| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
| Дугаар | 332 |
| Огноо | 2019-02-27 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Э.Намуун |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 332
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анармаа,
Улсын яллагч Э.Намуун,
Шүүгдэгч С.Э , Б.Э , Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Э , Б.Э , Б.Э нарт холбогдох эрүүгийн 1906 00198 0183 дугаартай хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1979 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ахын хамт Баянзүрх дүүргийн тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар 1, хэрэг хариуцах чадвартай, С.Э .
2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Төв аймгийн Архуст суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 281 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,
Төв аймаг 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Тев аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 cap 5 хоногийн хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн, регистрийн дугаар , хэрэг хариуцах чадвартай, Б.Э .
3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Төв аймгийн Архуст суманд төрсөн, 28 настай эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, армотурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, 2 хүүхэд, дүүгийн хамт Баянзүрх дүүргийи 5 дугаар хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар , хэрэг хариуцах чадвартай, Б.Э .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.Э , Б.Э , С.Э нар нь бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 12-212 тоотод оршин суух иргэн Д.Чулуунцэцэгийн өвлийн сууцны цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч 14 инчийн зурагт, тоон хүлээн авагчийн хамт хулгайлж 148.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хөнгөн ял шийтгэж өгнө үү.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Э мэдүүлэхдээ: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү.” гэв.
Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Д.Чулуунцэцэгийн өгсөн мэдүүлэг /хх-8-10, 11-12/, гэрч Б.Мөнхбатын өгсөн мэдүүлэг /хх-14-15/, гэрч П.Эрдэнэсувын өгсөн мэдүүлэг /хх-16-17/, гэрч Ц.Сүхбаатарын өгсөн мэдүүлэг /хх-20-21/, Б.Э , Б.Э , Б.Э яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-61-63, 82-84, 93-95/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-3-4, 5-6/, эд хөрөнгийн үнэлгээ /хх-51-52/, шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-43, 47, 48/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Э , Б.Э , С.Э нар нь бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 12-212 тоотод оршин суух иргэн Д.Чулуунцэцэгийн өвлийн сууцны цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч 14 инчийн зурагт, тоон хүлээн авагчийн хамт хулгайлж 148.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон байна.
Дээр дурьдсан үйл баримт дараахи нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Чулуунцэцэгийн өгсөн: “...Манай хөрш айлын Санчир гэх хүн “танай гэрт хулгай орчих шиг боллоо 3 хүн зурагтыг чинь аваад гарч байна” гэсэн. Манай урд хашааны айлын Бадарчийн гэрт Б.Э ын ээж нь манай зурагтыг оруулж өгсөн байсан. Манай тоон хүлээн авагч байхгүй байсан. Тоон хүлээн авагчаа сая хүлээн авлаа” /хх-8-10, 11-12/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Мөнхбатын өгсөн: “...Манай арын гудамжны харалдаа хойд хашаа буюу Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 212 тоот хашаанаас манай арын гудамжыы тоотод байдаг байнга архи уудаг хоёр эрэгтэй хүн нэг эмэгтэйгийн хамт хар жижиг дөрвөлжин зүйл барьчихсан гарч ирсэн. Би гайхаад энэ хүмүүс энд байдаггүй дээ гээд гайхаад тухайн хашааны Д.Чулуунцэцэг гэх хүний утсыг олж хэлсэн.” /хх-14-15/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Эрдэнэсувдын өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ажлаасаа эрт буугаад ирэхэд Б.Э 2 хүүхэд манай нөхөр 3 байсан. Б.Э болон Б.Э нарыг хаачсан талаар асуухад “цагдаад баригдаад явсан” гэхээр нь би ямар учиртай талаар тодруулахад Сүхээ гэх хүнтэй утсаар яриад байсан. Айлаас зурагт хулгай хийсэн гэхээр нь манай тэр хавийн архичдаас эд зүйл хямд аваад Нарантуул дээр зарж суудаг Сүхбаатар гэх айлд очиход “Б.Э , С.Э нар танай гэрт зурагт авч ирсэн үү” гэхэд тэр хүн “мэдэхгүй” гэхээр нь би тэр хүмүүсийг чинь цагдаа аваад явсан. Тэр хүмүүс өөрт чинь зурагт зарсан гэж байна гээд цохилдуулаад хэлэхэд Сүхбаатар “тиймээ зурагт 45.000 төгрөгөөр зарсан байгаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би төрсөн эрэгтэй дүүгийнхээ хамт Б.Э , С.Э нарын зарсан гэх 14 инчийн саарал өнгийн БНХАУ-д үйлдвэрлэсэн зурагтыг нь шууд аваад гарч ирээд хулгайд эд зүйлээ алдсан манай хөрш эмэгтэй Д.Чулуунцэцэгийн гэрт оруулж өгөх гэтэл хүн байхгүй болохоор нь урд талынх нь айлд өгчөөрэй гээд үлдээсэн.” /хх-16-17/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Сүхбаатарын өгсөн: “...Гэрт зурагт тэвэрсэн Б.Э , С.Э нар такситай манай гэрийн гадаа ирээд тэгээд гэрт орж ирээд “зурагт зарах гэж байгаа юм” гээд 14 инчийн жижиг хар өнгийн БНХАУ-д үйлдвэрлэсэн зурагтыг үзүүлэхэд Б.Э зурагтыг “миний зурагт 45.000 төгрөгөөр зарья” гэхээр нь би зурагтыг авч ганцаараа мэдээгээ үзэж байя, хүүхдүүд Солонгос кино үзээд зурагт үзүүлэхгүй байгаа юм чинь гэж бодоод зурагтыг нь худалдан авахаар болоод Б.Э ад 45.000 төгрөг бэлнээр өгөөд гаргасан. /хх-20-21/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Э ын яллагдагчаар өгсөн: “...Манай гудамжны 212 тоот хашаанд амьдардаг айлын гэр эзэнгүй болохоор нь тэдний гэрээс хулгай хийхээр болоод С.Э гэрт байсан бахь аваад гарсан. Би Б.Э хамт дагаж гараад уг айлын хашаанд 15 цагийн үед ороод байшингийн хаалганы цоожийг С.Э бахиар эвдэж онгойлгосон байшин руу С.Э бид хоер ороод дүү Б.Э нь хашаанд хүн харж хүлээж байсан. Тэгээд айлаас хар өнгийн зурагтыг аваад зурагтны тоон хүлээн авагчийг аваад бид 3 манай гэрт ороод буцаад удаагүй гэрээс гараад С. Энхбатын гэр рүү зурагтыг даавуунд ороогоод аваад алхаад явсан. Ингээд би С.Э ын гэрт очоод тасраад унасан байсан хооронд Б.Э болон С.Э нар байхгүй байсан. Би сэргээд гэр рүүгээ явсан гэрт очиход С.Э , Б.Э нар байсан. Гэрээс Б.Э , С.Э нар гарч яваад дэлгүүрээс “Хандгай” нэртэй архи 2 шилийг гэрт авч ирэхээр нь би хамт архийг ууж байхад 2 цагдаа нэг эгчтэй хамт гэрт
орж ирсэн. Тэр эмэгтэй Б.Э ийг таниад байсан 2 цагдаа “бид гурвыг айлын
зурагт хулгайлсан байна” гээд яваад явсан юм. Би 2 цагдаагийн хамт С.Э ын гэрт очиход гэр дотор нь цагаан өнгийн тоон хүлээн авагч байсан. Тэгээд хүлээлгэн өгсөн юм.” /хх-61-63/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд С.Э ын яллагдагчаар өгсөн: “...Найз Б.Э , Б.Э нарын гэрт очиход гэртээ архи уусан байдалтай байсан. Б.Э бид 2 гэрт нь 1 шил “Хандгай” нэртэй 0.75 архи хувааж уугаад дуусаад гэрээс нь ах дүү нарын хамт гараад архины мөнгө олох гээд зүүн тийшээ явж гудамжны 212 тоот айлын хашааны хаалга онгорхой байхаар орсон айлын хашаанд 1 давхар улаан тоосгон байшин байсан. Үүдний амбаар нь цоожтой байхаар нь Б.Э хашаанд хүн харж үлдээд, би Б.Э ын гэрээс авсан байсан бахиараа цоожны цүүг нь мултлаад дотор хаалганых нь цүүг бас эвдээд гэр рүү нь Б.Э ын хамт ороод авдар дээр байсан 14 инчийн жижиг хар өнгийн Хятад зурагтыг цагаан өнгийн тоон хүлээн авагчийн хамт аваад Б.Э ын хамт түүний гэрт орсон.” /хх-82-84/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Э яллагдагчаар өгсөн: “...Бид нар манай гэрээс гараад манай гудамжны хөрш 212 тоот айл руу орж хулгай хийхээр болсон. Ингээд би айлын хашаан дотор хүн харж үлдсэн С.Э хаалганы цоожийг бахиар эвдээд С.Э , Б.Э нар айл руу ороод хар өнгийн жижиг зурагт болон цагаан өнгийн тоон хүлээн авагчийг аваад гарч ирээд бид 3 хамт хойшоо алхаад хуучин манай хөрш байсан Сүхбаатар гэх айлынд очоод зурагтыг үзүүлээд “хямдхан аваач” гээд гуйгаад 45.000 төгрөгөөр зөвхөн зурагтыг нь зараад С Энхбат, Б Энхбат бид 3 дэлгүүрээс 0.75 граммын “Хандгай” архи аваад манай гэрт очоод архиа ууж байтал 212 тоот айлын эмэгтэй цагдаа дагуулаад орж ирсэн.” /хх-93-95/ гэх мэдүүлэг,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-4, 5-6/,
Эд зүйлийн үнэлгээ /хх-51-52/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.
Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Б.Э , Б.Э , С.Э нар нь бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 12-212 тоотод оршин суух иргэн Д.Чулуунцэцэгийн өвлийн сууцны цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч 14 инчийн зурагт, тоон хүлээн авагчийн хамт хулгайлж 148.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Д.Чулуунцэцэг, гэрч Б.Мөнхбат, П.Эрдэнэсувд, Ц.Сүхбаатарын мэдүүлэг, Б.Э , Б.Э , С.Э нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгч Б.Э , Б.Э , С.Э нарын бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 12-212 тоотод оршин суух иргэн Д.Чулуунцэцэгийн өвлийн сууцны цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч 14 инчийн зурагт, тоон хүлээн авагчийн хамт хулгайлж 148.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.
Шүүгдэгч Б.Э , Б.Э , С.Э нарын гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, тэдэнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөнийг хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага
хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүхээс шүүгдэгч Б.Э , Б.Э , С.Э нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д тус тус зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, мөн шүүгдэгч Б.Э , С.Э нарын цагдан хоригдсон 2 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Э , Б.Э , Б.Э нарыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Б.Э , Б.Э , С.Э нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус бүрт 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар Б.Э , Б.Э , С.Э нарт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Б.Э , С.Э нарын цагдан хоригдсон 2 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, Б.Э , Б.Э , С.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Э , Б.Э , С.Э нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС