Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 148

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                                                                   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                 

Чингэлтэй  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, улсын яллагч Ц.Хулан, шүүгдэгч, хохирогч Ц.Д, Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан Боржигон овогт Цэрэндоржийн Доржням, Хүрэл овогт Түдэвийн Батхүү нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн “1911003030098” дугаартай, 186/2019/0141/э индекстэй хэргийг 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           Монгол Улсын иргэн, 1968 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Төв
аймгийн Жаргалант суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус
дунд боловсролтой, тракторын жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,
ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүрэг 9 дүгээр хороо,
Ээж хайрхан 7-170а тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Цэрэндоржийн Доржням /РД:НМ68040418/,

Монгол улсын иргэн, 1965 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр
Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд
боловсролтой, токарчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хүү,
бэр, ач нарын хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын                                  18-280 тоотод түр оршин суух бүртгэлтэй, урьд 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхээс Эүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулсан, хэрэг хариуцах чадвартай, Хүрэл овогт Түдэвийн Батхүү /РД:ХА65091911/,

 Холбогдсон хэргийн талаар;

          Ц.Доржням нь согтуугаар 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Алтан Соёмбо” гэх караокед хамарлуу цохисон гэсэн асуудлаас болж Т.Батхүүтэй маргалдаж, улмаар түүний толгойн тус газар пивоны шилээр цохиж биед нь дух, баруун сарвуунд шарх, зүүн нүдний алим, зүүн зовхи, зүүн  шуунд цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн зулай, хамрын  нуруу, баруун хацарт зулгаралт, дээд уруулын  дотор салстад язарсан шарх, цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

           Т.Батхүү нь согтуугаар 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Алтан Соёмбо” гэх караокед Ц.Доржнямтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт архины хундгаар цохиж биед нь баруун, зүүн зовхи, баруун гуянд цус хуралт, хамрын нуруу, зүүн  чихний дэлбэн, зүүн хөмсөгт зулгаралт, цус хуралт бүхий  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлсэн  мэдүүлэг:

 1.1.  Шүүгдэгч, хохирогч Ц.Доржням нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:...мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ үнэн зөвөөр өгсөн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй гэв.

 1.2.Шүүгдэгч, хохирогч Т.Батхүү нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:.. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ үнэн зөвөөр өгсөн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй гэв.

 Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

           2.1. Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Ц.Доржнямын:..Батхүү миний хамарлуу цохиод гартаа барьсан архины хундагаараа миний зүун чих орчимд цохиод заамдаж авсан болохоср би зөрүүлээд Батхүүг толгой хэсэгт цохиод түлхсэн чинь согтуу байсан арагшаа уначихсан тэгээд би дээр нь гараад нүүрлүү  нь цохиод, зүүн гарыг нь ард мушгисан. Би одоогоор ажилгүй байгаа гэртээ группэд байдаг. Зундаа бол мужааны ажил хийдэг. Сардаа группын мөнгө 240.000 төгрөг авдаг. Өрхийн бүртгэлд ам бүл 4 гэж байдаг боловч яг хамтдаа амьдарч байгаа нь 6 ам бүл байгаа. Манай өрхийн бүртгэлд байдаггүй охин, хүү хоёр хамтдаа амьдардаг. Эмчилгээний зардалд мөнгө нэхэмжлэхгүй, надад одоо гомдол санал байхгүй гэх мэдүүлэг. /хх 45-47/,

          2.2. Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Т.Батхүүгийн:.. надад сонсгож байгаа ЭХТА-ийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрч байна... би өөрийн найз болох Доржнямтай маргалдсан байсан бөгөөд Доржнямыг цохиод авсан чинь Доржням эргүүлээд намайг цохиж аваад би газарт унахад миний нүүр хэсэгт өшиглөөд мөн миний зүүн гарыг мушгиад байсан тэгээд миний зүүн хөмсөг язарсан байсан болохоор оёдол тавиулсан... би хувиараа барилгын дотор заслын ажил хийдэг бөгөөд одоогоор яг ажилгүй амралтын байдалтай байна. Цагаан сарын дараанаас хэдэн айлын дотор заслын ажлын захиалга авчихсан байна... Доржнямтай найзалж нөхөрлөөд 10 гаруй жил болж байгаа юм... баруун сарвуунд шарх гэмтлийг би хагарсан шилэнд л зүссэн байх... би л Доржнямын биед эдгээр гэмтлүүдийг учруулсан би Доржнямын нүүр хэсэгт гараараа нэг удаа цохьсон харин зүүн чих орчимд нь гартаа барьсан архины хундагаар цохьсон юм... Эмчилгээний зардалд зарцуулсан баримт байхгүй бөгөөд эмчилгээний зардалд мөнгө нэхэмжлэхгүй, надад одоо санал гомдол байхгүй гэх мэдүүлэг. /хх 40-42/,

2.3. Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Г.Байгалмаагийн:..2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Алтан соёмбо” гэдэг караокед найз Батхүүтэй хамтдаа түүний хоёр найз болох Баттөмөр, Доржням нарын хамт орсон юм. Тэндээ ороод 2 шил 0.5 граммын архи, хун тус бүр 2 шил Сэнгүр пиво авч уугаад дуулж байсан юм Доржням, Батхүү хсёр хоорондоо юм яриад сууж байсан бөгөөд нэг харахад Батхүүг Доржням пивоны шилээр толгойд нь цохиод газар унагачихаад дээрээс нь өшиглөөд гараараа цохиж байсан гэх мэдүүлэг. /хх 22-23/,

2.4. Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч С.Баттөмөрийн:...00 өреө орчихоод эргээд ирэхэд Батхүү газар уначихсан гар нь цус болчихсон хажууд нь Доржням байж байсан удалгүй түргэн ирээд Батхүүгийн толгойд оёдол тавьсан гэх мэдүүлэг. /хх 24-25/,

          2.5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1337 тоот актын:

1. Т.Батхүүгийн биед дух, баруун, сарвуунд шарх, зүүн нүдний алим, зүүн зовхи, зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн зулай, хамрын нуруу, баруун хацарт зулгаралт, дээд уруулын дотор салстад язарсан шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд уүссэн байх боломжтой.

3. Зүүн зулай, хамрын нуруу, баруун хацрын зулгаралт гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй бөгөөд бусад гэмтлүүд нь тус тусдаа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй Шинжээч эмч Ш.Цэцэгмаа гэсэн  дүгнэлт. /хх-29/,

2.6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1478 тоот актын:

          1. Ц.Доржнямын биед баруун, зүүн зовхи, баруун гуянд цус хуралт, хамрын нуруу, зүүн чихний дэлбэн, зүүн хөмсөгт зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.      

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

          3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.   

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

          5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Шинжээч эмч Г.Ханхүү гэсэн  дүгнэлт. /хх-35/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1. Хавтас хэргээс: Чингэлтэй дүүргийн  цагдаагийн хэлтэст гаргасан  өргөдөл /хх-11/, шинжээчийн дүгнэлтүүд, яллагдагч нарын мэдүүлгүүд, яллагдагч нарын иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хорооны  засаг  даргын тодорхойлолт,  урьд  ял шийтгэгдэж байсан эсэхийг  шалгах хуудас  зэргийг  шинжлэн судлав.

 

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

 

Шүүгдэгч Ц.Доржням нь согтуугаар 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Алтан Соёмбо” гэх караокед хамарлуу цохисон гэсэн асуудлаас болж Т.Батхүүтэй маргалдаж, улмаар түүний толгойн тус газар пивоны шилээр цохиж биед нь дух, баруун сарвуунд шарх, зүүн нүдний алим, зүүн зовхи, зүүн  шуунд цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн зулай, хамрын  нуруу, баруун хацарт зулгаралт, дээд уруулын  дотор салстад язарсан шарх, цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Т.Батхүү нь согтуугаар 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Алтан Соёмбо” гэх караокед Ц.Доржнямтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт архины хундгаар цохиж биед нь баруун, зүүн зовхи, баруун гуянд цус хуралт, хамрын нуруу, зүүн  чихний дэлбэн, зүүн хөмсөгт зулгаралт, цус хуралт бүхий  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг  тус тус  үйлдсэн болох нь гэрч Г.Байгалмаагийн:..2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Алтан соёмбо” гэдэг караокед найз Батхүүтэй хамтдаа түүний хоёр найз болох Баттөмөр, Доржням нарын хамт орсон юм. Тэндээ ороод 2 шил 0.5 граммын архи, хун тус бүр 2 шил Сэнгүр пиво авч уугаад дуулж байсан юм Доржням, Батхүү хсёр хоорондоо юм яриад сууж байсан бөгөөд нэг харахад Батхүүг Доржням пивоны шилээр толгойд нь цохиод газар унагачихаад дээрээс нь өшиглөөд гараараа цохиж байсан гэх мэдүүлэг. /хх 22-23/, гэрч С.Баттөмөрийн:...00 өреө орчихоод эргээд ирэхэд Батхүү газар уначихсан гар нь цус болчихсон хажууд нь Доржням байж байсан удалгүй түргэн ирээд Батхүүгийн толгойд оёдол тавьсан гэх мэдүүлэг. /хх 24-25/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1337, 1478 дугаартай дүгнэлтүүд  болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан  Боржигон овогт Цэрэндоржийн Доржням, Хүрэл овогт Түдэвийн Батхүү нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ц.Д, Т.Бнарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүх шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэх шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д тус тус  зааснаар  Ц.Д, Т.Бнарыг 450 нэгж буюу 450.000  төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн  хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгч нарын гарын үсэг  зурсан  прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

 

Шүүх шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгдэгч нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд төлөх тухай хүсэлт, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус  дурьдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын  Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээрзүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Цэрэндоржийн Доржням, Хүрэл овогт Түдэвийн Батхүү нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Д, Т.Бнарыг тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ц.Д, Т.Бнарт оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд  хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ц.Д, Т.Бнар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Ц.Д, Т.Бнар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нар хохирол нэхэмжлээгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Ц.Д, Т.Бнарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                         С.БАТЖАРГАЛ