Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 208/МА2023/00034

 

******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 149/ШШ2023/00200 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* ******* ХХК,

 Хариуцагч *******, ******* нарт холбогдох

 Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол 12,675,000 төгрөг гаргуулах тухай

 Хэргийг хариуцагч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

 1. *******, ******* нараас ургацын хохирол 12,675,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 217,730 төгрөг, нийт 12892730 төгрөг гаргуулах

 2.************** ХХК нь Баянгол суманд газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тус компанийн Ташир гэх газарт тариалсан улаан буудайн 30 га талбайд 2022 оны 09 сарын 13-наас 09 сарын 18-ны өдрүүдэд (шөнө болгон) Баянгол сумын иргэн *******, ******* (ээж, хүү) нарын хээр, хар халзан, зээрд зүсмийн 4 азарга адуу орж, тариаг идэж, гишгэж, хөрвөөж сүйтгэснээс 15 га талбайн ургацыг хураах ямар ч боломжгүй болгож манай компанид 12,675,000 төгрөгийн хохирол учруулсан нь Баянгол сумын мэргэжлийн комиссын хохирол тооцох тухай актаар тогтоогдсон юм гэжээ.

 Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

 1. ...************** ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахаас татгалзаж хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 2.************** ХХК нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж тариалангийн талбайгаа мал, амьтны халдлагаас хамгаалах хашаажуулах, тор татах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй өөрт хохирол учрах боломжийг нэхэмжлэгч байгууллага бүрдүүлсэн улмаас тухайн хохирол нэхэмжлэгч байгууллагад учирсан мөн гаднаас талбайд нь мал амьтан орох боломжийг нэхэмжлэгч байгууллага өөрсдөө бүрдүүлсэн тул тухайн нэхэмжлэлийг дээрх үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болно...гэжээ.

 Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 149/ШШ2023/00200 дугаартай шийдвэрээр:

 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* овогт ******* *******, ******* овогт нараас гэм хорын хохиролд 12,675,000 /арван хоёр сая зургаан зуун далан таван мянга /төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ************** ХХК-д олгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ************** ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 217730 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас 217730 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ************** ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

 Хариуцагч ******* давж заалдах гомдолдоо:

...1.Нэхэмжлэгч ************** ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ манай 100 гаруй адууг тэдний 30 га талбайн ургацыг 2023 оны 09-р сарын 13-ны өдрөөс 09-р сарын 18-ны хооронд шөнө бүр орж сүйтгэсний улмаас хохирол учирсан гэж тайлбарласан.

Үүнийгээ 2022.09.20-ны өдрийн Таримал ургамлын талбайд хохирол тогтоосон акт гэх зүйлээр тогтоогдсон гэж тайлбарладаг.

Гэтэл дээрхи 2022.09.20-ны өдрийн Таримал ургамлын талбайд хохирол тогтоосон акт гэх зүйл нь үндэслэлгүй, уг актаар яг манай адуу ************** ХХК-ийн 30 га талбайд хохирол учруулсан гэдэг нь тогтоогдоогүй байдаг.

2022.09.20-ны өдрийн Таримал ургамлын талбайд хохирол тогтоосон акт-нд ************** ХХК-ийн 30 га талбайд .........-ны өдөр, *******, Г. нарын .......тооны адуу орж, .............метр.кв талбай буюу 15 га газар 19.5 тн улаанбуудай төрлийн ургамлыг идэж, гишгэж сүйтгэн, 12,675,000 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн байдаг.

Уг актанд дурдсанаар яг хэзээ, *******, Г. нарын хэдэн тооны адуу орж хохирол учруулсаныг заагаагүй /зайг хоосон орхисон/ байдаг. Хохирол тогтоосон акт нь өөрөө тодорхой байх ёстой.

Дээрхи хохирол тогтоосон актанд гарын үсэг зурсан гэрч ийн мэдүүлэгт ...би ажилтай байсан учир талбай дээр нь очоогүй, ажлын хэсэг нь зөвхөн тариалангийн талбайн хохирлыг тогтооно, харин ************** ХХК-ийн эзэд нь эзнээ мэднэ гэсэн... гэж, гэрч ийн мэдүүлэгт ...бид нарыг очиход тариалангийн талбайд хашигдсан гэх адуу мал байгаагүй...************** ХХК-ийн захирал нь манай тариалангийн талбайд *******, нарын 100 гаруй тооны адуу орж, тариан талбайг талхалсан гэж хэлсэн... гэж, гэрч гийн мэдүүлэгт мөн адил компанийн хэлснээр хэний адуу хохирол учруулсныг бичсэн талаар дурдсан байдаг.

Харин хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд дунд яг *******, Г. нарын адуу хохирол учруулсан гэдгийг газар дээр нь нотолж тогтоосон ямар ч нотлох баримт байдаггүй.

Шүүх хуралдаанд гэрчээр асуугдсан ************** ХХК-ийн менежер , талбайн сахиул нар нь Г., *******, гэх 2 айлын адуу манай 30,30 га талбайд хохирол учруулсан гэж мэдүүлсэн. Үүнээс өөр Г., ******* нарын адуу хохирол учруулсан гэх нотлох баримт байхгүй. Хохирол тогтоосон акт ч тэдний үгээр бичигдсэн буюу компанийн эздийн үгээр хохирол гаргасан эзнийг бичсэн гэдгийг гэрч , , нар мэдүүлсэн.

Харин тэдний талбайд Г., ******* нарын адуу орж хохирол учруулсан гэсэн гэрч , Чулуунхуяг нарын мэдүүлэг байдаг ч тэд 1 ч удаа танай адуу орлоо адуугаа ав гэж хариуцагч нарт хэлж байгаагүй болох шүүх хуралдааны явцад тогтоогдсон. Мөн үнэхээр манай адуу орж хохирол учруулсан бол адууг маань байлгаж байгаад эзнийг нь дуудаж хүлээлгэж өгөх, эсвэл ороод идэж байгаа гэрэл зургийг нь авах, газар дээр байсан гэх компанийн өөр ажилтнуудыг гэрчээр асуулгах зэргээр баталгаажуулах боломж нэхэмжлэгч компанид байсан.

Мөн зэрэгцээ хоёр 30 га талбайн аль алинд нь Г.ын адуу хэдэн удаагийн давтамжтай, яг хэзээ орсон болох, Э.ын адуу хэзээ ямар давтамжтай орж ямар ямар хэмжээний хохирол учруулсан болох зэргийг нарийн тогтоолгүйгээр 2 айлын адууг автоматаар зэрэгцээ орших хоёр 30 талбайд тус бүрт нь хохирол учруулсан гэж үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж, түүнийгээ нотолж чадахгүй байхад шүүх нэхэмжпэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд 2022.09.20-ны өдрийн Таримал ургамлын талбайд хохирол тогтоосон акт гэх зүйл нь зөвхөн нэхэмжлэгч компанийн үгээр бичигдсэн үндэслэлгүй, бүрэн биш, яг хэзээ, хэдэн тооны адуу орсныг тогтоогоогүй үндэслэлгүй акт болсон. Энэхүү актыг үндэслэж анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

 2.Мөн ************** ХХК-ийн талбайд хохирол учирсан эсэх нь эргэлзээтэй.

Гэрч нараас ганц талбай дээр очсон хүн болох ийн мэдүүлэгт "... тариалангийн талбай бол тэгшхэн, 30 га газар хөдөлгөөн хийж нааш цааш болоогүй байсан... гэж мэдүүлсэн. Мөн шүүх хуралдаанд гэрчээр асуугдсан талбайн сахиул Чулуунхуяг нь ...намар хохирол учирсан гэх 30 га талбайд манай компани ургац хураалт хийсэн гэж мэдүүлсэн байдаг.

Мөн актаар тооцооллыг гаргасан гэх гэрч нь өөрөө талбай дээр очоогүй гэдгээ мэдүүлсэн. Мөн нэхэмжлэпн нарт ажлын хэсэг болон ************** ХХК Нь аль аль нь танай адуу талбайг ийм болгочихлоо гэж үзүүлж, харуулж байсан удаа байхгүй нь хэрэгт авагдсан баримтууд, хариуцагчийн мэдүүлгээс харагддаг. Мөн ************** ХХК-иас гарган өгсөн гэрэл зурагт талбайн улаанбуудай устаж гэмтсэн зүйл огт харагддаггүй. Эндээс үзвэл ************** ХХК-ийн хохирол учирсан гэх талбайд яг бодит хохирол учирсан гэдэг нь эргэлзээтэй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

 3.Хэрэгт авагдсан гэрэл зургууд, гэрч нарын мэдүүлгээр ************** ХХК-ийн хохирол учирсан гэх талбай нь хашаагүй байсан болох нь нотлогддог.

Тариалангийн тухай хуулийн 20.2-р зүйлийн 20.2.1 дэх хэсэгт зааснаар өөрийн эзэмшлийн талбай ургацаа бусдын халдпага болон малаас хамгаалах үүрэгтэй гэж, мөн хуулийн 25-р зүйлийн 25.1.2 дахь хэсэгт тариалангийн талбайг хаших гэж тус тус заасан байдаг.

Энэхүү үүргээ биелүүлээгүй нь ************** ХХК-ийн буруутай үйлдэл бөгөөд үүнээс болж тухайн тариалангийн талбайн ойр орчмын мал бүхий иргэд малаа чөлөөтэй бэлчээж чадахгүй хүндрэлтэй байдалд 10-аад жил болж байгаа талаар шүүх хуралдаанд яригдсан. Уг хохирол хэрвээ үнэхээр учирсан бол ************** ХХК-ийн өөрийнх нь болгоомжгүй буруутай үйлдэл байгааг шүүх харгалзан үзэх учиртай байсан гэж үзэж байна.

Иймд ************** ХХК-ийн 30 га талбайд Г., ******* нарын 100 гаруй тооны адуу орж 19.5 тн улаанбуудайн хохирол учруулсан гэдэг нь хангалттай нотлогдоогүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй гэж үзэж байгаа тул Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн

2023.06.05-ны өдрийн 149/ШШ2023/00200 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 06 сарын 05-ны өдрийн 149/ШШ2023/00200 дугаартай шийдвэрийг хариуцагч ******* эс зөвшөөрч тус шүүхэд гаргасан гомдолтой танилцаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дараах тайлбарыг гаргаж байна.

1.Таримал ургамлын талбайд хохирол тогтоосон тухай актыг Баянгол сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг буюу сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжилтнүүдээс бүрдсэн комисс хууль журмын дагуу тогтоосон. Үүнд хохирогч, холбогдогч нарын оролцоо, нөлөөлөл байхгүй юм.

Харин ******* ******* ХХК-ийн зүгээс өөрийн эзэмшлийн тариан талбайд хэний адуу орсон талаар үнэн зөв мэдээллийг сумын комисст өгч, энэ мэдээллийн дагуу акт тогтоосон нь хууль журмын дагуу хийгдсэн ажиллагаа бөгөөд орон нутгийн нөхцөлд комиссын гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ талбайд очих боломж бараг байдаггүй, бүрэлдэхүүн дутуу очсон нь хохирол тогтоосон үндэслэлд нөлөө байхгүй гэж үзэж байна.

2.*******, ******* нарын 4 азарга адуу 2022 оны 09 сарын 13-аас 19-нийг хүртэлх хугацаанд ******* ******* ХХК-ний улаан буудай тариалсан 30 га талбайд орж ургацын хохирол учруулсан нь гэрч талбайн сахиулаар ажиллаж байсан , менежер Х. нарын мэдүүлгээр бүрэн нотлогдсон. Хариуцагч ******* нь анхнаасаа манай адуу ороогүй, надад танай адуу орлоо гэж нэг ч удаа хэлж байгаагүй, манай адууг хашчихаад өгсөн тохиолдол байхгүй гэж ярьдаг ч шүүх хуралдаан дээр гэрч талбай сахиул ийн: ... Би ад зөндөө сануулсан, хэд хэдэн удаа адууг нь доош хүргэж өгсөн, сүүлдээ дийлдэхээ байгаад төмөр хашаа бариад адууг нь хашчихсан байхад мотоциклтой хүрч ирээд За ах хоёулаа учир зүйгээ олъё, би зохих ёсны хөлсийг чинь өгье гээд хүртэл адуугаа аваад явсан гэх мэдүүлэг, гэрч Х.гийн: ... Талбай руу явах замд эднийх байдаг, тарианд адуу орсонтой би таарч ын гадаа тууж хүргэж өгч байсан, тай 1 удаа уулзсан, Төгсөөтэй бол 2, 3 удаа уулзсан, ыг асуухаар адуундаа явсан гэдэг, манай хүн байдаггүй, би тэр адууг нь тууж гаргадаг, сүүлдэз дийлдэхээ байхаар нь хүч нэмэгдүүлж 2 хүн авчирч төмөр хашаа барьсан юм. Урьд нь ургацын хохиролд орж байсан, энэ удаагийнх урьдынх шиг зүгээр өнгөрөх боломжгүй их хэмжээний хохирол учирсан гэх мэдүүлгүүд нь шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүхийн шийдвэрт тодорхой тусгагдсан.

 Гэрчүүдийн дээрх мэдүүлгүүдэд ******* нь ямар нэгэн хариу тайлбар хийж няцаагаагүй, маргаагүй болно. Үүнээс дүгнэхэд *******ын манай адуу ******* ******* ХХК-ний талбайд ороогүй, хохирол учруулаагүй гэдэг нь огт үндэслэлгүй юм.

3. *******, ******* нарын 4 азарга адуу улаан буудай тариалса-30 га талбайн 50 - 60%-ийг сүйтгэж, 15 га талбайн ургацыг хураах боломжгүй болгосон нь ургацын хохирол тогтоох тухай актаар тогтоогдсон бөгөөд бид энэхүү 15 га талбайн ургацын хохирлыг нэхэмжилж байгаа юм. Хохирлыг ХХААЯ, ХЗДХЯ СЯамны сайдын хамтарсан тушаалаар батлагдсан хохирол тооцох туха* аргачиллын дагуу тооцогдсон байх ба ******* ******* ХХК-ний 2022 оны ургацын урьдчилсан балансын дүн, ургац хураалтаар 1 га-гаас хураан авсан ургацын дүнгийн зөрүүгээр тооцоход 13 цн ургацын зөрүү гарсныг сүүлийн 3 жилийн гурилын үйлдвэрт тушаасан будааны дундаж үнэ 650 төгрөгөөр үнэ тогтоож, тус компанид 19,5 тн улаан буудайн буюу мөнгөн дүнгээр 12,675,000 төгрөгний хохирол учирсан нь тогтоогдчихоод байгаа юм.

Иймд хариуцагчийн ******* ******* ХХК-ний талбайд хохирол учирсан нь эргэлзээтэй гэсэн тайлбар нь үндэслэлгүй.

Иймээс Мандал сум дахь Сум дундын шүүхийн 149 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

 1.Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан тус компанийн Ташир гэх газарт тариалсан улаан буудайн 30 га талбайд 2022 оны 09 сарын 13-наас 09 сарын 18-ны өдрүүдэд (шөнө болгон) Баянгол сумын иргэн *******, ******* (ээж, хүү) нарын хээр, хар халзан, зээрд зүсмийн 4 азарга адуу орж, тариаг идэж, гишгэж, хөрвөөж сүйтгэснээс 15 га талбайн ургацыг хураах ямар ч боломжгүй болгож манай компанид 12,675,000 төгрөгийн хохирол учруулсан тул ургацын хохирол 12,675,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 217,730 төгрөг, нийт 12892730 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байх ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 2. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судлаад зохигчдын хооронд Гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаа үүссэн гэж дүгнээд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас 12,675,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна.

 3.Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан ба гомдлын үндэслэлээ шүүх нэхэмжлэгч талаас зэрэгцээ хоёр 30 га талбайн аль алинд нь Г.ын адуу хэдэн удаагийн давтамжтай, яг хэзээ орсон болох, Э.ын адуу хэзээ ямар давтамжтай орж ямар ямар хэмжээний хохирол учруулсан болох зэргийг нарийн тогтоолгүйгээр 2 айлын адууг автоматаар зэрэгцээ орших хоёр 30 талбайд тус бүрт нь хохирол учруулсан гэж үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж, түүнийгээ нотолж чадахгүй байхад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, ...мөн Ттүмэн******* ХХК-ийн хохирол учирсан гэх талбайд яг бодит хохирол учирсан нь эргэлзээтэй, ...Г., ******* нарын 100 гаруй тооны адуу орж 19,5 тн улаанбуудайн хохирол учруулсан гэдэг нь хангалттай нотлогдоогүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй болсон гэжээ.

 4.Давж заалдах шатны шүүх хэргийг хүлээн авч, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр үед хэргийн зохигчдоос эвлэрсэн тухай хүсэлт ирүүлсэн байх ба уг хүсэлтэд:

...************** ХХК-ийн нэхэмжлэлтэй *******, ******* нарт холбогдох Ургацын хохирол гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийн нэхэмжлэгч, хариуцагч бид дараах байдлаар эвлэрсэн болно. Үүнд:

1.Хариуцагч *******, ******* нар нь нэхэмжлэгч ******* ******* ХХК-д 1,000,000 /нэг сая/ төгрөг, 2 адуу өгнө.

2. Хариуцагч нар нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоосоо татгалзаж байна.

3. Нэхэмжлэгч нь дахин энэ асуудлаар нэхэмжлэл, гомдол гаргахгүй. Нэхэмжлэлээсээ татгалзаж байна

Эвлэрийн гэрээ байгуулсан:

Нэхэмжлэгч ************** ХХК төлөөлөгч А.Алимаа

Хариуцагч *******, ******* гэжээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэх эрхтэй бөгөөд энэхүү эрхээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эдлэх боломжтой тул шүүх бүрэлдэхүүн зохигчдын хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

 5.Зохигчид эвлэрэлдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нь гэм хорын хохиролд ******* ******* ХХК-д 1,000,000 төгрөг, 2 адуу өгөхөөр харилцан тохиролцсон бөгөөд зохигчдын энэхүү эвлэрэл нь хууль зөрчөөгүй, бусдын хууль ёсны эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 6.Иймд давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 168 дугаар зүйлийн 168.2-т тус тус зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 7.Зохигчид эвлэрэн хэлэлцснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болж байгаа тул хэргийн зохигчид нь тухайн шийдвэрт хяналтын журмаар гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2-р зааснаар зохигчид эвлэрэн хэлэлцсэн байх тул хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй, төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн

167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 168 дугаар зүйлийн 168.2-т тус тус зааснаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 149/ШШ2023/00200 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч *******, Г. нарт холбогдох хэргийн хариуцагч нар нь гэм хорын хохиролд 1,000,000 /нэг сая/ төгрөг, 2 адуу өгөхөөр нэхэмжлэгчтэй харилцан тохирч эвлэрэн хэлэлцснийг баталж, зохигчид эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 168 дугаар зүйлийн 168.2-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа төлсөн 217,730 төгрөг, хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 217,750 төгрөгийг тус тус орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү шийдвэрт зохигчид гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

  

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН

 

Б.ЭРДЭНЭХИШИГ

Top of Form