| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
| Дугаар | 335 |
| Огноо | 2019-02-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ариунжаргал |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 335
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анармаа,
Улсын яллагч Д.Ариунжаргал,
Шүүгдэгч Ө.Б , түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ө.Б д холбогдох эрүүгийн 1906 00905 0365 дугаартай хэргийг 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Завхан аймгийн Тэлмэн суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, химич мэргэжилтэй эрдэм шинжилгээний ажилтан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо, тоотод оршин бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар , хэрэг хариуцах чадвартай, Ө.Б .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Ө.Б нь 2019 оны 1 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаппи таун” хотхоны харуулын байранд хохирогч Ж.Эрдэнэбилэгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Б мэдүүлэхдээ: “...Би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм асуудалд холбогдохгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Ж.Эрдэнэбилэгийн өгсөн мэдүүлэг /хх-5-6/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 1802 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-11/, шүүгдэгч Ө.Б ий яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-30-31/, шүүгдэгч Ө.Б ий урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-21/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ө.Б нь 2019 оны 1 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаппи таун” хотхоны харуулын байранд хохирогч Ж.Эрдэнэбилэгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон байна.
Дээр дурьдсан үйл баримт дараахи нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон байна.
Дээр дурьдсан үйл баримт дараахи нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Эрдэнэбилэгийн "...Би өнөөдөр буюу 2019 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр өглөө 09 цагт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, “Хаппи таун” хотхоны харуулын пост дээр хяналтын камер дээр 24 цагаар ажиллахаар ээлж хүлээн авсан. Улмаар харуулын үүрэг гүйцэтгэж байхад 2019 оны 1 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө 01 цаг 30 минутын орчим манай хяналтын камерын өрөөнд би харуул Баасангийн хамт сууж байтал үл таних 30 гаран насны том биетэй эрэгтэй хүн ганцаараа орж ирээд “та нар гарцгаах уу, би гарах уу” гэсэн. Тэгэхээр нь би “миний дүү чи согтуу байгаа юм биш үү, хаанахын хүн бэ” гэхэд тэр хүн” би энэ байрны оршин суугч байна, муу алаг хувцас өмссөн гөлөгнүүд, дарга нараа дууд, дуудаж чадахгүй бол өөрсдөө гарцгаа” гэсэн. Тэгэхээр нь би түлхүүрээ аваад тэр хүнд хандан “гаръя миний дүү” гэж хэлтэл тэр залуу намайг барьж аваад хоолой боогоод тэгээд тэнд бид 2 нэлээд зууралдсан бөгөөд Баасан нь бараг 60 гаран настай хүн өнөөдөр л анх удаа ажилд орж гарч байгаа болохоор хараад л суугаад байсан. Тэгээд бид 2 өрөөнөөс гараад би ардаас Баасан гараад би хаалгаа түгжсэн. Тэгсэн тэр залуу харанхуй кордиорт намайг унагаагаад толгой болон элэг рүү тус бүр 2-3 удаа өшиглөөд тэгээд би зугтаагаад байрнаас гарсан гадаа камертай болохоор тэр залуу гарч ирэхгүй үүдэнд үлдээд байгаад байсан. Тэгсэн манай гражийн харуул Рэнцэнхүү хүрээд ирсэн бөгөөд тэгсэн тэр залуу “3 гөлөг минь миний өмнө ирж жагс” гээд хашгираад байсан. Тэгээд Баасан болон Рэнцэнхүү нар утсаараа цагдаа дуудсан. Тэгээд би урдаас нь очоод “чи яагаад байгаа юм” гэтэл тэр залуу намайг цээж рүү, элэг рүү өшиглөөд байсан. Их өндөр залуу байсан. Намайг боохоор миний гар хүрэхгүй их өндөр залуу байсан бөгөөд намайг цээж рүү өшиглөөд байсан. Тэгсэн харин гаднаас манай шуурхай болон цагдаа нар ирсэн тэгээд тэр залуу цагдаа нартай маргалдаж байгаад цагдаа нар аваад явсан.” /хх-5-6/ гэх мэдүүлэг,
Мөн түүний дахин хохирогчоор өгсөн: “ Надад гомдол санал хүсэлт байхгүй. Миний эмчилгээний зардалд 500.000 төгрөг өгсөн.” /хх-7-8/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 1802 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. Ж.Эрдэнэбилэгийн биед тархи доргилт, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /хх-11/ гэх дүгнэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ө.Б ий яллагдагчаар өгсөн: “...Тогтоолтой уншиж танилцлаа. Сонсгож буй Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Шүүх эмнэлгийн дүгнэлтийг уншиж таницлаа. Шүүх эмнэлгийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдийг би учруулсан.” /хх-30-31/ гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Ө.Б ий урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-21/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Ө.Б ий 2019 оны 1 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаппи таун” хотхоны харуулын байранд хохирогч Ж.Эрдэнэбилэгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүхээс шүүгдэгч Ө.Б нь хохирогчид учруулсан хохирлыг барагдуулсаныг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс шүүгдэгч Ө.Б д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн ба шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч Ө.Б ий цалин, хөрөнгө болон бусад орлого олох боломжийг харгалзан, түүнд 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр ял шийтгэл оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Ө.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, бусдад төлөх төлбөргүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө.Б ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Ө.Б ийг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Ө.Б нь шүүхээс оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ө.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Ө.Б энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Ө.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ө.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС