Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 09

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

      баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Нэргүй би иргэн Ж.Лхамсүрэнгийн нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын иргэний бүртгэлийн Улсын бүртгэгчид холбогдох “Ж.Лхамсүрэн миний бие иргэний үнэмлэх авахад Жанчивын Лхамсүрэн гэж андууран бүртгэгдсэн байгааг Жанчивдоржийн Лхамсүрэн болохыг залруулан даалгаж өгөх"-ийг хүссэн шаардлага бүхий захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Лхамсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ж.Лхамсүрэн миний бие иргэний үнэмлэх авахад Жанчивийн Лхамсүрэн гэж андууран бүртгэгдсэн байгааг Жанчивдоржийн Лхамсүрэн болохыг залруулан даалгаж өгөх"-ийг даалгуулах”.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр өндөр настаны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч овог нэрний зөрүүтэй болоод хүндрэл гаргаад байна. Жанчивдорж овогтой Лхамсүрэн миний иргэний үнэмлэх зарим бусад бичиг баримт нь Жанчив учир энэ залруулгыг хийж овог нэрийг минь үнэн зөвөөр Жанчивдорж болгон өөрчилж өгнө үү гэж,  шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ”...миний бие нь 2016 оны 10 сарын 31-ний өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ...гаргасан ...нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Лхамсүрэн миний бие иргэний үнэмлэх авахад Жанчивын Лхамсүрэн гэж андууран бүртгэгдсэн байгааг Жанчивдоржийн Лхамсүрэн болохыг залруулан даалгаж өгөх"-ийг хүссэн шаардлагыг гаргасан. Гэвч Ж.Лхамсүрэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгаа талаарх тайлбараа 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, тус шүүхийн 121/2017/0008/з дугаарын индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаар уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах, анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурьдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

         1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Лхамсүрэн “Ж.Лхамсүрэн миний бие иргэний үнэмлэх авахад Жанчивын Лхамсүрэн гэж андууран бүртгэгдсэн байгааг Жанчивдоржийн Лхамсүрэн болохыг залруулан даалгаж өгөх"-ийг Арвайхээр сумын Улсын бүртгэгчид даалгуулах”-ыг хүссэн  нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын иргэнийни бүртгэлийн Улсын бүртгэгчид холбогдох тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 121/2017/0008/з/ дугаарын индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгнөөс 35100 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, 35100 төгрөгийг нэхэмжлэгч Ж.Лхамсүрэнд орон нутгийн орлогоос буцаан олгосугай.

             3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч нь дээрх асуудлаар дахин нэхэмжлэл гаргах болон энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

                                                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Ц.НЭРГҮЙ