Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 37

 

  

2023          09           19                                       206/МА2023/00037

 

 

*******ийн хүсэлттэй иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар,

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 153/ШШ2023/00409 дугаар шийдвэртэй,

Ховд аймаг, Дөргөн сум, ******* ******* ******* оршин суух, ******* овогт *******ийн Нямдашийн хүсэлттэй,

Ажиллаж байсан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр  хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг, хуралдааны нарийн бичгийн даргаар А.Золзаяа нар оролцов.

 

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэлийн үндэслэл:  

 

1.1 .Миний бие 2023 оны 5 дугаар сард малчнаар өндөр нөсны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан боловч 1995, 1997 оны баримтад миний нэр Ц.Нямдаш гэж, 1999 оны баримтад Хо.Нямдаш гэж бичигдсэн, 1996, 1998 оны Дөргөн сумын ЗДТГ-ын архивын баримт шатсан гэх ба архиваас 1996, 1998 оны надад холбогдох баримт олдохгүй байгаа тул Ховд аймгийн Дөргөн сумын даатгуулагчийн малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох зөвлөл хуралдаж 1995-2000 оны малчнаар ажиллаж байсан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн шийдвэр гаргасан.

******* миний бие 1968 онд Хорлоо гэдэг эмэгтэйгээс төрсөн ба ээж Хорлоо нь намайг төрүүлсний дараа Цогоо гэдэг хүнтэй гэр бүл болж, Нямдаш намайг өөрийн төрсөн ах *******т үрчлүүлжээ. Тухайн үед данс хөтөлж байсан хүмүүс 1995 оны мал тооллогын картад миний нэрийг Ц.Нямдаш гэж хойд аав Цогоогоор нь овоглож бичсэн, 1997 онд Аргалант *******ийн малд урьдчилан сэргийлэх тарилга хийсэн зарцуулалтын тайланд миний нэрийг Хо.Нямдаш гэж төрүүлсэн ээж Хорлоогоор овоглон бичсэн, Ховд аймгийн Дөргөн сумын 1996, 1998 оны архивын баримт шатаж устсан гээд надад баримт олдохгүй байгаа учир зүйн ач холбогдолтой үйл явдлыг шүүхээр тогтоолгох шаардлагатай болж шүүхэд хандан хүсэлт гаргаж байна.

Иймд 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сээр *******т малчнаар ажиллаж байсан эрх зүйн ач холбогдолтой байдлыг тогтоож шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү  гэжээ.

2.Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 153/ШШ2023/00409 дугаар шийдвэрээр:

2.1  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******ийн Нямдашийн Ховд аймгийн Дөргөн сумын Сээр *******т 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 он хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

2.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

2.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдэж,

2.4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

3.Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга:

3.1 Шүүх хүсэлтийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлээ: "******* нь 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сээр *******т малчнаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдохгүй байна." гэж дүгнэжээ.

3.2 Хүсэлт гаргагч ******* нь Ховд аймгийн Дөргөн суманд малчнаар ажиллаж байсан баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд *******ийн овгийн үсгийг 1995, 1997 оны мал тооллогын баримтанд Ц.Нямдаш, 1999 оны мал тооллогын баримтанд Хо Нямдаш гэж бичсэн учир шүүхэд хандах шаардлагатай болсон. Тухайн үеийн мал тооллогын данс хөтөлсөн албан тушаалтан 1995 оны мал тооллогын баримтанд *******ийн нэрийг Ц.Нямдаш гэж хойт аав болох Цогоогийн нэрээр бичсэн, 1996, 1998 оны баримт устсан учир өөрт байгаа эрх зүйн ач холбогдолтой баримтыг гаргаж өгсөн боловч шүүх хэрхэн үнэлсэн талаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тусгаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хянуулахаар давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 153/ШШ2023/00409 дугаартай шийдвэрийг хянан үзэж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

 

            1. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг  хүсэлт гаргагчийн  давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянаж,   анхан шатны шүүхийн шийдвэрийг  хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

            2. ******* нь 1995 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сээр *******т малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

3. ******* нь шүүхэд гаргасан хүсэлтээ нотлох зорилгоор “өөрийн иргэний үнэмлэх, 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө ажиллаж байсан байдлаа тогтоолгосон шүүхийн шийдвэр, малчин мэргэжлийн үнэмлэх, хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, 2001 оны диплом, 2008 оны өргөмжлөл, “Ц.Нямдаш” гэж бичигдсэн 1995 оны мал тооллогын карт, 1997 оны  Аргалант *******ийн малд урьдчилсан сэргийлэх тарилга хийсэн зарцуулалтын тайлан, 1999 онд “Хо Нямдаш” гэж бичигдсэн баримт, 1996, 1998 оны улсын баяр наадам хурдан морь уяж байсан гэх фото зураг, Ховд аймгийн Дөргөн сумын даатгуулагчийн малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох зөвлөлийн хурлын тэмдэглэл зэрэг баримтуудын хуулбарыг шүүхэд гаргаж өгсөн ба шүүх санаачилгаараа Төрөгсдийг бүртгэх анкет, Гэрлэсний бүртгэлийн лавлагаа” зэрэг баримтыг эрх бүхий байгууллагаас авсан байна.

4. Шүүх *******ийн хүсэлтээс 1999 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2000 он хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сээр *******т малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

 4.1 Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан хүсэлтийн шаардлага, үндэслэлээ “******* миний бие 1968 онд Хорлоо гэдэг эмэгтэйгээс төрсөн ба ээж Хорлоо нь намайг төрүүлсний дараа Цогоо гэдэг хүнтэй гэр бүл болж, Нямдаш намайг өөрийн төрсөн ах *******т үрчлүүлжээ. Тухайн үед данс хөтөлж байсан хүмүүс 1995 оны мал тооллогын картанд миний нэрийг Ц.Нямдаш гэж хойд аав Цогоогоор нь овоглож бичсэн, 1997 онд Аргалант *******ийн малд урьдчилсан сэргийлэх тарилга хийсэн зарцуулалтын тайланд миний нэрийг Хо.Нямдаш гэж төрүүлсэн ээж Хорлоогоор овоглон бичсэн, Ховд аймгийн Дөргөн сумын 1996, 1998 оны архивын баримт шатаж устсан гээд надад баримт олдохгүй байгаа тул эрх зүйн ач холбогдолтой үйл явдлыг шүүхээр тогтоолгох шаардлагатай болж шүүхэд хандан хүсэлт гаргаж байна.” гэж тайлбарласан байна.

*******ийн дээр дурдсан тайлбар үйл баримт нь “******* нь Чойсүрэнгийн Хорлоо гэх эмэгтэйгээс төрснийг 1969 оны 6 дугаар сарын 17-ны өдөр бүртгэсэн Төрөгсдийг бүртгэх анкет, Чойсүрэнгийн Хорлоо нь Палчингийн Цогоо гэх хүнтэй гэр бүл болсныг 1981 оны 2 дугаар сарын 06-ны өдөр бүртгэсэн Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа” зэрэг баримтаар тогтоогдож байхад шүүх эдгээр нотлох баримтыг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүйгээр түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлага хангахгүй болжээ.

Өөрөөр хэлбэл шүүх дээр дурдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн “Ц.Нямдаш, Хо Нямдаш” гэж бичигдсэн баримтуудтай харьцуулан үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр түүний хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана.” гэснийг зөрчсөн байна.  

5. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож,  дахин шийдвэрлүүлэхээр буцааж, хүсэлт гаргагчийн гомдлыг хангаж  шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

6. Хуульд зааснаар  хүсэлт гаргагчийн  давж  заалдах  журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгов.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгож

ТОГТООХ нь:

 

1.Ховд  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 153/ШШ2023/00409 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэгийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэгийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа   улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг  Төрийн сангийн зохих данснаас гаргуулж түүнд буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ,

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Н.ТУЯА

 

                                              ШҮҮГЧ                                       Д.КӨБЕШ

                                                                 

                                              ШҮҮГЧ                                       М.НЯМБАЯР