Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 1370

 

 

 

 

 

 

 

 

 

А.Эрдэнэбатын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2016/03927 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч А.Эрдэнэбатын

Хариуцагч Т.Баатарсүхэд холбогдох

           

Зээлийн гэрээний үүрэгт 2 645 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

 

Хариуцагч Т.Баатарсүхийн гаргасан гомдлыг үндэслэн, хэргийг 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч А.Эрдэнэбат шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бидний хооронд орон сууц худалдах, худалдан авах гэрээ 55 000 000 төгрөгөөр байгуулагдсан боловч зах зээлийн буюу харилцан тохиролцсон үнэ 57 500 000 төгрөг юм. Т.Баатарсүх тус байрны халуун усны хэрэглээний талаар нөхцөл тавиагүй бөгөөд түүний гэр бүл тухайн байрны нөхцлийг сайн мэддэг, тэнд амьдарч байсан. Орон сууц худалдах, худалдан авах гэрээ мөн зээлийн гэрээнд ч энэ тухай дурдаагүй, гэрээний стандарт загварт 57 500 000 төгрөгөөр орон сууцыг худалдан авч, үлдэх 2 500 000 төгрөгийг зээлийн байдлаар оруулах нөхцөл заалт үгүй тул энэхүү 2 гэрээг тусад нь хийсэн. Анхнаасаа тус байрыг худалдах, худалдан авах үйл ажиллагаанд хариуцагч Т.Баатарсүхийн  эхнэр С.Лхагвасүрэн голлох үүрэгтэй оролцож, түүний санал хүсэлтээр 57 500 000 төгрөгийн гэрээг түүний зээлийн боломжийг харгалзан үзэж 55 000 000 төгрөгөөр байгуулж, үлдэх 2 500 000 төгрөгийг зээлийн гэрээний дагуу авахаар болсон. Иймд Т.Баатарсүхээс 2 500 000 төгрөг, алданги 145 000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Баатарсүх шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Лхагвасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Шар хад 1 дүгээр хотхон, 2 дугаар байрны 49 тоот хаягтай 2 өрөө байрыг худалдан авахаар тохирч, нэхэмжлэгч А.Эрдэнэбаттай удаа дараа ярилцсаны дагуу орон сууцны үнийг 57 500 000 төгрөгөөр тохирсон. Тэр үед орон сууцыг худалдан авахад банкнаас зээл авч, санхүүжих болоход зээлийн эргэн төлөлт, цалин хөлснөөс хамааран 55 000 000 төгрөгийн хэмжээнд байсан тул орон сууц худалдах, худалдан авах гэрээг 55 000 000 төгрөгөөр байгуулж, харин үлдэх 2 500 000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулж, хожим өгөхөөр болсон. Одоо тус Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Шар хад 1 дүгээр хотхон, 2 дугаар байрны 49 тоот хаягт 2 өрөө байр нь бидний өмчлөлд байдаг бөгөөд банкинд барьцаалагдсан байгаа. Гэхдээ тухайн орон сууцны үнэ 57 500 000 төгрөг гэж тохироход хэрэглээний халуун ус удахгүй ирнэ гэсэн учраас ийнхүү тохирсон юм. Гэтэл өнөөдрийг хүртэлх хугацаанд хэрэглээний халуун ус байхгүй, доголдолтой хэвээр байна. Зээлийн гэрээ байгуулж, гарын үсэг зурсан талаар маргаан байхгүй, нөхөр бид хоёр нэхэмжлэгч А.Эрдэнэбатаас тухайн үед хэрэглээний халуун ус хэзээ орох талаар лавлаж байсан ба тэрээр удахгүй орох байх гэж байсан боловч ороогүй л байна. Нэхэмжлэгч ийнхүү биднээс 2 500 000 төгрөг нэхэмжилж байгаа бол бид орон сууц худалдах, худалдан авах гэрээгээ цуцалж, бүх гарсан зардал, хохирлоо нэхэмжлэх болно. Зээлийн гэрээ байгуулж, А.Эрдэнэбатаас 2 500 000 төгрөгийг аваагүй учраас тус мөнгийг буцаан төлөх нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

  • Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Т.Баатарсүхээс 2 500 000 төгрөгийн зээл, Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.1, 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь заалтыг тус тус үндэслэн 145 000 төгрөгийн алданги, нийт 2 645 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Эрдэнэбатад олгож,  

Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56  дугаар  зүйлийн  56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А.Эрдэнэбатаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 57 270 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Т.Баатарсүхээс 57 270 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Эрдэнэбатад олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Т.Баатарсүх давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул дараах гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч А.Эрдэнэбат, хариуцагч Т.Баатарсүх нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, мөн уг хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар зээлийн гэрээ байгуулагдаж, зохигчдын хооронд гэрээний харилцаа үүссэн байна гэж анхан шатны шүүхийн шийдвэрт тусгасан байдаг. Гэвч нэхэмжлэгч А.Эрдэнэбаттай зээлийн гэрээ байгуулсан ч мөнгийг бодитоор хүлээн авсан нь нотлогдоогүй, хүлээлгэн өгөөгүй байхад шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангахаар шийдвэрлэсэн нь шүүх хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй. Зээлийн гэрээний 4-д "Энэхүү гэрээ нь зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгийг бодитойгоор гардуулсан өдрөөс хүчин төгөлдөр болно" гэж заасан. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т "Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно" гэж заасныг харгалзан үзээгүй нь шүүхийн шийдвэр бодитой байх үндэслэлтэй эсэхэд эргэлзэж байна. Иймд 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2016/03927 тоот шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

        Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч А.Эрдэнэбат нь хариуцагч Т.Баатарсүхээс үндсэн зээл 2 500 000 төгрөг, алданги 145 000 төгрөг, нийт 2 645 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч А.Баатарсүх эс зөвшөөрч, зээлийн гэрээний дагуу мөнгийг бодитоор хүлээж аваагүй гэж маргажээ.

 

Зохигчдын хооронд 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч А.Эрдэнэбат нь Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Шар хад 1 дүгээр хотхон, 2 дугаар байрны 49 тоот 2 өрөө орон сууцыг хариуцагч Т.Баатарсүхэд 57 500 000 төгрөгөөр худалдахаар тохиролцож 55 000 000 төгрөгийг хариуцагчаас авч, үлдэх 2 500 000 төгрөгт зээлийн гэрээ байгуулсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх-3-4 /

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ талуудын хооронд байгуулагдсан болох нь хэргийн баримтаар тогтоогдсон боловч уг гэрээний үүргийг зээлийн гэрээний үүргээр сольсон эсэх үйл баримтад маргаж байна.

 

Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ хийгдэж тухайн өдөр хариуцагч нь гэрээний үүргийн ихэнх хэсгийг төлсөн мөн өдрөө үлдэгдэл 2 500 000 төгрөгт зээлийн гэрээ байгуулсан нь бичгийн баримтаар тогтоогджээ.

 

Иймд талууд Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар үүргийг сольсон гэж үзэх үндэслэлтэй.

 

Ийнхүү хуульд зааснаар “...талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсоноор худалдах, худалдан авах гэрээний харилцаа дуусгавар болж, “Зээлийн гэрээ”-ний харилцаа шинээр үүссэн тул нэхэмжлэгчийн хувьд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүрэгт 2 500 000 төгрөгийг шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч А.Эрдэнэбат нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Баатарсүхээс зээлийг шаардах эрхтэй боловч нэхэмжлэлийн шаардлагаас 29 хоногийн алдангид 145 000 төгрөг гаргуулах хэсгийг хангах үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль буюу гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги” гэж, “хугацаа хэтрүүлсэн хоногт алданги тооцох”-оор заасан байхад талуудын байгуулсан зээлийн гэрээний 3 дахь хэсэгт “...хугацаа хэтрүүлсэн сар тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2% алданги тооцох”-оор тохиролцсон гэх боловч уг гэрээнд “...хоног...” гэсэн заалтыг “...сар...” гэж засварласан нь эргэлзээтэй байна.

 

Иймд алдангийг тооцох хугацааны талаар талууд тохиролцсон гэж үзэх боломжгүй байна. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.4 дэх хэсэгт зааснаар хэлцлийн агуулгыг тодорхойлох боломжгүй бол хэлцэл хийгдээгүйд тооцно.

 

         Талуудын хоорондох алдангийн тохиролцооны агуулга тодорхой бус байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн талаар тохиролцсон гэж үзэх боломжгүй.

 

          Иргэний хуулийн үүргийн гүйцэтгэлийг хангах аргын ерөнхий заалтууд болох Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.1, 232 дугаар зүйлийн 232.3 дахь заалтуудыг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсныг залруулж өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

  

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

         1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2016/03927 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг “...Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Т.Баатарсүхээс 2 500 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Эрдэнбатад олгож, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас алданги 145 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж өөрчлөн найруулж,

 

2 дахь заалтад “...хариуцагч Т.Баатарсүхээс 57 270...” гэснийг “...хариуцагч Т.Баатарсүхээс 54 950...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Баатарсүхээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57 270 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                              ШҮҮГЧИД                                            С.ЭНХТӨР

 

                                                                                           Д.БАЙГАЛМАА