Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 208/МА2023/00028

 

  М. нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 259 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч

 Хариуцагч *******д холбогдох

 Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 28,308,239 төгрөг гаргуулах тухай

 Хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Г.Амартүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхзул нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

 1.    Гэм хорын хохиролд 28,308,239 төгрөг гаргуулах

Нэхэмжлэгч ******* нь *******д холбогдуулан гэм хорын хохиролд 28,308,239 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

******* миний ТОҮOTA LAND CRUISER 200 маркийн ******* ******* улсын дугаартай автомашиныг ******* жолоодож явахдаа 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 12 цагийн үед Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* 1 дүгээр багийн 4-н замын уулзвар гэх газар ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг баруун галаас нь мөргөж зам тээврийн осол гарсан. ...Нэхэмжлэгч надад хариуцагч *******ийн болгоомжгүй үйлдлээс болж ТОҮOTA LAND CRUISER 200 маркийн ******* ******* улсын дугаартай автомашины эвдрэлд 54.972.500 төгрөгийн бодит хохирол учирсан бөгөөд үүний тал нь буюу 49.96 хувь болох 27.464.261 төгрөгийг тээврийн хэрэгслийн даатгал Монгол даатгал ХК-аас гаргуулж авсан.

Одоо надад ТОҮOTA LAND CRUISER 200 маркийн ******* ******* улсын дугаартай автомашины эвдрэлийн 27.508.239 төгрөгийн хохирол, мөн Их тээвэр ХХК-д төлсөн автомашиныг Улаанбаатар хот руу ачиж авч ирсэн хохирол болох 800.000 төгрөгний хохирлууд барагдалгүй үлдээд байгаа бөгөөд үүнийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна.

...Зам тээврийн ослын улмаас өөрт учирсан хохирлыг барагдуулах арга хэмжээг авч өөрийн зөрчигдсөн хууль ёсны эрх, ашиг сонирхлоо хамгаалуулах боломжит бүх арга хэмжээ авч өдийг хүрээд байгаа болно. Иймд хариуцагч *******ээс гэм хорын хохиролд 28,308,239 төгрөг гаргуулж нэхэмжлэгч намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 Хариуцагч хариу тайлбартаа:

 ...Тухайн үед машиныг барьж байсан жолоочийн үйлдэл буруутай үйлдэл байсан гэж үзэж байна.

Хариуцагчийн хувьд тодорхой хэмжээний хохирол төлбөр төлнө. Үүнийгээ хуульд нийцүүлж сүүлд гаргасан шинжээчийн дүгнэлтээр тооцуулаад Монгол даатгал ХХК-иас шүүхээр тогтоолгож авсан мөнгөн дүнг хасаад үлдсэн дүнгээр төлөх боломжтой. Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-т зааснаар гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүй нөлөөлсөн бол гэж заасан. Нэхэмжлэгч даатгалын мөнгөө хугацаандаа төлөөгүй учраас даатгалын 50 хувиа алдсан. Цаг тухайд нь даатгалаа төлсөн бол уг мөнгө бүрэн олгогдох байсан. Өөрсдийн хариуцлагагүй байдлаас шалтгаалсан учир хэмжээг багасгаж өгнө үү гэжээ.

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 259 дугаартай шийдвэрээр:

 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч *******ээс 10,390,739 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, 17,917,500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 299,492 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 181,201 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо:

 ...Анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасны дагуу зохих ёсоор үнэн зөвөөр үнэлээгүй, улмаар хэргийн үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт хийхдээ талуудын шүүхэд, шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартай харьцуулах, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй байх талаас нь үнэлэх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.

...Энэхүү үйл явдлыг гурван шатны шүүхээр нэгэнт тогтоосон хүчин төгөлдөр шийдвэртэй болохыг юун түрүүнд дурдах нь зүйтэй байна. Өөрөөр хэлбэл эзэмшлийн TOYOTA LAND CRIUSER 200 маркийн ******* ******* улсын дугаартай автомашинд нийтдээ 54.972. төгрөгийн хохирол учирсан бөгөөд тухайн хохирлоос талыг нь буюу 49,96 хувь болох 27.464.261 төгрөгийг тээврийн хэрэгслийн даатгал (Монгол даатгал ХК)-аас гаргуулж авсан бөгөөд энэ талаарх баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд үнэн зөв тайлбар мэдүүлэг гаргах үүрэгтэйгийнхээ хувьд энэ талаар удаа дараа тайлбарлаж байсан юм.

