Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 39

 

 

   2023          09           19                                     206/МА2023/00039

 

*******ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар,

 

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 154/ШШ2023/00119 дугаар шийдвэртэй,

 

Ховд аймгийн Мөст сумын Цэцэг гол багт оршин суух, *******, Ологнууд овогт *******гийн Хашбатын нэхэмжлэлтэй,

Ховд аймгийн Мөст сумын Цэцэг гол багт оршин суух, *******, Холхон овогт *******ын *******т

3,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр  хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, хариуцагчийн өмгөөлөгч Н.Очирбат, хуралдааны нарийн бичгийн даргаар С.Аззаяа нар оролцов.

 

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэлийн үндэслэл:  

 

1.1  Би 2010 онд Улаанбаатар хотоос 08-12 УБ улсын дугаартай Бонго Пронтор маркын шинэ машин авч ирээд отор нүүдэл хийхээс өөр ажилд бараг унадаггүй, хүүхдэдээ хадгалж байгаад 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр *******ад худалдсан. Машиныг *******ын хүү Г.******* бичиг баримтын хамт авч явсан. Г.******* нь машиныг унаж явж байгаад үеэрлэсэн гол руу оруулаад усанд чанаад хаячихсан. Машины үнэ 3,000,000 төгрөг буюу 2,000,000 төгрөгт бодож *******ын өвөлжөөг авах, эсхүл адуу авч зөрүүг нь мөнгөөр төлөхөөр тохиролцсон боловч одоог хүртэл машиныхаа үнийг авч чадалгүй хохирч байна. Шүүхэд машины үнийг *******аас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 154/ШШ2022/00191 дугаартай шийдвэрээр *******ыг уг хэргийн хариуцагч биш гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул надаас машин авч явсан Г.*******аас машины үнэ 3,000,000 /гурван сая/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзлал:

2.1 Би аавтай хамт адуунд явж байхад *******ын машиныг худалдаж авья нүүж суухад хэрэгтэй машин байна гэж ярилцаад нэг өдөр намайг очоод унаад ир авахаар болчихлоо гэхээр нь би очиж авч ирсэн. Тэгээд машиныг хэсэг унаж байгаад би аваарт ороод эмчилгээ хийлгээд явж байгаад ирээд машины бичиг баримтыг асуухад машин дотор байгаа гэхээр нь хайгаад олоогүй, аав нь унаж чадахгүй байна гэж хэлсэн. Дараа нь ******* ах ирээд Хашбат ахыг машин аваад ир гэж байна гээд машиныг аваад явсан сураг гарсан. Анх би авна гэж хэлээгүй. Аав 3,000,000 төгрөгийг төлөх ёстой байсан гэжээ.

3.Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 154/ШШ2023/00119 дугаар шийдвэрээр:

3.1 Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан хариуцагч Г.*******аас 3.000.000 /гурван сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгосугай.

3.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*******аас 62950 /жаран хоёр мянга есөн зуун тавин/ төгрөг, улсын орлогоос 2050 /хоёр мянга тавин/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******ад олгосугай.

3.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн давж заалдсан гомдол болон хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

4.1 *******ын машиныг 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр авсан. Аваад хоёр жил болсны дараа ******* мөнгөө авий гээд ******* руу ярьсан, ярихад нь ******* энэ машинаа буцааж ав учир нь бичиг баримт дутуу манайх авахгүй гэхэд ******* Б.Цэрэнпилд өгчих гэж хэлсэн. Үүний дараа Б.Цэрэнпилд уг машиныг өгч явуулсан.

*******ын өөрийнх нь зөвшөөрлөөр буюу хэлсний дагуу Б.Цэрэнпилд өгч явуулсан тул *******ын нэхэмжилсэн 3,000,000 төгрөгийг төлөх боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжилэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

5.1 Г.******* нь тус шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа надад мөнгө байхгүй тул 3,000,000 төгрөгийг төлөх боломжгүй, мөн олон жил өнгөрсөн гэж хэлсэн. н.Цэрэнпилээр дамжуулан машиныг буцааж өгсөн гэдэг нь нотлогдоогүй. Иймээс Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч Г.*******ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзлээ. 

2.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн агуулгын хувьд зөв боловч  хууль хэрэглээний алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж шийдвэрт зохих өөрчлөлт оруулж  шийдвэрлэх   нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

3. Нэхэмжлэгч ******* нь худалдсан Бонго портер маркийн авто машины үнэ 3,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч  Г.*******т  холбогдуулан гаргажээ.

4.Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Би 2010 онд Улаанбаатар хотоос 08-12 УБ улсын дугаартай Бонго Пронтор маркийн шинэ машин  авч ирээд отор нүүдэл хийхээс өөр ажилд бараг унадаггүй хүүхдэдээ хадгалж байгаад  2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр *******ад  худалдсан. Машиныг *******ын хүү Г.******* бичиг баримтыг хамт авч явсан.Машины үнэ 3.000.000 төгрөг буюу 2.000.000 төгрөгт бодож *******ын өвөлжөөг авах эсхүл адуу авч зөрүүг нь мөнгөөр төлөхөөр тохиролцсон боловч одоог хүртэл машиныхаа үнийг авч чадахгүй байна.  Машин авч явсан Г.*******аас машины үнэ 3,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж тайлбарлажээ.

5.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор  цэнхэр өнгийн Бонго пронтор маркийн 82 УБР дугаартай /өмнөх дугаар байхгүй/ авто машины  өнгөтөөр угаалгасан 3 хуудас гэрэл зургийг  шүүхэд гаргаж өгсөн  байх ба түүний өмгөөлөгчийн хүсэлтээр  *******ад холбогдох иргэний хэргээс маргаан бүхий автомашины 4 хуудас гэрэл зургийг нотлох баримтаар шүүхээр  бүрдүүлүүлжээ.

6. Хариуцагч Г.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: "манай аав ******* машины үнийг төлөх ёстой байсан, анх автомашиныг авахад бичиг баримтгүй байсан тул нэхэмжлэгч *******ад машиныг нь  буцааж өгөөд 2 жил болж байгаа" гэж маргажээ.

7. Анхан шатны шүүх  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэснийг  эс зөвшөөрч хариуцагч Г.******* “...*******аас машиныг 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр аваад 2 жил болсны дараа *******ын өөрийнх нь зөвшөөрснөөр уг машиныг Б.Цэрэнпилд өгч явуулсан тул  түүний нэхэмжилсэн 3.000.000 төгрөгийг төлөх боломжгүй”  гэх агуулга бүхий гомдлыг давж заалдах журмаар гаргажээ.

8. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиолцож амаар буюу бичгээр хийнэ.” гэж  хуульчилжээ.

8.1.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нэхэмжлэгч ******* нь хариуцагч Г.*******тай хэлэлцэн тохиролцож Бонго пронтор маркийн автомашиныг худалдах, худалдан авах талаар талууд амаар хэлцэл хийсэн үйл баримт тогтоогдсон байна.

8.2.Нэхэмжлэгч ******* нь худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүргийн буюу худалдан авагчийн  үнэ төлөх үүргийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн хангаж шийдвэрлэхдээ зохигчдын дунд үүссэн гэрээний эрх зүйн харилцааг оновчтой зөв тодорхойлж чадаагүй байна.

8.3.Талууд гэрээгээр тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн эсхүл тодорхой хугацааны туршид үнийг хэсэгчлэн төлөх үүргийг хүлээж Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан нөхцөлийг тохиролцоогүй байх тул тэдний хооронд зээлээр худалдах-худалдан авах гэрээ  байгуулагдсан гэж үзэх боломжгүй.

             8.4. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч *******, хариуцагч Г.*******  нар  Бонго пронтор маркийн автомашиныг худалдах, худалдан авах гэрээг байгуулахдаа үнэ төлөх хугацааг тодорхой тохролцоогүй бөгөөд    2.000.000 төгрөгт бодож өвөлжөө өгөх, эсхүл адуу авч зөрүүг нь мөнгөөр төлөхөөр харилцан тохиролцсон  байдал хэрэгт тогтоогдсон  байна.

            9.Иргэний хуулийн 243 дугаар  зүйлийн 243.1 дэх хэсэгт “худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө,түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж,худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж зааснаар  худалдагч нь    Бонго пронтор маркийн автомашиныг өөрийн эзэмшлээсээ худалдан авагчийн эзэмшилд шилжүүлснээр талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

10. Худалдан авагч Г.******* нь худалдагч *******аас “Бонго Пронтор маркын автомашиныг  өөрийн эзэмшилдээ хүлээж” авсан нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д  заасан “хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэх заалттай нийцэж байна.  Уг автомашиныг худалдан авагч нь өөрөө хүлээж авсан болон  худалдсан  үнийн  талаар  талууд маргаагүй байна.

11.Харин Г.******* нь "манай аав ******* худалдан авсан Бонго пронтор маркийн   автомашины  үнийг нь төлөх ёстой байсан,  машин анх авахад бичиг баримтгүй байсан тул *******ад машиныг буцаагаад өгсөн" гэж тайлбарлаж байгаа боловч тайлбарынхаа үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т "шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх" үүрэгтэй  бөгөөд энэ үүргээ биелүүлж өөрийн татгалзлаа нотлох, нотлох баримтыг  шүүхэд  гаргаж өгөөгүй байна.  Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуль зүйн үндэслэлтэй  болсон байна.

            12.Шүүх талуудын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн хуульд заасан эрхийг зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлсэн боловч “хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж”   Иргэний  хуулийн зохих зүйл заалтыг зөв тайлбарлаж хэрэглээгүй, хууль хэрэглээний алдаа гаргасан байх тул түүнийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт дээрх үндэслэлээр зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэж байгаа тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Хуульд зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид  62950 төгрөг төлснийг төрийн сангийн дансанд  хэвээр нь үлдээв.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 154/ШШ2023/00119 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д” гэснийг  “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр нь үлдээж,  хариуцагч Г.*******ын  давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62950 төгрөгийг төрийн сангийн  дансанд хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                      

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.НЯМБАЯР  

 

                                             ШҮҮГЧ                                         Д.КӨБЕШ

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА