Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 150

 

                                               Б.Б, Б.Х нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, прокурор А.Золзаяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 97 дугаар шийтгэх тогтоол, Дундговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 27 дугаар магадлалтай Б.Б, Б.Х нарт холбогдох эрүүгийн 2022000770111 дугаартай хэргийг шүүгдэгч Б.Б-ийн  өмгөөлөгч Д.Долгорсүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1984 онд төрсөн, 37 настай, эрэгтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ял шийтгэлгүй Б овогт Б-ын Б,

2. Монгол Улсын иргэн, 1967 онд төрсөн, 54 настай, эрэгтэй, эрхэлсэн ажилгүй, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 1247 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан Х овогт Б-ийн Х.

Б.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр тус аймгийн Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт 70-22 ДУА улсын дугаартай “Ланд круйзер-70” загварын тээврийн хэрэгслийг жолоодож улмаар зам тээврийн осол гаргасны улмаас иргэн Д.Б-ны биед хүндэвтэр хохирол учруулсан,

Б.Х нь 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр тус аймгийн Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт 70-22 ДУА улсын дугаартай “Ланд круйзер-70” загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг тус тус холбогджээ.

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 97 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Б-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Б.Х-ыг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,

Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сараар хасаж, 8 сарын хугацаагаар хорих, Б.Х-ыг мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 340 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Б.Б-ийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Дундговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцэж 27 дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь заалтыг баримтлан Б.Бямбадоржийн цагдан хоригдсон 53 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцож, түүний гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгожээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Өмгөөлөгчийн хувьд давж заалдах шатны шүүхийг дараах үндэслэлээр Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Үүнд: Давж заалдах шатны шүүх нь тус шүүхэд иргэний хариуцагч “Ган илч” ХХК-иас Б.Б нь 3,300,000 төгрөг төлсөн ба үлдэх мөнгийг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хэлцэл хийж тохиролцсон тухай тайлбарыг хэлцлийн хамт ирүүлсэн байхад, шүүгдэгч Б.Б-оос уг баримтыг гарган өгсөн мэтээр, мөн уг баримт нь хохирол бүрэн төлөгдсөнийг илэрхийлэхгүй байна гэх үндэслэлээр түүнийг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй гэсэн нь хэрэглэх ёстой хуулийг (Эрүүгийн хуулийн 7.1 зүйл) хэрэглээгүй гэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.Б нь болгоомжгүйгээр хөнгөн гэмт хэрэг үйлдсэн ба гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж байгаа бөгөөд үлдэх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн баримт (хэргийн 185-186 дахь тал) хангалттай байхад энэ хуулийг хэрэглээгүй.

Анхан болон давж заалдах шатны шүүх нь үйлчлүүлэгч Б.Б-д иргэний нэхэмжлэлийг бүрэн хариуцуулж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай. Дундговь аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэхдээ Б.Б-ийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэсэн ба шүүх ч ийнхүү гэм буруутайд тооцсон. Энэ гэмт хэргийн хохирогч болох Булган нь санал гомдолгүй ба нэхэмжлэх зүйлгүй гэсэн. Харин иргэний нэхэмжлэгч “Ган илч" ХХК-д учирсан хохирол нь Б.Х-ын тус компаний машиныг унаж ирж, Б.Б-оор жолоодуулсан үйлдэлтэй шалтгаант холбоотой, Б.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон тул иргэний нэхэмжлэлийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. Мөн Б.Б-ийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлыг шүүгдэгч Б.Х-д танилцуулаагүй нь (хэргийн 161, 181 дэх тал) Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.3 дугаар зүйлийг зөрчсөн байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7, 40.8.1.4 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, Б.Б-д оногдуулсан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, иргэний нэхэмжлэлийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.

Прокурор А.Золзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйл бол бусдын эд хөрөнгөнд болгоомжгүйгээр хохирол болон гэм хор учруулсан этгээд учирсан хохирлыг нөхөн төлөхөөр заасан. Энэ агуулгаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол шүүгдэгч Б.Б-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  хохирол төлбөрийг гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримтыг цугларсан нотлох баримтуудыг үнэлэн Эрүүгийн хуульд заасан төрөл хэмжээний дотор ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв.

                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Прокурорын яллах дүгнэлтэнд тусгасан Б.Б-д холбогдох хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг болон Б.Х нь бусдын автотээврийн хэрэгслийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан хэргийн үйл баримтыг хэрэгт цугларсан ба шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтанд тулгуурлан хоёр шатны шүүх эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоож, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

Мөн энэ хэргийн бүрдэл, нотлогдсон байдал, зүйлчлэл, гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ болох нөхөн төлүүлэх төлбөрийн талаар хоёр шатны шүүхээс хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл нь хууль ёсны ба үндэслэлтэй болжээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй билээ.

Энэхүү үүрэг нь тухайн этгээдийн гэм буруутай, хууль бус үйлдэл (эс үйлдэхүй)-ийн улмаас гэм хор учирсан бөгөөд уг үйлдэл (эс үйлдэхүй), хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон тохиолдолд үүсдэг байна.

Гэмт этгээдийн үйлдэл (эс үйлдэхүй)-ийн улмаас хор уршиг шууд учирсан, тийм хор уршиг учрах бодит боломж бүрдүүлсэн бол шалтгаант холбоотой гэж үздэг ба гэмт үйлдэл (эс үйлдэхүй) нь тухайн тохиолдолд үүссэн хэргийн нөхцөл байдал, өөрийн үйл явцаар, гадны ямар нэг нөлөөгүйгээр тэр хор уршгийг бодитойгоор учруулсан, түүнд шууд хүргэсэн байх учиртай.

Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн хор уршиг нь зөвхөн тухайн этгээдийн гэмт үйлдэл (эс үйлдэхүй)-ийн улмаас, чухамхүү түүний шууд үйлчлэлээр зайлшгүй үр дагавар нь болж учирсан байх нь шалтгаант холбооны үндсэн шинж бөгөөд тухайн хор уршиг нь бусад хүмүүсийн үйлдэл (эс үйлдэхүй)-тэй холбоотой учирсан бол шалтгаант холбоо үгүйсгэгддэг билээ.

Шүүгдэгч Б.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр “Ган-Илч” ХХК-ний өмчлөлийн 70-22 ДУА дугаартай “Ланд круйзер-70” загварын автомашиныг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх заалтыг зөрчсөний улмаас осол гаргаж бусдын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтлээс гадна дээрх автомашинд 15,985,000 төгрөгийн эвдрэл учруулсан болох нь нотлогдон тогтоогджээ.

Хоёр шатны шүүх шүүгдэгч Б.Б-ийг дээрх болгоомжгүй гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь түүнийг уг хэргийн улмаас учирсан гэм хорыг хариуцан арилгах үүргийн үндэслэл болж байна.

Тиймээс өөр хүмүүсийн үйлдэл (эс үйлдэхүй)-тэй холбоотой учраагүй зөвхөн Б.Б-ийн хууль бус болгоомжгүй үйлдлээс үүдэн бусдын эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирлыг хоёр шатны шүүх түүгээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн гэж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон (императив) шинжтэй хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон (диспозитив) хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх юм.

Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтуудыг хэрэглэх эсэх нь мөн л шүүхийн эрх мэдлийн асуудал билээ.

Тиймээс шүүхэд үүрэг болгоогүй, эрх олгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг хэрэглээгүй тохиолдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэнд тооцдоггүй бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг заавал хүчингүй болгох эсхүл өөрчлөх үндэслэл болохгүй.

Иймд “Б.Б-д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, түүнчлэн иргэний нэхэмжлэлийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах” талаар өмгөөлөгч Д.Долгорсүрэнгийн гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 97 дугаар шийтгэх тогтоол, Дундговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 27 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Д.Долгорсүрэнгийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                           ДАРГАЛАГЧ                                            Б.АМАРБАЯСГАЛАН

                           ШҮҮГЧИД                                                С.БАТДЭЛГЭР

                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                            Б.ЦОГТ

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН