Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 42

 

 

  

 2023         10           17                                      206/МА2023/00042

 

*******-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар,

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 153/ШШ2023/00283 дугаар шийдвэртэй,

Ховд аймаг, Жаргалант сум, *******хайрхан *******т оршин байрлах, Ховд дулааны станц төрийн өмчит хувьцаат компани/цаашид ТӨХК гэх/-ийн нэхэмжлэлтэй,

Ховд аймаг, Жаргалант сум, ******* *******, ******* *******, ******* оршин суух, ******* овогт *******гийн Нямлхагвад холбогдох

Дулааны эрчим хүчний төлбөр 971,520 төгрөг, алданги 487,460 төгрөг, нийт 1,457,280 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батчимэг, хариуцагч  *******, нарийн бичгийн даргаар Р.Лхагвасүрэн нар оролцов.

 

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэлийн үндэслэл:  

1.1 Хас хорооллын хауст оршин суудаг ******* нь 2014 оны 12, 2015 оны 10,11,12, 2016 оны 1,2,3,4,10,11,12, 2017 оны 1,2,3,4,10,11,12, 2018 оны 1,2,3,4,10,11,12, 2019 оны 1,2,3,4,10,11,12, 2020 оны 1,2,3,4 дүгээр саруудын дулааны эрчим хүчний төлбөрөө төлөөгүй, нийт 1,457,280 төгрөгийн өртэй байна.

Эрчим хүчний тухай хуулийн 31.3, 31.4 дүгээр зүйлд заасны дагуу 485,760 төгрөгийн алданги бодогдсон байгаа тул хэрэглэгчээс үндсэн төлбөр, алданги нийт 1,457,280 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

  2.1 Амьдардаг байрандаа 2014 онд дулааны станцаас өөрийн зардлаар шугам татаж, халаалтаа авсан. 2015 онд Дулааны станцаас хэрэглэгчийг хауст амьдардаг гэж ялгаварлан нийтийн орон сууцны халаалтын үнэ тарифаас өөрөөр тооцож авна гэсэн. Үүнийг би зөвшөөрөөгүй. Гэрээ байгуулахдаа үнийг 550 төгрөгөөр тооцохыг хүсэж, үнийн хэсгийг дарсан байгаа.

Миний бие 2015 оноос 2022 он хүртэл хугацаанд өөрийн хэрэглэсэн халаалтын төлбөрөө орон сууцны тарифаар бүрэн төлсөн. Нэхэмжилж байгаа мөнгө нь 2015 оноос 2020 оны хооронд хэрэглэсэн халаалтын тариф дээр нэмэгдүүлсэн зөрүү болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлага 1,457,280 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

3.Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 153/ШШ2023/00283 дугаар шийдвэрээр:

3.1 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч хариуцагч *******ас Дулааны эрчим хүчний төлбөр 971,520 төгрөг, алданги 487,460 төгрөг, нийт 1,457,280 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ховд Дулааны станц ТӨХК-д олгож,

3.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38,266 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, шүүхээс хангагдсан нэхэмжлэлийн үнийн дүн 1,457,280 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 38,266 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож,

3.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор  Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж,

4Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч нь шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  дурдаж шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн давж заалдсан гомдлын агуулга: Гэр хорооллын сууцыг “тохилог орон сууц” гэдгийг тодорхойлоогүй зөвхөн үзэмжээр шийдсэн, оршин суугчийн төлбөрөө 440 төгрөгөөр төлж  байсан,төлбөрийг 880 төгрөгөөр төлөх гэснийг зөвшөөрөхгүй гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлын дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул  шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Д.Нямлхагвын давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хүлээн авч шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

2.Нэхэмжлэгч *******-нь “Тогтоосон тарифын дагуу дулааны эрчим хүчний төлбөрийг бүрэн төлөөгүй гэх үндэслэлээр 2015 оны 10,11,12, 2016 оны 1, 2, 3, 4, 10, 11, 12, 2017 оны 1, 2, 3, 4, 10, 11, 12, 2018 оны 1, 2, 3, 4,10,11,12, 2019 оны 1, 2, 3, 4,10,11,12, 2020 оны 1, 2, 3, 4 дүгээр саруудын дулааны эрчим хүчний төлбөр 971,520 төгрөг, алданги 487,460 төгрөг, нийт 1,457,280 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг *******д холбогдуулан гаргаж , шаардлагаа нотлохоор Ховд дулааны станцын улсын бүртгэлийн гэрчилгээ,Хас хороолол хаус Д.Нямлхагвын байрны төлбөрийн задаргаа дэлгэрэнгүй мэдээлэл,айл өрхийг дулааны эрчим хүчээр хангах гэрээ (4 хуудас) Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн  “Тариф батлах тухай” 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 02 дугаар тогтоол,түүний хавсралт, Д.Нямлхагвын дулааны төлбөрийн залруулгатай тооцооны задаргаа (4 хуудас)  зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

Мөн нэхэмжлэгчийн төлөөлөгч  Д.Батчимэг нь “Эрчим хүчний зохицуулах зөвлөл”-өөс бичмэл нотлох баримт гаргуулах, гэрчээс мэдүүлэг авах ажиллагааг шүүхийн журмаар гүйцэтгүүлжээ.

3. Хариуцагч ******* нь “Ховд аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс дулааны эрчим хүчний тарифыг батлахдаа хувийн орон сууцыг нийтийн орон сууцнаас ялгамжтайгаар баталсан, уг үндэслэлгүй тарифаар дулааны эрчим хүчний төлбөр тооцсон” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан байна.

4. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг хариуцагч ******* эс  зөвшөөрч “...гэр хорооллын сууцыг “тохилог орон сууц”гэдгийг тодорхойлоогүй зөвхөн үзэмжээр шийдсэн, оршин суугчийн төлбөрөө 440 төгрөгөөр төлж  байсан, төлбөрийг 880 төгрөгөөр төлөх гэснийг зөвшөөрөхгүй, шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг давж заалдах журмаар гаргажээ.

5. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулаагүй байна.

Тухайлбал, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан цаг хугацаанд хариуцагчийг дулааны эрчим хүчний төлбөр төлөөгүй гэх шаардлага  тодорхойгүй, ойлгомжгүй байхад  шүүх уг шаардлагын үндэслэлийг тодруулахгүйгээр талуудын хоорондох  маргааныг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шаардлагад нийцээгүй байна.

6. Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч нь 2015-2020 онуудад  дулааны  эрчим хүч ашигласны төлбөрийг хариуцагчаар төлүүлэхээр шаардсан байх бөгөөд шүүх нэхэмжлэгчээс уг шаардлагын үндэслэл нэг бүрийг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн  нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Тухайлбал, анхан шатны шүүх нэхэмжлэгч  *******-нь хариуцагч *******ас 2015 оны 10,11,12, 2016 оны 1,2,3,4,10,11,12, 2017 оны 1,2,3,4,10,11,12, 2018 оны 1,2,3,4,10,11,12, 2019 оны 1,2,3,4,10,11,12, 2020 оны 1,2,3,4 дүгээр саруудад ашигласан дулааны эрчим хүчний төлбөрийг тооцохдоо тухайн үед мөрдөгдөж байсан, эрх бүхий байгууллагаас баталсан дулааны эрчим хүчний төлбөрийг хэрхэн баримталсан нь тодорхойгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

7. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн маргааныг шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх боломжгүй байх тул дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн  үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагчийн гомдлын “шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэсэн хэсгийг  хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй  гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж байгаа тул хуульд зааснаар хариуцагч Д.Нямлхагвын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  38266 төгрөгийг шүүгчийн захирамжаар түүнд буцаан олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

 

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 153/ШШ2023/00283 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж хариуцагч Д.Нямлхагвын давж заалдсан гомдлын зарим хэсгийг хүлээн авсугай. 

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38266 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, хариуцагч *******д буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.НЯМБАЯР  

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА