Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2017/00880

 

“Өнөр 324” СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 184/ШШ2016/01420 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 412 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч “Өнөр 324” СӨХ-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Рагчаад холбогдох,

СӨХ-ны дундын өмчийн засвар үйлчилгээний зардал 713 295 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагчийн эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 724 500 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Азарын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Азар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбат, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

СӨХ-ны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн Дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 2.3-т сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд Иргэний хуулийн 147 дугаар зүйл болон энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу оролцоно. Иргэний хуулийн 147.1-д сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн засвар үйлчилгээний ашиглалт, түүнтэй холбогдсон зардлыг СӨХ-д төлнө гэж заасан байна.

Гэтэл тус сууц өмчлөгч нь 26 м.кв бүхий сууцны талбайтай орон сууц эзэмшдэг бөгөөд засвар үйлчилгээ, цэвэрлэгээ лифтний төлбөрт 2012 оны 7 дугаар сараас 2016 оны 4 дүгээр сарын 30-ныг дуустал 713 295 төгрөгийн өр төлбөрөө төлөхгүй дээрх хуулийн заалтуудыг зөрчиж холбооны үйл ажиллагааг явуулахад хүндрэл учруулсан тул уг төлбөрийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргав. Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36 957 төгрөгийн хамт бүгд 750 252 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Лифт 5000 төгрөг энэ нь тусгай тогтоолтой бөгөөд хүн амаас хамаарахгүй. Лифтийн аюулгүй ажиллагаа хангасан мэргэжлийн байгууллага Өрнөх трейд, Цамхаг, Виллэнтэй зэрэг ХХК-иудад төлөгдөнө. 1 айл өдөрт 161 төгрөгөөр үйлчлүүлж байгаа буюу цахилгааны алдагдал их ордог. Цэвэрлэгээ сард 1 000 төгрөг өдөрт 32 төгрөгөөр орцоо цэвэрлүүлж байна. Ариутгал нийтийг хамарсан жилд тогтмол 2 удаа хийгдэнэ. Энэ нь тэр мэргэжлийн ариутгалын газартаа очно. Жижүүр нэг айл 5 000 төгрөг, орцонд өдөр шөнө манаж ажиллаж байгаа хүний хоолны мөнгө, амьдралын мөнгө юм. 2015 оны 1 сард бүх СӨХ камержуулах ажил явагдсан. Үүнд Хотын дарга, Цагдаагийн газрын шийдвэрээр айлуудтай хамтарч хийж 1 удаа 1 айлаас 15 000 төгрөг бичсэн. Бусад СӨХ-үүд хүчин чадлаас шалтгаалж 30 000-45 000 төгрөг татсан байдаг.

Манай СӨХ 1 дүгээр хороололдоо хамгийн бага тарифтай. Энэ хүнтэй үе үе уулзахад ажилд явж ирээд төлнө гээд зугтаагаад байдаг. Д.Рагчаагаас 2640 төгрөгийг 4 cap илүү авсан байсан бөгөөд энэ 10 560 төгрөгийг бид 2011 оны 1 сарын мөнгийг хасаад суутгасан. Энэ хүн СӨХ-ны үйл ажиллагаанд огт оролцдоггүй бөгөөд СӨХ-ны талаар ямар ч мэдээлэл байхгүй. СӨХ-ны төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

“Өнөр 324” СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай СӨХ-ны мөнгө хэт өндөр гарч байсан. Ямар учраас их гарсныг СӨХ-ны дарга Янжмаагаас 1, 2, 3 өрөө байрны СӨХ-ны тариф ямар байдаг бэ хэмээн асуухад надад хариулт өгөөгүй. СӨХ-ны нягтлан байсан эмэгтэйд хамгийн сүүлд төлсөн баримтаа үзүүлэхэд танайх 3 өрөө байрны тарифаар төлдөг юм байна гэж хариу өгсөн.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-д бүх гишүүдийн хурлын товыг хурал хуралдуулахаас 14-өөс доошгүй хоногийн өмнө гишүүдэд зарлаж, хурлаас гарах шийдвэрийн төслийг бичгээр мэдэгдэнэ гэсэн заалтыг зөрчсөн. Өнөөдрийг хүртэл СӨХ-ны хуралд оролцож үзээгүй, хурлын товыг мэдэгддэггүй. Бидэнд мэдэгдэхгүйгээр 2014 онд борооны улирал эхэлсэн үед дээврийн засварын ажил хийсний улмаас 9 давхарт амьдарч байгаа манай таазнаас их хэмжээний ус алдсан тул 2015 онд байрандаа их засвар хийсэн, СӨХ-ны хийсэн дээврийн дулаалга муу, чанаргүй байснаас 2016 оны өвөл бидний амьдарч байгаа орон сууцны таазанд цав гарсан.

СӨХ-ны дарга Янжмаагаас гадна хананы дулаалга хэзээ хийж өгөхийг лавласан боловч хариу өгөөгүй. СӨХ-ны нэхэмжилсэн 713 295 төгрөгийг өгөлгүйгээр би өөрийн гадна хананы дулаалгын мөнгөнд зарцуулахыг хүсэж байна. 713 295 төгрөг ямар үндэслэлээр бодсон баримт, урьд манай өмнөх жилүүдийн 3 өрөө байрны тарифаар бодогдож байсан мөнгөний зөрүү хэд болсон баримтууд, мөн орон сууцны гадна хананы дулаалга хийх эсэх, дээврээс орцонд ус гоожихыг болиулж дахин засвар хийх зэргийг СӨХ-ноос албан ёсоор тодруулахыг хүсэж байна. 2013 онд дээврийн засвар хийх үед олон айл хохирсон. Манай гал тогооны өрөөний хана, плита хуурч, том өрөөний тагт, обой хуурч бохирдсон тул би 2015 онд засвар хийсэн. СӨХ-ны буруутай үйл ажиллагаанаас болж хохирсон тул СӨХ-ны төлбөрийг төлөх шаардлагагүй гэжээ. 

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Дээврийн засвар хийж байгаа хүмүүст ус алдаж байгааг хэлж шаардлага тавьсан. Байрны гадна хананы засвар муугаас галын өрөөний цонхны доод талын хананы будаг ховхорсон, том өрөөний урд талын хананд цууралт өгсөн тул обой норж мөр тогтох зэрэг СӨХ-ны буруутай үйл ажиллагаанаас болж амьдрах орчинд хохирол учирч муудсан тул 2015 онд дээврээс алдсан усны мөр, хананаас норж мөр гарсан, обой будаг нь ховхорсон галын өрөө зэрэгт өөрийн зардлаар засвар хийлгэсэн. Байрны засварын хөлс 300 000 төгрөг, засварын материалын зардалд 424 500 төгрөг, нийт 724 500 төгрөг тул уг зардлыг хариуцагч “Өнөр 324” СӨХ-ноос гаргуулж өгнө үү.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

1 дүгээр хорооллын 25 дугаар байрны 1-4 орцны дээврийн их засварыг 2013 оны 9 сард “Сэрмон” ХХК гэдэг газар улсын төсвийн хөрөнгөөр хийсэн. Энэ засварын асуудлыг “Сэрмон” компани хариуцна. Байрны гадна шовны тухайд тухайн иргэнээс өргөдөл ирсний дагуу мэргэжлийн байгууллагад хүсэлт гаргаж, шалгуулаад мөн тусгай хүмүүс ирж засварлана. Энэ асуудлыг СӨХ хариуцахгүй, захиалгаар мэргэжлийн байгууллага хийдэг. Иргэн Д.Рагчаа өргөдөл гаргаж СӨХ-д өгөхөд тэр өргөдлийн дагуу мэргэжлийн байгууллагаас ирж шалгаж засвар хийх эсэх асуудлыг шийддэг. Өнөөдрийг хүртэл иргэн Д.Рагчаа СӨХ-д өргөдөл гомдол албан ёсоор өгөөгүй байгаа. Тухайн ус алдсан үедээ акт тогтоолгосон бол болох байсан. СӨХ-д тухайн үедээ хэлээгүй байж одоо шүүх дээр хэлж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. 2013 оны борооны ус гоожсон хохирлыг 2015 онд байрандаа бүхэлд нь засвар хийсэн гээд СӨХ-оос 2016 онд нэхээд байгаа нь үндэслэлгүй гэжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 184/ШШ2016/01420 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Рагчаагаас орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар, хамгаалалт, үйлчилгээний зардал 713 295 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Өнөр 324” СӨХ-д олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Д.Рагчаагийн нэхэмжлэгч “Өнөр 324” СӨХ-д холбогдох гэм хор учруулсны хохиролд 724 500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Өнөр 324” СӨХ-ноос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36 957 төгрөгөөс илүү төлсөн 15 477 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож, үлдэх 21 479 төгрөгийг болон хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21 938 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Рагчаагаас улсын тэмдэгтийн хураамжид 21 479 төгрөгийг төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 412 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 184/ШШ2016/01420 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 21 938 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Дээврээс ус алдсан үед иргэн хүн орон сууцны конторт хандаж акт гаргуулах ёстой. Энэ ажлыг окт хийлгээгүй учраас ямар хэмжээний гэмтэл байранд учирсан нь тодорхойгүй байгаа юм. СӨХ нь дээврийн засварын ажлыг хийхэд оролцох эрхгүй байдаг. Учир нь тус засварыг хотын захиргаанаас шийдвэр гаргаж, мөнгийг нь ч мөн хотын захиргаанаас гаргадаг. Иргэн Рагчаа нь иргэний үүргээ биелүүлээгүй, асуудлыг мэдсээр байж хууль хяналтын байгууллагын ажлыг хүндрүүлж байгаад харамсаж байна гэжээ.

 

                                                          ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болсон байна.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг дутуу гүйцэтгэж, хэргийг хянан шийдвэрлэсэн бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7., 168.3.-т зааснаар давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үүрэгтэй.

 

Энэ хэргийн хариуцагч Д.Рагчаа нь нэхэмжлэгч талаас нотлох баримт гаргуулах талаар шүүхэд хүсэлт гаргасан байх ба анхан шатны шүүх уг хүсэлтийг хангахаар шийдвэрлэсэн боловч шүүхэд ирүүлсэн баримтууд нь нотлох баримтад хуулиар тавигддаг шаардлагыг хангаагүй, нотлох баримт гаргуулах тухай шүүгчийн захирамжийн бүх заалтыг нэхэмжлэгч биелүүлээгүй буюу баримт дутуу ирүүлсэн байгааг тус тус анхаараагүй байна.

 

Давж заалдах шатны шүүх дээрх байдлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн алдаа гэж үзэж, дээрх алдаанаас талуудын мэтгэлцэх эрх зөрчигдсөн гэж дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Анхан шатны шүүх хуульд заасан журмын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дахин явуулах шаардлагатай ба ийнхүү хэргийг дахин хянан хэлэлцэхдээ шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн аль алины хөөн хэлэлцэх хугацааны талаар эрх зүйн дүгнэлт хийх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй байна.

Монгол Улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 412 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22 556 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН