Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 41

 

 

   2023          10           17                                     206/МА2023/00041

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар,

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 153/ШШ2023/00424 дугаар шийдвэртэй,

 Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, ******* ******* ******* оршин суух,******* овгийн *******ийн Ноостын нэхэмжлэлтэй,

Ховд аймаг, Жаргалант сум, Цамбагарав баг, 7 гудамж, 12 ******* оршин суух,******* овгийн *******н Гандалайд холбогдох

9 бурхан, 3 судар гаргуулах тухай гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр  хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******/цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жаргалбаяр,  нарийн бичгийн даргаар Р.Лхагвасүрэн нар оролцов.

 

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэлийн үндэслэл:  

1.1 ******* миний бие 2003 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 9 бурхан, 3 судраа хадгалуулахаар *******д өгсөн. Үүний дараа үе үе байнга асуухад байгаа, тахиж шүтээд хадгалж байгаа, найдвартай гэж ярьдаг байсан. Би 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр асуухад байхгүй, зараад идчихсэн, чи хууль шүүх, цагдаад хандаад олоод аваарай гэсэн тул миний бие Ховд аймгийн Цагдаагийн газарт гомдол гарган шалгуулахад ******* авсан гэдгийг тогтоосон.

Ховд аймгийн Прокурорын газраас ******* намайг хохирогч гэдгийг тогтоосон. Мөн Улсын ерөнхий прокурор мөн адил хохирогч гэдгийг тогтоож, иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гарга гэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хандаж байгаа бөгөөд хариуцагч ******* овогтой Гандалайгаас миний 9 бурхан 3 судрыг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

            2.1 Нэхэмжлэлтэй танилцлаа. Тухайн үед Ховд аймгийн төв ганданд хүргэж тавьсан. Судар, бурхан одоо олдохгүй болсон тул мөнгөн үнэлгээгээр тэтгэврийн мөнгөөр барагдуулах саналтай. Бурхан, судар нэхэмжилж, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Учир нь 2003 оны 05 дугаар сараас эхлэн шаардлага гаргах Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан арван жилийн хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзэж байна гэжээ.

3.Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 153/ШШ2023/00424 дугаар шийдвэрээр:

3.1 Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1, 425 дугаар зүйлийн 425.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******гаас Очирваань бурхан-1 ширхэг/зурмал/, Ногоон дарь эх бурхан-1 ширхэг/зурмал/, Богд зонхова бурхан-1 ширхэг/зурмал/, Гэсэр бурхан-1 ширхэг/зурмал/, Цэнд-Аюуш бурхан-1 ширхэг/зурмал/, Тод тангад үсэгтэй насны бурхан-1 ширхэг/зурмал/, тольтой даллагын сум-1 ширхэг, хийморийн дарцаг/гадна/-1 ширхэг, хийморийн дарцаг/дотно/-1 ширхэг, Доржзодов судар-1 ширхэг, Алтангэрэл судар-1 ширхэг, Цэнд-Аюуш судар-1 ширхэг-ийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******од олгож,

3.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 244,450 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож,

3.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховдаймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж,   

3.4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч нь шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн давж заалдсан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн үндэслэх хэсэгт хадгалалтын гэрээг тодорхой хугацаатай байгуулсан эсэхээс үл хамааран хадгалуулагч хадгалуулсан хөрөнгөө хэдийд ч буцааж авахаар шаардах эрхтэй гэж иргэний хуулийн 425-р зүйлийн 425.1 дэх хэсэгт заажээ. Хадгалуулсан эд хөрөнгөө хэдийд ч шаардах нэхэмжлэгчийн шаардах боломжгүй болгох эрхийг үгүйсгэх дуусгавар болгох, хэрэгжүүлэхэд үндэслэл хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар судалсан нотлох баримтын хэмжээнд тогтоогдсонгүй.

Тодруулбал иргэний хуулийн 423 дугаар зүйлийн 423,1 дэх ХЭСЭГТ заасны дагуу хадгаламжийн гэрээг тодорхой хугацаа буюу тодорхой бус хугацаагаар байгуулж болдог нь тодорхой хугацаа заан хадгалалтын гэрээ байгуулаагүй хугацаатай байгуулсан гэх үйл баримтын тогтоогдоогүй, тул бурхан. судар хадгалах гэрээг тодорхой бус хугацаагаар байгуулсан гэх үйл баримт Тогтоогдоогүй тул бурхан судар хадгалах гэрээг тодорхой бус хугацаагаар байгуулсан гэж үзэх юм. Тодорхой бус хугацаагаар байгуулсан хадгалалтын гэрээний тухай удаан хугацаанд үргэлжлэх үүргийн харилцаа үүсгэдэг тул хадгалуулсан эд хөрөнгөө хэдийд ч шардах нэхэмжлэгчийн хөөн хэлэлцэх хугацаагаар хязгаарлах боломжгүй учир нь иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76,1 дэх хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолдог. Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан. Түүнчлэн гомдлын шаардлага гарган буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж мөн энэ зүйлийн 76.2 дахь хэсэгт заажээ.

 Нэхэмжлэгч Ч.Ноост Хариуцагч О. Гандалайн хооронд иргэний хуулийн 423-р зүйл 423,1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд бичгээр болон амаар хадгалалтын гэрээ байгуулагдаагүй нэхэмжлэгч Ч.Ноост нь хариуцагч *******д уг Бурхан судар зургуудыг сумд хандив болгон өгөөрэй гэж өгсөн ******* нь өөр ямар нэгэн үүрэг хүлээгээгүй. Иймд иргэний хуулийн 74 зүйл хөөн хэлэлцэх хугацаа хамаарах эрх, 75 - р зүйлийн хөөн хэлэлцэх ерөнхий болон тусгай хугацаа, 75,1-т хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил байна. Гэж заасны дагуу Ховд аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.07.21 өдрийн 153/шш2023/00424 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож болгож өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзээд,   нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлага 9 бурхан, 3 судрын  үнэлгээтэй холбоотой зохих өөрчлөлт оруулж, хариуцагчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

2. Нэхэмжлэгч ******* нь хадгалуулсан  Очирваань бурхан, Ногоон дарь эх бурхан, Богд зонхова бурхан, Гэсэр бурхан, Цэнд-Аюуш бурхан, Тод тангад үсэгтэй насны бурхан, тольтой даллагын сум, хийморийн дарцаг/гадна/, хийморийн дарцаг/дотно/, Доржзодов судар, Алтангэрэл судар, Цэнд-Аюуш судар зэргийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч *******д холбогдуулан гаргажээ.

3.Нэхэмжлэгч нь шаардлагаа нотлохоор Очирваань бурхан, Ногоон дарь эх бурхан, Богд зонхова бурхан, Гэсэр бурхан, Цэнд-Аюуш бурхан, Тод тангад үсэгтэй насны бурхан, тольтой даллагын сум, хийморийн дарцаг/гадна/, хийморийн дарцаг/дотно/, Доржзодов судар, Алтангэрэл судар, Цэнд-Аюуш судар зэргийн гэрэл зураг,”Вендо” ХХК-ийн  хөрөнгийн үнэлгээний  хийсэн шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

Мөн шүүхэд хүсэлт гаргаж хэргийн 115-180 дугаар талд дахь *******д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан хэргийн баримтуудыг шүүхээр бүрдүүлсэн байна.

3. Хариуцагч ******* нь Бурхан, даллагын сум, судрыг Ховд аймгийн Гандан хийдэд тавьсан,нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, маргасан боловч татгалзлалын үндэслэлээ нотлох,нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

4.Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жаргалбаяр эс зөвшөөрч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “талуудын хооронд бичгээр болон амаар хадгалалтын гэрээ байгуулагдаагүй, ******* нь *******д уг Бурхан судар зурагнуудыг сүмд хандив болгон өгөөрөө гэж өгсөн, хуульд хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил байдаг тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү? Гэжээ.

5. Хариуцагч ******* нь 2003 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Баян-Өлгий аймгийн Буянт сумын 3 дугаар багийн Өмнө гол нэртэй газарт нэхэмжлэгч *******оос Очирваань бурхан, Ногоон дарь эх бурхан, Богд зонхова бурхан, Гэсэр бурхан, Цэнд-Аюуш бурхан, Тод тангад үсэгтэй насны бурхан, тольтой даллагын сум, хийморийн дарцаг/гадна/, хийморийн дарцаг/дотно/, Доржзодов судар, Алтангэрэл судар, Цэнд-Аюуш судар-ыг өөрийн эзэмшилд шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй,харин бурхан, даллагын сум, судар зэргийг Баян-Өлгий аймгаас Ховд аймагт авч ирээд Ганданпунцагчойлон хийдэд өгсөн гэж маргаж байгаа боловч татгалзлалын үндэслээ хэрэгт нотлох баримтаар нотлоогүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д уг Бурхан судар зурагнуудыг сүмд хандив болгон өгөөрөө гэж өгсөн гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

6.Хэрэгт авагдсан шүүх хуралдаан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар ******* нь 2003 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 9 зурмал бурхан 3 судрыг үеэл ах лам *******д хадгалуулахаар өгсөн үйл баримт тогтоогдсон байх бөгөөд талуудын хооронд Иргэний  хуулийн 422 дугаар зүйлийн 422.1-д заасан хадгалалтын гэрээ байгуулагдсан байна.

7.Иргэний хуулийн 423 дугаар зүйлийн 423.1 дэх хэсэгт зааснаар “хадгалалтын гэрээг тодорхой буюу тодорхой бус хугацаагаар байгуулж болно гэж зохицуулжээ.

 Талууд нь тодорхой хугацаа зааж хадгалалтын гэрээ байгуулаагүй  тул  талуудын хооронд дээрх бурхан, судар хадгалах гэрээг тодорхой бус хугацаагаар байгуулсан гэж үзнэ.

Хэрэгт авагдсан баримтаар уг хадгалалтын гэрээг талууд амаар байгуулж хадгалагч нь хадгалуулагчаас шилжүүлэн өгсөн 9 зурмал бурхан 3 судрыг  хадгалах үүргийг хүлээсэн байна.Хуульд хадгалалтын гэрээг заавал бичгээр байгуулахыг тусгаагүй байна.

8. Иргэний хуулийн 425 дугаар зүйлийн 425.1 дэх хэсэгт “Хадгалалтын гэрээг тодорхой хугацаатай байгуулсан эсэхээс үл хамааран хадгалуулагч хадгалуулсан эд хөрөнгөө хэдийд ч буцаан авахаар шаардах эрхтэй” гэж хуульчилжээ.

Тодорхой бус хугацаагаар байгуулсан хадгалалтын гэрээний тухайд удаан хугацаанд үргэлжлэх үүргийн харилцаа үүсгэдэг тул нь хадгалуулагч хадгалуулсан эд хөрөнгөө хадгалагчаас хэдийд ч шаардах эрхтэй байна.

9.Иймд хадгалуулагчийн зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхийг хөөн хэлэлцэх хугацаагаар хязгаарлах боломжгүй юм.

Тодруулбал Иргэний хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолдог.

Мөн Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн  76.2 дахь хэсэгт “ Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ.” гэж  хуульчилсан.

Нэхэмжлэгч ******* нь эрхээ зөрчигдсөн талаар мэдсэн үеэсээ эрхээ хамгаалуулахаар Ховд аймгийн цагдаагийн газарт өргөдөл гаргаж улмаар *******д холбогдуулан прокурорын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээж,эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байх бөгөөд ”******* нь 2003 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Баян-Өлгий аймгийн Буянт сумын 3 дугаар багийн Өмнө гол нэртэй газарт байх өөрийн гэртээ үеэл лам *******д хадгалуулахаар зорилгоор 9 бурхан, 3 судар өгсөн нь тогтоогдсон. ******* нь хадгалуулахаар өгсөн эд хөрөнгийг завшсан. Хэрэг учрал болсон 2003 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс хойш эрүүгийн хариуцлагад татах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал үүссэн” гэх үндэслэлээр прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 79 дүгээр “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоолоор түүнд холбогдох эрүүгийн хэргийг хаасан байна.

Энэ тогтоолд *******ыг өөрт учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлтэй болохыг дурдсан байна.

******* нь прокурорын энэ шийдвэрт гомдол гаргаж   дээд шатны прокурорт   хандсан байх   бөгөөд  дээд шатны прокурор буюу Улсын ерөнхий прокурорын орлогчийн шийдвэр гарснаар *******д холбогдох хэрэг бүртгэлтийн ажиллагаа дуусгавар болж, нэхэмжлэгч нь  хариуцагчид холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан  байна.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жаргалбаярын “гэрээний хэлбэр болон  нэхэмжлэгчийн  нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн  талаар гаргасан гомдол  үндэслэлгүй байна.

10.Хэрэгт “Вендо” ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өприйн ХЦ21-35 дугаар Шинжээчийн дүгнэлтээр  “Очирваань бурхан-1 ширхэг-2.000.000,Ногоон дарь эх бурхан-1 ширхэг-2.000.000, Богд зонхова бурхан-1 ширхэг -2.000.000, Гэсэр бурхан-1 ширхэг-2.000.000, Цэнд-Аюуш бурхан-1 ширхэг -2.000.000, Тод тангад үсэгтэй насны бурхан-1 ширхэг-2.000.000, тольтой даллагын сум-1 ширхэг-300.000, хийморийн дарцаг/гадна/-1 ширхэг-100.000, хийморийн дарцаг/дотно/-1 ширхэг -100.000, Доржзодов судар-1 ширхэг -1.600.000, Алтангэрэл судар-1 ширхэг-1.600.000, Цэнд-Аюуш судар-1 ширхэг-1.600.000 төгрөг гэж  тус нэг бүрийн үнийг тогтоосон байх тул шийтгэх тогтоолд энэ үндэслэлээр эдгээр зүйлийн үнийг тодорхойлж зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

Хуульд зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жаргалбаярын давж гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг   төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1.Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 153/ШШ2023/00424 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1, 425 дугаар зүйлийн 425.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******гаас “2.000.000 төгрөгийн үнэтэй Очирваань бурхан-1 ширхэг/зурмал/, 2.000.000 төгрөгийн үнэтэй Ногоон дарь эх бурхан-1 ширхэг/зурмал/, 2.000.000 төгрөгийн үнэтэй Богд зонхова бурхан-1 ширхэг/зурмал/, 2.000.000 төгрөгийн үнэтэй Гэсэр бурхан-1 ширхэг/зурмал/, 2.000.000 төгрөгийн үнэтэй Цэнд-Аюуш бурхан-1 ширхэг/зурмал/, 2.000.000 төгрөгийн үнэтэй Тод тангад үсэгтэй насны бурхан-1 ширхэг/зурмал/, 300.000 төгрөгийн үнэтэй тольтой даллагын сум-1 ширхэг, 100.000 төгрөгийн үнэтэй хийморийн дарцаг/гадна/-1 ширхэг, 100.000 төгрөгийн үнэтэй хийморийн дарцаг/дотно/-1 ширхэг, 1.600.000 төгрөгийн  үнэтэй Доржзодов судар-1 ширхэг, 1.600.000 төгрөгийн  үнэтэй Алтангэрэл судар-1 ширхэг, 1.600.000 төгрөгийн  үнэтэй Цэнд-Аюуш судар-1 ширхэгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******од олгосугай” гэж өөрчлөлт оруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,  хариуцагч *******гийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

              2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 162 дугаар зүйлийн 162.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жаргалбаярын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  70200  төгрөгийг  төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       М.НЯМБАЯР           

          

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      С.ӨМИРБЕК

                                                                     

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Н.ТУЯА