Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 150

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,

нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, 

            улсын яллагч Ц.Батбямба,

шүүгдэгч Э.А /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Э.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811034420097 дугаартай хэргийг 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Харчус овогт Э.А, 1980 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Архангай аймагт төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, худалдагч мэргэжилтэй, Сэнгэ наран-2 хүнсний дэлгүүрт худалдагч ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, цагаан даваагийн 15 дугаар гудамжны 07 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, “Их газар” ХХК-ний нийтийн байранд түр оршин суудаг гэх, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ...................................

          Шүүгдэгч Э.А нь 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байрны 2 тоот өрөөнд хохирогч И.Даваадоржийн нуруун тус газар нь хутгалж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Э.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Хохирогч И.Даваадорж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би Адъяасүрэнг гэр лүү нь оруулчихаад буцаад гараад явж байтал Адъяасүрэн араас баруун бөөрний орчимд хутгаар хатгачихсан...” гэх мэдүүлэг /хх-15х/,

Яллагдагч Э.А мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 12 дугаар сарын эхээр байх би Сараа яг сайн санахгүй байна. Нөхөр Отгонбаяртай хамт ажилынх нь хүмүүстэй цуг тэдний ажлын газарт хамт 2 шил архи, 3 том Сэнгүр пиво хувааж уучихаад орой 20 цагийн орчимд амьдардаг нийтийн байрандаа ирсэн. Ингээд гэртээ байж байтал манай нөхрийн ажилд ороод удаагүй байсан эмэгтэй манай нийтийн байранд амьдардаг бөгөөд тэдний гэрт хүмүүс байхаар нь яваад ортол Даваадорж, Мөнх-Эрдэнэ хоёр байсан. Тухайн үед бүгд согтуу байсан бөгөөд би тэр хоёрыг нөгөө эмэгтэйг согтуу байгааг нь далимдуулаад ашиглах гэж байна гэж буруу ойлгоод тэр хоёр луу уурласан чинь Даваадорж намайг чамд хамаагүй гээд өрөөнөөс түлхээд намайг манай өрөө рүү оруулсан. Ингээд бид хоёр хэсэг маргалдаад би архины халуунд мөн уурандаа шүүгээнээс бор өнгийн иштэй хутга аваад нурууны орчимд нь нэг удаа хатгасан. Тэгээд Даваадорж цагдаад дуудлага өгсөн. Цагдаа нар ирээд намайг аваад явсан. Би тухайн үед Даваадоржийг тэр эмэгтэйтэй нэг нутаг усных хүмүүс гэж мэдээгүй үл ойлголцлоос болоод ийм асуудалд орсон ...” гэх мэдүүлэг /хх-28х/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №67 тоот дүгнэлтэд:

“1. И.Даваадоржийн биед нуруунд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-22х/,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Э.А нь 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байрны 2 тоот өрөөнд хохирогч И.Даваадоржийн нуруун тус газар нь хутгалж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Э.Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Э.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нар нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй гэсэн хүсэлтээ мөрдөн шалгах ажиллагааны үед бичгээр гаргаж өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн болно.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.