Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2022/0038

 

 “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

АМГТГ-ын КХ-т холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:                    П.Соёл-Эрдэнэ

            Шүүгчид:                                        М.Батсуурь

                                                                     Х.Батсүрэн

                                                                     Д.Мөнхтуяа

            Илтгэгч, Танхимын тэргүүн: Ч.Тунгалаг

            Нарийн бичгийн дарга:            Т.Даваажаргал

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 09 дүгээр шийдвэр, 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 201 дугаар магадлалтай,

Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 05 дүгээр сарын 30-ны өдрийн 228 дугаар тогтоолоор хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн хэргийг хариуцагчийн хяналтын журмаар  гаргасан гомдлоор, нэхэмжлэгч Г.М, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага:

1. Нэхэмжлэгч “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 368 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 8/4415 дугаар, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 8/5148 дугаар албан бичгээр ашигт малтмалын ашиглалтын МV-014840 дугаар тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг сунгахаас татгалзсан хариуг хууль бус болохыг тогтоож, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Хэргийн нөхцөл байдал:

2.1 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 002 дугаар хүсэлтэд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 8/4415 дугаар албан бичгээр “МV-014840 тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөх хугацаа Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасны дагуу буюу 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр байсан бөгөөд мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6, 34.7 дахь хэсэгт тус тус зааснаар ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөх боломжтой байсан хугацаа 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр байсан, тусгай зөвшөөрлийн төлбөрийн хугацааг сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариуг өгсөн.

 2.2 2020 оны 10 дугаар сарын 16-ны 20/05, 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 06/20 дугаар хүсэлтэд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 8/5148 дугаар албан бичгээр “...танай компанийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 20/05 тоот, 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 06/20 тоот албан бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу Захиргааны ерөнхий хуулийн 26, 27, 50 дугаар зүйлд заасан журмын дагуу сонсох ажиллагааг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хийсэн бөгөөд компаний зүгээс гаргасан баримт бичиг, тайлбар, саналтай танилцахад Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 368 дугаар шийдвэрийг хүчингүй болгож танай хүсэлтэд дурдсан тусгай зөвшөөрлийн ээлжит төлбөрийг төлөх хугацааг 6 сараар сунгах боломжгүй” гэсэн хариу өгсөн.

2.2 Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 368 дугаар шийдвэрээр “Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн МҮ-014840 дугаар тусгай зөвшөөрөл”-ийг цуцалсан.

3. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:

3.1 “А” ХХК нь Англи улсын “G M h S” компанийн хөрөнгө оруулалттайгаар үүсгэн байгуулагдсан гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд юм.  Манай компаниас 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 02 тоот, 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 03 тоот албан бичгүүдээр хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг хойшлуулах тухай хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст тус тус хүргүүлж шийдвэрлэгдээгүй. 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр тухайн хүсэлтүүдийг шийдвэрлэх сонсох ажиллагаа хийгдэхээр байсан гэтэл Кадастрын хэлтсийн дарга манай хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг хойшлуулах тухай хүсэлтийг шийдвэрлээгүй, тухайн хүсэлтийг шийдвэрлэх талаар Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26 дугаар зүйлд заасан ажиллагааг тус тус явуулаагүй хуулийг зөрчиж Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 368 шийдвэр гаргасан. Кадастрын хэлтсийн дарга дарааллын хувьд манай тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг хойшлуулах тухай хүсэлтийг шийдвэрлэсний дараа тусгай зөвшөөрлийг цуцлах эсэх асуудлыг шийдвэрлэх ёстой байсан. 

3.2 2020 онд дэлхий даяар Ковид-19 цар тахлын улмаас аж ахуйн нэгжүүд хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Монгол Улсын хэмжээнд Засгийн газрын тогтоол, Улсын онцгой комиссын шийдвэрээр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хорио цээрийн дэглэм тогтоогдсон байсан. Тодорхой нэр заасан үйл ажиллагааны чиглэлээс бусад аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоосон. Мөн тус компанийн хөрөнгө оруулагчид нь гадаадын иргэд тул өөрийн улс орондоо хөл хорионд орсон шалтгааны улмаас манай компанийн үйл ажиллагаа давагдашгүй хүчин зүйлийн нөлөөнд орж, тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг хугацаанд нь төлөх боломжгүй болсон. 

3.3 Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41.г, 6.1.41.д-д тус тус тайлбарласнаар манай компанийн хувьд Ковид-19 цар тахлын улмаас давагдашгүй хүчин зүйлийн нөлөөнд орж, тусгай зөвшөөрлийн төлбөрөө хугацаанд нь төлж чадаагүй нь хуулийн дээрх тайлбарын дагуу хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарч байгаа бөгөөд өнөөдөр дэлхий даяар үүсээд байгаа нөхцөл байдлаас нийтэд илэрхий байдлаар нотлогдож байгаа. Түүнчлэн бид давагдашгүй хүчин зүйлийн улмаас тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлж чадахгүй нөхцөл байдалд орсноо Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын шинжээчдээр тогтоолгож 02/477 дугаартай "Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ" авсан гэж маргасан.

4. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

4.1 “А” ХХК-иас ирүүлсэн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 002 дугаартай “Тусгай зөвшөөрлийн талбайн төлбөрийг хойшлуулах” тухай хүсэлтэд 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 8/4415 дугаартай албан бичгээр,  мөн 2020 оны 10 дугаар сарын 16, 23-ны өдрийн 20/05, 06/20 дугаартай албан бичгүүдэд 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 8/5148 дугаартай албан бичгээр хариу хүргүүлсэн. “А” ХХК нь өөрийн эзэмшиж байсан ашигт малтмалын ашиглалтын MV-014840 дугаартай тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасны дагуу төлөөгүй тул ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 368 шийдвэрээр цуцалсан гэж тайлбар гаргажээ.

5. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 09 дүгээр шийдвэрээр:

5.1 Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан “А ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 368 дугаар шийдвэрийг хүчингүй болгох, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 8/4415 дугаар, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 8/5148 дугаар албан бичгээр ашигт малтмалын ашиглалтын MV-014840 тоот тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг сунгахаас татгалзсан хариуг хууль бус болохыг тогтоох, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

5.2 Анхан шатны шүүх дараах дүгнэлт хийсэн:

5.2.1  Коронавируст халдвар /КОВИД-19/ цар тахалтай холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах хууль батлан мөрдүүлсэн бөгөөд тус хуульд холбогдох эрх бүхий байгууллагаас ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг хойшлуулах, түдгэлзүүлэх зэрэг аливаа асуудлыг зохицуулаагүй бөгөөд Ашигт малтмалын тухай хуульд тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг заасан бөгөөд тус хугацааг хойшлуулах эрхийг хуулиар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст олгоогүй учир хариуцагчийг төлбөр төлөх хугацааг хойшлуулаагүй гэж буруутгах үндэслэлгүй. 

5.2.2 Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхай, кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 8/2125 дугаар албан бичгээр “А” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.М-ыг оролцуулан 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 09 цаг 50 минутад явуулсан сонсох ажиллагаа явуулсан, материал хүлээлцсэн тэмдэглэлийг ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан ... Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26 дугаар зүйлд заасан ажиллагааг тус тус явуулаагүй, хуулийг зөрчиж Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 368 шийдвэр гаргасан гэх үндэслэлийг хүлээн авах боломжгүй.

6. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 201 дүгээр магадлалаар:

6.1 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3, 24.4, 25 дугаар зүйлийн 25.1, 25.1.2, 26 дугаар зүйлийн 26.1, Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41, 6.1.41.г-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 368 дугаар шийдвэрийн “А” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 8/4415 дугаар, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 8/5148 дугаар албан бичгээр ашигт малтмалын ашиглалтын МҮ-014840 дугаар тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг сунгахаас татгалзсан хариуг хууль бус болохыг тогтоож, ашигт малтмалын ашиглалтын МҮ-014840 дугаар тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэсэн.

6.2 Магадлалд хийсэн дүгнэлт:

6.2.1 Нэхэмжлэгч Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан төлбөр төлөх хугацаа хэтэрсэн хоног буюу “боломжит хугацаа”-г хэтрүүлсэн нь нэхэмжлэгчийг зөвтгөх үндэслэл болохгүй ч, хариуцагч Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд бүрэн төлөөгүй” гэсэн хуулийн урьдчилсан нөхцөлийн талаар нэхэмжлэгчээс “холбогдох нотлох баримт, тайлбар, мэдэгдэх, сонсгох, бодит нөхцөл байдал” зэрэг холбогдох ажиллагааг явуулалгүйгээр нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцалсан нь үндэслэлгүй бөгөөд хариуцагчийн үйл ажиллагаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” гэж заасан зарчимд нийцээгүй.

6.2.2 Ашигт малтмалын тухай хуульд тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг хойшлуулах талаар зохицуулалт байхгүй ч тусгай зөвшөөрлийн төлбөр нь албан татварын нэг төрөл бөгөөд Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41-д "хүндэтгэн үзэх шалтгаан" гэж хуулийн нэр томьёог тодорхойлж, 6.1.41.г-д “хуульд заасан эрх бүхий этгээдийн зарласан нийтийг хамарсан аюулт халдварт өвчний улмаас хорио цээр тогтоосон бүсэд хоригдсон” гэж зааснаар Монгол Улсын Засгийн газраас Ковид-19 цар тахалтай холбогдуулан гарсан 2020 оны 30, 39, 63, 102, 103 дугаар тогтоолыг үндэслэн Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ” 02/477 дугаар гэрчилгээг нэхэмжлэгчид олгосон, нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаандаа төлөхөөс зайлс хийгээгүй, хуулиар хүлээсэн үүргээ мэдсээр байж зөрчсөн гэж үзэхгүй. Харин давагдашгүй хүчин зүйлийн улмаас төлөх хугацааг хойшлуулах хүсэлттэй байгаагаа хариуцагчид 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 02 дугаар албан бичгээр, 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн “Хүсэлт гаргах тухай” 03 дугаар албан бичгээр, 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 20/05 дугаар албан бичгээр, 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 05/20 дугаар албан бичгээр илэрхийлсэн байна.

6.2.3 Хариуцагчаас Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэж зохицуулсан байхад мэдэгдэл өгөөгүй.

6.2.4 Захиргааны ерөнхий хуульд заасан холбогдох нотлох баримт, тайлбар авах, мэдэх сонсох ажиллагаа зэргийг явуулаагүй атлаа “тусгай зөвшөөрлийн төлбөрийн хугацааг сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй” гэж татгалзсан хариу өгсөн нь хууль бус байна.

7. Хариуцагчийн хяналтын хяналтын журмаар гаргасан гомдлыг 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 228 дугаар тогтоолоор гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

8. Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:

8.1 Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн дарга Д.Б гомдолдоо:  “Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтуудыг зөрүүтэй хэрэглэж хэргийг хянан шийдвэрлэсэн.  Магадлалын хянавал хэсэгт: “...нэхэмжлэгч Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан төлбөр төлөх хугацаа хэтэрсэн хоног буюу “боломжит хугацааг” хэтрүүлсэн нь нэхэмжлэгчийг зөвтгөх үндэслэл болохгүй ч ...” хэмээн хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

8.1.1 Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйл, 56 дугаар зүйлийн 56.2, 56.3, 56.4 дэх хэсгүүдийг зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн. Магадлалын хянавал хэсэгт: "... зөвхөн “хуульд заасан хугацаанаас өмнө төлбөр төлөх байсан” гэж үйл баримтыг дүгнэж, маргааны үйл баримтыг бүрэн дүүрэн дүгнэх үүргээ хэрэгжүүлээгүй байна” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон гэж үзэж байна.

8.1.2 Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41 дэх заалтыг зөрүүтэй тайлбарлан хэргийг хянан шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх “гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ”-г болон бусад нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан бодит нөхцөл байдлыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэлгүй хэт нэг талыг барьсан магадлал гаргасан.

8.1.3 Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 201 дугаартай магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

9. Хэргийн бусад оролцогчийн байр суурь: Нэхэмжлэгч Г.М, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н нар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх.

ХЯНАВАЛ:

10. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

11. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20-д “... “тусгай зөвшөөрлийн төлбөр" гэж тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах зорилгоор эзэмшигчээс нь энэ хуульд заасны дагуу төлөх төлбөрийг” ойлгохоор, “төлбөр”-ийг хуульд заасан хугацааны дотор, хэмжээгээр, бүрэн гүйцэд төлөөгүй бол тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл болохоор хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан бөгөөд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөртэй холбоотой аливаа харилцааг уг хуулиар тусгайлан зохицуулсан байна.

12. Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж заасны дагуу нэхэмжлэгч “А” ХХК нь ашигт малтмалын ашиглалтын MV-014840 дугаар тусгай зөвшөөрлийнхөө ээлжит жилийн төлбөрийг 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс өмнөөс төлөх ёстой бөгөөд нэхэмжлэгч “төлбөр” төлөх хугацааны талаар маргаагүй, харин уг хугацааг хойшлуулж буюу 6 сарын дараа төлөхийг хүссэн, энэ учир шалтгааныг 2020 оны 2 дугаар сараас “Ковид-19” -ын цар тахал дэлхий дахинд дэгдэж “А” компанийн хөрөнгө оруулагч АНУ-ын 2 иргэн өөрийн улсдаа хөл хорионд орсон, Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр бэлэн байдлын зэрэгт шилжсэнээр олон улсын нислэгүүд зогссон, Монгол улсад ирэх, бизнесийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон, компани санхүүгийн хүндрэлд орсон, уг байдлыг тогтоож Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас “Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ” олгосон гэж маргажээ.

13. Анхан шатны шүүх, хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд холбогдуулан Улсын Их Хурал 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр баталж, мөн өдрөөс дагаж мөрдсөн Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг хэрэглэхдээ зөв тайлбарлаж хэрэглэсэн, харин давж заалдах шатны шүүх “маргааны үйл баримтыг зөв тодорхойлоогүй” гэж үндэслэлгүй дүгнэсэн, улмаар үүнийгээ бататгаж магадлалын 4.3, 4.4, 5-д хийсэн “... төлбөр, алдангийг Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг үндэслэн төлсөн, ... маргаан бүхий акт гарсан цаг хугацаа, түүнд заасан хуулийн урьдчилсан нөхцөл арилсан, ... хэргийн нөхцөл өөрчлөгдсөн” гэх дүгнэлтүүдээр нэхэмжлэлийг хангахдаа, хянаж буй захиргааны актыг ямар хууль хэрхэн зөрчсөн талаар дүгнээгүй, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн “төлбөр” төлөх хугацааг сунгах, хойшлуулах, тодорхой хугацаанд түдгэлзүүлэх зэрэг эрх хэмжээ хариуцагчид олгогдоогүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгээгүй атлаа ийм шийдэл хийж, хэргийг буруу шийдвэрлэсэн байна.

14. Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д “энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулах”-аар, 34.7-д “энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлах”-аар зааснаас үзвэл “төлбөр” төлөх хугацааг ямар нэгэн шалтгаанаар хэтрүүлэх хоног 30-аас илүүгүй байхаар тогтоосон, энэ тохиолдолд, нэхэмжлэгчийн “төлбөр төлөх хугацааг 6 сараар сунгуулах, сунгагдсан хугацаанд төлбөрийг алдангийн хамт төлөх, сонсох ажиллагаа явуулж өгөх” зэрэг хүсэлтүүдийг хариуцагч шийдвэрлэж 2020 оны 8/4415 дугаар, 2020 оны 8/5148 дугаартай албан бичгээр хариу өгсөн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

15. Түүнчлэн, давж заалдах шатны шүүх Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41-д тодорхойлсон “хүндэтгэн үзэх шалтгаан”-д тооцогдох ойлголтыг буюу тус зүйлийн “г”-ийн “хуульд заасан эрх бүхий этгээдийн зарласан нийтийг хамарсан аюулт халдварт өвчний улмаас хорио цээр тогтоосон бүсэд хоригдсон” гэснийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд холбогдуулж хэрэглэхдээ буруу тайлбарласан байна.

16. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн өдрийг банкны гүйлгээ хийсэн өдрөөр тооцох бөгөөд холбогдох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлснээр тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөнд тооцох”-оор зааснаас үзвэл, төлбөрийг бэлэн бусаар төлөх агуулгатай тул энэ тохиолдлын “Ковид-19”-ын цар тахлын улмаас улс хооронд зорчих эрх хязгаарлагдсан гэх нөхцөл байдал нь “төлбөр”-ийг хуульд заасан хугацаанд төлөх боломжгүй байсан “хүндэтгэн үзэх шалтгаан”-д тооцогдохгүй, нөгөө талаар Монгол Улс руу “зорчих эрх хязгаарлагдмал” байсныг “хуульд заасан эрх бүхий этгээдийн зарласан нийтийг хамарсан аюулт халдварт өвчний улмаас хорио цээр тогтоосон бүсэд хоригдсон” гэдэгт адилтгаж буруу тайлбарлажээ.

Иймээс “А” ХХК-ийн хөрөнгө оруулагч, үүсгэн байгуулагч болох АНУ-ын нэр бүхий хоёр иргэн нь Монгол улсад ирж, тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй, компани санхүүгийн хүндрэлтэй байсан нь тусгай зөвшөөрлийн “төлбөр”-ийг Ашигт малтмалын тухай хуулиар тусгайлан тогтоосон хугацаанаас хойш 6 сарын дараа төлөх тухай хүсэлтийг татгалзсан хариуцагчийн татгалзал хуульд нийцжээ.

17. Хэрэгт авагдсан АМГТГ-ын Кадастрын хэлтсийн 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 8/3947 дугаар “Мэдэгдэл”-ээр тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлсөн тухай баримтыг ирүүлэх, ирүүлээгүй тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар үйлийн 56.1.2-т зааснаар тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдэх талаар, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д заасан хувь хэмжээний алдангийг хуулийн 34.7-д заасан хугацаанд төлөх боломжтойг мэдэгдсэн уг  баримтыг давж заалдах шатны шүүх үнэлээгүй атлаа “мэдэгдэл” өгөөгүй байна гэж, мөн нэхэмжлэгчийн “төлбөр” төлөх хугацааг сунгуулах тухай 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн хүсэлтийг шийдвэрлэж, хариуцагчаас 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 8/4415 дугаар албан бичгээр тодорхой хариу өгсөн байхад эдгээрийг үнэлж, дүгнээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т заасан “үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, ... /ыг/ тусгана” гэж заасанд нийцэхгүй байна.

18. Нөгөө талаар “мэдэгдэл” авснаар төлбөр төлөх үүргээ биелүүлэх байсан гэж дүгнэх боломжгүй, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн маргаагүй уг асуудлыг дүгнэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсгийн зохицуулалтыг түүний зорилго, агуулгад нийцүүлж хэрэглээгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана”, 56.3-т “энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ”, 56.4-т “төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ” гэж тус тус зааснаар, тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөөгүйгээс тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэнийг “мэдэгдэх нь” уг мэдэгдлийг хүлээн авснаар “төлбөр” төлөх үүргээ биелүүлэх агуулгагүй, харин тусгай зөвшөөрөл эзэмшигчээс “төлбөр” төлснөө нотлох, нотолсон баримтаа хүргүүлэх, ирүүлсэн баримтыг хариуцагч хянаж, дараагийн буюу “цуцлах тухай мэдэгдэл”-ээ хүчингүй болгох, эсвэл “цуцлах” шийдвэрийг гаргах агуулгыг илэрхийлжээ.

19. Иймд хариуцагчийн хяналтын журмаар гаргасан “давж заалдах шатны шүүх Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7, 56 дугаар зүйлийн 56.2, 56.3, 56.4 дэх хэсэг, Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41 дэх заалтыг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн” гэх гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 201 дүгээр магадлалыг хүчингүй болгож, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2022/0009 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар энэ тогтоол шүүхийн эцсийн шийдвэр бөгөөд хэргийн оролцогч гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                             П.СОЁЛ-ЭРДЭНЭ  

            ШҮҮГЧИД                                                                                  М.БАТСУУРЬ

                                                                                                       Х.БАТСҮРЭН

                                           Д.МӨНХТУЯА

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                          Ч.ТУНГАЛАГ