Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржийн Байгалмаа |
Хэргийн индекс | 129/2016/00127/И |
Дугаар | 292 |
Огноо | 2016-05-03 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 292
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: эмэгтэй, 1963 оны 10 сарын 03-нд төрсөн, 52 настай, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн Наранбулагийн 49-01 тоотод оршин суух Сартуул овогт Дамдингийн Бадамцэцэгийн /РД:АЮ63100302/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: эмэгтэй, 1977 оны 12 сарын 21-нд төрсөн, 38 настай, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн Наранбулагийн 14-01 тоотод оршин суух Ногооныхон овогт Бат-Очирын Энхцэцэгт /РД:АЮ77122105/ холбогдох
зээлийн гэрээний үүрэг болох 5900000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Бадамцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, хариуцагч Б.Энхцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Д.Насанжаргал, гэрч Ж.Үржинханд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнханд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Бадамцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Энхцэцэг нь 2015 оны 11 сарын 09-ний өдрөөс 2016 оны 02 сарын 09-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаатай 6 хувийн хүүтэй 5000000 төгрөг төлөхөөр тохиролцож албан ёсны гэрээ байгуулж зээл авсан. Гэвч зээлсэн мөнгөө хугацаанд нь төлөхгүй намайг хохироож байна. Иймд хариуцагч Б.Энхцэцэгээс үндсэн зээл 5000000 төгрөг, хүү 900000 төгрөг, 5900000 төгрөг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү.
Анх манай дүү Д.Алтанзул Б.Энхцэцэгт энэ 6000000 төгрөгийг зээлдүүлсэн. Би дүүдээ 2011 онд 5000000 төгрөг зээлүүлсэн байсан. Тэгээд манай дүү “та надаас авах мөнгөө Б.Энхцэцэгээс аваарай” гэсэн. Тэгээд энэ хүн надтай зээлийн үлдэгдэл болох 5000000 төгрөгт зээлийн гэрээ байгуулж манай дүүд өгөх мөнгөө надад өгөхөөр болсон. Бид нар худ ураг хүмүүс учраас 8 хувийн хүүтэй байсан зээлийг 6 хувийн хүүтэй болгож, 3 сарын хугацаатайгаар гэрээгээ байгуулсан. Би олон удаа мөнгөө өгөх болов уу гэж харж, гуйж ч үзсэн. Тэгээд өгөхгүй болохоор нь аргаа бараад шүүхэд хандсан гэжээ.
Хариуцагч Б.Энхцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Би Д.Бадамцэцэгээс нэг ч төгрөг зээлээр аваагүй тул Д.Бадамцэцэгийн нэхэмжилж байгаа 5900000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Бадамцэцэг нь намайг хуурч мэхлэн төөрөгдүүлж хуурамч гэрээ хийсэн тул уг зээлийн гэрээг хүчингүй болгож өгнө үү. Харин би Д.Алтанзулд 2700000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Би Д.Алтанзултай бичгээр гэрээ хийгээгүй тул хүү төлөхгүй.
Д.Бадамцэцэг намайг төөрөгдүүлж, дарамталж гэрээ хийсэн. Би Д.Алтанзул, Д.Бадамцэцэг хоёртой ямар ч гэрээ харилцан тохиролцож хийгээгүй. Д.Бадамцэцэгтэй гэрээ хийсний дараагаар Д.Алтанзул над руу утсаар ярьж “яах гэж гэрээ хийсэн юм бэ” гэж маш их дарамталсан. Д.Бадамцэцэг гэрээнд гарын үсэг зурчих чамайг ямар ч буруу юманд хутгахгүй гэж шахаж шаардсан. Үгүй гарын үсэг зурахгүй гэсэн чинь “цагдаад өгнө” гэсэн. Төрсөн эгч, дүү хоёр хоорондоо ямар мөнгө солилцож, ямар хэлцэл хийснийг нь би мэдэхгүй. Энэ хүнд би ямар ч өргүй учраас уг зээлийн гэрээг хүчингүй болгож өгнө үү гэж хүсч байна. Дүүд нь зээлсэн мөнгөө өгөх ёстой гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Бадамцэцэг хариуцагч Б.Энхцэцэгт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болох 5900000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл шүүхэд гаргажээ.
Хариуцагч Б.Энхцэцэг гэрч Д.Алтанзулаас 6000000 төгрөг зээлсэн нь гэрч Д.Алтанзулын “Би С.Энхцэцэгт мөнгө зээлдүүлсэн. Анх 2014 оны 09 сард 2000000 төгрөгийг 8 хувийн хүүтэй 5 сарын хугацаатай зээлдүүлсэн. Бичгэн хэлцэл хийгээгүй, манай бэр Баярмаагийн эгч байсан учраас итгэлцлийн үндсэн дээр өгсөн. 2015 оны 01 сард 4000000 төгрөгийг 2015 оны 04 сард өгөхөөр 8 хувийн хүүтэй зээлдүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 46 дугаар тал/, нэхэмжлэгч Д.Бадамцэцэгийн “анх манай дүү Д.Алтанзул Б.Энхцэцэгт энэ 6000000 төгрөгийг зээлдүүлсэн. Би дүүдээ 2011 онд 5000000 төгрөг зээлдүүлсэн байсан. Тэгээд манай дүү “та надаас авах мөнгөө Б.Энхцэцэгээс аваарай” гэсэн. Тэгээд Б.Энхцэцэгтэй зээлийн үлдэгдэл болох 5000000 төгрөгт гэрээ байгуулж манай дүүд өгөх мөнгөө надад өгөхөөр болсон” гэх, хариуцагч Б.Энхцэцэгийн “Би Д.Алтанзулаас нийт 6000000 төгрөг зээлсэн. Хамгийн анх 2014 оны 09 сард 1200000 төгрөг, дараа нь нэмээд 2014 оны 10 сард 800000 төгрөг, тэгээд 2015 оны 01 сард 4000000 төгрөг зээлсэн” гэх тайлбаруудаар нотлогдож байна.
Дээрх гэрчийн мэдүүлэг болон зохигчдын тайлбаруудаас үзэхэд хариуцагч Б.Энхцэцэг гэрч Д.Алтанзултай зээлийн гэрээ байгуулж мөнгө зээлсэн байх ба харин нэхэмжлэгч Д.Бадамцэцэг, хариуцагч Б.Энхцэцэг нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй байна.
Гэрч Д.Алтанзул хариуцагч Б.Энхцэцэгтэй байгуулсан зээлийн гэрээний дагуу шаардах эрхээ нэхэмжлэгч Д.Бадамцэцэгт шилжүүлсний дагуу хариуцагч Б.Энхцэцэг, нэхэмжлэгч Д.Бадамцэцэг нар 2015 оны 11 сарын 09-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан нь зохигчдын тайлбараар нотлогдож байна.
Зээлийн гэрээний агуулга Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдүүлэгчийн өмчлөлөөс зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжих билээ.
Гэтэл нэхэмжлэгч Д.Бадамцэцэг нь хариуцагч Б.Энхцэцэгийн өмчлөлд дээрх гэрээгээр тохирсон 5000000 төгрөгийг шилжүүлээгүй тул өмчлөлд нь шилжүүлээгүй дээрх мөнгийг зээлдүүлсэн гэж үзэх үндэслэлгүй юм.
Зээлийн гэрээгээр өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан мөнгийг буцаан өгөх үүрэг зээлдэгчид ногддог тул дээрх 5000000 төгрөгийг зээлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Д.Бадамцэцэг, Б.Энхцэцэг нарын хоорондох 2015 оны 11 сарын 09-ний өдрийн зээлийн гэрээг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэлтэй тул Д.Бадамцэцэг Б.Энхцэцэгээс энэ гэрээний дагуу мөнгө нэхэмжлэх эрхгүй юм.
Харин хариуцагч Б.Энхцэцэг гэрч Д.Алтанзулаас 2014 оны 09 сард 1200000 төгрөг, 2014 оны 10 сард 800000 төгрөг, 2015 оны 01 сард 4000000 төгрөг, нийт 6000000 төгрөг зээлсэн байх ба тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна.
Иргэний хуулийн 123 дугаар зүйлд зааснаар гэрч Д.Алтанзул зээлийн гэрээний шаардах эрхээ нэхэмжлэгч Д.Бадамцэцэгт шилжүүлэхээр харилцан тохиролцсон ба мөн зүйлийн 123.8-д заасан шаардлагыг хангасан тул Д.Алтанзул Д.Бадамцэцэгт шаардах эрхээ шилжүүлсэн гэж үзнэ.
Үндсэн зээлийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар Д.Бадамцэцэг шаардах эрхтэй. Гэрээг Д.Алтанзул, Б.Энхцэцэг нар бичгээр хийгээгүй тул Д.Бадамцэцэг хүү авах эрхгүй байна. Үндсэн зээл бол хариуцагч Б.Энхцэцэгийн гэрээгээр хүлээсэн үүрэг болно.
Хариуцагч Б.Энхцэцэг гэрч Д.Алтанзулд 2015 оны 07 сарын 14-ний өдөр ХААН банкаар шилжүүлсэн 800000 төгрөг, бэлнээр төлсөн 200000 төгрөг, 2016 оны 01 сарын 21-ний өдөр мөн ХААН банкаар шилжүүлсэн 1500000 төгрөг, нийт 2500000 төгрөг төлсөн талаар зохигчид маргахгүй байх ба энэ нь гэрч Д.Алтанзулын мэдүүлгээр нотлогдож байна. Мөн хариуцагч Б.Энхцэцэг гэрч Д.Алтанзулд 2015 оны 04 сарын 30-ны өдөр Хас банкаар 800000 төгрөг шилжүүлсэн нь Хас банкны Архангай салбарын дансны хуулгаар нотлогдож байна.
Иймд үндсэн зээл 6000000 төгрөгөөс хариуцагч Б.Энхцэцэгийн гэрч Д.Алтанзулд төлсөн 3300000 төгрөгийг хасч, үлдэх 2700000 төгрөгийг хариуцагч Б.Энхцэцэгээс гаргуулж нэхэмжлэгч Д.Бадамцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3200000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Б.Энхцэцэгээс 2700000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Бадамцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3200000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Бадамцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109350 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Энхцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид 58150 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Бадамцэцэгт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН