Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 225/МА2023/00026

 

 

 

 

 

2023 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 225/МА2023/00026

 

 

 

Д.*******ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 155/ШШ2023/00713 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д.*******ы нэхэмжлэлтэй,

МВС ХХК-нд холбогдох Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах Номын өргөө (SB төв) барилгын 3 дугаар давхрын 7 тоот дахь 13,37 м.кв талбайтай 1 өрөөний өмчлөгчөөр тогтоолгох тухай маргаантай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, түүний өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва /онлайн/, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батмөнх /онлайн/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.******* би МВС хязгаарлагдмал хариуцлагатай компанитай харилцан тохиролцсоны дагуу Албан өрөө захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-г 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр байгуулж тус компаниас Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах Номын өргөө одоогийн нэр нь SB төвийн 3 дугаар давхрын 7 тоотод байрлах 13,37 м.кв талбай бүхий 1 өрөөг 10,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Бидний хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэж байна. Уг гэрээний 3.9-д заасны дагуу би гэрээний үүргээ биелүүлж төлбөрөө бүрэн төлсөн. Мөн гэрээний 1.1, 3.13-т заасны дагуу өрөөг хүлээн аваад одоо эзэмшиж байгаа болно.

МВС хязгаарлагдмал хариуцлагатай компани уг барилгыг барьж өрөөг надад хүлээлгэн өгсөн нь сайшаалтай ч гэрээний 3.6-д заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг надад олгуулахгүй байгаагаас би хохирч надад ихээхэн чирэгдэл учирч байна.

Учир нь тус компани миний худалдан авсан өрөө байрлаж байгаа барилгыг бүхэлд нь банканд зээлийн барьцаанд бариулсан атлаа уг зээлээ төлөхгүй байгаагаас улсын бүртгэл хийгдэх боломжгүй байна. Би өрөөгөө улсын бүртгэлд бүртгүүлэх зорилгоор МВС хязгаарлагдмал хариуцлагатай компанид 2022 онд 5 удаа, 2023 онд 7 удаа хандсан боловч гэрээний 3.6-д заасны дагуу эрхийн бичгээ олгохгүй, банкны зээлээ төлж өрөөг маань барьцаанаас чөлөөлж өгөхгүй байгаа болно.

...Иймд намайг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг, Ган замын баруун талд байрлалтай хариуцагчийн барьсан Номын өргөө одоогийн нэр нь SB төв барилгын 3 дугаар давхрын 7 тоот дахь 13,37 мкв талбайтай 1 өрөөний өмчлөгч болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага бүрэн дүүрэн үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасны дагуу хэлцэл хийгдсэн. Мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар хэлцлийг бичгээр байгуулсан. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг бүрэн хангасан. Гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурсан. Гэрээг нэхэмжлэгч, хариуцагч нар хоорондоо харилцан тохирч байгуулсан худалдах-худалдан авах гэрээ юм. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байна. Гэрээний нэг тал буюу хариуцагч өрөөг шилжүүлэн өгөхөө зааж нөгөө тал буюу нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрийг шилжүүлэн өгөхөөр гэрээ байгуулж, гэрээний үүрэг биелэгдсэн. Гэрээний 3.6-д үл хөдлөх эд хөрөнгийг олгуулахаар компанийнхаа зүгээс гэрчилгээ өгнө гэсэн. Гэтэл энэ үүргээ биелүүлээгүй. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан байдаг. Гэтэл хариуцагч МВС ХХК гэрээний 3.6-д заасан үүргээ биелүүлээгүй. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар Иргэний хууль болон бусад хуулийн заалтуудад бүрэн нийцсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэв.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 155/ШШ2023/00713 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.*******ыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах Номын өргөө одоогийн нэр нь SB төвийн 3 дугаар давхрын 7 тоотод байрлах 13,37 м.кв талбай бүхий 1 өрөө байрны өмчлөгчөөр тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 (нэг зуун далан дөрвөн мянга есөн зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч МВС хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 174,950 (нэг зуун далан дөрвөн мянга есөн зуун тавь) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Батмөнх давж заалдах гомдолдоо: ...Шүүхийн 155/ШШ2023/00713 дугаартай шийдвэрийг дараах үндэслэлээр үл хүлээн зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

НЭГ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн тухай

Тус иргэний хэрэгт хариуцагчийн өмгөөлөгчөөр шүүхэд төлөөлөх эрхийн 1336 дугаартай Баатаржавын******* оролцож буй бөгөөд түүнд хэргийн материал болон оролцогчийн эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлэг танилцуулаагүй, энэ тухай баримтад гарын үсэг зуруулаагүй нь ИХШХШТХ-ийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т2 болон 25.1.2-т3 заасан эрх зөрчигдөхөд хүргэсэн.

Улмаар хариуцагчийн өмгөөлөгч Б.Батмөнх Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2023 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 9 цаг 00 минутаас эхлэх үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оролцохоор болсон тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг дараах нотлох баримтын хамт Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн хаягаар бүртгэлийн ЕА000075485МN дугаартай шуудангаар илгээсэн бөгөөд энэхүү хүсэлт болон шуудан илгээсэн төлбөрийн баримтын хуулбарыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн [email protected] и-мэйл хаягаас тус шүүхийн [email protected] и-мэйл хаяг руу 2023 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 00 цаг 09 минутад илгээсэн, тус иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө байтал Улмаар хариуцагч түүний өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй ямар нэг хүсэлт ирүүлээгүй тул дээрх хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь ШШГТХ-ийн 71 дүгээр зүйлд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн албадан анхны болон хоёрдох дуудлага худалдааг дараах журмаар зөвхөн нэг удаа зохион байгуулах бөгөөд тус дуудлага худалдаанд оролцоогүй бол түүнийг дахин зохион байгуулдаггүй хуулийн заалттай.

...Дуудлага худалдааны эрхлэн хөтлөгч буюу Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газар нь үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааг явуулах болон түүнд оролцогчийг бүртгэх журмыг тогтоох бөгөөд ийнхүү тогтоосон журмаар албадан дуудлага худалдааг 2023 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 9 цагт эхлэхээр, оролцогчийг 2023 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 9 цагаас эхлэн бүртгэхээр заасны дагуу өмгөөлөгч Б.Батмөнх нь зөвхөн 2023 оны 7 дугаар сарын 6-ны өдөр бүртгүүлсэн, түүнээс өмнө бүртгүүлэх боломжгүй байсан.

Улмаар өмгөөлөгч Б.Батмөнх дээрх журмын дагуу үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд бүртгүүлж, ийнхүү бүртгүүлсэн тухайн дараах баримтыг 2023 оны 7 дугаар сарын 6-ны өдөр бүрдүүлсэн тул тэдгээрийг хавсарган шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хүргүүлснийг шүүх хүлээн авалгүй шийдвэрлэсэн нь ИХШХШтХ-ийн 4 дүгээр зүйлийн 4.1-т4 зааснаар хэргийн оролцогчид эрх тэгш байх, тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-6.4-т5 заасныг зөрчиж мэтгэлцэх зарчмыг алдагдуулсан гэх үндэслэлтэй.

...Гэтэл хариуцагчаас дараах ажиллагаанд оролцох хүсэлтийг шуудангаар илгээснийг тус шүүхийн [email protected] и-мэйлээр давхар илгээснийг хүлээн авч шийдвэрлэж байсан атал 2023 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн шүүх хуралдааныг өмгөөлөгчийн хүндэтгэн үзэх шалтгаанаар хойшлуулах тухай хүсэлтийг хүлээн авалгүй, Хариуцагчаас хүсэлт гаргаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

ХОЁР. Гомдол гаргах эрхийн тухай

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 155/ШШ2023/00713 дугаартай шийдвэрийг хариуцагчийн хаягаар хүргүүлэхээр шууданд 2023 оны 8 дугаар сарын 3-ны өдөр хийсэн тул тус өдрөөс ИХШХШтХ-ийн 120 дугаар зүйлийн 120.2-т6 заасан давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолох үндэслэлтэй бөгөөд гомдол гаргах эцсийн хугацаа 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдөр тул давж заалдах журмаар гаргасан гомдлыг шүүхэд хүргүүлэхээр энэ хугацаанд шууданд хийснийг ИХ-ийн 72 дугаар зүйлийн 72.5-д7 зааснаар журмаар тоолно.

Иймд 155/ШШ2023/00713 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч МBC ХХКомпанид холбогдуулан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах Номын өргөө (SB төв) барилгын 3 дугаар давхрын 7 тоот дахь 13.37 м.кв талбайтай 1 өрөөний өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хариуцагч түүний өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, ямар нэг хүсэлт ирүүлээгүй гэж үзэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн [email protected] и-мэйл хаягаас тус шүүхийн [email protected] и-мэйл хаяг руу 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 00 цаг 09 минутад шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлт илгээсэн байхад хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг шийдвэрлээгүй хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн зөрчилд тооцогдоно.

Иймд Д.*******ы нэхэмжлэлтэй хариуцагч МBC ХХКомпанид холбогдох Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах Номын өргөө (SB төв) барилгын 3 дугаар давхрын 7 тоот дахь 13.37 м.кв талбайтай 1 өрөөний өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд нь буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Батмөнхийн давж заалдах гомдлыг хангаж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 155/ШШ2023/0713 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 /нэг зуун далан дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ЭРДЭНЭБАТ

ШҮҮГЧИД                            Б.СОСОРБАРАМ

Н.БАЯРХҮҮ