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасантай нийцэхээр байхад шүүх хэт нэг талыг барьж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэрийг гаргаж чадаагүй гэж үзэхээр байна.

 Нэхэмжлэгчид одоогийн байдлаар ...автомашины эвдрэлийн 27.508.239 төгрөгний хохирол, мөн Их тээвэр ХХК-д төлсөн автомашиныг Улаанбаатар хотруу ачиж авч ирсэн хохирол болох 800.000 төгрөгний хохирлууд барагдалгүй үлдээд байгаа бөгөөд үүнийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй ба шүүх энэ талаар дүгнэлт хийхдээ М. эзэмшлийн авто машинд 37.855.000 төгрөгийн хохирол учирсан, эрүүгийн хэрэг үүсгэх хохирлын хэмжээ хүрээгүй тул зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн ба дээрх шийтгэлийг хуудсанд талууд гомдол гаргаагүй хүчин төгөлдөр болсон, хариуцагчийн өмгөөлөгч нь хариуцагчийн хувьд тодорхой хэмжээний хохирол төлбөр төлөхөө зөвшөөрч байгаа талаар шүүх хуралдаанд тайлбарласан, энэ талаар зохигч маргаагүй болно гэж өрөөсгөл дүгнэлт хийсэн.

Учир нь эрүүгийн хэргээр шалгахад автомашинд 37.855.000 төгрөгийн хохирол, иргэний журмаар нэхэмжилсэн хэрэгт 54.972.500 төгрөгийн хохирол учирсан ба нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт тусгагдсан үнийн дүнг /Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2021/01231 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1262 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 001/ШХТ2021/00731 дугаар тогтоол зэрэг/ нотлогдоогүй мэтээр дүгнэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

...Хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт дурдагдсан нотлох баримтууд нь ялангуяа шүүхийн шийдвэрүүд дээр 2022 оны 09 сарын 22 өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар ШҮҮХИЙН АРХИВ ХУУЛБАР ҮНЭН гэсэн тэмдэгтэй бөгөөд архивын ажилтан нь гарын үсэг зурж баталгаажуулсан болно, мөн бусад нэхэмжлэгч болон хариуцагчаас гаргаж өгсөн баримтуудад 2022 оны 09 сарын 22 өдөр ХУУЛБАРЛАВ гэсэн тэмдэгтэй бөгөөд дээр дурдсан архивын ажилтан нь мөн л адилхан гарын үсгийг зурж баталгаажуулсан байхад шүүх нотлох баримтаар үнэлгээгүй нь нэхэмжлэгчийн эрх ашиг ноцтой зөрчиж шийдвэрлэсэн юм.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04-р сарын 26-ны өдрийн 259 дугаартай шийдвэрийг өөрчилж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т зааснаар нотлох баримтыг үнэлэх дүгнэх, харьцуулан судлах үүргээ биелүүлээгүйн улмаас анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна гэж үзэж байна.

Хоёрдугаарт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаад байна. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 1131 дугаартай шийдвэр, нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шүүхийн 08 дугаар сарын 18-ны өдрийн 1262 дугаартай магадлалаар тус тус иргэн Ш. эзэмшлийн 0200 ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хохирол учирсан талаар дүгнэж тогтоосон. Энэ талаар маргахгүй. Хэдий хэмжээний хохирол учирсан бэ? гэдгийг мөн л шүүхийн шийдвэрээр дүгнэж тогтоосон байна. Анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгтээ нэгэнт осол гарсныг тогтоосон байна. Гэтэл ослын улмаас нэхэмжлэгчид хэдий хэмжээний хохирол учирсан бэ? гэдгийг адил шатны буюу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, тухайн дээд шатны буюу нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх тогтоосон. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг хооронд нь харьцуулан дүгнэх үүргээ биелүүлээгүй нэг хэлбэр болж байна. Үүнийг давж заалдах шатны шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. ...хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шүүхийн шийдвэрээр үнэлээд, дүгнээд, нотлоод тогтоож өгсөн. Үүнийг нэхэмжлэгч Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд дахин нотлох үүргийг хүлээхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй гэж заасан.

...Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан гомдлыг хангаж, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Гомдлыг сонслоо. Осол болсон асуудалтай ямар нэгэн байдлаар маргаагүй. Гэм хорын хохирлын асуудалд бага зэрэг маргаан гарсан. ...Цэгц үнэлгээ, Банхас, Капитал зууч гэх 3 шинжилгээний байгууллагаар дүгнэлт гаргасан. 3 шинжилгээний байгууллага дүгнэлт гаргахдаа 37,800,000 төгрөгийн үнэлгээ гаргасан нь үндэслэлтэй байсан. Нэгэнт хохирлын хэмжээ нь 50,000,000 төгрөгөөс бага байсан тул прокурор хэргийг хэрэгсэхгүй болгоод гэм хорын хохирлыг бид иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй. Гэтэл нэхэмжлэгч тал сүүлд гаргасан шинжээчийн дүгнэлтийг хавсаргахгүйгээр Монгол даатгал ХХК-г шүүхэд өгөхдөө эхний үнэлгээгээр нэхэмжлэл гаргасан. Өөрт ашигтай байдлаар хандаад өндөр үнэлгээтэй дүгнэлтээр нэхэмжлэл гаргасан.

...Хэрвээ 3 шинжилгээний байгууллагын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй байсан бол гомдол гаргах эрхтэй шүү дээ. Гэтэл прокурорын тогтоолд гомдол гаргаагүй, сүүлд гаргасан шинжээчийн дүгнэлтэд гомдол гаргалгүйгээр нэгэнт шийдээд дууссан хэрэг. Хэрвээ 54,000,000 төгрөгөөр тооцсон бол буцаад эрүүгийн хэрэг сэргээх нөхцөл байдал тогтоогдоно. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч талаас нотлох баримтыг үнэлээгүй гэж байна. Уг хэрэгт үнэлэх зүйл байхгүй гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй М. нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

 

2.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт болон маргааны зүйлийг зөв тогтоож, холбогдох хуулийн зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

3.Хэргийг судлан үзвэл: Нэхэмжлэгч ******* нь *******д холбогдуулан эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол хор уршиг 28.308.239 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг нэхэмжлэгч М. итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн ...Анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасны дагуу зохих ёсоор үнэн зөвөөр үнэлээгүй, улмаар хэргийн үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт хийхдээ талуудын шүүхэд, шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартай харьцуулах, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй байх талаас нь үнэлэх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна. Шүүхээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг үнэн зөв гэж үнэлэлгүй, сүүлд гаргасан нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан нь буруу тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэх гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

4.Нэхэмжлэгч М. эзэмшлийн Тоёота ланд круйзер маркийн машиныг Сэлэнгэ аймгийн ******* суманд замын хөдөлгөөнд оролцож явах үед нь хариуцагч ******* ******* дугаар бүхий портер-2 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Замын хөдөлгөөний дүрмийг зөрчин мөргөж хохирол учруулсан үйл баримт нь хэрэг бүртгэх ажиллагааны шатанд нотлогдсон, хариуцагч ******* гэм буруутай болох нь тогтоогдсон боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.4-д заасан их хэмжээний хохирлын хэмжээнд хүрээгүй гэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байдал нотлогдсон, уг прокурорын тогтоолд талууд гомдол гаргаагүй хүчин төгөлдөр болсон, хариуцагч ******* гэм буруугийн талаар маргаангүй байна.

 

5.Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судлаад зохигчдын хооронд Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1-д заасан Гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаа үүссэн талаар эрх зүйн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан байдаг.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй дээрх хэрэг бүртгэлтийн шатанд хийгдсэн Монгол даатгал ХХК-ийн хүсэлтээр хийгдсэн Ашид билгүүн ХХК-ийн уг осолд өртсөн машинд үзлэг хийж тогтоосон үнэлгээний тайлангаар 54.972.500 төгрөгийн хохирол учирсан гэж үзэж дүгнэлт гаргасан, уг дүгнэлтээр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж дээрх хохирлын 49.96 хувь буюу 27.464.261 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг даатгалын хураамжийг төлсөн хувь хэмжээнд дүйцүүлэн бодож олгосон, уг шүүхийн шийдвэрт талууд гомдол гаргаж дээд шатны шүүхээр хянан хэлэлцэгдэж хүчин төгөлдөр болсон байна.

Хэрэг бүртгэлтийн шатанд нэхэмжлэгчийн эзэмшлийн Ланд круйзер 200 маркийн машинд Монгол даатгал ХХК-ийн хүсэлтээр Ашид билгүүн ХХК хохирлын үнэлгээ тогтоож 54.972.500 төгрөгийн, хяналтын прокурорын даалгавраар бүрэлдэхүүнтэй шинжээч нар ажиллаж 37.855.000 төгрөгийн тус тус хохирлыг тогтоож гаргасан, 54.972.500 төгрөгийн үнэлгээгээр тогтож хэрэг бүртгэлтийн ажиллагаа үргэлжилсэн бол ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.4-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэгдэн шийдвэрлэгдэх боломжтой байсан бол үнэлгээ дахин гарснаар их хэмжээний хохиролд хүрээгүй үндэслэлээр хэргийг хааж шийдвэрлэсэн байна.

Өөрөөр хэлбэл гэм хорын хохирлын хэмжээний талаар шинжээч нарын дүгнэлт зөрүүтэй гарсан нь гэм буруутай этгээд буюу *******д ашигтай нөхцөл байдал үүссэн, уг шинжээчийн дүгнэлтэнд нэхэмжлэгч тал маргаагүйн улмаас хэрэг бүртгэлтийн хэрэг хаагдсан, харин нэхэмжлэгч өөрийн эд хөрөнгөд /автомашин/ учирсан гэм хорын хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар гэм буруутай этгээдээс бүрэн нэхэмжилж авах эрхтэй боловч өөрийн эд хөрөнгийг гэнэтийн ослын даатгалд даатгуулсан байсны улмаас даатгалын эрсдэл үүссэн гэж хохирлын 49.96 хувийг даатгалын компаниар нөхөн төлүүлж авсан нь хариуцагчид хөнгөлттэй нөхцлийг бий болгосон гэж дүгнэгдэхээр байна.

Иймд нэхэмжлэгч ******* өөрийн эзэмшлийн машинд учирсан хохирлын 49.96 хувь буюу 27.464.261 төгрөгийг даатгалын компаниар төлүүлж авсан нь хариуцагч *******ийн бусдын эд хөрөнгөд учруулсан гэм хохирол учруулсан хариуцлагаас чөлөөлөх, хөнгөлөх үндэслэл болохгүй.

 Хариуцагчийн гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учруулсан, эд хөрөнгөд учирсан хохирол, хариуцагчийн үйлдэл хоёрын хооронд шалтгаант холбоотой болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, хариуцагч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох эд хөрөнгөд учирсан /автомашин/ хохирол 27.508.239 төгрөг, уг машиныг ачиж Улаанбаатар хот оруулсан тээврийн зардал 800.000 төгрөг, нийт 28.308.239 төгрөгийн хохирлыг аргилгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд цугларсан нотлох баримтаас нэхэмжлэгчийн хүсэлтээр хуулбарлан ирүүлсэн баримтуудыг дахин үнэлэх шаардлагагүй бөгөөд уг эвдэрсэн машиныг ачилт хийж Улаанбаатар оруулсан зардлыг үгүйсгэх үндэслэлгүй гэж үзсэн болно.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 259 дугаартай шийдвэрийн 1,2 дахь заалтад өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн

167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 259 дугаартай шийдвэрийн

 1 дүгээр заалтыг:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч *******ээс 28.308.239 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай гэж,

 2 дугаар заалтыг:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 299,492 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 299.492 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэж өөрчлөлт оруулан бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 247,538 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.БУЯНЖАРГАЛ

ШҮҮГЧ                                          Г.ДАВААРЕНЧИН

                                                      Б.ЭРДЭНЭХИШИГ

 

ДАРГ Top of Form

ДПАРГАЛБ.ЭРДЭНЭХИШИГ