Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 98

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             

                                                                    

 

 

 

 

 

 

 

        Т.Билгүүнд холбогдох

       эрүүгийн хэргийн тухай

 

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Гансүх даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Энхтуул,

Ялтан Т.Билгүүний өмгөөлөгч Б.Тэнгис,

Нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батсуурь даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 291 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтны өмгөөлөгч Б.Тэнгисийн гаргасан давж заалдах гомдлоор Т.Билгүүнд холбогдох эрүүгийн 201625012852 дугаартай хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Төмөрхуягийн Билгүүн, 1986 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Саруул хорооллын 112-2-74 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ЧС86080871/,   

 

Т.Билгүүн нь 2016 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саруул хорооллын 112-74 тоотод гэртээ эхнэр Б.Сайнааг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож, бие махбодид нь тархи доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал, доод уруул, цээж хэвлий, зүүн гуянд зулгаралт, зүүн сарвуу, баруун гуя, зүүн гуянд цус хуралт, зүүн алганд шарх бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Т.Билгүүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Т.Билгүүнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар Т.Билгүүнийг гэмт хэрэг үйлдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг /192.000 төгрөгийг/ 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар Т.Билгүүн нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл торгох ялыг гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, Т.Билгүүн нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Т.Билгүүнд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгаж шийдвэрлэжээ.  

Ялтан Т.Билгүүний өмгөөлөгч Б.Тэнгис давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 291 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, 960.000 төгрөг буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр торгож шийдвэрлэсэн. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлд зааснаар гэр бүлийн хүмүүсийн хооронд таарамжгүй харилцаанаас үүдсэн гэмтлийн шинжтэй үйлдэл байна гэж шүүхэд тайлбарласан. Гэтэл хохирогч Б.Сайнаагаас “Т.Билгүүн бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн хамт амьдарч байгаа, нялх хүүхэдтэй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлтийг шүүхэд гаргаж өгсөн. Гэтэл шүүхээс хүсэлтийг нотлох баримтыг зохих шаардлага хангаагүй гэж үзсэн. Хэрэг 2016 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Саруул” хорооллын 112-74 тоотод Т.Билгүүний гэрт үйлдэгдсэн байдаг. Тэгэхээр 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлд хэргийн хөөн хэлэлцэх хугацаа заасныг үндэслэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байна” гэв.

Прокурор Б.Энхтуул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан бөгөөд шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

                                                     ХЯНАВАЛ:

Т.Билгүүн нь 2016 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Саруул” хорооллын 112-74 тоотод гэртээ эхнэр Б.Сайнааг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож, бие махбодид нь тархи доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал, доод уруул, цээж хэвлий, зүүн гуянд зулгаралт, зүүн сарвуу, баруун гуя, зүүн гуянд цус хуралт, зүүн алганд шарх бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Б.Сайнаагийн “...Би Т.Билгүүнтэй 2013 оны 9 дүгээр сард хуримаа хийж, албан ёсоор гэрлэлтээ батлуулж байсан бөгөөд одоо 2 хүүхэдтэй болсон. ...2016 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 14 цагаас 18 цагийн хооронд намайг тасралтгүй зодож, хэл амаар доромжилж, гэдэс рүү элэгдэж, хоолой боож, хутга тулгаж “ална” гэж сүрдүүлсэн ба  үснээс үсдэж чирч, гарын хуруу мушгиж, хөл, нуруу, бие руу өшиглөх зэргээр цохисон...” /хх-10/,

“...Т.Билгүүн нь миний хэнгэргийг цоолсон зүйл байхгүй. Цоолчихсон байж магадгүй гэж эмнэлэгт үзүүлсэн. Миний хэнгэрэг яагаад цоорсныг мэдэхгүй байна. Манай нөхөр миний хэнгэргийг цоолоогүй. Би уурандаа тэгээд хэлчихсэн юм. 2016 оны 7 дугаар сарын 23-ны өдөр миний үснээс зулгааж цохисноос болж тархи доргисон. Миний доод уруулыг алгадаж язалсан. Мөн нааш цааш түлхэхдээ гар сарвууг хөхрүүлсэн. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-37/,  

Т.Билгүүний мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн “...Энэ мэтээр хуучны юмнууд бодогдоод Сайнаагийн нүүрэн тус газар нь алгадсан ба миний хурууг хазахаар нь үсдээд болиулсан. Би үйлчилгээний газрын ажилтан болохоор нүүрэнд нь цохиогүй. Би гэр бүлийн жаазтай зургаа аваад газар савтал рам нь хугараад Сайнаагийн толгойг оносон ба Сайнаа “чи миний толгойноос цус гаргачихлаа” гэж хэлсэн. Тэгээд Сайнаа цагдаа дуудсан…” /хх-21/ гэх мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 10280 тоот актын дүгнэлтэд “...1.Сайнаагийн биед тархи доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал, доод уруул, цээж хэвлий, зүүн гуянд зулгаралт, зүүн сарвуу, баруун гуя, зүүн гуянд цус хуралт, зүүн алганд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-13/ зэрэг болон хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэг бүртгэлтийн шатанд шалгавал зохих нөхцөл байдлыг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, шүүх Т.Билгүүний үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Дээр дурдсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаас үзэхэд ялтны өмгөөлөгч Б.Тэнгисийн гаргасан “…Шүүгдэгч Т.Билгүүн нь хохирогч Б.Сайнаатай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул энэ үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү…” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, хохирогч Б.Сайнаагийн шүүхэд гаргасан “шүүгдэгч Т.Билгүүнтэй сайн дураар эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх хүсэлтийг нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэж хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд ялтны өмгөөлөгч Б.Тэнгисийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.   

Харин Т.Билгүүний үйлдсэн гэмт хэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх үед уг гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрч эрүүгийн хариуцлагад татаж болохгүй болсон тул эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, ялтан Т.Билгүүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 291 дүгээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 315.1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 291 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар Т.Билгүүний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулж, мөн тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалт болон ялтан Т.Билгүүнд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй. 

2. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.                       

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.ГАНСҮХ   

                 

              ШҮҮГЧИД                                                     М.ПҮРЭВСҮРЭН

 

                                                                                    Д.МЯГМАРЖАВ