Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 18

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лханаасүрэн

Улсын яллагч Х.Гүнжидмаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батмөнх

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Г.О

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар

 Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Гүнжидмаагийн Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б.Б-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1816003060010 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, О овогтой Б-н Б.

Шүүгдэгч Б.Б-н 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 14 цагийн үед Говь-Алтай аймгийн Тонхил сумын 3 дугаар багийн нутаг ......... гэх газарт Д.Б-ыг улсын дугааргүй мотоцикль жолоодон Ба-г сундлан явж байхад араас нь хөөж 16-13 ГАҮ улсын дугаартай “тоёота пробокс”/Toyota probox/ маркын машинаар мотоциклийн баруун тал руу нь санаатайгаар шүргэж Б-ын биед хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт хамаарна. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  “...Тухайн өдөр би ээжийн хамт хэрэг болсон газарт очсон юм.  Амбаарт  хүн орж гараад байгааг нь “.........” гэх газраас харсан. Өмнөх долоо хоногт нь амбаартаа очих үед манай амбаар цоожтой байсан. Тэр үед би амбаарт морины тамга хайж очсон юм.  Бид нарыг очих үед Б ах Ба-н хамт ирчихээд хана дүүрээд явж байхад нь ээж та нар хоттой хонь хулгай хийж зарчихаад одоо амбаараас хулгай хийлээ гэж  хэлсэн. Б ах юу ч хэлэлгүй  ханаа аваад яваад өгөхөөр нь би араас нь явсан. Би нилээд зайтай явж  байсан. Тухайн хэрэг болох үед цас орсон хяруутай байсан юм. Мотоцикль нь хяруун дээр халтирч унасан...” гэх мэдүүлэг, /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Б-ын өгсөн “...өөрийн төрсөн дүү Д.Бя-н амбаарын гадна байсан 4 ширхэг бургасан ханаа аваад мотоцикльтойгоо явж байтал машин хүрээд ирэхээр нь зогсоод байж байтал Г.О машинаас бууж ирээд мэндийн зөрүүгүй чулуугаар шидээд ална тална гэхээр нь мотоцикльтойгоо зугтсан чинь араас Б.Б нь машинаараа хөөсөөр байгаад мөргөж унагааснаа зугтаагаад явчихсан. Тэгээд би цагдаа дуудсан юм...” гэсэн мэдүүлэг /ХХ5-6/,

 Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Ба-н өгсөн “... Д.Бя-н өвөлжөөн дээр байсан амбаарын гадна байсан гэрийн 4-н бургасан ханыг мотоциклийнхоо дундуур дүүрээд явж байтал ............ хойт шилээр цагаан машин гараад ирэхээр нь өөдөөс нь яваад очсон чинь Г.О машинаас бууж ирээд нэг юм хэлээд чулуу шидээд унасан. Тэгэхээр нь Д.Б ах бид 2 ханаа буулгачихаад харсан чинь Б.Б та 2-ыг дайрч ална гээд машинаа асаахаар нь бид 2 мотоцикльтойгоо зугтчихсан чинь араас дугуйруулаад уул өөд гаргахгүй хөөж байгаад буруу талаар орж ирээд мөргөөд бид хоёрыг унагаачихаад зогсолгүй шууд яваад өгсөн. Тэгээд Д.Б ах бид 2 их хүчтэй унасан. Д.Б ах ёолоод орилоод  байсан тэгээд би цагдаа дуудсан ...” гэсэн мэдүүлэг /ХХ7-8/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Б-н өгсөн “... байшингийнх нь үүдэнд 2 хүн байсан дөхөөд очтол Д.Б ах нэг хүнтэй хамт гэрийн хана дүүрээд цаашаа мотоцикльтойгоо яваад өгсөн. Тэгээд араас нь очоод О эгч машинаасаа буугаад та нар манай хоттой малыг харлуулчихаад гэрийн юм зөөхөө болиоч гээд чулуу аваад шидсэн чинь Д.Б ах хажуугаар гараад цаашаа эргээд яваад өгсөн чинь Б.Б машинаа унаад араас нь хөөсөн чинь Б ах тэр хоёр гэрийн ханаа хаячихаад зугтсан тэгээд Б.Б араас нь нилээн хөөсөн. Тэгсэн чинь доороо эргээд зугтаад байсан. Тэгээд явж байгаад Б хажуугаар нь гарахдаа шүргээд унагаачихаад яваад өгсөн. Тэгээд би хүн аллаа болиоч гэж хэлсэн. Тэгээд буцаж очоод ханаа аваад О эгчийг аваад байж байтал Б ах нөгөө хүнтэйгээ чулуу өвөртлөөд араас хөдлөхөөр нь бид хэд зугтсан юм  ...” гэсэн мэдүүлэг /ХХ11/,

Шинжээч эмч Д.Даваахүүгийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 04 дугаартай “... 1. Иргэн  Б-ын биед баруун 4-р хавирганы хугарал, баруун тохой, бүсэлхий, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Шинжилгээний явцад шинээр нөхцөл байдал илэрсэнгүй..." гэсэн дүгнэлт /ХХ62-63/,

Мөрдөн байцаалтын шатанд шинжээч эмч Д.Даваахүүгийн өгсөн “... нэгдсэн эмнэлгийн рентгений эмчийн бичиглэлийг үндэслэн дүгнэлт гаргасан. Дүгнэлтэндээ 6 дугаар хавирганы хугарлыг 4 дүгээр хавирганы гэж бичиглэлийн алдаа гаргасан байна ... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохгүй ...” гэсэн мэдүүлэг/ХХ-136/,

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ18-22/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ23-26/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэдтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б-н 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 14 цагийн үед Говь-Алтай аймгийн Тонхил сумын 3 дугаар багийн нутаг Хар чулуут гэх газарт хохирогч Д.Б-г улсын дугааргүй мотоцикль жолоодон Б.Ба-г сундлан явж байхад нь  16-13 ГАҮ улсын дугаартай “тоёота пробокс”/Toyota probox/ маркын машинаар араас нь хөөж мотоциклийн баруун тал руу нь санаатайгаар шүргэж унаган хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь нь хөдөлбөргүй тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. 

Хэдийгээр шүүгдэгч тээврийн хэрэгсэл ашиглан уг гэмт хэргийг үйлдсэн боловч болгоомжгүйгээр зам тээврийн осол гаргаж хүний эрүүл мэндэд хохирол учруулаагүй харин өөрийн үйлдлийн хууль бус болохыг мэдсэн атлаа хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болсон үйл явдлыг харсан гэрч Б.Ба, Н.Б нарын мэдүүлгүүдээр хангалттай нотлогдсон тул “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн гэж шүүх үзсэн болно.

Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар “Б нь хана хулгай хийж зугтаж яваад унасан ” гэж маргаж байгаа нь мөрдөн байцаалтад өгсөн гэрч Г.Од “... Д.Бя манай жижиг гэрийн 4 ширхэг бургасан ханыг 5-6 жилийн өмнө буцааж өгнө гэж авч явсан юм. Тэгээд буцааж аваагүй байж байгаад энэ өвөл Бя нь идэш хийж байхад манай гэрт ирээд ханаа ав гэж хэлсэн... Бя манайд сууж байхдаа ханаа аваарай хаваржааны хөх амбаарын гадаа тавьчихсан шүү гэж Б бид хоёрт хэлсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ51-52/,

мөрдөн байцаалтад өгсөн гэрч Д.Т-н “... Хар чулуут гэдэг газар байдаг хаваржааныхаа амбаарт ороод гэрийн 4 ширхэг бургасан хана гаргаж амбаарынхаа гадна тавьчихаад нэг сэгсүүргэн дээл авахаар нь би Бя-г Б ахынд хүргэж өгчихөөд буцаад явсан...” гэсэн мэдүүлэг /ХХ55-56/,

мөрдөн байцаалтад өгсөн гэрч Д.Бя-н жижиг гэрийн 4 хана, тооно, хаалга, 2 тулгуур модтой нь ах Б-аас авч байсан юм. ... Хар чулуут гэх хаваржаан дээр амбаатраа очоод Б ахын жижиг гэрийн 4 ширхэг ханыг амбаарын гадна талд гаргаж тавьчихаад тэр өдрөө Б ахынд очоод хана яасан гэхээр нь гаргаад амбаарын гадна тавьчихлаа очоод аваарай гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ57-58/ зэрэг нотлох баримтуудаар няцаагдаж байгаа бөгөөд хохирогчийг буруутгаж буй дээрх шалтгаан нь шүүгдэгч гарцаагүй байдалд орж гэмт хэргийн шинжтэй хууль бус үйлдлийг хийсэн гэж зөвтгөх үндэслэл болохгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар яллах болон өмгөөлөх талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар болон шүүгдэгч насанд хүрээгүй, ерөнхий боловсролын дунд сургуульд суралцдаг зэрэг хувийн байдлийг нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б-д ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн  7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б-д хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд зан үйлээ засах сургалтад 6 доошгүй удаа хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч Б.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 00-00 ГАҮ улсын дугаартай “тоёота пробокс”/Toyota probox/ маркын автомашиныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгож, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлээгүй, түүний цахим үнэмлэх нь шүүхэд ирээгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О овогт Б-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б-д ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн  7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б-д хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд зан үйлээ засах сургалтад 6 доошгүй удаа хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б-д авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг авсан хугацаанд түүнийг хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг түүний хууль ёсны төлөөлөгч, төрсөн эх Г.О-д хариуцуулсугай.

 5. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Б.Б-д сануулсугай. 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 00-00 ГАҮ улсын дугаартай “тоёота пробокс”/Toyota probox/ маркын автомашиныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгож, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлээгүй, түүний цахим үнэмлэх нь шүүхэд ирээгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг  шүүгдэгч, хохирогч,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.МӨНХТУЛГА