Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дагаагийн Байгалмаа |
Хэргийн индекс | 101/2015/11862/и |
Дугаар | 1330 |
Огноо | 2016-07-08 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 1330
Б.Одгэрэлийн нэхэмжлэлтэй,
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2016/03072 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Б.Одгэрэлийн
Хариуцагч А.Алтанхуяг, И.Батхуяг нарт холбогдох
Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 16 932 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Алтанцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн, 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхбуйр,
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Алтанцэцэг,
Хариуцагч нарын өмгөөлөгч М.Цэндсүрэн,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.
Нэхэмжлэгч Б.Одгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ариунтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний охин Б.Одгэрэл 2013 оны 11 сарын 01-ний шөнө А.Алтанхуяг, И.Батхуяг нартай авто машинд ахтайгаа хамт суун гэртээ харихаар Баянзүрх дүүргийн нутаг Кино үйлдвэрийн буудлаас Хужирбуланд хүрэхээр таксинд явдаг 45-29 УНА улсын дугаартай УНА улсын дугаартай субару форестер маркийн авто машинд суусан. Уг авто машины жолоочийг согтуу байсныг мэдээгүй бөгөөд уг жолооч Баянзүрх дүүргийн нутагт Оргил худалдааны төвийн урд явж байхдаа норд бенз маркийн 93-10 УНБ улсын дугаартай автомашины араас орж авто осол гарсан. Авто ослын улмаас Б.Одгэрэл нь тархиндаа хүнд гэмтэл авч гэмтлийн эмнэлэгт 35 хоног хэвтсэн, хэвтэн эмчлүүлэх хугацаандаа менингет туссан бөгөөд нугасны ус бараг 14 удаа авахуулж байж сэхсэн юм. Гэмтлийн эмнэлгээс гарч дүүргийн эмнэлгийн эмчийн хяналтад орсон, 2013 оны 02 дугаар сард 50 хувьтай группд орж, 2014 оны 02 дугаар сард группийнх нь хугацаа дууссан. Нүдний ухархайн ясны цөмрөлөөс болж зүүн нүд нь ширгэж эхэлсэн тул нүдний хагалгаанд орж жийрэг тавиулсан. Одоо баруун чих нь сонсголгүй, үнэрлэх, амтлах чадвараа алдсан, биенийхээ тэнцвэрийг алддаг тул цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. 2014 оны 02 сарын 24-ний өдөр 1 800 000 төгрөгөөр хагалгаанд орсон. Эм, тариа 892 000 төгрөг, сонсголын аппарат авах 350 000 төгрөг, сонсголын төвшин тогтоолгосон 70 000 төгрөг, нүдний ухархайн хагалгаанд орсон 1 800 000 төгрөг, 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс Хужирбулан дахь амьд зөгийн сувилалд 10 хоног 700 000 төгрөгөөр эмчлүүлсэн, дахин эмчлүүлэх шаардлагатай гэсэн ба 900 000 төгрөг энэ эмчилгээнд шаардагдана. Зөгий эмчилгээнд эхний удаа би сахиж хэвтсэн болохоор 700 000 төгрөг болсон. Одоо сахиулах шаардлагагүй болсон.
Б.Одгэрэл нь сард 832 569 төгрөгийн цалинтай байсан. 2013 оны 10 дугаар сараас 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдөр группд орох хүртэлх хугацааны цалинг 832 569 төгрөгөөр бодож, 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл cap бүр 115 000 төгрөг авч байсан тул 832 569 төгрөгөөс 115 000 төгрөгийг хасаж бодож гаргасан. Нийт 16 932 000 төгрөгийг И.Батхуяг, А.Алтанхуяг нараас нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч И.Батхуяг, А.Алтанхуяг нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Алтанцэцэгээс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Одгэрэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болох О.Ариунтуяагийн нэхэмжилсэн 16 932 000 төгрөгийг юуг үндэслэж гаргасан болохыг тодорхой мэдмээр байна. Тухайн үед эмчилгээний зардал болох 2 153 000 төгрөгийг өгч гомдолгүй болсон бөгөөд 2014 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн шийтгэх тогтоолоор А.Алтанхуяг И.Батхуяг нарыг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсан. Шийтгэх тогтоол хэрэгжсэнээс хойш А.Алтанхуяг, И.Батхуяг нар нь ажил хийгээгүй бөгөөд энэ их хэмжээний мөнгийг төлөх төлбөрийн чадваргүй. Бид ээжийн хамт айлын хашаанд амьдардаг. Одоогоор ажил олдохгүй, ээж маань айлын гэр цэвэрлэж, хүний бараа заралцаж хоол хүнсээ залгуулж амьдарч байна. Иймд амьдралыг минь харж үзэж уян хатан шийдэж өгнө үү гэв.
Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510
дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч А.Алтанхуяг, И.Батхуяг нараас 9 921 493
төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Одгэрэлд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн
шаардлагаас 7 010 507 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,
58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Б.Одгэрэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч А .Алтанхуяг, И.Батхуяг нараас 173 694 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Алтанцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд: 1. Нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч нотолж, баримтаа гаргаж өгөх үүрэгтэй, харин хариуцагч нь нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримттай танилцсаны үндсэн дээр түүнээс тэмдэглэл хийж, татгалзалаа илэрхийлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зохицуулсан, энэ заалт нь нэхэмжлэгч, хариуцагчийн хэн алинд нь хамааралтай байхад зөвхөн хариуцагчид хамааралтай мэтээр хэтэрхий нэг талыг барьж дүгнэсэнд гомдолтой байна. 2. Нэхэмжлэгч Б.Одгэрэл нь дүү А.Алтанхуяг, ах И.Батхуяг нарыг хамтран хариуцагчаар татсан, үүнийг анхан шатны шүүх жолооч, зорчигч хоёроос гэм хорын хохирол гаргуулан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. 3. Хариуцагч И.Батхуяг нь нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учруулсан хохирол төлбөрийг хүлээн зөвшөөрдөг бөгөөд гагцхүү хохирлын хэмжээг бодит нотлох баримтуудад үндэслэн төлөх тухайгаа шүүхэд бичгээр гаргаж өгсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-т "тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй" гэж заасны дагуу И.Батхуяг төлбөрийг хариуцахаар байна.
4. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Одгэрэлийн 16 932 000 төгрөгийн нэхэмжпэлийн шаардлагаас эрүүл мэндийн хохиролд 2 570 000 төгрөг, аваагүй байсан цалин 7 351 493 төгрөг нийт 9 921 493 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь нотлох баримтаар нотлогдоогүй, нотлох баримтын шаардлага хангаагшй төлбөрийг гаргаж шийдвэрлэсэн. Төлбөрөөс 9 921 493 төгрөгөөс 2 759 660 төгрөгийн хохирол нь нотлох баримтгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шийдвэрт өөрчлөлт оруулж багасгаж, мөн хариуцагч А.Алтанхуягт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчснөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч Б.Одгэрэл нь хариуцагч А.Алтанхуяг, И.Батхуяг нарт холбогдуулж зам тээврийн ослын улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 16 932 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч нар эс зөвшөөрч нэхэмжлэлд заагдсан дүн тодорхой бус, хохирлыг барагдуулсан, ажил, орлогогүй тул хохирол төлөхгүй гэсэн үндэслэл зааж маргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасэн эрхээ хэргийн оролцогчид эдлэх боломжоор шүүх хангах үүрэгтэй.
Хариуцагч И.Батхуяг, А.Алтанхуяг нар тээврийн хэрэгслийг ашиглах явцдаа өөрсдийн буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид учирсан хохирлын хэмжээний талаар маргасан байхад шүүх Тээврийн прокурорын газрын эрүүгийн хэргээс авсан 40 хуудас нотлох баримтыг шүүх хуралдаанд оролцож буй хариуцагч нарынн итгэмжлэгдсэн төлөөлөгчид танилцуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгосныг хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлын талаар талуудын мэтгэлцэх эрхийг хангасан гэж үзэх боломжгүй байна.
Мөн нэхэмжлэгч хагалгаанд хэзээ, хаана орсон, эмнэлэгт ямар хугацаагаар хэвтсэн үйл баримт нотлох баримтаар тогтоогдоогүй байхад нүдний ухархайн хагалгаанд орсон 1 800 000 төгрөг, зөгийн сувилалд 10 хоног 700 000 төгрөгөөр эмчлүүлсэн, “ЭМЖЖ” ХХК-д 70 000 төгрөгийн шинжилгээ хийлгэсэн нийт 2 570 000 төгрөгийн баримтаар хохирлыг тооцон гаргасан нь үндэслэл муутай тодорхой бус болжээ.
Хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэлд хамаарах баримтууд болох амбулаториор эмчлүүлэгсдийн карт болон эмчилгээ хийлгэсэн, эмчийн бичсэн дүгнэлтүүд дотор гадаад хэл дээр буюу латин, орос хэлээр бичсэн оношийг орчуулсан байх шаардлагатай. Энэ шаардлагыг хангаагүй байгаа тохиолдолд шүүх үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй. Эдгээр баримтууд нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролтой холбоотой, талуудын маргааны үйл баримтад шууд хамааралтай нотлох баримт учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангуулсан байх учиртай.
Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх тухай асуудлыг шийдвэрлэнэ. Нэхэмжлэгчээс гаргасан улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх ба нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхэд шүүх дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх байжээ.
Тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учруулсан тээврийн хэрэгслийн эзэмшигч гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй тул, энэ талаархи хуулийн илүү нарийвчилсан зохицуулалтыг анхаарах нь зүйтэй.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасны дагуу хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2016/03072 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Алтанцэцэгээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД
Д.БАЙГАЛМАА