| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 101/2016/01609/и |
| Дугаар | 1339 |
| Огноо | 2016-07-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 1339
Т.Эрдэнэбаярын нэхэмжлэлтэй,
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2016/03836 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Т.Эрдэнэбаярын
Хариуцагч Б.Анхбаярт холбогдох
500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн өмгөөлөгч Х.Ургаагийн гаргасан гомдлыг үндэслэн, хэргийг 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Т.Эрдэнэбаяр,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.
Нэхэмжлэгч Т.Эрдэнэбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би Б.Анхбаяраас 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 21 цаг 30 минутад Б.Анхбаярын гэрийнх нь гаднаас саарал өнгийн Ай поне 5 эс маркийн утсыг 500 000 төгрөгөөр худалдаж авсан. Тэр утсыг хулгайн утас гэж хэлэлгүй өөрийн утас мэт зарсан. Уг утсыг 9 дүгээр сарын 10-ны өдөр мөнгөний шаардлага гарсан тул Х.Алтангадас гэх хүнд зарсан. 2015 оны 10 дугаар сарын дундуур Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн цагдаа н.Магсаржав гэх хүн Х.Алтангадасын утсыг хулгайн утас хэмээн хурааж авсан. Х.Алтангадас худалдаж авсан үнийн дүн болох 500 000 төгрөгийг нэхэмжилж би мөнгийг нь гаргаж өгсөн. Харин надад утас зарсан Б.Анхбаяр миний нэхэмжилсэн 500 000 төгрөгийг өгөөгүй. Би эд мөнгөөрөө хохироод үлдсэн тул хариуцагчаас 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Анхбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 2015 оны 9 дүгээр сарын эхээр гар утас худалдааны төвийн Тедигийн гаднаас дээрх утсыг иргэний гар дээрээс худалдан авсан ба тухайн утсыг анх худалдан авахад ямар ч хулгайн утас гэж огт мэдээгүй бөгөөд авсан утсыг 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Т.Эрдэнэбаяр Пэйсбүүк хаягаар худалдан авсан ба миний бие гэмт хэргийн замаар олдсон утас гэж огт мэдээгүй. Үнэхээр гэмт хэргийн замаар олдсон утас мөн энэ талаарх нотлох баримт хэрэгт байгаа эсэх тийм бол тухайн буруутай этгээдээс өөрийн мөнгийг нэхэмжлэх эрх нь нээлттэй байгаа билээ. Надаас дээрх утасны мөнгийг нэхэмжлэх нь үндэслэлгүй гэж үзэж байна. Миний бие утас худалдаж авсныхаа төлөө өөрөөсөө зарсан утасныхаа мөнгийг гаргаж төлөх ямар ч үндэслэлгүй гэж бодож байна. Тухайн иргэн Т.Эрдэнэбаяр болон бидний хооронд хийгдсэн гар утас худалдах ажиллагаа нь тухайн утсыг зарж мөнгийг нь авч утсыг өгснөөр дуусгавар болж буй иргэний харилцаа юм. Тиймээс Т.Эрдэнэбаярт 500 000 төгрөгийг өгөх үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар Б.Анхбаяраас 500 000 төгрөг гаргуулж Т.Эрдэнэбаярт олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар Т.Эрдэнбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15 650 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Анхбаяраас улсын тэмдэгтийн хураамжид 15 650 төгрөгийг гаргуулан Т.Эрдэнэбаярт олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Х.Ургаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Шийдвэрийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт зааснаар дараахь гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх нь Иргэний хуулийг буруу хэрэглэж гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан байсныг өөрөө дүгнэсэн атлаа нэхэмжлэлийг бүхэлд ханган шийдвэрлэсэн нь буруу болсон. Тухайн худалдсан бараа нь өөрөө онцлогтой бөгөөд тухайн утсыг авч буй хүн зөвхөн имэй кодыг шалган авах үүрэгтэй байсан. Үнийгээ мэдсээр байж худалдан авсан мэдсээр байж цааш дамжуулан зарж буй үйлдэл нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх хэсэгт заасан шаардлага гаргах эрхээ алдсан. Тухайн худалдаж буй барааны талаархи эрхийн доголдолыг нуун дарагдуулсан талаархи нотлох баримт хавтаст хэрэгт огт авагдаагүй бөгөөд өөрийн цахим хаягаар зар тавин зарж борлуулсан байдаг.
Санаатайгаар нуусан ямар нэгэн үйлдэл тогтоогдоогүй байхад шүүхээс санаатайгаар нуун дарагдуулсан гэж буй нь үндэслэлгүй дүгнэлт болсон. Тухайн худалдаж авсан худалдагч тухайн барааг цааш зарсан байдал тогтоогдож буй бөгөөд энэ талаархи нотлох баримт хавтас хэрэгт хангалттай авагдсан. Иймээс нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулиар тогтооосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч Т.Эрдэнэбаяр нь хариуцагч Б.Анхбаярт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээг цуцалж, гэрээгээр шилжүүлсэн 500 000 төгрөгийг хохиролд тооцон гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч “...тухайн үед утсыг хулгайн утас гэж мэдэлгүй худалдаж аваад, Т.Эрдэнэбаярт дамжуулан худалдаж мөнгөө өгч авснаар дуусгавар болсон, нэхэмжлэгч шаардлага гаргах эрхээ алдсан тул зөвшөөрөхгүй” гэж маргажээ.
Нэхэмжлэгч Т.Эрдэнэбаяр нь 2015 оны 9 дүгээр сарын 07-нд “I phone 5s” маркийн гар утсыг хариуцагч Б.Анхбаяраас худалдан авч, гар утасны үнэнд 500 000 төгрөгийг худалдагчид шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээдэг тул талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний үүргийн харилцаа үүссэн байна.
Нэхэмжлэгч уг гар утсыг Х.Алтангадаст дамжуулан худалдсаны дараа тухайн утас хулгайн утас болох нь цагдаагийн байгууллагаар шалгагдан тогтоогдсон байна.
Иймд талуудын хоорондох худалдах, худалдан авах гэрээний зүйл болсон дээрх эд хөрөнгө нь Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт заасан эрхийн доголдолгүй эд хөрөнгө биш байна. Иймд худалдан авагч нь худалдсан эд хөрөнгө шилжүүлэн авсны дараа илэрсэн эд хөрөнгийн доголдолтой холбоотойгоор худалдах, худалдан авах гэрээг цуцлах эрх Иргэний хуулийн 256 дугаар зүйлд зааснаар тодорхойлогдоно.
Нэхэмжлэгч буюу худалдан авагч Т.Эрдэнэбаяр эд хөрөнгийн эрхийн доголдлын талаар мэдэх боломжтой байсан гэх үндэслэлийг хариуцагч өөрөө нотлох үүрэгтэй.
Хариуцагч Б.Анхбаяр нь нэхэмжлэгч Т.Эрдэнэбаяраас гар утсыг хүлээж авах үедээ доголдолтой бусад этгээдийн өмчлөлийн зүйл болохыг мэдэх боломжтой байсан гэж тайлбарлаж байх боловч уг нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.
Иймд нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1 дэх хэсэгт заасан шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэх боломжгүй тул хариуцагчийн энэ талаарх гомдол үндэслэлгүй, анхан шатны шүүхийн “нэхэмжлэгч Т.Эрдэнэбаяр шаардлага гаргах эрхээ алдаагүй” гэх дүгнэлт үндэслэл бүхий болно.
Нэхэмжлэгчийн хувьд гар утас худалдах, худалдан авах гэрээг цуцалж, уг гэрээний дагуу шилжүүлж өгсөн мөнгөө худалдагчаас хохиролд тооцон шаардсаныг шүүх хангаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.
Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2016/03836 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Х.Ургаагийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгч Х.Ургаагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15 600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД
Д.БАЙГАЛМАА