Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 36

 

2023          09           05                                     206/МА2023/00036

*******гийн хүсэлттэй иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар,

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 153/ШШ2023/00339 дугаар шийдвэртэй,

 

Ховд аймаг, Жаргалант сум, Бичигт багт оршин суух, ******* овогт *******гийн Нямаагийн хүсэлттэй,

Ажиллаж байсан тогтоолгох тухай иргэний хэргийг хүсэлт гаргагчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр  хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч ******* түүний өмгөөлөгч Г.Батзаяа, хуралдааны нарийн бичгийн даргаар А.Золзаяа нар оролцов.

 

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэлийн үндэслэл:  

 

1.1  Миний бие ******* нь Ховд аймгийн Цэцэг суманд 1963 онд төрсөн. 1979 оны 06 дугаар сард 8 дугаар ангийг Ховд аймгийн Цэцэг сумандаа төгсөөд 7 дугаар сараас эхлэн аав, ээжийнхээ хамт Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдлийн Баян овоо бригадад илгээлтээр гарч аав ээжийнхээ хамт бог маллахын хажуугаар давхар шуудан зөөгчөөр ажиллаж байсан. 1981 оны 06 сард цэрэгт татагдаж 1984 оны 08 дугаар сард цэргээс халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирсний дараа 1984 оны 08 дугаар сараас нэгдэл тарах хүртэл үргэлжлүүлэн нэгдэлдээ аав ээжийнхээ хамт маллаж мал байсан. 1991 оны 10 дугаар сарын 18-ны өдөр эхнэр ******* гэр бүл болсон.

 ******* би одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох болоход тухайн үед хөдөлмөрийн дэвтэр нээлгээгүй бөгөөд шүүхэд хандаж шуудан зөөгчөөр ажилласан байдлаа тогтоолгох шаардлагатай болоход Ховд аймгийн архивд Цэцэг сумын 1979-1981 оны баримтууд огт шилжиж ирээгүй тул заавал шүүхэд хандах шаардлагатай болсон. Өмнө нь шүүхээр ажилласан байсан байдлаа тогтоолгож байсан. Тэгэхэд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор хүсэлт гаргасан. Би тухайн үед мал маллахын хажуугаар давхар шуудан зөөгчөөр ажилласан юм.

Иймд ******* намайг 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдлийн Баян овоо бригадад шуудан зөөгчөөр ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

2.Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 153/ШШ2023/00339 дугаар шийдвэрээр:

2.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******гийн Нямаагийн Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдлийн Баян-Овоо бригадад 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл шуудан зөөгчөөр ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2.2 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

2.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

3.Хүсэлт гаргагч ******* түүний өмгөөлөгч Г.Батзаяа нарын давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

3.1 Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Учир нь Хаатр маягтад хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан гэж гарч ирсэн бөгөөд малчнаар тус онуудад ажиллаж байсан баримт гарч ирэхгүй байгаа тул малчнаар ажиллаж байсан гэж тогтоох боломжгүй тул та шууданчаар ажиллаж байсан гэдгээ баримт гарч ирсэнээр нь тогтоолгоорй гэж хэлээд хэрэгсэхгүй болгосоны дараа дахин шууданчаар ажиллаж байснаа тогтоолгохоор нэхэмжлэлээ дахин гаргасан билээ.

Би өмнө шүүхэд хандаж байсан нэхэмжлэлийн шаардлага дээрээ тухайн онуудад буюу 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр гарч шуудан зөөхийнхөө хажуугаар аав ээждээ мал маллахад нь тусалж байсан талаараа дурдсан байсан бөгөөд тухайн ажлынхаа аль нэгээр нь тогтоолгоход хангалттай гэж үзэж мал маллаж байснаа тогтоолгохоор хүсэлт гаргасан байгааг шүүх анхаарч учрыг тунгаалгүй хэргийг шийддэгт харамсаж байна.

3.2 Архивт баримт байхгүй олдохгүй байгаа болохоор тухайн үүйл баримтыг бусад нотлох баримтын үндсэн дээр сэргээн тогтоолгохоор шүүхэд хандсан байхад архиваас баримт гарч ирээгүй гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь шүүх нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзэх бүхий л нотлох баримтыг цуглуулах үүргээ зөрчсөн гэж үзэж байна.

Архиваас баримт гарч ирэхгүй бол туршилт хийх хүсэлтийг хангалгүй орхисонд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            1.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг  хүсэлт гаргагчийн  давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянаж,   анхан шатны шүүхийн шийдвэрийг  хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

            2. ******* нь 1979 оны 07 дугаар сарын 01-ний  өдрөөс эхлэн  1981 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл  Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдлийн Баян-овоо бригадад шуудан зөөгчөөр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

3.Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан шаардлагаа нотлохоор Батлан хамгаалах яамны төв архивын  2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 10261 тоот  хугацаат цэргийн алба хаасан  тухай  архивын лавлагаа, Ховд аймгийн архивын тасгийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 217 тоотоор ирүүлсэн Цэцэг сумын Цэцэглэх нэгдлийн Баян-Овоо багийн буюу 3 дугаар бригадын 1979-1980 оны 70 дугаар дансны хуулбар,1981 онд авахуулсан гэх гэрэл зураг зэрэг баримтуудыг шүүхэд  ирүүлсэн  байна.

4.  *******  нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2,38 дугаар зүйлийн 38.1-д заасан “...нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргийн дагуу дээрх нотлох баримтууд шүүхэд гаргаж өгсөн байна.

Түүнчлэн  шүүх санаачилгаараа   түүнд холбогдох ХААТР 1,15, 21 маягт, тус шүүхийн 2022 оны  12 дугаар сарын 14-ний өдрийн 153/ШШ2022/00661 дугаартай хэргээс холбогдох нотлох баримтуудыг хуулбарлан авах, архивын баримтад үзлэг хийх, гэрч нарыг асуух  зэрэг ажиллагааг хийсэн байх  ба хүсэлт гаргагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Цэцэг сумын сургуулийн ойн номонд үзлэг хийх зэргээр нотлох баримтуудыг бүрдүүлжээ.

5.Шүүх хүсэлт гарагчийн хүсэлтийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч хүсэлт гаргагч *******  нь давж заалдах шатны шүүхэд “...дутуу дулимаг нотлох баримтаар хууль бус шийдвэр гаргасан тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг   гаргажээ.

6.Анхан шатны шүүх   хүсэлт гаргагчийг 1979 оны 07 дугаар сарын 01-ний  өдрөөс эхлэн  1981 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл  Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдлийн Баян-овоо бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргаж байсан бөгөөд Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2022 оны  12 дугаар сарын 14-ний өдрийн 153/ШШ2022/00661 дугаар шийдвэрээр *******гийн уг хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор 1979-1981 онуудад шуудан зөөгчөөр ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор дахин  гаргасан хүсэлт нь  нэгэнт шүүхээс тогтоосон үйл баримтыг дахин тогтоохгүй гэсэн үндэслээр түүний хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий  болоогүй  байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх  хүсэлт гаргагчийн хүсэлтийг хянан хэлэлцээд дээрх үндэслэлээр түүний 1979-1981 онуудад шуудан зөөгчөөр ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор гаргасан хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4 –т заасан “Зохигч ба хэргийн бусад оролцогч, түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа,иргэний хэрэг хянан шийдвэрлэх,өөр ажиллагааны талаар маргах эрхгүй.” гэх заалтад нийцээгүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг хангаагүй байна.

7. Хэрэгт авагдсан нотлох баримтаар  хүсэлт гаргагч нь өмнө  1979 оны 07 дугаар сарын 01-ний  өдрөөс эхлэн  1981 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл  Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдлийн Баян-овоо бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргаж байсан харин энэ удаа тэр тухай он жилүүдэд уг нэгдэлд шуудан зөөгчөөр ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт гаргасан  байна.

8.Гэтэл хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт ХААТР 1,маягтан дахь ажилладаг байгууллага гэх хэсэгт  хүсэлт гаргагч *******г хэвлэлийн төлөөлөгчөөр  ажилладаг байсан талаар тэмдэглэгээ хийгдсэн байх бөгөөд шүүх энэ талаар  тодруулж асуугаагүй байна. Тодруулбал хүсэлт гаргагч *******г   шуудан зөөгчөөр эсхүл хэвлэлийн төлөөлөгчөөр хэдий хугацаанд хаана ажилладаг байсан байдлын талаар тодруулж асуух, шаардлагатай бол шүүх санаачилгаараа дахин нотлох баримт бүрдүүлэх боломжтой  байжээ.

9.Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож,  дахин шийдвэрлүүлэхээр буцааж, хүсэлт гаргагчийн гомдлыг хангаж  шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

10 Хуульд зааснаар  хүсэлт гаргагчийн  давж  заалдах  журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгов

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1647 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгож

ТОГТООХ нь:

 

1.Ховд  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны 153/ШШ2023/00339 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, хүсэлт гаргагч *******гийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2.Иргэн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хүсэлт гаргагч *******гийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа   улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг  зохих данснаас гаргуулж түүнд буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

                      

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.НЯМБАЯР  

 

                                             ШҮҮГЧ                                         Д.КӨБЕШ

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА