| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2019/0037/Э |
| Дугаар | 57 |
| Огноо | 2019-02-18 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Х.Оюунцэцэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 57
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
улсын яллагч Х.Оюунцэцэг,
хохирогч Э.Мөнхсайхан, Э.Дарьхийхүү, Ж.Ариунзаяа, Ч.Жанцандорж, Б.Батболд,
шүүгдэгч Б.Г-ын өмгөөлөгч О.Даваажаргал, Д.Чинзориг,
шүүгдэгч Б.Го-гийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан, Б.Бямбажаргал,
иргэний хариуцагч Б.Бямбажав, А.Зоригт,
шинжээч Л.Мөнх-Эрдэнэ,
шүүгдэгч Б.Г, Б.Го нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г, Б.Го нарт холбогдох эрүүгийн 1834004390311 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Мега хит” ХХК-д борлуулагч ажилтай ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Өвөрхангай аймаг Хархорин сум 6 дугаар баг Жалбаад оршин суух хаягтай боловч Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 16 дугаар хороо,77-14 тоотод оршин суух, ял шийтгэл эдэлж байгаагүй, Б.Го
Монгол улсын иргэн, 1962 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Завхан аймгийн Яруу суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 90 дүгээр байр 602 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэл эдэлж байгаагүй, Б.Г
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Г 2018 оны 06 дугаар сарын 22-ны орой 21 цагийн орчим Төв аймгийн Баянхангай сумын хөшөөт 2 дугаар багийн нутаг Атар 13 гэх газар Улаанбаатар хот талаасаа 119 дэх километрийн шонгийн ойролцоо Маз маркийн 28-97 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.1 дүгээр бүлгийн 1 дэх заалтийг зөрчиж замын зорчих хэсгийг бүрэн чөлөөлж зогсоогүйн улмаас Тоёото приус -11 маркийн 43-33 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэл араас нь чиргүүл хэсгийг шүргэж улмаар эсрэг урсгалд орж Х.Верна маркийн 63-90 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргаж Х.Верна маркийн 63-90 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Э.Мөнхсайханы биед хөнгөн, Ч.Жанцандорж, Ж.Ариунзаяа, Э.Дарьхийхүү нарын биед хүндэвтэр Б.Батболдын биед хүнд Тоёото Приус-11 маркийн 43-11 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Гогийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан,
Шүүгдэгч Б.Го 2018 оны 06 дугаар сарын 22-ны орой 21 цагийн орчим Төв аймгийн Баянхангай сумын хөшөөт 2 дугаар багийн нутаг Атар 13 гэх газар Улаанбаатар хот талаасаа 119 дэх километрийн шонгийн ойролцоо Тоёото приус -11 маркийн 43-33 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2 дах, 9 дүгээр бүлгийн 9.2 дахь заалтуудыг зөрчиж зам дээр зогсож байсан МАЗ маркийн 28-97 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн чиргүүлийн араас мөргөж улмаар эсрэг урсгалд орж Х.Верна маркийн 63-90 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж улмаар 63-90 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Э.Мөнхсайханы биед хөнгөн, Ч.Жанцандорж, Ж.Ариунзаяа, Э.Дарьхийхүү нарын биед хүндэвтэр Б.Батболдын биед хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд тусгагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
шүүгдэгч Б.Г мэдүүлэхдээ: “Би тухайн үед машинаа зогсоохдоо замаа шахаж тавиагүйгээс болж олон хүмүүст хохирол учруулсандаа харамсаж байна. Тухайн үед би эхнэртэйгээ хамт явсан манай эхнэр нурууны суулттай, тэгээд бие засъя гэхлээр нь би эхнэрээ буухад боломжтойгоор замын хажуу руу машинаа шахаж тавьсан. Мөн би том машинтай ачаатай явсан учраас хэт их шахвал шороотой газар руу замын хажуу руу унах байх гэж бодоод боломжтой байдлаар зогссон. Би ослын тэмдэг тавих шаардлагагүй гэж бодсон. Учир нь түр зогсоод явах гэж байсан. Гэтэл араас машин ирээд миний машиныг мөргөөд эсрэг урсгалд ороод урдаасаа ирж явсан машинтай мөргөлдсөн. Би мөргөлдсөн машинуудын хүмүүсийг бүгдийг нь гаргаад замын хажуу руу хэвтүүлсэн. Тэгээд цагдаа түргэн дуудсан. Би олон жил том тэрэг барьж байгаа. Б.Гог цаашдаа машинаа аюул саад тохиолдсон үед зогсоох чадвартай байгаасай гэж хүсэж байна” гэв.
Шүүгдэгч Б.Го мэдүүлэхдээ: “Би 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн Хархорин сум руу ахтайгаа хамт явж байсан. Тухайн үед бүрэнхий, харанхуй болсон байсан. Би зам дээр хөндлөн хар том тэрэг байгааг хараагүй, манай ах хараад надад хэлээд би торомзоо гишгээд хурдаа хассан боловч хурд саарахгүй мөргөсөн. Том тэрэг ямар нэгэн ослын гурвалжин, гэрэл тавиагүй байсан. Тэгээд том тэрэгний ар талыг нь мөргөөд эсрэг урсгалд ороод өөдөөс ирж байсан машинтай мөргөлдсөн. Би юу болсныг сайн санахгүй байгаа. Тэгээд осол болсны дараа өөдөөс ирж байсан Верна машинд байсан хүмүүсийг гаргаж туслалцаа үзүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Э.Мөнхсайхан мэдүүлэхдээ: “Архангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд Б.Батболдын машины урд талд сууж явж байсан. Тухайн үед би бүсээ зүүгээд явж байсан болохоор азаар амьд үлдсэн. Би үнэхээр их гомдолтой байна. Миний нуруу одоо болтол өвддөг, нугасны гэмтэл нь шөнө унтуулдаггүй. Би одоо 2019 оны 2 дугаар 25 өдөр эмнэлэгт хэвтэх гэж байгаа. Би осол болох үед зүүрмэглэсэн байсан ба нэг мэдэхэд гадаа хэвтэж байсан” гэв.
Хохирогч Б.Батболд мэдүүлэхдээ: “2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр эхнэр, эхнэрийн дүү хамаатны хоёр хүнтэй хамт Архангай аймгаас Улаанбаатар хот руу верна маркийн машинтай явж байсан. Тэгээд Төв аймгийн Лүн сум өнгөрөөд явж байхад гадаа бүрэнхий, тэнгэр муу, зам эвгүй байсан. Тэгээд явж байтал замын эсрэг талд том тэрэг зогсож байсан ба доороос хурц гэрэл гарч ирсэн. Би тухайн үед 70-80 км цагийн хурдтай явж байсан. Тэгээд урдаас гэрэл гарч ирэхээр нь хурдаа сааруулаад том тэрэгний хажуугаар өнгөрч байтал өөдөөс ирж байгаа машин миний урдаас ирээд мөргөсөн. Би тэр машиныг ороод ирнэ гэж бодоогүй гэнэт гэрэл гарч ирээд надад ямар ч самбаачлах хугацаа өгөөгүй. Би тухайн үед ойрын гэрэлтэй явж байсан. Энэ ослоос болж миний эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан, баруун талын нүдэндээ мэс засал хийлгэсэн. Одоо миний нулимс байнга гоождог. Тухайн осол гарах үед гадаа харуй бүрий болж байсан, тэнгэр бүрхэг, зам эвдрэл гэмтэлгүй, шулуун, тэгш байсан. Том тэрэг зогсож байхад нэлээд цаанаас жижиг тэрэг ирж яваа харагдсан. Намайг том тэрэгний хажуугаар орох гэж байхад гэрэл тусаад машин хурдтай орж ирээд мөргөсөн. Б.Го бид хоёр том тэргэн дээр ойролцоо орж ирсэн” гэв.
Хохирогч Ч.Жанцандорж мэдүүлэхдээ: “Би хойд суудалд унтаж явж байсан. Миний эгэм хугарч хүндэвтэр гэмтэл учирсан” гэв.
Хохирогч Э.Дарьхийхүү мэдүүлэхдээ: “Хүргэн ах Б.Батболдын эзэмшлийн машинтай Архангай аймгаас Улаанбаатар хот орох гээд 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр явж байсан. Би жолоочийн арын суудалд сууж байсан. Манай машин том тэрэгний хажуугаар өнгөрч байхад урд талаас хурц гэрэл гарч ирээд нэлээд хүчтэй мөргөсөн. Тэгээд бид нар ухаан алдсан. Би машиндаа сэргэсэн. Миний хамраас цус гарсан, гар хөдлөхгүй байсан. Тухайн үед хүмүүс бид нарыг гаргах гээд ирсэн боловч машины хаалга онгохгүй байсан. Тэгээд нэлээд удаж байж гарсан. Би тухайн үед Б.Гог олж хараагүй. Манай машиныг нэлээд хүчтэй мөргөсөн байсан” гэв.
Хохирогч Ж.Ариунзаяа мэдүүлэхдээ: “Би машины хойд талын суудал дээр голд нь сууж байсан. Тухайн үед зүүрмэглэж явсан болохоор юу болсон талаар мэдэхгүй байна” гэв.
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Бямбажав мэдүүлэхдээ: “Манай ах Б.Го миний машиныг унадаг. Уг машиныг 2013 онд манай ажлаас надад шагналд өгч өгсөн. Би 2016 онд ахдаа өгсөн байсан” гэв.
Иргэний хариуцагч А.Зоригт мэдүүлэхдээ: “Би Б.Г ахтай ах дүү хүмүүс юм. Тэгээд миний машиныг Б.Г ах худалдаж авсан байсан. Хэрэг учрал болох үед тооцоо арай дуусаагүй байсан байх, одоо бол дууссан. Бид ах дүү улсууд учраас тээврийн хэрэгслийн гэрчилгээний нэрээ шилжүүлж амжаагүй байсан” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Үүнд:
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хавтас хх-02 тал/, хэргийн газар үзлэг хийсэн талаархи тэмдэглэл /1-р хавтас хх-03-04 тал/, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /1-р хавтас хх-05 тал/, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /1-р хавтас хх-06 тал/, Төв аймаг Баянхангай сум Хөшөөт 2 дугаар баг “Атар” гэх газарт УБ хотоос 117 дахь км-ийн шонгийн орчимд 43-33 УНП улсын дугаартай Приус 10 маркийн тээврийн хэрэгсэл 63-90 АРХ улсын дугаартай Верна Аксент маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарсан гэх хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас хх-07-20 тал/, үзлэг хийсэн талаархи тэмдэглэл /1-р хавтас хх-21 тал/, Приус 10 маркийн 43-33 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн үзүүлэлт /1-р хавтас хх-22-23 тал/, үзлэг хийсэн талаархи тэмдэглэл /1-р хавтас хх-24 тал/, Х.Верна маркийн 63-90АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас хх-25-26 тал/, үзлэг хийсэн талаархи тэмдэглэл /1-р хавтас хх-27 тал/, 28-97 УБХ улсын дугаартай том оврын шалаанз ачааны тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас хх-28-29 тал/, хохирогч Б.Батболдын мэдүүлэг /1-р хавтас хх-31-33 тал/, хохирогч Э.Мөнхсайханы мэдүүлэг /1-р хавтас хх-35-36 тал/, хохирогч Э.Дарьхийхүүгийн мэдүүлэг /1-р хавтас хх-39-40 тал/, гэрч Б.Бямбажавын мэдүүлэг /1-р хавтас хх-41 тал/, гэрч Б.Пүрэвдоржийн мэдүүлэг /1-р хавтас хх-42 тал/, Төв аймаг засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн №384 дугаар шинжээчийн дүгнэлт /1-р хавтас хх-48-49 тал/, Төв аймаг засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн №391 дугаар шинжээчийн дүгнэлт /1-р хавтас хх-51 тал/, Төв аймаг засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн №383 дугаар шинжээчийн дүгнэлт /1-р хавтас хх-55 тал/, Төв аймаг засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн №389 дугаар шинжээчийн дүгнэлт /1-р хавтас хх-59 тал/, Төв аймаг засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн №388 дугаар шинжээчийн дүгнэлт /1-р хавтас хх-62-63 тал/, Төв аймаг засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн №390 дугаар шинжээчийн дүгнэлт /1-р хавтас хх-66 тал/, эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /1-р хавтас хх-68 тал/, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас хх-69 тал/, 63-90 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1-р хавтас хх-70 тал/, 43-33 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1-р хавтас хх-71 тал/, бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /1-р хавтас хх-72 тал/, 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн №00000069 дугаар шинжээчийн дүгнэлт /1-р хавтас хх-74 тал/, баримт бичгийг хэрэгт хавсаргах тухай тогтоол /1-р хавтас хх-81 тал/, хохирлын баримтууд /1-р хавтас хх-82-98 тал/, бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /1-р хавтас хх-99 тал/, Төв аймаг дахь цагдаагийн газар замын цагдаагийн тасгийн 2018 оны 09 сарын 19-ны өдрийн №00000200 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хавтас хх-119-120 тал /, Б.Го-гийн мэдүүлэг /1-р хавтас хх-128-130 тал/, Б.Г-ын мэдүүлэг /1-р хавтас хх-136-138 тал/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн талаархи тэмдэглэл /1-р хавтас хх-141 тал/, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас хх-142-147 тал/, шинжээч Л.Мөнх-Эрдэнийн мэдүүлэг /1-р хавтас хх-148 тал/, гэрч Б.Сосорбарамын мэдүүлэг /1-р хавтас хх-149- тал/, хохирогч Ч.Жанцандоржийн мэдүүлэг /1-р хавтас хх-151-152 тал/, хохирогч Б.Батболдоос дахин мэдүүлэг авсан тэмдэглэл /1-р хавтас хх-154-155 тал/, хохирогч Э.Мөнхсайханаас дахин мэдүүлэг авсан тэмдэглэл /1-р хавтас хх-157-158 тал/, хохирогч Ж.Ариунзаяагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /1-р хавтас хх-161-162 тал/, бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /1-р хавтас хх-164 тал/, баримт бичгийг хэрэгт хавсаргах тухай тогтоол /1-р хавтас хх-166 тал/, иргэний хариуцагч А.Зоригтоос мэдүүлэг авсан тэмдэглэл /1-р хавтас хх-185-186 тал/, бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл /1-р хавтас хх-187 тал/, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Бямбажаваас мэдүүлэг авсан тэмдэглэл /1-р хавтас хх-191,193-194 тал/, бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /1-р хавтас хх-195 тал/, “Хан-Үнэлэмж” ХХК-ийн үнэлгээний тайлан /1-р хавтас хх-198-201 тал, 205-208 тал/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №6283 дугаар шинжээчийн дүгнэлт, дүгнэлтэд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас хх-220-231 тал/, шинжээч С.Мөнхдалайгаас мэдүүлэг авсан тэмдэглэл /1-р хавтас хх-232-233 тал/, шүүгдэгч Б.Гогийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хавтас хх-243 тал/, шүүгдэгч Б.Гын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хавтас хх-244 тал/, 43-33 УНП улсын дугаартай Тоёото Приус маркийн тээврийн хэрэгслийн лавлагаа /2-р хавтас хх-3 тал/, 63-90АРХ улсын дугаартай Аксент Верна маркийн тээврийн хэрэгслийн лавлагаа /2-р хавтас хх-4 тал/, 28-97 УБХ улсын дугаартай Маз маркийн тээврийн хэрэгслийн лавлагаа /2-р хавтас хх-6 тал/ зэрэг болно.
Шүүгдэгч Б.Г 2018 оны 06 дугаар сарын 22-ны орой 21 цагийн орчим Төв аймгийн Баянхангай сумын хөшөөт 2 дугаар багийн нутаг Атар 13 гэх газар Улаанбаатар хот талаасаа 119 дэх километрийн шонгийн ойролцоо Маз маркийн 28-97 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.1 дүгээр бүлгийн 1 дэх заалтийг зөрчиж замын зорчих хэсгийг бүрэн чөлөөлж зогсоогүйн улмаас Тоёото приус-11 маркийн 43-33 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэл араас нь чиргүүл хэсгийг шүргэж улмаар эсрэг урсгалд орж Х.Верна маркийн 63-90 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргаж Х.Верна маркийн 63-90 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Э.Мөнхсайханы биед хөнгөн, Ч.Жанцандорж, Ж.Ариунзаяа, Э.Дарьхийхүү нарын биед хүндэвтэр Б.Батболдын биед хүнд Тоёото Приус-11 маркийн 43-11 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Го-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Го 2018 оны 06 дугаар сарын 22-ны орой 21 цагийн орчим Төв аймгийн Баянхангай сумын хөшөөт 2 дугаар багийн нутаг Атар 13 гэх газар Улаанбаатар хот талаасаа 119 дэх километрийн шонгийн ойролцоо Тоёото приус -11 маркийн 43-33 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8 дүгээр бүлгийн 8.2 дах, 9 дүгээр бүлгийн 9.2 дахь заалтуудыг зөрчиж зам дээр зогсож байсан МАЗ маркийн 28-97 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн чиргүүлийн араас мөргөж улмаар эсрэг урсгалд орж Х.Верна маркийн 63-90 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж улмаар 63-90 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Э.Мөнхсайханы биед хөнгөн, Ч.Жанцандорж, Ж.Ариунзаяа, Э.Дарьхийхүү нарын биед хүндэвтэр Б.Батболдын биед хүнд хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хавтас хх-02 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн талаархи тэмдэглэл /1-р хавтас хх-03-04 тал/, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоогдсон байдал /1-р хавтас хх-05 тал/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /1-р хавтас хх-06 тал/, Төв аймаг Баянхангай сумын Хөшөөт 2 дугаар баг “Атар” гэх газарт УБ хотоос 117 дахь км-ийн шонгийн орчимд 43-33 УНП улсын дугаартай Приус-10 маркийн тээврийн хэрэгсэл 63-90 АРХ улсын дугаартай Верна Аксент маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасан гэх хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас хх-07-20 тал/, үзлэг хийсэн талаархи тэмдэглэл /1-р хавтас хх-21, 24, 27 тал/, Приус 10 маркийн 43-33 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас хх-22-23 тал/, Х.Верна аксент маркийн 63-90 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас хх-25-26 тал/, 28-97УБХ улсын дугаартай том оврын шалаанз ачааны тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас хх-28-29 тал/,
Хохирогч Б.Батболдын: “Төв аймгийн Лүн сум өнгөрөөд явж байсан дөнгөж хар бүрий болоод машиныхаа гэрлийг/ойрын гэрэл/ асаагаад явж байсан. Миний эсрэг талын урсгалд том оврын тээврийн хэрэгсэл зам дээр зогсож байсан. Би тухайн машины хажуугаар нь зөрөх үед гэнэт өөдөөс гэрэл орж ирээд мөргөлдсөн” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-32 тал/,
Хохирогч Э.Мөнхсайханы: “Ямартай ч орой харуй бүрий болж байхад Төв аймгийн Лүн сум өнгөрсөн. Тэгээд зүйрмэглээд унтаж явахад машин юмтай мөргөлдөх шиг болсон” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-36 тал/,
Хохирогч Э.Дарьхийхүүгийн: “тэгээд Төв аймгийн Лүн сум өнгөрөөд явж байхад 21 цагийн үед санагдаж байна эсрэг урсгалд өөдөөс харсан том оврын тээврийн хэрэгсэл зогсож байсан бөгөөд миний сууж явсан машин хажуугаар нь зөрөх явцад өөдөөс хурдтай машин гэнэтхэн гэрэл тусгаад ороод ирсэн. Би жолоочийн хойд талын суудал дээр сууж явсан бөгөөд осол болоход би ухаан алдаад сэргэхэд миний хамарнаас цус гарч байсан мөн танихгүй хүмүүс машины хаалга онгойлгох гээд оролдож байгаад бид нарыг машинаас гаргасан” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-39-40 тал/,
Гэрч Б.Пүрэвдоржийн: “Орой ойролцоогоор 19 цагийн үед байх Төв аймгийн Баянхангай сум өнгөрөөд Лүн сум руу дөхөөд явж байтал гэнэт замын хажуу талд байсан том машин луу Б.Го чигээрээ орох шиг болохоор нь би машин Гомбоо гэж хэлээд орилсон тэгээд цааш нь юу болсныг мэдэхгүй байна. Гэрлийн үзүүрт бүдийсэн хар юм ороод ирсэн. Би харсан зүйлээ л хэлсэн” /1-р хавтас хх-42 тал/,
Төв аймгийн засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн №384 дугаар шинжээчийн “1.Ч.Жанцандоржийн биед зүүн эгэм ясны хугарал, зүүн эгэм хэсэгт хаван хавдарт гэмтэл тогтоогдлоо. 2.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /1-р хавтас хх-48 тал/, Төв аймгийн засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн №391 дугаар шинжээчийн “1.Ж.Ариунзаяагийн биед бүсэлхийн L2, L3-р нугалмуудын хугарал, цээж, баруун тохой, баруун гуя, баруун зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-ээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт /1-р хавтас хх-51 тал/, Төв аймгийн засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн №383 дугаар шинжээчийн “1.Б.Гогийн биед зүүн шилбэнд шарх, цээж, ташаа, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэх дүгнэлт /1-р хавтас хх-55 тал/, Төв аймгийн засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн №389 дугаар шинжээчийн “1.Э.Дарьхийхүүгийн биед баруун шуу ясны хугарал, баруун нүдний ухархайн хугарал, баруун зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт /1-р хавтас хх-59 тал/, Төв аймгийн засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн №388 дугаар шинжээчийн “1.Б.Батболдын биед уушгины няцрал, шингэн хуралдалт, баруун 7, 8, 9-р хавирга зүүн 1-р хавирганы хугарал, зүүн дал ясны хугарал, зүүн хөмсөг, баруун өвдөгт шарх, нүүрний баруун талд зөөлөн эдийн няцрал, цус хуралдалт, зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо, зүйлийн 1-ээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт /1-р хавтас хх-63 тал/, Төв аймгийн засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн №390 дугаар шинжээчийн “1.Э.Мөнхсайханы биед зулайд шарх, зулайд зөөлөн эдийн няцрал, баруун зүүн бугалага, цээж, хэвлий, баруун ташаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /1-р хавтас хх-66 тал/, 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн №00000069 дугаар шинжээчийн “Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Хюндай Верна маркийн 63-90 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Батболд нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй. Тоёото-11 маркийн 43-33 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Го Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн. Жолооч Б.Го нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-д заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөн байна. МАЗ маркийн 28-97 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Г Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн. Жолооч Б.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.1-д заасан “жолооч тээврийн хэрэгслийг замын баруун гар талд зорчих хэсгийн хашлаганд шахаж, хашлагагүй замд зорчих хэсгийг чөлөөлж зогсооно. Хэрэв зорчих хэсгийг чөлөөлөх боломжгүй /хөвөөгүй/ бол түүний зах руу аль болох шахаж зогсооно” гэснийг зөрчсөн байна. 2. Зам тээврийн осол гарахад замын болон цаг агаарын нөхцөл байдал нөлөөлөөгүй. 3.МАЗ маркийн 28-97 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Гын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлээс зам тээврийн осол хэрэг гарсан гэж үзэв. 4. Шинээр илэрсэн нөхцөл байдал байхгүй” гэх дүгнэлт /1-р хавтас хх-74 тал/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас хх-141-147 тал/,
Төв аймаг дахь цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн №00000200 дугаар шинжээчийн “Төв аймаг дахь цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээч Л.Мөнх-Эрдэнийн 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гаргасан шинжээчийн дүгнэлт нь үндэслэлтэй боловч дутуу тавигдсан байна гэж үзэв. Хавтаст хэргийн материалтай танилцахад Тоёото Приус маркийн 43-33 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Го нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна гэж үзэв. 2. Хавтаст хэргийн материалтай танилцахад “Тоёото Приус” маркийн 43-33 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Го нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна гэж үзэв. Тоёото Приус маркийн 43-33 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Го нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8-р бүлгийн 8.2 дахь хэсэгт зааснаар “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. Мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээг авна” гэсэн заалтуудыг зөрчсөн байна гэж үзэв. “Хьюндай Верна” маркийн 63-90 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Батболд нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна гэж үзэв. МАЗ маркийн 28-97 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэж үзэв. МАЗ маркийн 28-97 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр бүлгийн 11.1 дэх хэсэгт заасан “жолооч тээврийн хэрэгслийг замын баруун гар талд зорчих хэсгийн хашлаганд шахаж , хашлагагүй замд зорчих хэсгийг чөлөөлж зогсооно. Хэрэв зорчих хэсгийг чөлөөлөх боломжгүй/хөвөөгүй/ бол түүний зах уруу аль болох шахаж зогсооно” гэсэн заалтыг зөрчсөн байна гэж үзэв. 3.Хавтаст хэргийн материалтай танилцахад МАЗ маркийн 28-97 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11-р бүлгийн 11.1 дэх хэсэгт заасан “жолооч тээврийн хэрэгслийг замын баруун гар талд зорчих хэсгийн хашлаганд шахаж, хашлагагүй замд зорчих хэсгийг чөлөөлж зогсооно. Хэрэв зорчих хэсгийг чөлөөлөх боломжгүй/хөвөөгүй/бол түүний зах уруу аль болох шахаж зогсооно” гэснийг зөрчсөн байгаа нь зорчих хэсгийг бүрэн чөлөөлж зогсолт хийгээгүй гэж үзэх үндэслэлтэй. МАЗ маркийн 28-97 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Г нь тээврийн хэрэгслээ замын хөвөө рүү бүрэн шахаж зогсолт хийсэн тохиолдолд Тоёото Приус-11 маркийн 43-33 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Го нь уг тээврийн хэрэгслийн зүүн хойд хэсгийг мөргөхгүйгээр зөрж өнгөрөх боломжтой байсан гэж үзэв. 4.Хавтаст хэргийн материалтай танилцахад Тоёото Приус-11 маркийн 43-33 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Го нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг хангаагүй байгаа нь зогсоох арга хэмжээ аваагүй гэж үзэв. 5.Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6-р бүлгийн 6.2 в “харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт оврын гэрэл нь асахгүй/эсвэл байхгүй/ тээврийн хэрэгслийг зогсоох үед ослын дохионы гэрлийг асаана” гэж заасан байдаг ба жолооч нь ийм нөхцөлд ослын гэрлийг асаагаагүй тохиолдолд зөрчил гэж үзнэ. 6. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15-р бүлгийн 15.1а-д “замын гэрэлтүүлэггүй хэсэгт холын буюу ойрын гэрлийг асаана. Өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэл хүртэл 150 метрээс багагүй зайд буюу жолоочийг гялбуулж болзошгүй бусад тохиолдолд холын гэрлийг ойрын гэрэл шилжүүлнэ. Мөн өөдөөс яваа жолооч гэрлээ үе үе шилжүүлэн дохивол зайн хэмжээг үл харгалзан холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзлэж яваа эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсооно” гэж заасан байдаг. Тээврийн хэрэгслийн гэрлээ холын тусгал дээр нь тавьсан тээврийн хэрэгслийн жолоочид хэдэн метрийн зайн дахь үзэгдэх орчин харагдах боломжтой мөн ойрын гэрэлтэй яваа тээврийн хэрэгслийн жолоочид ямар зайн үзэгдэх орчин харагдах боломжтой эсэх нь зам орчны болон цаг агаарын нөхцөл байдал, жолоочийн эрүүл мэнд, ажилласан цаг хугацаа,харааны онцлогоос шалтгаална. 7. Гэм буруутай үйлдлийг шүүх тогтооно. Хавтаст хэргийн материалтай танилцахад өөр ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй байна гэж үзэв. Өмгөөлөгчөөс асуусан асуултанд: 1. Хавтаст хэргийн материалтай танилцахад 28-97 УБХ улсын дугаартай автомашины жолооч Б.Г нь түр зогсохдоо зорчих хэсгийг чөлөөлөх боломжтой байсан гэж үзэв. 2.28-97 УБХ улсын дугаартай автомашины жолооч Б.Г нь түр зогсохдоо зорчих хэсгийг чөлөөлөх идэвхитэй үйлдэл хийгээгүй гэж үзэв. 3.Хавтаст хэргийн материалаас үзэхэд Тоёото Приус маркийн 43-33 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй байна гэж үзэв” гэх дүгнэлт /1-р хавтас хх-120 тал/,
Шинжээч Л.Мөнх-Эрдэнийн: “... Тоёото Приус-11 маркийн 43-33 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Го нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-д заасан эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэснийг зөрчсөн байсан. Мөн МАЗ маркийн 28-97 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.1-д заасан жолооч тээврийн хэрэгслийг замын баруун гар талд зорчих хэсгийн хашлаганд шахаж, хашлагагүй замд зорчих хэсгийг чөлөөлж зогсооно. Хэрэв зорчих хэсгийг чөлөөлөх боломжгүй /хөвөөгүй/ бол түүний зах руу аль болох шахаж зогсооно гэснийг зөрчсөн байсан бөгөөд зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл нь МАЗ маркийн 28-97 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Гын замын хөдөлгөөний дүрмийн 11.1-д заасан заалтыг зөрчсөнөөс гарсан гэж үзсэн. Учир нь хэргийн газрын үзлэг болон схем зураг дээрээс харахад тухайн тээврийн хэрэгслийн захын дугуйнаас засмал замын шороон хөвөөний ирмэг хүртэл 1 метр 60 см-ийн зайтай байсан нь шороон хөвөө рүү тээврийн хэрэгслийг шахаж замыг чөлөөлж зогсох бүрэн боломжтойг харуулсан байна. Хэрэв дээрхи тээврийн хэрэгсэл нь засмал замынхаа шороон хөвөөний ирмэг хэсэг рүү аль болох шахаж зогссон бол 43-33 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэл чиргүүлний арын булан хэсгийг мөргөхгүй гарах бүрэн боломжтой байсан. Иймд зам тээврийн осол болох шалтгаан нөхцөл нь 28-97 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Гын замаа бүрэн чөлөөлж зогсоогүй үйлдлээс болж гарсан гэж үзэх үндэслэл болж байна” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-148 тал/,
Гэрч Б.Сосорбарамын: “ ... 21 цагийн үед явж байгаад Төв аймгийн Баянхангай сумын нутагт би бие засаадхий гэж нөхөртөө хэлсэн. Тэгээд нөхөр маань зогсох зам олдохгүй байна гэж хэлээд явж байгаад нэг газар зогсоод би хурдхан шиг бие засчихаад буцаад суусан. Тэгээд араас нөхөр Б.Г машинаа тойрч харчихаад бид хоёр хөдлөх гэж байх хооронд араас ирж явсан жижиг цагаан машин эсрэг урсгал руу орж ирээд өөдөөс ирж явсан жижиг машинтай мөргөлдсөн. Тэгээд бид хоёр машинаас буугаад Б.Г цагдаа дуудчихаад араас ирж явсан том машины хүмүүстэй нийлж осолд орсон хүмүүсийг машинаас гаргасан” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-149 тал/ зэргээр нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг , хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, ослын шалтгааныг тогтоосон шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч Б.Го, Б.Г нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгч Б.Г нь Маз маркийн 28-97 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.1 дүгээр бүлгийн 1 дэх заалтийг зөрчиж замын зорчих хэсгийг бүрэн чөлөөлж зогсоогүйн улмаас Б.Го нь түүний тээврийн хэрэгслийн чиргүүл хэсгийг шүргэж улмаар эсрэг урсгалд орж Х.Верна маркийн 63-90 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргасны улмаас Х.Верна маркийн 63-90 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Э.Мөнхсайханы биед хөнгөн, Ч.Жанцандорж, Ж.Ариунзаяа, Э.Дархийхүү нарын биед хүндэвтэр Б.Батболдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь хэргийн улмаас хохирогч нарын биед учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд болон ослын шалтгааныг тогтоосон дүгнэлтээр нотлогдсон бөгөөд шүүгдэгч нарын буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан байна.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Болгоомжгүй гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсныг ойлгоно.“Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дэх хэсэг”
Шүүгдэгч Б.Г, Б.Го нар нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Б.Г, Б.Го нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.
Шүүгдэгч нарын буруутай үйлдлийн улмаас 3 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн хэд хэдэн хэсгүүдэд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх боловч тухайн зүйлийн хамгийн хүнд ялтай хэсэгт зааснаар Эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн байдал, учруулсан хор уршиг, хор уршгийн шинж чанар, Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, Б.Го-г гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,
Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр тус тус тэнсэж хянан шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт “..тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хасаж”, гэж нэмэгдэл ялыг заавал хэрэглэхээр хуульчилсан тул Б.Го, Б.Г нарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тухайн зүйл, хэсэгт заасны дагуу эрх хасах ялыг ээмж оногдуулж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тогтоол хүчинтэй болсон үеэс эрх хасах нэмэгдэл ялын хугацааг тоолбол зохино.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж, хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаварыг гэмт хэргийн хор уршигт тооцоно”, 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршигийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлыг мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно.” гэж заасан.
Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас:
Шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын төлбөрт хохирогч Б.Батболд нийт 16501056 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас
сэтгэл санааны хохирол 11920000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, оношлогоо, мэс засал, эмчилгээний бусад зардал 1081056 төгрөг, тээврийн хэрэслийн эвдрэлийн 3500000 төгрөг нийт 4581056 төгрөг,
хохирогч Э.Мөнхсайхан 10.039.925 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас сэтгэл санааны зардал 8045114 төгрөгийн нэхэмжлэл шаардлагыг хэрэгсэхгүй болгож, оношлогоо, шатахуун, эмчилгээний бусад зардал 1994811 төгрөг,
хохирогч Э.Дарьхийхүү 6937352 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас сэтгэл санааны зардал 6.600.000 төгрөгийн нэхэмжлэл шаардлагыг хэрэгсэхгүй болгож, эмчилгээ болон бусад зардалд 337352 төгрөг,
хохирогч Ч.Жанцандорж 6722000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасанаас сэтгэл санааны зардал 6.350.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, эмчилгээ болон бусад зардал 372000 төгрөг,
хохирогч Ж.Ариунзаяа 5987316 төгрөгийн нэхэмжлэл гаргаснаас сэтгэл санааны зардал 5060000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 927316 төгрөгийг нийт 8212535 төгрөгийг шүүгдэгч Б.Г, Б.Го нараас хувь тэнцүү тус бүр 4106267 төгрөгийг гаргуулах нь зүйтэй.
Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Го нь хохирол төлөхөөр завсарлага авч өөрт ногдох хохирлыг нөхөн төлсөн байх тул энэ шүүх хуралдаанаар Б.Го-гээс гаргуулах хохирол төлбөргүй байна.
Мөн шүүгдэгч Б.Го нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч нарт 486500 төгрөгийн төлж барагдуулсан байх бөгөөд шүүх хуралдаанаар гаргуулсан хохирол төлбөрт 486500 төгрөг нь багтаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Харин шүүгдэгч Б.Г-с /нийт 4106267 төгрөг/ 997,405 төгрөг гаргуулан хохирогч Э.Мөнхсайханд, 2.290.528 төгрөг гаргуулан хохирогч Б.Батболдод, 186.000 төгрөг гаргуулан хохирогч Ч.Жанцандоржид, 463.658 төгрөг гаргуулан хохирогч Ж.Ариунзаяад, 168.767 төгрөг гаргуулан хохирогч Э.Дарьхийхүүд тус тус олгох нь зүйтэй байна.
Б.Г нь тогтоолд заасан хохирлыг даатгалаас авч 1 /нэг/ сарын хугацаанд нөхөн төлөхөө илэрхийлсэн нь Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагад нийцэж байх тул түүнийг хуульд заасан хугацаандаа шүүхийн тогтоолд заасан хохирлыг нөхөн төлөх буюу гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг давхар хүлээлгэх нь зүйтэй байна.
Харин хохирогч Ч.Жанцандорж, Ж.Ариунзаяа, Э.Дарьхийхүү, Б.Батболд нар нь нотлох баримтын шаардлага хангаагүй нэхэмжлэлийн шаардлага болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүйг тогтоолд тус тус дурдах нь зүйтэй байна.
Харин хэрэгт бичгийн баримтаар хураагдаж ирсэн Б.Гогийн №1000718 дугаар жолоочийн үнэмлэх, Б.Г-ын №78735 дугаар жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц харъяа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Го, Б.Г нарыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас 3 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар
шүүгдэгч Б.Г-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар,
шүүгдэгч Б.Го-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, ажил, оршин суугаа газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг,
Шүүгдэгч Банзрагчийн Б.Го-г ажил, оршин суугаа газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх /тэнссэн хугацаанд/ албадлагын арга хэмжээ тус тус авсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г, Б.Го нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг сануулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Г, Б.Го нар нь шүүхээс тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Го нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Гоос 997,405 төгрөг гаргуулан хохирогч Э.Мөнхсайханд, 2.290.528 төгрөг гаргуулан хохирогч Б.Батболдод, 186.000 төгрөг гаргуулан хохирогч Ч.Жанцандоржид, 463.658 төгрөг гаргуулан хохирогч Ж.Ариунзаяад, 168.767 төгрөг гаргуулан хохирогч Э.Дарьхийхүүд тус тус олгож, хохирогч Ч.Жанцандорж, Ж.Ариунзаяа, Э.Дарьхийхүү, Б.Батболд нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар Б.Г-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагар, Б.Го-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тус тус тоолсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдаж Б.Го, Б.Г нарын жолоочийн үнэмлэхийг харъяа шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Ариунтуяад даалгасугай.
10.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
11.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
12. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Го, Б.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