийт 1.678.450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 120.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь хэргийн 10 дахь талд авагдсан баримтад “КТГ-Цээж” гэж тэмдэглэгдсэн бөгөөд дүрс оношилгоонд гарсан зардлыг давхардуулан гаргах үндэслэлгүй болно.

 

14. Хариуцагч М.Е-ий хариу тайлбарт “...болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж сарлаг үхрийн урд хоёр хөлийг тушсан учир намайг буруутгах үндэслэл байхгүй”, “нөхөр нь уг сарлаг үхрийн ард нь гарч сүүлнээс нь татаж, биед нь хүрч, барьж үзэх гэхэд уг сарлаг үхэр тушаатай хэвээрээ урагшаа харайж үсрэхэд үхрийн урд талд зогсож байсан настай эмэгтэй ухарч гүйсэн. Гэхдээ сарлаг үхэр нь тэр эмэгтэйд халдаагүй, дайраагүй. Тэр эмэгтэй уг сарлаг үхрийн харайлтаас цочиж, айгаад урагшаагаа хаалга тийш зугтахдаа өөрөө болгоомжгүй хөдөлгөөн хийж унасан. Уг настай эмэгтэй унахдаа бие, толгойгоороо юм мөргөж гэмтсэн” гэж тухайн сарлагийн өмчлөгчийн хувьд “нэхэмжлэгч Н.Г-д учирсан хохиролд түүний санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдэлтэй холбоогүй” буюу өөрөөс шалтгаалах бусдын аюулгүй байдлыг хангах талаар бүх талын арга хэмжээг авсан гэж маргажээ.

 

15. Тухайн сарлаг үхэр хариуцагч М.Е-ий өмч мөн болох талаар талууд маргаагүй бөгөөд тэрээр хөдөө орон нутгаас буюу бэлчээрээс аймгийн төвийн Өлгий сум буюу суурин газарт анх авч ирсэн сарлаг үхрийг тус сумын 1 дүгээр багт байрлах хүргэн ах Н.К-ы хашаанд /малын хашаа хороо биш, айлын гаднах том хашаа/ хашиж хадгалахдаа зөвхөн урд хоёр хөлийг нь олсоор тушаасан нь бусдын аюулгүй байдлыг хангах талаар авсан хангалттай арга хэмжээ гэж үзэхгүй.

М.Е-ийг  Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.3 дахь хэсэгт зааснаар тухайн сарлагаа өмчлөх эрхээ хэрэгжүүлэхдээ бусдын аюулгүй байдлыг хангах талаар зүй ёсны тогтоосон арга хэмжээг бүрэн дүүрэн авч хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд сарлаг үхрийн урд хоёр хөлийг олсоор тушсанаар тухайн малын хөдөлгөөнийг бүрэн хязгаарлах боломжгүй нь илэрхий ба өмчлөгч нь үхрийн урд хоёр хөлийг тушихаас гадна хүзүүнээс нь уях, эсхүл малын хашаа хороонд хашсан тохиолдолд бусдын аюулгүй байдлыг хангах арга хэмжээг бүх талаас нь бүрэн авсан гэж үзэх боломжтой. Тиймээс нэхэмжлэгчид учирсан хохиролд хариуцагчийн дээрх хайхрамжгүй үйлдэл, эс үйлдэхүй холбогдолгүй гэж үзэх боловч энэхүү нөхцөл байдал нь Иргэний хуулийн 501 дүгээр зүйлийн 501.1 дэх хэсгийг шүүхээс хэрэглэх урьдчилсан нөхцөлүүдэд хамааралгүй тул хариуцагчийн “аюулгүй байдлыг хангах өөрөөс шалтгаалах бүх талын арга хэмжээг авсан” гэх хариу тайлбар үндэслэлгүй болох талаар давж заалдах шатны шүүхийн магадлалд тэмдэглэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

16. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс “Г- нь өөрийн болгоомжгүй байдлаасаа болж унаж гэмтсэн юм болов уу” гэсэн хэргийн нөхцөл байдлын талаарх дүгнэлт бодит байдалд нийцээгүй боловч хариуцагчийн гэм буруугийн талаар “Е-ы хувьд малыг, догшин үхэр байсан бол илүү сайн бат бөх уях байсан” гэсэн дүгнэлт гаргасныг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.6 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа харгалзаж үзсэн болно.

 

17. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.3 дахь хэсэгт зааснаар сарлаг үхрийн өмчлөгч М.Е- нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэхдээ хөдөө бэлчээрийн газраас суурин газарт анх авч ирсэн сарлаг үхрийн хувьд орчин тойрондоо аюул учруулж болзошгүй нь илэрхий учраас бусдын аюулгүй байдлыг хангах талаар бүх талын арга хэмжээг авах үүрэгтэй боловч энэ үүргээ хангалттай биелүүлээгүй ба мөн хуулийн 501 дүгээр зүйлийн 501.1 дэх хэсэгт зааснаар тухайн үхрийн үйлдлийн улмаас бусдад учирсан гэм хорыг өмчлөгчийн хувьд хариуцагч М.Е- хариуцан арилгах үүрэгтэй. Иймээс “уг хохирлыг сарлагийн эзэн М.Е- нь хариуцан арилгах нь шударга ёсны зарчимд нийцнэ” гэх нэхэмжлэгч Н.Г-гийн давж заалдах гомдлыг хангаж, дээрх үндэслэлүүдээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заалтаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

18. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43.800 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тул хариуцагчаас 41.805 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэлтэй гэж хангасан тул түүний гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43.800 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж буцаан олгоно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 130/ШШ2023/00162 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 501 дүгээр зүйлийн 501.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч М.Е-ээс амьтны учруулсан хохиролд 1.678.450 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Г-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 120.000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч Н.Г-гийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43.800 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч М.Е-ээс 41.805 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Г-д олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.Г-гийн давж заалдах гомдлыг хүлээж авсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Г-гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43.800 төгрөгийг мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК