Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2019/0350

 

 

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар221/МА2019/0350

Улаанбаатар хот

“Т” ХХК-ийн гомдолтой

   захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г, хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч М.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2018/0233 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлоор, “Т” ХХК-ийн гомдолтой, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч И.Х, М.Б нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2018/0233 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан төлөөлөн гомдол гаргагчийн “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч И.Х, М.Б нарын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 8-6-5 дугаартай Зөрчлийн хэрэг үүсгэсэн тогтоолыг хүчингүй болгуулах тухай” гомдлыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож”

2 дахь заалтаар: “Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2, 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.5, 4.1 дүгээр зүйлийн 3-т заасныг баримтлан “Т” ХХК-ийн гомдлын шаардлагыг хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч И.Х, М.Б нарын 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 0005510 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Хариуцагч нар давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх анхан шатны шүүх шийдвэртээ “эрх бүхий албан тушаалтан ... үзлэгийн ажиллагааг хийж тэмдэглэл үйлдэхдээ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг хангахгүйгээр буюу прокурорын зөвшөөрөлгүйгээр явуулсан байна ... үүгээрээ Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчмыг алдагдуулсан” гэсэн нэг л үндсэн агуулга бүхий дүгнэлт хийх замаар “Т” ХХК-д ногдуулсан 5 сая төгрөгийн шийтгэлийн хуудсыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Үүнийг олон талаар хуульд нийцээгүй, хууль буруу хэрэглэсэн, шударга ёсонд нийцээгүй дүгнэлт хийх замаар шийдвэр гаргасан гэж үзэж байна.

1. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлд заасан “Хууль ёсны зарчим”-д “үзлэгийг прокурорын зөвшөөрөлгүй хийсэн буюу процессийн алдаатай нотлох баримт /тэмдэглэл/ зөрчлийн хэрэгт авагдсан тохиолдолд шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох зарчим байхгүй байна. Харин ч процессийн алдаа /анхан шатны шүүх дүгнэсэн/-тай нотлох баримт хэрэгт авагдсан эсэхээс үл хамаараад зөрчлийн шинж байдал, хор хохиролд тохируулан буруутай этгээдэд заавал хариуцлага ногдуулах шинжийг агуулсан зарчмууд байгаа юм.

Мөн тус хуулийн 1.3 дугаар зүйлд “Шударга ёсны зарчим”-ыг тодорхойлж өгсөн байх бөгөөд зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байхаар заасан байна. Эдгээрээс үзэхэд анхан шатны шүүх шийдвэртээ тодорхой бус, шийдвэрийн агуулгатай зөрчилтэй болон эсрэг, үндэслэлгүй зарчим удирдлага болгосон гэж үзэж байна.

2. Процессийн алдаатай нотлох баримт хэрэгт авагдсан гэж анхан шатны шүүх үзэж байгаа тохиолдолд алдаатай гэж үзсэн нотлох баримтыг үнэлэхгүйгээр илүү бодитой, шударга ёсонд нийцэх байдлаар хэргийг шийдвэрлэх хууль зүйн бүрэн боломжтой байгаа хэдий ч үүнийг эрэлхийлэлгүй нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байна. Мөн тухайн зөрчилтэй гэж үзэж байгаа нотлох баримт хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хэрхэн нөлөөлөх талаар ч анхан шатны шүүх шийдвэртээ дүгнэх шаардлагатай байгаа юм.

Мөн нөгөө талаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд хуулийг зөв хэрэглэх болон зөрчлийн хэрэг бүртгэлтийн процесст хяналт тавих эрх хуулиар прокурорын байгууллагад байгаа ба прокурорын зүгээс ийнхүү алдаатай байна гэж үзвэл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1.1-д “зөрчлийн хэрэг бүртгэлт хуулийн хүрээнд явагдаж байгаа эсэхийг хянах;” чиг үүргийн хүрээнд дүгнэлт гаргаж шүүхэд хүргүүлэхээр байгаа юм. Гэтэл оролцогчдын зүгээс эрх бүхий албан тушаалтныг хууль бус үйл ажиллагаа явуулсан талаар гомдол гаргаагүй, прокурорын зүгээс ямар нэг шийдвэр гараагүй буюу тодорхой үйл баримт байхгүй байхад анхан шатны шүүх нотлох баримтыг хуульд заасан арга хэлбэрээр бүрдүүлсэн гэж үзэж байгааг үндэслэлгүй байна гэж үзэж байна.

3. Анхан шатны шүүх "эрх бүхий албан тушаалтан ... үзлэгийн ажиллагааг хийж тэмдэглэл үйлдэхдээ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг хангахгүйгээр буюу прокурорын зөвшөөрөлгүйгээр явуулсан байна” гэсэн дүгнэлтийг хуульд нийцээгүй гэж үзэж байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Орон байранд прокурорын зөвшөөрлөөр үзлэг хийх” гэж заасны дагуу бүхий л үзлэгийг прокурорын зөвшөөрлөөр хийхээр дүгнэн шийдвэрлэсэн байгааг хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт гэж үзэж байна.

Эрх бүхий албан тушаалтан нь бодит байдалд хяналт шалгалтын явцад шатахуун түгээх станцийн үйл ажиллагаанд үзлэг, шалгалт хийсэн, түүнээс бусдын “орон байр”-д үзлэг хийсэн нэг ч үйл баримт байхгүй юм. Өрсөлдөөний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3.4-д улсын байцаагч нь “хяналт шалгалтын явцад зөрчлийн ул мөр, нотлох баримт олох, зөрчлийн талаархи ач холбогдол бүхий бусад байдлыг тодруулах зорилгоор шалгагдаж байгаа этгээдийн бие, албан тасалгаа, үйлдвэрийн газар, агуулах болон бичиг баримт, компьютер, эд зүйлд үзлэг хийх, шаардлагатай баримт материал, эд зүйлийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу түр хураан авах” гэж заасны дагуу хуулиар өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд холбогдох үзлэг, шалгалтыг хийсэн болно.

4. Эрх бүхий албан тушаалтан прокурорын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, зөвшөөрөл авсны дагуу дугаар бүхий зөрчлийн хэрэг үүсгэж шалгасан. “Т” ХХК-д зөрчлийн хэрэг үүсгэгдэн шалгагдах явцад бусад зэрэгцээ компани болох “О” ХХК, ”Жи Эм ойл” ХХК-д мөн адил шийтгэл ногдуулсан бөгөөд анхан шатны шүүхэд гомдол гаргасан байдалтай байгаа. “О” ХХК-ийн гомдлыг анхан шатны шүүхээс хууль хоорондоо зөрчилтэй, Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар шийдэл гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн байгаа атал хэргийг нэгтгэн шийдвэрлэх шаардлагатай байсан боловч ийнхүү шийдвэрлэснийг үндэслэлгүй байна гэж үзэж байна.

5. Гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн боловч тэмдэгтийн хураамжийн зарим хэсгийг хасаж тооцоогүй байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

6. Гомдлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан тусгай журмаар шийдвэрлэсэн бөгөөд гомдол гаргагчийн зүгээс нотлох баримт гаргах хууль зүйн боломжгүй байхад нотлох баримтыг хэрэгт авсан нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна.

7. Шийдвэрийг 2018 онд гаргасан боловч шийдвэрт “2017 он” гэж алдаатай бичигдсэн байна.

8. Хэргийн материалд улсын байцаагчийн дүгнэлт авагдсан бөгөөд дүгнэлтийг хүчингүй болгох эсэхийг шийдээгүй буюу зөрчлийн хэргийн агуулга шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад зөвхөн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. 

 9. Нефтийн бүтээгдэхүүний импорт, худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд нь төрөөс хийгдэж буй зохицуулалтын хүрээнд зээл, тусламж, хөнгөлөлтөд хамрагддаг, гэтэл нөгөө талаар өрсөлдөөн, хэрэглэгчийн эрхийг хамгаалах хүрээнд төрийн эрх бүхий хяналтын байгууллагаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх шаардлага бодит байдалд тулгамдсан асуудал болоод байна. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын зүгээс шатахуун худалдаалагч аж ахуй эрхлэгчдийн 2017 оны сүүлээс 2018 оны 3 сар хүртэл хугацаанд үргэлжилсэн борлуулалтаа хязгаарласан болон үнэ, тарифаа нэмэгдүүлсэн нь нийгэм, эдийн засгийг бүхэлд нь хамарсан тогтворгүй байдал үүсгэсэн, хэрэглэгчдийг бухимдуулсан үйлдлийг шалгаж тодорхой шийдвэрүүдийг гаргасны нэг нь тус шийтгэлийн хуудсаар ногдуулсан торгууль болно. Үндэсний статистикийн хорооноос 2018 оны I улиралын статистикийн дүнгээр нефть бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалсан хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс өмнөх оны мөн үеэс 6.6 хувиар нэмэгдсэн гэж дүгнэсэн байна.

Нийгэм, эдийн засаг болон олон нийтэд илэрхий, илт хор хохирол учирсан зөрчил үйлдэгдсэн байхад зөрчлийн хэрэг процессийн алдаатай гэсэн байдлаар дүгнэлт хийх замаар торгуулийг хүчингүй болгон шийдвэрлэсэн нь олон талаар хуультай зөрчилдөж, шударга ёсонд нийцэхгүй байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нарын давж заалдах гомдлын хүрээнд шүүхийн шийдвэрийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэлтэй байна.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч И.Х, М.Б нарын 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 0005510 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1.1 /үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч барааны талаар үнэн зөв, бодит мэдээллээр хэрэглэгчийг хангах/-д заасныг зөрчсөн гэсэн үндэслэлээр “Т” ХХК-д таван мянган нэгж буюу 5,000,000 төгрөгийн торгууль ногдуулжээ.

“Т” ХХК-аас уг шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч гаргасан гомдлын шаардлагын үндэслэлээ “...шатахууны хязгаарлалт огт хийгээгүй, тухайн үед шатахуун түгээх станцуудад засвар үйлчилгээ хийгдэж байсан” гэж тодорхойлсныг хариуцагчаас бүхэлд нь эс зөвшөөрч  маргасан байна.

Гэтэл  анхан   шатны   шүүхээс   маргаан   бүхий   актын  үндэслэлд  дүгнэлт

өгөлгүйгээр зөвхөн “...хариуцагч нар үзлэгийн ажиллагааг хийж тэмдэглэл үйлдэхдээ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.3 дугаар зүйлийн 2-т “Орон байранд прокурорын зөвшөөрлөөр үзлэг хийнэ” гэж заасныг хангаагүй, Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчмыг алдагдуулсан” гэсэн дүгнэлтээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

Учир нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нь Өрсөлдөөний тухай хуулийн хуулийн 20 дугаар зүйлийн 20.3.4-д заасан эрхийнхээ хүрээнд зөрчлийн талаарх ач холбогдол бүхий бусад байдлыг тодруулах зорилгоор 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр холбогдогч компанийн ажилчдаас тайлбар авч, тэмдэглэл үйлдсэнийг[1] анхан шатны шүүх “орон байранд прокурорын зөвшөөрөлгүйгээр үзлэг, хийж тэмдэглэл үйлдсэн” гэж дүгнэсэн нь буруу, энэхүү дүгнэлтээр шийтгэлийн хуудсыг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах талаар дараахь зарчмыг баримтална”, 4.1.2-т “хэрэглэгч нь бараа, ажил, үйлчилгээний талаар үнэн зөв мэдээлэл олж авах,  хэрэглээний соёл эзэмших боломжоор хангагдсан байх” гэж заажээ.

Гэтэл “Т” ХХК-ийн шатахуун түгээх 1, 4, 10, 14, 30 дугаар станцууд нь шатахуун борлуулах үйл ажиллагаагаа тодорхойгүй шалтгаанаар зогсоосон, зарим станцуудын хувьд засвар хийж байгаа гэж тайлбарласан боловч бодит байдал дээр засвар үйлчилгээ хийгдээгүй буюу хэрэглэгчдэд ийнхүү шатахуунаа борлуулахгүй байгаа шалтгаан, нөхцөлийн талаар үнэн бодит мэдээллээр хангах хуулийн дээрх зохицуулалтад заасан үүргээ хэрэгжүүлээгүй болох нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 5/01 дүгээр удирдамжийн дагуу хийгдсэн хяналт шалгалтын үзлэгийн болон холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, хэрэглэгчийн төв 1800-1284 утсанд 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 05-ны өдрүүдэд хэрэглэгчдээс ирсэн гомдол, мэдээллүүд, дүрс бичлэг, зурган баримтуудаар, мөн тус компанийн төв болон шатахуун түгээх 5 дугаар станцад АИ-92 болон дизель түлшийг 30,000 төгрөгөөс дээш хэмжээгээр борлуулахыг хязгаарлаж, энэ талаараа үнэн зөв бодитой мэдээлэл өгөөгүй болох нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1/19 дүгээр удирдамжийн дагуу хийгдсэн хяналт, шалгалтын тэмдэглэл, илтгэх хуудас[2], аудио бичлэг зэрэг баримтуудаар тогтоогдсон тул хариуцагчаас Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1.1-д Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль зөрчиж “үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч барааны талаар үнэн зөв, бодит мэдээллээр хэрэглэгчийг хангах” үүргээ биелүүлээгүй бол хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасны дагуу “Т” ХХК-д шийтгэл ногдуулсныг буруутгах боломжгүй байна.

Нөгөөтэйгүүр, тус компанийн гаргасан зөрчлийг дээрх хяналт шалгалтуудаар тогтоосон цаг хугацаа болон тус компанийн шатахуун түгээх станцуудад урсгал засварын ажил хийгдсэн болон “Интерактив” ХХК-аар засвар, үйлчилгээ хийлгэсэн гэх цаг хугацаа хоорондоо давхцалгүй болох нь “Интерактив” ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 17/118 дугаар албан бичиг болон “Т” ХХК-ийн 2017 оны төлөвлөгөөт урсгал засварын ажлын төлөвлөгөөгөөр тогтоогдож байх тул гомдол гаргагчийн “тухайн үед шатахуун түгээх станцуудад засвар үйлчилгээ хийгдэж байсан” гэх тайлбар үндэслэлгүй байна.

Эдгээр үндэслэлээр шүүхийн шийдвэрт “Т” ХХК-аас улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гаргасан гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчөлтийг оруулж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2018/0233 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1.1-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Т” ХХК-ийн “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч И.Х, М.Б нарын 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 0005510 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу гомдол гаргагч “Т” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.БАТБААТАР

   ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР

   ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН