Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дагийшаравын Бямбасүрэн |
Хэргийн индекс | 129/2016/00268/И |
Дугаар | 285 |
Огноо | 2016-05-19 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 285
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: эмэгтэй, 1964 оны 07 сарын 01-нд төрсөн, 51 настай, Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн төвд оршин суух Өөлд овогт Сурмаахоролын Ичинхорлоогийн /РД:АЕ64070182/ хүсэлттэй
Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн төлөөлөгч Д.Ганболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнханд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.Ичинхорлоо шүүхэд гаргасан хүсэлт болон түүний төлөөлөгч Д.Ганболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний ээж С.Ичинхорлоо Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд 1979 оны 07 сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд малчин, төлчнөөр ажиллаж байсан. Иймд миний ээж С.Ичинхорлоогийн дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч С.Ичинхорлоо Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.Үүнд:
- Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1980 оны 07 сарын 02-ны өдрийн болзол дүгнэх тухай 43 дугаар тогтоол /Хавсралтын 13-т Д.Ичинхорлоо төллүүлсэн мал 235, бойжуулсан төл 236, олгох шагнал 80 төгрөг/,
- Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1982 оны 06 сарын 21-ний өдрийн болзол дүгнэх тухай 15 дугаар тогтоол /Хавсралтын 6-д Д.Ичинхорлоо Ямаат бригад, хариуцан төллүүлсэн мал 208, бойжуулсан төл 209, олгох шагнал 70 төгрөг/,
- Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1983 оны 02 сарын 04-ний өдрийн шагнал олгох тухай 09 дүгээр тогтоол /Хавсралтын 18-д Ичинхорлоо/,
- Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1985 оны 02 сарын 18-ны өдрийн шагнал олгох тухай 07 дугаар тогтоол /Хавсралтын 2-т Д.Ичинхорлоо Байшир бригад/,
- Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн Байшир хэсгээс 1988 онд ээлжийн амралт олгох малчдын жагсаалтын 36-д Д.Ичинхорлоо 15 хоног/,
- Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1989 оны 05 сарын 08-ны өдрийн нярайн тэтгэмж олгох тухай 39 дүгээр тогтоол /Хавсралтын 8-д Д.Ичинхорлоо төлчин, 1988 оны 05 сарын 10-нд төрсөн, олгох тэтгэмж 164 төгрөг 92 мөнгө/,
- Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн өмч хувьчлалын материалын 8-д Д.Ичинхорлоо,
- Гэрч Д.Гандолгорын “Би С.Ичинхорлоог сургуульд байхаасаа таньдаг болсон. С.Ичинхорлоогийн өвөөг нь Доржпалам, эцгийг нь Пүрэв, эхийг нь Сурмаахорол гэдэг байсан. С.Ичинхорлоо гэр бүлтэй болж тусдаа гарахаасаа өмнө эцэг, эхээсээ тусдаа өвөө Доржпаламтайгаа хамт амьдардаг байсан” гэх мэдүүлэг,
-Гэрч Ц.Гаравцогзолын “Би С.Ичинхорлоог бага наснаасаа танина. С.Ичинхорлоогийн өвөөг Доржпалам гэдэг байсан бөгөөд нутгийн хүмүүс авгайлж дуудахдаа Ажаг гэдэг байсан. Би С.Ичинхорлоогийн эцгийг нь сайн мэдэхгүй. Харин эхийг нь Сурмаахорол гэдэг. С.Ичинхорлоо бага наснаасаа эхлээд гэр бүл болж тусдаа гарах хүртлээ өвөө Доржпаламтайгаа хамт амьдарч байсан” гэх мэдүүлэг зэрэг болно.
Иймд хүсэлт гаргагч С.Ичинхорлоогийн Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангах нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Өөлд овогт Сурмаахоролын Ичинхорлоогийн Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар хүсэлтийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН