Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 22/МА2022/00014

 

Г.О-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн талаар

СБ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй, “А” танхимд хаалттай хийв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Г.О, түүний өмгөөлөгч Ч.Э, өмгөөлөгч М.Ц /цахимаар/

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Ц,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Ө нар оролцов.

 

1. Тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 215 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагч О.Б-ийн давж заалдах гомдлоор Г.О-ийн “гэрлэлт цуцлуулах, худалдаа үйлчилгээний зориулалттай 243 м2 талбайтай 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийг 3 хүүхэд болон өөрийн эзэмшилд шилжүүлж авах, ачааны авто машины үнэ 75,000,000 төгрөг гаргуулах тухай” болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч Б.Ц, Б.Б нарын нэхэмжлэлтэй О.Б-д холбогдох сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүх 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч шүүгч О.Б-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

2. Нэхэмжлэгч Г.О нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Нэхэмжлэгч Г.О нь хариуцагч О.Б-д холбогдуулан Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, улсын бүртгэлийн 000399752 дугаарын гэрчилгээ бүхий БУ сумын ...баг, "......" зоогийн газрын хойно 0 тоотод байршилтай худалдаа үйлчилгээний зориулалттай 243 м2 талбайтай, 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийг 3 хүүхэд болон өөрийн өмчлөлд шилжүүлж авах, -Hino Profia маркийн 03-89 СҮЭ улсын дугаартай ачааны автомашины үнэ 75,000,000 төгрөгийг, банкны зээлийн хүүгийн хамт гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “гэрлэлт цуцлуулах, хүү Б.Б-ийн сургалтын төлбөр нийт 23,186,688 төгрөгийн 50 хувь болох 11,593,344 төгрөгийг гаргуулах, СБ аймгийн БУ сумын ...р баг, Худалдааны-2, 213 тоотод орших Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолбор зориулалттай Э-123000187 улсын бүртгэлд бүртгэгдсэн эзэмших эрхтэй газар болон СБ аймгийн БУ сумын ...р баг, "...."  зоогийн газраас хойш 0 тоот хаягт орших Худалдаа, үйлчилгээний зориулалттай 243 м2 талбайтай Ү-1213001039 улсын дугаарт бүртгэлтэй 2 давхар үл хөдлөх хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн дундын өмч мөн болохыг тогтоолгон түүнээс өөрт ногдох хувийг гаргуулж, тус хөрөнгийг худалдан авахад зориулан ХААН банкнаас 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр авсан зээлийн 250,000,000 болон ХААН банкны 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн бизнесийг дэмжих 150,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг хариуцагчаар хамтран хариуцуулах, СБ аймгийн БУ сумын ....р баг, "....." хотхоны 3-19 тоотод орших 80 м2 талбайтай, 3 өрөө орон сууцыг өөрийн өмчлөлд үлдээн, тус орон сууцыг худалдан авахад зориулан ХААН банкнаас авсан ипотекийн зээлийн гэрээний 61,000,000 төгрөгийн үүргээс хариуцагчийг чөлөөлүүлэх, хариуцагчийн нэр дээр бүртгэгдсэн 108 толгой малыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн болохыг тогтоож, түүнээс өөрт ногдох хувийг гаргуулах, Hino Profia маркийн 03-89 СҮЭ улсын дугаартай ачааны автомашиныг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн болохыг тогтоож, тус автомашиныг худалдан авахад зориулан авсан 75,000,000 төгрөгийн зээл, зээлийн хүүгийн хамт хариуцагчаас гаргуулна. 2004 оноос би хувиараа худалдааны үйл ажиллагаа эрхэлж байсан. Бизнесээ өргөжүүлэх зорилгоор 2016 онд 140,000,000 төгрөгийн зээл авч, өөрсдийн орон сууцны байшинг нэмэрлэн үл хөдлөх хөрөнгө худалдан авч дэлгүүр, зоогийн газрын үйл ажиллагаа эхлүүлсэн. Орлогоороо өмнөх зээлийн үлдэгдлээ төлж явж байгаад одоогоор миний нэр дээр ХААН банкны 250,000,000 болон 150,000,000 төгрөгийн зээлүүд тус тус байгаа бөгөөд сар бүрийн төлөлтийг хэвийн төлж, бизнесээ явуулж байна. Хамт амьдарч байсан байраа 2018 онд банкны 61,000,000 төгрөгөөр зээлээр авсан. Энэ бүх зээлийн төлөлтийг би дэлгүүр, зоогийн газрын үйл ажиллагааны орлогоос төлдөг. Баярхүү зээлийн төлөлтийг хийдэггүй. Дэлгүүр, зоогийн газрын барилга 288,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн. Эдгээр бүх хөрөнгүүдийг зээлийн мөнгөөр худалдаж авсан. Түүнчлэн хариуцагч Б нь автомашинаа томруулах, ачаа тээвэрлэлтдээ ашиглах зорилгоор 2021 оны 9 дүгээр сард миний нэр дээр ХААН банкнаас 75,000,000 төгрөгийн зээл авахуулсан. Тус зээлийн мөнгөөр Hino Profia маркийн 03-89 СҮЭ улсын дугаартай ачааны автомашиныг худалдан авсан. Түүний үнэ нь 69,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн боловч 2022 оны 6 дугаар сард аваарт орж унагасан учир 23,000,000 төгрөгөөр зарж борлуулсан. Машины зээлийн төлбөрийг би төлж байгаа боловч энэ мөнгө надад ирээгүй, зээлийн төлбөрийг нь ч төлөөгүй. Түүнээс гадна дэлгүүрийн бараа зөөдөг байсан Пробокс машиныг 2021 оны 12 дугаар сард 12,500,000 төгрөгөөр зарсан байсан. Надаар зээл авахуулж, төлбөрийг надаар төлүүлж байгаа хирнээ эд хөрөнгөө эвдэж сүйтгээд, зарж үгүй хийгээд яваад байгаа тул эдгээр хөрөнгөө хамгаалж, үр хүүхдүүддээ үлдээхийг хүсч байна. Анхан шатны шүүхийн шийдвэртэй үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгөхийг хүсье гэжээ.

3. Хариуцагч О.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн маллаж байгаа малын тооллогод бүртгэгдсэн нийт 108 толгой малын өөрт ногдох хувийг авах тухайд: Манайд 108 толгой мал байхгүй, малын зарим нь Г.О-ийн ах, дүү дээр үхэр, адуу, хонь, ямаа байгаа, түүнийгээ оруулсан эсэхийг мэдэхгүй. Малыг хувааж авахад татгалзах зүйлгүй. Hino Profia маркийн 03-89 СҮЭ улсын дугаартай ачааны автомашиныг худалдан авахад зориулж авсан 75,000,000 төгрөгийн зээл, зээлийн хүүгийн хамт хариуцагчаас гаргуулахын тухайд: Энэ машин одоо биет байдлаараа байхгүй болсон. Учир нь 2023 оны 6 дугаар сард би машинаараа УБ-СБ чиглэлд ачаа тээж яваад аймгаас 70 км газарт үүрээр машин замын хажуу тал руу унаж аваарт орж засах боломжгүй болтлоо эвдэрсэн. Машиныг засахад их хэмжээний зардал гарахаар байсан тул хүнд запас сэлбэгийн журмаар авъя гэхэд нь 23,000,000 төгрөгөөр өгсөн. Хүний ачаа ачиж яваад аваарт орж, ачаа бараа эвдэрч хэмхрээд их хэмжээний төлбөрт орсон. Машиныг анх дэлгүүрийнхээ бараа таваарыг зөөх зориулалтаар авсан. Ачаа зөөж олсон орлогоо гэр бүлийн дундын өмчид бараа таваар авахад зарцуулж байсан учраас 75,000,000 төгрөгийн зээлийг бүрэн хэмжээгээр би дангаараа төлөх үндэслэлгүй, зээлээ хувааж төлнө. Ер нь нэхэмжлэгч Г.О нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын бүх л өмч хөрөнгөө өөрөө эзэмшиж байж, өндөр үнэ төлж олон өмгөөлөгч авч сүрийг үзүүлэх хэрэггүй баймаар юм. Би Г.О-тай ярилцъя гээд очиход миний хэлсэн үгийг санаатайгаар хэрүүл болгоод цагдаа дуудаад намайг буруутгаж арга хэмжээ авахуулах талаар маш мэргэжсэн учир би дэлгэрэнгүй тайлбар бичлээ. Охин Б.Ц, хүү Б.Б хоёрын хувьд би өдий хүртэл өсгөж, эцэг хүнийхээ үүргийг гүйцэтгэсэн гэж бодож байна. Энэ хоёр хүүхдийн асуудлыг шүүх хуулийнхаа дагуу шийдвэрлэнэ биз дээ. Надад хөрөнгө үлдвэл энэ хоёрт л хэрэгтэй байх, түүнээс би хөрөнгөө аваад хаа холдох вэ дээ. О.Б би гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг, БУ сумын ..р баг, "...... хотхоны .... тоотод байрлах 3 өрөө орон сууцнаас өөрт ногдох хэсгийг,  бидний амьдралын эх үүсвэр болсон дэлгүүр, зоогийн газрын орлогоос ХААН, ХАС банкны хуримтлалд /өдөр бүр/ 50,000, 100,000 төгрөгийг автоматаар пос машины орлогоос татаж хуримтлал үүсгэсэн орлогоос өөрт ногдох хэсгийг, Г.О-ийн найз М.А-ийн эзэмшлийн БУ сумын ... баг, Дэнж-ийн 5-6 тоотод орших хашаа, газрыг худалдан авсан 30,000,000 төгрөгнөөс өөрт ногдох хэсгийг, Г.О-ийн найз М.А-ийн барьж ашиглаж байсан 5 ханатай гэрийг Г.О-аас нэхэмжилж байна гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.О, О.Б нарын гэрлэлтийг цуцалж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-т заасныг баримтлан хариуцагч О.Б-ээс хүү Б.Б-ийн сургалтын төлбөр 23,186,688 төгрөгийн 50 хувь буюу 11,593,344 төгрөг гаргуулах хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.4-т заасныг баримтлан хариуцагч Шавдан овогт О.Б-ийн өмчлөлд бүртгэлтэй, СБ аймгийн БУ сумын ...р баг, Оюу зоогийн газрын хойно 0 тоот хаягт байрших Худалдаа, үйлчилгээний зориулалттай 243 м2 талбайтай, Ү-1213001039 дугаарт бүртгэлтэй, 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн болохыг тогтоож, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Г.О, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Ц, Б.Б нарын өмчлөлд үлдээж, нэхэмжлэгчээс ногдох хувь 43,544,120 төгрөгийг гаргуулж хариуцагч О.Б-д олгох, Нinо Ргоfia маркийн 03-89 СҮЭ дугаартай ачааны машин гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн болохыг тогтоож, уг машиныг худалдан авахад зориулан зээлээр авсан 75,000,000 төгрөгийн 60,000,000 төгрөгийг хариуцагч О.Б-гээс гаргуулж нэхэмжлэгч Г.О, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Ц, Б.Б, Ц.Б нарт адил тэнцүү хэмжээгээр олгох, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч О.Б-гийн эзэмшлийн СБ аймгийн БУ сумын ...р баг, Худалдааны-2, 213 тоот хаягт орших Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор зориулалттай, улсын бүртгэлийн Э-123000187 дугаарт бүртгэгдсэн газрыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох, өөрт ногдох хэсгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч О.Б нь ХААН банкнаас 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр авсан 250,000,000 төгрөгний зээлийн гэрээний хувьд нэхэмжлэгч Г.О-тай хамтран үүрэг гүйцэтгэгч мөн болохыг тогтоож, нэхэмжлэгчийн ХААН банкнаас 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр авсан 150,000,000 төгрөгийн зээлийн гэрээний хувьд хариуцагч О.Б-гээр хамтран үүрэг гүйцэтгүүлэх, СБ аймгийн БУ сумын ... баг, ....хотхоны ... байрны 19 тоот хаягт орших 3 өрөө орон сууцыг өөрийн өмчлөлд үлдээх, тус орон сууцыг худалдан авахад зориулан ХААН банкнаас авсан ипотекийн зээлийн гэрээний үүргээс хариуцагч О.Б-г чөлөөлүүлэх, 108 толгой малыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгож, өөрт ногдох хувийг гаргуулах, 75,000,000 төгрөгийн зээлийн хүү гаргуулах тухай шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.О-д холбогдуулан гаргасан хариуцагч О.Б-гийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.О, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Ц, Б.Б, хариуцагч О.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид тус бүр 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.О, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Ц, Б.Б нарт олгож, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Улсын бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Ц.А-д даалгаж шийдвэрлэжээ.

5. Хариуцагч О.Б давж заалдах гомдолдоо:  СБ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 147/ШШ2023/00215 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж, нэг талыг барьж шийдвэрлэснээр шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 24-т “... тухайн үл хөдлөх эд хөрөнгийн талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, өөрөөр хэлбэл үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, улсын бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгийн үнэлгээг гаргуулж хэрэгт нотлох баримтаар ирүүлээгүй байх тул шүүх тухайн хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө  мөн болохыг тогтоож, гэр бүлийн гишүүдэд хуваах шаардлагыг энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэн тогтоох хэсгийн 4 дэх заалтаар Г.О-д холбогдуулан гаргасан О.Б-гийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. 3 өрөө орон сууцны зах зээлийн үнэлгээ тогтоогдоогүй боловч анх худалдан авсан 99.600.000 төгрөгийн үнээр үнэлгээг тооцож  болох байсан. Шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасантай холбогдуулан би өөрөө маргаан бүхий орон сууцны гэрчилгээг болон улсын бүртгэлийн лавлагааг нотлох баримтаар гаргаж өгөх боломжгүй учраас Г.О-ийн нэр дээр бүртгэлтэй БУ сумын ...р баг, "......." хотхоны 3-19 тоотод байрлах 3 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хэрэгт нотлох баримтаар гаргуулах, Г.О-гийн нэр дээрх Хас, Хаан банкны хуримтлалын дансны үлдэгдлийг банкнаас гаргуулах,   төлбөрийн чадваргүй учраас шүүхийн журмаар хөрөнгийн үнэлгээ тогтоолгоод  дараа нь өөрт ногдох хөрөнгөөс төлье гэж бодоод 3 өрөө орон сууцны үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээ болон 5 ханатай гэрийн үнэлгээг шүүхийн журмаар гаргуулахаар хүсэлт гаргасан. Тус шүүхийн шүүгчийн 2023-03-30-ны өдрийн 147/ШЗ2023/00376 дугаар захирамжийн үндэслэх хэсэгт “маргаж буй үл хөдлөхийн гэрчилгээ болон Хас, Хаан банкин дахь Г.О-ийн хуримтлалын дансны хуулга нь хэрэг хянан шийдвэрлэхэд нотолгооны ач холбогдолтой тул хариуцагчийн хүсэлтийг хангаж, БУ сумын ...р баг, "......." хотхоны 3-19 тоотод байрлах 3 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгч Г.О-гаас, хуримтлалын дансны хуулгыг Хас, Хаан банкнаас тус тус гаргуулах нь зүйтэй байна гэж дүгнэсэн, нотлох баримт бүрдүүлэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулсан,  захирамжлах хэсгийн 2 дахь заалтаар  БУ сумын .....р баг, "....." хотхоны 3-19 тоотод байрлах 3 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг баталгаажуулж ирүүлэхийг нэхэмжлэгч Г.О-д  даалгаж шийдвэрлэснээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар дээрх нотлох баримтуудыг шүүх бүрдүүлэх үүрэг  хүлээсэн. Шүүхийн гаргасан шийдвэр нь биелэгдээгүй буюу шүүхээс даалгаснаар Г.О  нь БУ сумын ...р баг, "........" хотхоны 3-19 тоотод байрлах 3 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг баталгаажуулж ирүүлээгүй нь миний буруу биш байхад “хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, улсын бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгийн үнэлгээг гаргуулж хэрэгт нотлох баримтаар ирүүлээгүй” гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож намайг хохироосонд гомдолтой байна. Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг  улсын бүртгэлийн байгууллагаас авах, банкнаас хүний данстай холбоотой мэдээлэл авах нь хувь хүний нууцтай холбоотой  өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй бол  гаргаж өгдөггүй учраас өөрөө олж авах боломжгүй маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, банкны хуримтлалын данстай холбоотой нотлох баримтыг гаргуулахаар хүсэлт гаргаж, шүүх миний хүсэлтийг хангасан ч тэр үүргээ биелүүлж нотлох баримтыг шаардан гаргуулж авалгүйгээр дутуу баримтаар хэргийг шийдвэрлэсэн. Шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлснээр би олон жил өөрийн хүч хөдөлмөрөөр бий болгосон хөрөнгөөсөө юу ч авч чадахгүй хоцорч дээр нь нэхэмжлэгч нарт нэмж төлбөр төлөхөөр боллоо.Шүүхийн шийдвэрээр “О.Б-гийн өмчлөлд бүртгэлтэй,  БУ сумын .... баг, Оюу зоогийн газрын хойно байршилтай худалдаа үйлчилгээний зориулалттай 243 м.кв талбайтай, Ү-1213001039 дугаарт бүртгэлтэй, 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн болохыг тогтоож, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг Г.О, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Ц, Б.Б нарын өмчлөлд үлдээж, нэхэмжлэгчээс ногдох хувь 43.544.120 төгрөгийг гаргуулж хариуцагч О.Б-д олгох, Hino profia маркийн 03-89СҮЭ улсын дугаартай ачааны машиныг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн болохыг тогтоож, уг машиныг худалдан авахад зориулж зээлээр авсан 75.000.000 төгрөгийн 60.000.000 төгрөгийг хариуцагч О.Б-ээс гаргуулж,  нэхэмжлэгч Г.О, гуравдагч этгээд Б.Ц, Б.Б, Ц.Б нарт адил тэнцүү хэмжээгээр олгох” - оор шийдвэрлэсэн.Эндээс харахад миний авах мөнгөнөөс төлөх мөнгө нь их байна.Дээрх Hino profia маркийн 03-89 СҮЭ улсын дугаартай ачааны машиныг осолд орж ашиглах боломжгүй болж, хүнд сэлбэгээр 23 сая төгрөгөөр зарсан гэдгийг нэхэмжлэгч тал мэдүүлдэг. Гэтэл шүүх осолд орж биет байдлаараа байхгүй болсон ачааны машиныг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын  өмч мөн болохыг тогтоож, 60 сая төгрөгийг надаар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Хэрвээ байхгүй болсон хөрөнгийг шүүхээс гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн гэж тогтоож, хувааж болдог юм бол Г.О-ийн байхгүй болгосон түүний нэр дээр Хас, Хаан банкны хуримтлалын дансанд хадгалагдаж байсан манай гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болох мөнгөн хөрөнгөөс би өөрт ногдох хувийг гаргуулан авмаар байна. Миний бие 2023-03-06 нд Г.О-ийн /ЛЗ74011266/ Хас, Хаан банкны хуримтлалын дансны  өдөр бүр 50,000, 100,000 төгрөгийг автоматаар пос машины орлогоос татдаг, байсан одоо тэр хадгаламж хэдий хэмжээтэй байгаа эсэх, байхгүй бол юунд  хэзээ зарцуулсан болохыг тогтоолгох хүсэлт гаргахад шүүх нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гээд хангахгүй орхисон. ХААН банк Г.О-ийн нэр хадгаламжийн хуримтлал байхгүй гэсэн.Энэ бол бидний хамтран өмчлөх дундын мөнгөн хөрөнгийг Г.О дур мэдэн үгүй хийсний илрэл гэж үзэж байна. Хавтаст хэргийн 223 дугаар талд авагдсан итгэмжлэлд Б.Ц-аас Г.Г-д итгэмжлэлээр олгосон эрхүүдийг нэрлэн заасан байх бөгөөд үүнд нэхэмжлэлд гарын үсэг зурах эрх олгоогүй, гэтэл хэргийн 223 талд авагдсан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн нэхэмжлэл гэх баримтад  Г.Г гарын үсэг зурсан нь төлөөлүүлэгчээс олгоогүй эрхийг эдэлсэн гэж үзэхээр байна. Би шүүх хуралд оролцохоосоо өмнө охин Б.Ц-тай уулзаж санаа бодлыг нь асуухад та нараас би юу ч авахгүй гэж хэлж байсан.Мөн Б.Ц-гийн Бие даасан гуравдагч этгээдээр оролцох тухай хүсэлтэд охин Ц.Б-ийн төрсний гэрчилгээг хавсаргав гэсэн боловч ирүүлээгүй зэргээс үзэхэд манай охин  Б.Ц-г бие даасан гуравдагч этгээдээр оролцох хүсэл сонирхолоо өөрөө илэрхийлсэн үзэхгүй байна. Хавтаст хэргийн  204 талд авагдсан Б.Б-ийн Бие даасан гуравдагч этгээдээр оролцох тухай хүсэлт нь эх хувь биш хуулбар бөгөөд түүнд гарын үсэг зурагдаагүй хэн гаргасан болох нь тодорхойгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үндэслэн шүүх гуравдагч этгээдээр тогтоосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасанд нийцэхгүй байна.Мөн хэргийн 227 дугаар талд авагдсан итгэмжлэлээр Б.Б-өөс  Г-д нэхэмжлэлд гарын үсэг зурах эрх олгоогүй байна.Гэтэл хэргийн 228 дугаар талд авагдсан  нэхэмжлэл гэх баримтад Г.Г гэгч Б.Б-ийг төлөөлөн   гарын үсэг зурсан нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Э, М.Ц, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Ц, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г нар  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь: 

      7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч О.Б-ийн давж заалдах гомдлын дагуу Г.О-ийн ”гэрлэлт цуцлуулах, Баруун-Урт сумын 7 дугаар багт байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай 132 м2  газар, 243 м2 талбайтай хоёр давхар үл хөдлөх хөрөнгө, ачааны машин, 108 толгой мал зэргийг тухайн эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоон нэхэмжлэгчээс ногдох хэсгийг тогтоолгох, ачааны машин авахдаа Хаан банкнаас 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр авсан 75 сая төгрөгийн зээлийн хүүг гаргуулах, Хаан банкнаас 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр авсан 250 сая,   2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр авсан 150 сая төгрөгийн зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгүүлэх, 3 өрөө 80 м2 орон сууцыг өөрийн өмчлөлд үлдээж,  Хаан банкнаас 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр авсан 61 сая ипотекийн зээлийн гэрээний үүргээс чөлөөлүүлэх, хүү Б.Буянтөгсийн сургалтын төлбөр 11,593,344 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Ц, Б.Б нарын гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс хувьд ногдох хэсгийг тодорхойлуулах шаардлага гаргасан, хариуцагч О.Б-ийн “3 өрөө орон сууцны өөрт ногдох хэсэг, хашаа, газар  5 ханатай гэр, ХААН, Хас банкны хадгаламжийн дансны үлдэгдлийг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаж үзэв.

8.  Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гэлэгдуламын “Б.Цэрмаа, зээ охин Бөрт-Үжин, Б.Буянтөгс нарыг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцуулж өгөх тухай хүсэлт, мөн энэ талаар бичсэн Б.Цэрмаа, Б.Буянтөгс нарын хүсэлтийг  авч хэлэлцээд 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 375 дугаар захирамжаар тэдгээрийн хүсэлтийг хангаж шийдвэрлэжээ. Тэрээр Б.Цэрмаа нь охин Бөрт-Үжингийн төрсний гэрчилгээг хавсаргасан байв.  /1хх-7, 204-208х/

9. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Ц, Б.Б нар нь 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Г.Г-д нэг жилийн хугацаатай итгэмжлэл олгон нотариатаар гэрчлүүлсэн нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлд заасан итгэмжлэлд тавигдах шаардлагыг хангасан байна. Энэ итгэмжлэлээр олгосон эрхийн дагуу гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г нь 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр шүүхэд  нэхэмжлэлийн шаардлага гаргаснаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  25, 26, 29  дүгээр зүйлд заасан  нэхэмжлэгчийн эрх эдэлж, үүрэг хүлээх болжээ. /1хх-222-224, 227-229х/

10. Хэрэгт авагдсан 2023 оны 04 дугаар сарын 13-ны өдрийн 5630/148/23 дугаартай албан бичиг, Хас банкин дахь 5005577647 дугаартай дансны хуулга зэргээс үзэхэд нэхэмжлэгч Г.О нь Хаан банкинд хуримтлалын дансгүй,  харин Хас банкны хадгаламжинд 16,665,194 төгрөгийн үлдэгдэл байх бөгөөд түүнийг 2023 оны 03 дугаар 18-ны өдөр барьцаалж 10,746,875 төгрөг авсан байна. Хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул энэ үйл баримтад дүгнэлт хийгээгүй болно. /1хх-231, 244-247х/

11. Хариуцагч О.Б-гээс гаргасан хүсэлтийг анхан шатны шүүх хүлээн авч хэлэлцээд 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 376 дугаартай захирамжаар  БУ сумын ...дүгээр баг, "...."хотхоны 3 дугаар байрны 19 тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч Г.О-гаас гаргуулах хүсэлтийг хангаж,   “3 өрөө орон сууцын үнэлгээ гаргуулах тухай хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон байна.

Учир нь:  а/ Нэхэмжлэгч Г.О нь 3 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн  гэрчилгээг  Хаан банкнаас 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр орон сууц барьцаалсан урт хугацааны, хөнгөлөлттэй 61 сая төгрөгийн зээл авахдаа тухайн гэрчилгээг барьцаанд тавьсан байхад түүнийг нэхэмжлэгчээс  гаргуулахаар заасан нь анхнаасаа биелэгдэхгүй буюу нэхэмжлэгчээс гаргаж өгөх боломжгүй байжээ. /1хх-214-217х/

б/ Шүүгчийн захирамжид 3 өрөө орон сууцны үнэлгээг хийлгэх эсэх нь хариуцагчийн эрхийн асуудал тул түүний хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байтлаа шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 31 дүгээрт хариуцагчаас үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн  гэрчилгээ болон түүний үнэлгээг ирүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэн тухайн эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоон нэхэмжлэгчээс ногдох хэсгийг гаргуулах боломжгүй гэсэн дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй, логик зөрчилтэй болжээ. 

12. Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэхэд чухал  ач холбогдолтой 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийн  гэрчилгээ, зах зээлийн үнэлгээ зэргийг авахгүй нотлох баримтыг дутуу бүрдүүлэн хэргийг шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байх тул хариуцагчийн давж заалдах  гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаан түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв. /2хх-51х/

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 167.2 дахь хэсэг, 168 дугаар зүйлийн 168.1.7, 168.3  дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

Нэг. Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 215 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

Хоёр: Хариуцагч О.Б-ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

Гурав. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                  

Дөрөв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          О.БААТАРСҮХ

                                            ШҮҮГЧИД                         С.ОЮУНТУНГАЛАГ

                                                                                      Г.УРТНАСАН