Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2022/0039

 

“СФ” ХХК-ийн гомдолтой,

ШӨХТГ-ын УБ-д холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:                          Ц.Цогт

            Танхимын тэргүүн:                      Ч.Тунгалаг

            Шүүгчид:                                           М.Батсуурь                                   

                                                                          Х.Батсүрэн

            Илтгэгч шүүгч:                               П.Соёл-Эрдэнэ

            Нарийн бичгийн дарга:              Т.Даваажаргал

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 105 дугаар шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 266 дугаар магадлалтай,

Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 242 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, А.Ц, хариуцагч улсын байцаагч Л.А, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гомдлын шаардлага: ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 0003009 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах;

2.Хэргийн нөхцөл байдал: “СФ” ХХК нь 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр өөрийн дэлгүүрээс мах худалдан авсан тохиолдолд “СО” ХХК-ийн 20,000 төгрөгийн шатахууны талон өгсөн, тухайн үед шатахууныг хязгаарлалттайгаар худалдаалж байсан үйл баримт тогтоогдсон байна.

3.Маргаан бүхий шийтгэлийн хуудсаар “шатахууны олдоц хомс үед мах худалдан авбал шатахууны талон өгнө гэсэн агуулгаар болзол тавьж, мах худалдсан нь хэрэглэгчийг хууль бусаар хохироосон, мах авбал илүү бензин авах боломж үүсч, өрсөлдөөнийг хязгаарласан” гэж 20,000,000 төгрөгөөр торгосон, гомдол гаргагч хуулийн этгээдээс “удирдамжид заагдаагүй компанид шалгалт хийж, шийтгэл ногдуулсан, шийтгэл ногдуулах шийдвэрийн үндэслэлээ нотлоогүй, нотлох баримтыг хангалттай цуглуулаагүй, хууль ёсны төлөөлөгч биш этгээдийг холбогдогчоор тогтоож мэдүүлэг авсан, 500,000 төгрөгийн талоныг 10 хүнд өгсөн нь яагаад өрсөлдөөнд харшлах үйл ажиллагаанд тооцогдож байгаа нь тодорхой бус, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн харшилж, хэрэглэгч ямар байдлаар хохирсон нь тодорхойгүй” гэж маргажээ.

4.Анхан шатны шүүх: “... мах борлуулахын тулд шатахууны талон тараасан гэж үзэхээр нөхцөл байдал бий болсон байх тул шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй, “СФ” ХХК-ийн гаргасан үйлдэл нь хүнсний чиглэлээр худалдаа эрхэлж буй ижил худалдаа эрхлэгчдийн өрсөлдөөнийг хязгаарласан шинжтэй, мөн хэрэглэгчдийн хүнс, мах худалдан авах сонголтын хүрээг хязгаарласан” гэх үндэслэлээр шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж, гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

5.Давж заалдах шатны шүүх: “...“СФ” ХХК-ийн “Махлаг” махны төрөлжсөн мухлагийг сурталчлах, мах авсан тохиолдолд шатахууны талон тараасан үйлдэл нь зах зээлд ховор, олдоц багатай бараа, бүтээгдэхүүн (бензин)-ийг худалдан авахын тулд зах зээлд элбэг бараа (мах, махан бүтээгдэхүүн)-г худалдан авах болзол, шаардлагыг тавьж, улмаар борлуулалт хийсэн нь хэрэглэгчийг нэг талаас хясан боогдуулсан, нөгөө талаас чөлөөт сонголт хийхэд саад учруулсан шинжтэй үйлдэл бөгөөд хэрэглэгчийн хууль ёсны ашиг сонирхолд харш, хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн, тодруулбал өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагааг гомдол гаргагч компани хэрэгжүүлсэн” гэсэн үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

6.Гомдол гаргагч “СФ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Баярмаагаас анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг бүхэлд нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ. Үүнд:

6.1.12 хүнд 40,000 төгрөгийн бензин талон өгсөн үйлдэл нь компанийн хувьд ашиг олох зорилгогүй, хэрэглэгчид тулгасан зүйл байхгүй.

6.2.Ховор олдоц багатай бараа, бүтээгдэхүүн буюу бензинийг худалдан авахын тулд гэж шүүх тайлбарласан нь бензин ховор биш хэвийн зарагдаж байгаа үед энэхүү асуудал үүссэн бол үүнийг зөрчил гэж үзэхгүй гэсэн утгыг илэрхийлж, хуулийг нэг мөр ойлгож, хэрэглэх гэсэн ойлголтыг үгүйсгэж байна.

6.3.Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасан “хэрэглэгчийг хууль бусаар хохироох” гэх хэсэгт хамааралтай эсэхийг шүүх шалгалгүйгээр шийдвэрлэсэн.

6.4.Удаан хугацаагаар дугаарласан үйлчлүүлэгчийг урамшуулах зорилгоор тараасан нь хэрэглэгчийг хохироосон зүйлгүй, тус тохиолдолд бодитоор хохирсон хэрэглэгч байхгүй.

6.5.Удирдамжид заасан “СО” ХХК-ийн нөхцөл байдлын талаар дүгнэлт өгч түүнд шалгалт хийх байтал, удирдамжинд заагаагүй “СФ” ХХК-ийн талаар дүгнэлт өгч, торгууль ногдуулсныг шүүх нотлох баримтын хүрээнд шалгалгүйгээр дутуу үнэлсэн гэжээ.

7.Гомдол гаргагч “СФ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Баярмаагийн хяналтын журмаар гомдол гаргасан гомдлыг 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 242 дугаар тогтоолоор гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

8.Анхан болон давж заалдах шатны шүүхээс Өрсөлдөөний тухай хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн боловч зөрчилд холбогдох этгээдийг зөв тогтоогоогүй байх тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, гомдол гаргагч хуулийн этгээдийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

9.Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 12.1.10-д “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх” гэж заасныг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд, шатахууны нөөц ховор үед буюу шатахууныг нэг хүнд 20,000 төгрөгөөс хэтрүүлэхгүйгээр хязгаартай худалдаж байсан үед, шатахуун түгээх газрын дэргэд байрлах дэлгүүрээс мах худалдан авбал нэмэлтээр 20,000 төгрөгийн шатахууны талон өгөх замаар хэрэглэгчийн худалдан авахыг хүсээгүй барааг худалдах, мах худалдан аваагүй хэрэглэгчийн тухайд нэмэлт шатахуун авах боломжгүйд хүргэх зэргээр хэрэглэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хохироожээ.

10.Тодруулбал, хэрэглэгч тухайн үед өөрийн хүссэн хэмжээгээр шатахуун авах боломжгүй, зөвхөн 20,000 төгрөгний шатахуун худалдан авах боломжтой байсан, харин нэмэлт 20,000 төгрөгийн шатахуун худалдан авахын тулд мах худалдан авах шаардлага үүсч байгаа нь хэрэглэгчид болзол тулгасан, бараа бүтээгдэхүүнийг ижил нөхцлөөр худалдан авах хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, чөлөөт зах зээлийн хэвийн үйл ажиллагаанд харшлах сөрөг үр дагавартай. Учир нь өрсөлдөөний үр дүнд хэрэглэгчийн эрх хамгаалагдах зарчимтай тул нэмэлтээр шатахуун худалдан авах хүсэл зоригоо хэрэгжүүлэхийн тулд мах худалдан авах болзолтой тулгарч байгаа нь хэрэглэгчийг хохироосон үйлдэл юм.

11.Өрсөлдөөний тухай хуулийн 1.1-д “энэ хуулийн зорилт нь аж ахуй эрхлэгчийн зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцлийг бүрдүүлэх, зах зээлд ноёлох болон өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, хориглон хязгаарлах, өрсөлдөөнийг зохицуулах байгууллагын эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан, энэ тохиолдолд “СФ” ХХК нь шатахууны нөөц хомс байсан нөхцөл байдлыг далимдуулан нийлүүлэлт ихтэй барааг хурдан худалдаж, өөрт давуу байдал үүсгэж, зах зээлийн жам ёсны дагуу ашиг олох үйл ажиллагаа явуулаагүй, үүний улмаас шатахуун худалдан авахын тулд өөрт нэн чухал хэрэгцээгүй махыг давхар худалдан авч, хүсээгүй цаг хугацаанд нэмэлт зардал үүсч, хэрэглэгч хохирсон, нөгөө талаар мах худалдан аваагүй иргэдийн тухайд нэмэлтээр шатахуун худалдан авах боломжийг хязгаарласан тул гомдол гаргагчийн “хэрэглэгчийг хохироосон зүйлгүй, тус тохиолдолд бодитоор хохирсон хэрэглэгч байхгүй” гэх гомдол үндэслэлгүй.

12.Өрсөлдөөний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д “зөрчил гаргасан этгээдийн гэм буруу нь нотлогдвол түүнд захиргааны шийтгэл оногдуулах”, Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д “Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино” гэж заасан, энэ тохиолдолд мах худалдсан “СФ” ХХК-иас гадна шатахууны хязгаартай худалдаж байсан атлаа мах худалдан авсан этгээдэд нэмэлтээр шатахуун худалдсан “СО” ХХК-ийг хамтран хариуцагчаар татаж, хариуцлагыг хамтран хүлээлгэх үндэслэлтэй байна.

13.Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэж, 3.1 дүгээр зүйлийн 2-д “зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна” гэж зааснаар шатахуун нэмэлтээр худалдсан үйлдэлд дээрх хоёр хуулийн этгээдийн үйл ажиллагааг салгаж үзэх боломжгүй, харилцан холбоотой буюу “СО” ХХК-иас нэмэлтээр шатахуун худалдан авахын тулд “СФ” ХХК-иас мах худалдан авах болзолтой байгаа тул эдгээр хоёр хуулийн этгээд хамтран  хэрэглэгчийн хууль ёсны ашиг сонирхлын эсрэг үйлдэл гаргасан нөхцөл байдал тогтоогдож байхад хариуцагчаас дан ганц “СФ” ХХК-ийг зөрчил гаргасан гэж үзэж, хариуцлага оногдуулсан нь учир дутагдалтай, “СО” ХХК-д холбогдуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй учраас шүүх энэ ажиллагааг нөхөн хэрэгжүүлэх боломжгүй, шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн байна.

14.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж зааснаар хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай буюу “СО” ХХК-ийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдогчоор татан оролцуулж, зөрчил шалгах ажиллагаа явуулж, хариуцлагыг зөрчил үйлдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинжид тохируулан оногдуулсан захиргааны акт шинээр гаргахыг хариуцагчид даалгах нь зүйтэй.   

15.Тодруулбал, зөрчилд хариуцлага хүлээлгэх эрх, үүргийг захиргааны байгууллага хэрэгжүүлдэг, энэ маргааны тухайд хэрэглэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон зөрчлийг хоёр хуулийн этгээд хамтран үйлдсэн байх тул эдгээр хоёр хуулийн этгээдэд шийтгэлийг хувь тэнцүүлэн оногдуулсан захиргааны актыг 58 хоногийн дотор (зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх боломжит хугацаа болох) шинээр гаргах үүргийг захиргааны байгууллага хүлээж байна.

16.Иймээс шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, маргаан бүхий шийтгэлийн хуудсыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 58 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 105 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 266 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10, 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасныг баримтлан ШӨХТГ-ын, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагчийн 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 0003009 дугаар шийтгэлийн хуудсыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 58 хоногийн хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж өөрчилж, гомдол гаргагч “СФ” ХХК-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                     Ц.ЦОГТ

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                  Ч.ТУНГАЛАГ

                              ШҮҮГЧИД                                                                         М.БАТСУУРЬ

                                                                                                      Х.БАТСҮРЭН

                               П.СОЁЛ-ЭРДЭНЭ