Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 99

 

                                                                                                                                                                                                                                                                                                                            

                                                                    

 

 

 

 

 

 

 

           Н.Шинэбаярт холбогдох

          эрүүгийн хэргийн тухай

 

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Гансүх даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор С.Цэрэндорж,

Ялтан Н.Шинэбаярын өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва,

Нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батсуурь даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Баярбатын гаргасан давж заалдах гомдлоор Н.Шинэбаярт холбогдох эрүүгийн 201625013563 дугаартай хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Нанжидын Шинэбаяр, 1977 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын бетон арматурчин, хүний нөөцийн менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Чулуутын 3-8 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ЖЯ77010418/,

Н.Шинэбаяр нь танхайн сэдэлтээр 2016 оны 9 дүгээр сарын 19-ний шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чингис” караокед нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж бусдыг илтэд үл хүндэтгэн хохирогч Б.Баярбатыг ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисны улмаас түүнд нэг шүдний хөдөлгөөн оролт буюу хөнгөн гэмтлийг догшин авирлаж учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Н.Шинэбаярт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Н.Шинэбаярыг бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар Н.Шинэбаярт 3 жил 1 сарын хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Н.Шинэбаярт оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Н.Шинэбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, Н.Шинэбаярыг цагдан хорьж, эдлэх ялыг 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн тоолж, хохирогч Б.Баярбат нь нотлох баримтаа бүрдүүлж эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.  

Хохирогч Б.Баярбат шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолтой 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр танилцсанаа үндэслэн энэхүү давж заалдах гомдол гаргаж байгааг хүлээн авна уу. Уг шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтаар шүүгдэгч Н.Шинэбаярт 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулжээ. Энэхүү шийтгэх тогтоолыг гарсны дараа Н.Шинэбаяр нь ах дүү нараараа дамжуулж надтай харилцан, хохирлын мөнгө болох 1.595.000 төгрөгийг надад өгч, уучлалт гуйсан.

Иймд би ямар нэгэн гомдол, саналгүй болсон. Надад учирсан бүх хохирол төлөгдсөн. Энэхүү байдлыг үндэслэн Н.Шинэбаярт оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзаж өгнө үү. Би хөдөө ажиллаж байгаа учраас давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцох боломжгүй болно. Харин миний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэж шүүхээс хичээнгүйлэн хүсч байна” гэжээ.

Ялтан Н.Шинэбаярын өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогчийн давж заалдах гомдолтой танилцсан. Н.Шинэбаярын хувьд ял оногдуулсан зүйл заалтыг хүлээн зөвшөөрдөг, гэм буруугаа хүлээж гэмшдэг. Хохирогч талаас уучлалт гуйсан талаар хохирогчийн давж заалдах гомдолд дурдсан байна. Шүүгдэгч Н.Шинэбаяр анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо хохирлоо барагдуулах бодолтой байсан. Гэтэл хохирогч хөдөө ажилладаг учраас анхан шатны шүүх хуралдаанд оролцож чадаагүй. Мөн хохирогч “шүдээ эмчлүүлнэ” гэж 1.500.000 төгрөг нэхэмжилж байсан. Шүүгдэгч хохирогчтой хамт эмнэлгээр яваад шүүх хуралдаан болохоос өмнө эмчлүүлэх санал тавьсан боловч хохирогч өөрөө хойшлуулсан байдаг. Хохирогчийн давж заалдах гомдлыг үндэслэлтэй гэж үзэж байна. Н.Шинэбаярын хувийн байдлын хувьд нэг нүд хараагүй, хөдөлмөрийн чадвар алдалт 50 хувь гэж тогтоогдсон байдаг. Оюутан хүүгийн хамт амьдардаг, өрх толгойлсон хүн байдаг. Иймд Н.Шинэбаяр нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон болон хохирол төлбөргүй, учирсан гэм хор бүрэн арилсан гэж үзэж байгаа тул оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлд зааснаар тэнсэж өгнө үү” гэв.

Прокурор С.Цэрэндорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Н.Шинэбаярыг бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрах явцдаа бусдад гэмтэл учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хуралдаанд ялтны зүгээс гэм буруутай үйлдэлдээ маргадаггүй. Хохирогч шүдээ эмчлүүлэх төлбөрт 1.600.000 орчим төгрөг нэхэмжилдэг. Энэ төлбөрийг төлсөн баримт байгаагүй. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэм буруугийн асуудалд хохирол төлбөр төлсөн бол хорих ялыг заавал тэнсэж хянан харгалзана гэж заагаагүй бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэж бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэнэ үү гэсэн саналтай байна” гэв. 

                                                     ХЯНАВАЛ:

Н.Шинэбаяр нь 2016 оны 9 дүгээр сарын 19-ний шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чингис” караокед нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж бусдыг илтэд үл хүндэтгэн хохирогч Б.Баярбатыг ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж, бие махбодид нь нэг шүдний хөдөлгөөн оролт бүхий хөнгөн гэмтэл учруулан, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Б.Баярбатын  “...2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр манай эхнэр Эрдэнэчимэгийн төрсөн өдөр болоод тухайн үед тэмдэглэж чадаагүй болохоор 2016 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр дүү Баяржавхлан, түүний эхнэр Анхзаяа нарын хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чингис” баарны 2 давхарын пабад тэмдэглэсэн. Бид нар тэр пабад орой 23 цаг болж байхад орсон. Тэнд ороод 1 шил 0.75 литрийн “Болор” архи, нэг, нэг шил пиво захиалсан. Ингээд архи, пиво уугаад сууж байсан чинь 1 залуу ирээд намайг нэрээр дуудах шиг болохоор нь суудлаасаа өндийсөн чинь нүүр рүү 2, 3 удаа баруун гараараа цохисон. Тэгээд би доошоо тонгойгоод суусан. Тэгсэн цаанаас манай дүү Баяржавхлан нойлоос гарч ирээд нөгөө залуугийн энгэрээс нь барьцалдаад газар унасан. Баяржавхлан босож ирэхдээ гар эвгүй болчихлоо гэж байсан. Хоёулаа хөл нь тэнцвэр алдаад унах шиг болсон. Тэгээд миний амнаас цус гарахаар нь хэлээрээ шүднүүдээ хөдөлгөж үзэхэд дээд талын 1 шүд ганхаж хөдөлсөн дотор завьж жаахан язарсан байсан. Миний шүд хөдөлгөөн ороод унах гээд байна. Би шүдээ энэ хүнээр янзлуулмаар байна...” /хх-22-23/,

Гэрч Б.Эрдэнэчимэгийн “...2016 оны 9 дүгээр сарын 18-ны орой нөхөр Баярбат, нөхрийн дүү Баяржавхлан, эхнэр нь Анхзаяа нарын хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чингис” баарны 2 давхарын пабад орой 23 цаг өнгөрч байхад би Анхзаяатай хамт түрүүлээд орсон. Ингээд цаг гаруй хугацааны дараа Баярбат, Баяржавхлан 2 цуварч орж ирсэн. Дөрвүүлээ дуу дуулаад, 4 шил пиво, 1 шил “Болор” архи захиалж уусан. Ингээд ороод нилээн уугаад байж байхад нэг залуу бид нарын сууж байсан ширээн дээр ирээд “Баяраа гэдэг аль нь юм” гэсэн чинь Баяраа суудлаасаа өндийсөн чинь шууд нүүр рүү нь цохисон. Тэгээд Баярбат доошоо тонгойсон. Тэгсэн нөгөө цохисон залуу “би шоронгийн атаман, чи намайг таних уу” гээд хашгираад байсан. Цаанаас Баяржавхлан орж ирээд нөгөө Баярбатыг цохисон залууг тэвэрч аваад хамтдаа газар унасан. Баяржавхлан босож ирэхдээ “гар эвгүй болчихлоо” гэж байсан. Унахдаа гараа эвгүй тулчихсан юм шиг байна лээ. Ингээд цагдаа дуудсан. Яагаад цохисныг мэдэхгүй. Баярааг гаднаас орж ирэхэд нь дүү Анхзаяа “Баяраа ах аа” гээд тэвэрч аваад чанга чанга “Баяраа” гэж дуудаад байсан...” /хх-27/,

Гэрч Г.Анхзаяагийн “...2016 оны 9 дүгээр сарын 18-ны орой 23 цаг болж байхад эгч Эрдэнэчимэгийн хамт “Чингис” пабад орсон. Тэнд ороод бид хоёр 1 шил 0.5 литрийн архи захиалж уусан. Тэгээд тэр архи дуусах дөхөж байхад гаднаас Баярбат орж ирээд дахиад үргэлжлүүлж уусан. Баярбатын араас нэг их удалгүй манай нөхөр Баяржавхлан орж ирсэн. Ингээд бид нар бөөнөөрөө юм ярьж сууж байгаад би текэн дээр очоод зөөгч Ариунжаргалтай юм яриад зогсож байхад хажуу талын ширээн дээр сууж байсан костьюм өмссөн, нүдний шилтэй залуу ах Баярбатын нүүр рүү цохисон. Тэгсэн манай нөхөр босож ирээд нүдний шилтэй сүүлд нэрийг нь мэдсэн Шинэбаяр гэх залууг татаж салгаад барьцалдаад хамт газар унасан. Тэгээд Баяржавхлан “гар эвгүй болчихлоо, цагдаа дууд” гээд цагдаа удалгүй ирсэн...” /хх-28/,

Гэрч Н.Мөнхчимэгийн “...Би он, сар, өдрийг нь сайн мэдэхгүй байна. Шөнө 04 цаг болж байхад би текний хажууд 1 дүгээр ширээн дээр сууж байсан чинь нүдний шилтэй, 9 дүгээр ширээн дээр сууж байсан залуу суудал дээрээсээ босоод 5 дугаар ширээн дээр сууж байсан 2 залуу, 2 хүүхэн дээр очоод залууг нь цохиод авсан. 9 дүгээр ширээн дээр сууж байсан, нүдний шилтэй залуу уг нь унтаж байсан юм...” /хх-29/,

Гэрч Ө.Ариунжаргалын “...Би текний ард зогсоод Анхзаяатай юм яриад зогсож байсан чинь Анхзаяагийн сууж байсан 5 дугаар ширээн дээр очоод “Баяраа гэж хэн бэ” гэж хэлсэн чинь 1 намхандуу биетэй сүүлд нэрийг нь мэдсэн Баярбат гэх залуу “би байна” гээд босохоор нь шууд нүүр хэсэг рүү нь цохисон. Тэгээд цохиулсан Баярбат “чи яагаад намайг цохиж байгаа юм” гээд маргаад байсан. Хажууд нь сууж байсан Баяржавхлан босож ирээд “чи миний ахыг цохидог хэн бэ” гээд нүдний шилтэй залуутай барьцалдаад авсан. Тэгээд би эргээд харсан чинь Баяржавхлан, Амгалан хоёр газар уначихсан. Баяржавхлан намайг “цагдаа дууд, гараа эвгүй дарчих шиг боллоо” гэж хэлсэн. Тэр нүдний шилтэй ах Баяржавхланг цохисон, түлхсэн зүйл надад харагдаагүй...” /хх-31-32/ гэх мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 13668 тоот актын дүгнэлтэд “... 1. Баярбатын биед нэг шүдний хөдөлгөөн оролт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэзээ үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-36/ зэрэг хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

Хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.    

Н.Шинэбаяр нь уг гэмт хэргийг ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж үйлдсэн ба түүний энэхүү гэм буруутай үйлдлийн улмаас хүний биед учирсан гэмтлийн шинж байдлаас үзэхэд түүнийг догшин авирлаж танхайрсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөрдөн байцаалтаар хэргийн талаар шалгавал зохих зүйлийг шалгасан, нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, түүнд дүгнэлт өгөх боломж бүрдсэн, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хууль зөрчигдөөгүй байх бөгөөд шүүх Н.Шинэбаярыг бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг зөрчин догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй бөгөөд хуульд нийцсэн байна.

Харин Н.Шинэбаяр нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа ойлгож, гэмшиж байгаа, хохирогчийн нэхэмжилсэн 1.595.000 төгрөгийг төлсөн, хохирогч Б.Баярбат нь “...гомдол саналгүй, шүүхээс Н.Шинэбаярт оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзахыг хүсэж байна...” гэж давж заалдах гомдол гаргасан зэргийг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзах боломжтой, энэ талаар гаргасан хохирогч Б.Баярбатын давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Энэ хэрэгт Н.Шинэбаяр нь 35 хоног цагдан хоригдсон болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:          

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 27 дугаар Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар Н.Шинэбаярт оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал, хүмүүжилд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтэст даалгасугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Ялтан Н.Шинэбаярыг цагдан хорих байрнаас нэн даруй суллаж, түүнийг бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.                       

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.ГАНСҮХ

                                 ШҮҮГЧИД                                                        М.ПҮРЭВСҮРЭН

                                                                          Д.МЯГМАРЖАВ