| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2019/0018/Э/ |
| Дугаар | 17 |
| Огноо | 2019-02-14 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 17
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лханаасүрэн
Улсын яллагч Б.Оюунцэцэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхзаяа
Шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Оюунцэцэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Т.Б-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1916000090020 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Т овогт Т-н Б.
Шүүгдэгч Т.Б-н 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 11 цагийн орчим Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Нэгдсэн эмнэлгийн урд жигүүрийн хувцас солих өрөөнөөс хохирогч М.М-н бор өнгийн цаа бугын арьсан хос гутлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогч М.М-т 850.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарна.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч Т.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ... 2018 оны 12 сарын 27-ны өдөр 10 цаг 40 минутын үед эмнэлэг дээр хичээлтэй байсан. Багш ирэхгүй болохоор нь хувцсаа солиод гэртээ харих гэж байтал миний хувцас хийдэг шүүгээн доор цааны годон гутал байсан. Тэгэхээр нь өөрийн хувцас хийж байсан хайрцагт хийгээд авч явсан. Ахуй үйлчилгээний ордонд авч очоод түрийг нь тайруулах гэж байсан. 1 цаг өнгөрч байхад гутал алга болсон гээд цагдаа ирээд орой нь гуталчин эгч цагдаад авчирч өгсөн...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Мөрдөн байцаалтан шатанд өгсөн хохирогч М.М-н “...2018 оны 12 дугаар сарын 27-ны өглөө 10 цаг 30 минутад аймгийн нэгдсэн эмнэлэг дээр хичээлтэй байсан тул очсон юм. Тэгээд нэгдсэн эмнэлгийн урд талын жигүүрт байдаг лабораторийн хувцас солих өрөөнд хувцсаа солиод 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд үйл ажиллагаа явуулдаг Шинэ-Алтай захаас 950.000 төгрөгөөр худалдаж авсан бор өнгийн цааны арьсан гутлаа би хувцас солидог шүүгээний доогуур хийж тавиад хичээлдээ орсон юм. Тэгээд би хичээлээ хийж байгаад 13 цагийн үед гарч ирээд цааны арьсан гутлаа өмсөх гэтэл алга болсон байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ16-17/ ,
Мөрдөн байцаалтан шатанд өгсөн гэрч Ш.У-н “...2018 оны 12 дугаар сарын 27-ны орчим ажил дээрээ гутал янзлаад сууж байтал нэг эмэгтэй ирээд гутлын түрий тайруулах гэсэн юм гэхээр нь би гутлыг нь аваад үдээс хойш энэ гутлыг янзалж өгнө гэхэд нөгөө эмэгтэй хайрцагтай гутлаа үлдээгээд явсан...” гэсэн мэдүүлэг/ХХ-25/,
Шүүгдэгч Т.Б-н яллагдагчаар өгсөн мэдүүлэг /ХХ-39/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ7-8, 10-11/, хөрөнгийн үнэлгээчин Р.Цанжидмаагийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай дүгнэлт /ХХ29/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар Т.Б-н 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 11 цагийн орчим Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Нэгдсэн эмнэлгийн урд жигүүрийн хувцас солих өрөөнөөс хохирогч М.М-н бор өнгийн цаа бугын арьсан хос гутлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогч М.М-т 850.000 төгрөгийн хохирол учруулсан санаатай үйлдэл нь хөдөлбөргүй тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.
Талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай гомдол, хүсэлт гаргаагүй бөгөөд хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Шүүхээс нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тухай прокурорын санал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлснийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон дээрх хүчин зүйлсүүдийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Т.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн цааны арьсан гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч М.М-т буцаан олгож, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт хэрэгт ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Т-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авах буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-г 260 /хоёр зуун жар/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан 260 /хоёр зуун жар/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгч Т.Б-д сануулсугай.
4. Шүүгдэгч Т.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн цааны арьсан гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч М.М-т буцаан олгож, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт хэрэгт ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА