Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 208/МА2023/00035

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 148/ШШ2023/00255 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******,

 Хариуцагч Н.*******д холбогдох

 Нэхэмжлэлийн шаардлага: Хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 2,550,000 төгрөг, зам зардал 300,000 төгрөг нийт 2,850,000 төгрөг гаргуулах тухай, хариуцагчийн нэр төрд халсан хохирол 5.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл бүхий хэргийг хариуцагч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ******* /цахим/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Долгорсүрэн /цахим/, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Цогзолмаа /цахим/, гуравдагч этгээд Ц.Ууганзаяа /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

 1...2022 оны 11 дүгээр сарын 14-нд *******тэй холбогдож Мандал суманд ирээд *******тэй уулзаад самарт 1 сарын хугацаатай тогоочоор явах болж ажлын хөлсөө өдрийн 85000 төгрөгөөр тохиролцсон. Ингэж ярьж тохиролцохдоо Ган-Эрдэний гэрт сууж байгаад ярьсан. Тухайн үед эхнэр нь байгаагүй. Би ямар нэгэн самар жимс авна гэж тохиролцоогүй.

...Би 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хооронд 36 хоног Н.Ган-Эрдэнийн самрын хүмүүст хоолыг нь хийж өгч, түүнтэй тохиролцсоны дагуу хүнд нөхцөлд өвлийн хүйтэнд холоос ирж ууланд ажилласан. Гэхдээ өнөөдрийг хүртэл тохирсон хөлснөөс 1 ч төгрөг аваагүй учир гомдолтой байна. Нийт 36 хоног ажилласнаас 1 сар буюу 30 хоногийн ажлын хөлсийг тохирсон ёсоор өдрийн 85000 төгрөгөөр тооцож, 85000*30 хоног нийт 2550000 төгрөг, Ховд, Улаанбаатараас 3 удаа Н.*******тэй уулзахаар ирсэн замын зардал 300000 төгрөгийн хамт нийт 2850000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа:

 ...Н.******* миний бие *******г цалинжуулах талаар ярилцаж тохиролцсон асуудал огт байхгүй, цуг баг болж яваа хүмүүс чинь таныг цалинжуулна. Учир нь өдрийн 85000 төгрөгөөр цалинжуулна гэж ийм асуудал яриагүй. Анх *******г ирэхэд нь самарт цуг явж байгаа хүмүүс таны ажлын хөлсийг дундаасаа гаргаж өгнө би цалинжуулдаггүй гэж хэлж байсан. ******* тогоочоор ажилласан эхний 15-16 хоногт өөртэйгөө нийлээд 4 хүний хоол хийсэн. Дараа нь 11 хүний хоол 7 хоног хийсэн. Хүнд хэцүү нөхцөлд ажиллуулаагүй, отог дулаахан. Тогоочийн хувьд отог дотроо байж байдаг түлээ модыг нь бэлдээд усыг нь аваад өгчихдөг байсан.

Гэтэл ******* нь самарт ажиллаж байгаа хүмүүсийг гал түлж өгсөнгүй, эмэгтэй хүмүүсийг нь ажилд тусалсангүй гэж хэрүүл маргаан хийнэ. Сүүлдээ гэнэт би ажиллахаа болилоо гэхээр нь би өөрийнхөө бензин их зарцуулдаг машинаар 60 орчим км газарт хүргэж өгч тусалж байсан. Уулын хэцүү замаар талдаа 30км ирж очихын 60 орчим км. Миний бие *******гийн шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, *******гийн нэхэмжилсэн 2855000 төгрөгийг миний бие хариуцан төлөх үндэслэлгүй болно.

...Би хүмүүстэйгээ самраас бууж ирээд Жимсээгийн ажлын хөлсийг авч өгч чадаагүй учраас Жимсээд 1 сая төгрөг өгөх саналтай байгаа. Жимсээгийн хэлж ярьж байгаа үнэн. Жимсээ нэг сар ууланд миний хариуцаж явсан самрын отогт тогооч хийсэн нь үнэн.Тиймээс би үлдэх мөнгийг төлөх боломжгүй гэжээ.

 Хариуцагч Н.******* шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ...Миний зүгээс *******д холбогдуулан нэр төр сэргээлгэж 5 сая төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Миний бие Жимсээг миний нэр төрийг олон нийтийн сүлжээгээр гутааж худал мэдээлэл тараасан гэж үзээд цагдаагийн байгууллагад хандаж гомдол гаргасан тул бөгөөд одоо гаргасан сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 148/ШШ2023/00255 дугаартай шийдвэрээр:

 Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэг, 362 дугаар зүйлийн 362.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Боржигон овогт Нэргүйн *******эс хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 2550000/хоёр сая таван зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Чойрд овогт Магсарын Жимсээд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх зам зардал 300000 төгрөг гаргуулах тухай нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.Ган-Эрдэний сөрөг нэхэмжлэлтэй, нэхэмжлэгч *******д холбогдох нэр төр сэргээлгэж, 5000000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60550 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Н.*******эс 55750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.6 дах хэсэгт зааснаар хариуцагч Н.Ган-Эрдэний сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 95250 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, орон нутгийн төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 47625 төгрөгийг гаргуулж, хариуцагч Н.*******д олгохоор шийдвэрлэжээ.

 Хариуцагч давж заалдах гомдолдоо:

Хариуцагч ******* миний бие Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2023.06.27-ны өдрийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Шүүх Н.******* миний хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчиж намайг маш их хохироолоо, хуурамч нотлох баримтын үндсэн дээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж маш их гомдолтой байна. Нэхэмжлэгч ******* түүний гэрч гэх *******, ******* нар үгээ нийлүүлж намайг гүжирдэж гүтгээд байгаа юм. Гэтэл шүүх *******, ******* нарын үгийг нотлох баримт гэж үзэж хүлээн авсанд гомдолтой байна.

Яаж ч бодсон самрын ажил хийсэн хүмүүсийн дундын хоол ундыг хийдэг тогоочийн мөнгийг би ганцаараа төлнө гээд тэдний өмнөөс гэрээ хэлцэл хийнэ гэж байхгүй шүү дээ. Би Жимсээд ажлын хөлсийг өдрийн 85000 төгрөгөөр тохирч яриагүй үүнийгээ би анхнаасаа шүүхэд үнэнээр л хэлж ярьсан. Харин *******г тогоочоор ажлуулахаар олж ирсэн. Угаас бодит амьдрал дээр яг үнэн байдал бол самарын ажилд тогоочоор ажилласан хүний цалин хөлсийг самраар л өгдөг бэлэн мөнгө төгрөг өгөх ямар ч боломжгүй байдаг. Хэрэв би ажлын хөлс гэж ярьсан бол самар л ярих ёстой байсан. Тогоочоор ажилласан бүх хүмүүс ажлын хөлсөнд самар авч түүнийгээ өөрсдөө мөнгө болгож ажилладаг байсан.

Тогоочийн ажлын хөлсийг самар түүхээр явж байгаа хүмүүс дундаасаа гаргаж өгдөг байсан. Гэтэл ******* бодит амьдралаас хол зөрүүтэй юм ярьж *******, ******* 2-той үгээ нэгтгэж намайг гүжирдээд байгаа би их гомдолтой байна. Энэнээс л авахгүй бол бусад хүмүүс нь олдохгүй гэсэн байдлаар надтай харьцаж байгаа. Үнэхээр самарт хамт явсан хүмүүс нь олдохгүй байгаа юм.

Би бодохдоо ер нь эцсийн эцэст

-цалин мөнгөө тооцож авахгүй ажлаа дутуу хийгээд хаяад явчихсан ******* өөрөө буруутай.

- зар тавьж *******г олж ирсэн миний буруу бас байна.

Хоёулаа адилхан буруутай учраас *******гийн нэхэж байгаа 2550000 төгрөгийг биднээр хувь тэнцүүлэн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү.

******* нь 1 сар ажиллаагүй байж 1 сарын ажлын хөлс нэхээд байгааг давхар авч үзнэ үү гэжээ.

 Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо:

 Өмгөөлөгч миний биө хариуцагч Н.Ган-Эрдэнийн хүсэлтээр түүний өмгөөлөгчөөр оролцож Мандал сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 06 сарын 27-ны өдрийн 149/ШШ2023 00255 дугаартай шийдвэрийг үл зөвшөөрч дараахи гомдолыг гаргаж байна.

Учир нь хариуцагч Н.Ган-Эрдэнийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн, хуурамч нотлох баримтын үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэсэн, Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна гэсэн хуулийн заалт зөрчигдсөн гэж үзэж байна.

Харицагч Н.******* нэхэмжлэгч *******д өдрийн 85.000 төгрөгөөр цалинжуулна гэж хэлээгүй гэдгээ анхнаас нь шүүхэд үнэн зөвөөр хөтөлбөргүй мэдүүлсээр ирсэн.

Хариуцагч Н.******* нэхэмжлэгч *******г гэрч болгох *******, ******* нартайгаа үгээ нэгтгэн намайг гүтгэж байна. бодит амьдралаас хол зөрүүтэй юм ярьж байна гэж байхад шүүх нэхэмжлэгч *******гийн ярьсан туйлын үнэн гэж тогтоох боломжгүй нэхэмжпэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хангах үндэслэлгүй байгааг Давж заалдах шатны шүүх анхааран үзэхийг хүсэж байна гэв.

Нэхэмжлэгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Н.******* анх надтай холбогдоод өдрийн 85.000 төгрөгөөр тохирч тогоочоор ажиллуулсан. Би анх тохиролцсон хүнээсээ ажлын хөлсөө гаргуулж авна. Цалингаа өгөхгүй болохоор нь Ховдоос ирсэн зардал нэхэмжилсэн боловч шүүх гаргаагүй үүнийг нь би хүлээн зөвшөөрнө гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлгүй байх хуулийн шаардлага хангасан. Хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй. Анх *******тэй хариуцагч нь хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан. Жимсээ ажлаа хийсэн тул ажлын хөлсөө нэхэх эрхтэй. Хариуцагчийн татгалзал үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт болон маргааны зүйлийг зөв тогтоож, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 3. Хэргийг судлан үзвэл: Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Н.*******д холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээний үүрэг 2.550.000 төгрөг, гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохирол 300.000 төгрөг нийт 2.850.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасныг хариуцагч Н.******* ажлын хөлсийг дангаараа төлөх үндэслэлгүй гэж марган улмаар олон нийтийн сүлжээгээр нэр төрд халдсан гэсэн үндэслэлээр хохирол 5.000.000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.  

 4. Зохигчид нь гэрээ байгуулсан эсэх талаар маргаагүй. Харин хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа хөлсөөр ажиллах гэрээ байгуулахдаа бригадын бусад хүмүүстэйгээ хамтран дундаасаа *******гийн ажлын хөлсийг төлөхөөр тохиролцсон тул дангаар хөлсийг төлөхгүй гэж тайлбарлажээ.

 5. Хариуцагч Н.******* нь татгалзлаа ******* нь гэрээт хугацаа дуусаагүй байхад ажлаа орхисон бригад дундаасаа тогоочийн цалинг гаргаж өгөхөөр тохиролцсон гэж тайлбарладаг боловч хариуцагч Н.******* нь самарт хүн авч явна гэсэн зарыг нийтийн сүлжээнд тавьсан байх ба энэ зарын дагуу нэхэмжлэгч ******* нь хариуцагч Н.*******тэй холбогдож хөлсөөр ажиллахаар тохиролцсон, *******тэй бригадын бусад хүмүүтэйгээ тогоочийн ажлын хөлсийг хамтран төлөх талаар тохиролцоогүй, хөлсөөр ажиллах гэрээг Н.******* нь *******тэй байгуулсан болох нь гэрч *******, ******* нарын Н.******* бригадыг ахлаж байсан, тогоочийн цалинг дундаасаа төлөх талаар ярилцаагүй ...******* ууланд 1 сар орчим ажилласан.. гэх мэдүүлэг, зохигчдын хооронд утсаар холбогдож байсан тухай баримтууд болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагчтай тохиролцсны дагуу 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд М.Ган-Эрдэнийд ирж 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс ууланд самар түүхээр Н.Ган-Эрдэнийн ахалж буй бригадад тогоочоор ажилласан байх ба ажиллах нөцлийн хувьд хүнд байсан тул ******* нь 12 дугаар сарын 26-ны өдөр уулнаас буужээ.

Дээрхи үйл баримтаар зохигчдын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан байх ба гэрээний талууд гэрээг тодорхой хугацаатай байгуулаагүй тул ******* нь мөн хуулийн 364 дүгээр зүйлийн 364.2-т зааснаар гэрээг хэдийд ч дуусгавар болгож болох тул түүнийг гэрээг зөрчсөн гэж үзэхгүй.

Харин гэрээний дагуу зохих үүргээ ******* гүйцэтгэсэн тул тохиролцсны дагуу хариуцагчаас гэрээний үүргээ биелүүлэхээр хариуцагч Н.*******д холбогдуулан гаргасан шаардлага үндэслэлтэй байна.

Иймд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т заасанаар хариуцагч 36 хоногийн ажлын хөлс төлөх үүрэгтэй. Ажлын хөлсийг хоногийн 85.000 төгрөгөөр тохиролцоогүй гэж хариуцагч маргадаг боловч гэрчүүдийн мэдүүлгээр няцаагддаг тул анхан шатны шүүхээс энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Мөн хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан байх ба шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар түүний сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэл бүхий болжээ.

 6.Хариуцагч нь Н.******* нь давж заалдах гомдлоо нэхэмжлэгчтэй ажлын хөлсийг хоногийн 85.000 төгрөгөөр тохиролцоогүй, бригадын хүмүүс дундаасаа цалинг өгөхөөр тохирсон тул миний бие дангаар хариуцах үндэслэлгүй гэж тайлбарлажээ.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар хариуцагч татгалзал түүнтэй холбоотой баримтаа өөрөө нотлох, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан бөгөөд хариуцагчийн татгалзлаа нотлохоор ирүүлсэн иргэн Ч.Батбаярын шүүхэд гаргасан ... бид Жимсээд дундаасаа цалин гаргаж өгөхөөр тохиролцсон... Н.******* тогоочийн ажлын хөлсийг дангаараа хариуцах ёсгүй юм гэсэн агуулга бүхий тодорхойлолт нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүхээс нотлох баримтаар үнэлээгүй нь хууль зөрчөөгүй байна.

Мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж эвлэрэх санал гаргасан боловч нэхэмжлэгч нь эвлэрэх боломжгүй гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа багасгах, шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах эсэх нь зөвхөн нэхэмжлэгчийн эрхэд хамаарах тул давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэлт хийх хуулийн үндэслэлгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байх тул хариуцагч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 148/ШШ2023/00255 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагч түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйийн 56.1-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 35.150 төгрөгийг орон нутгийн төсөвт хэвээр үлдээсүгэй.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ

Top of Form

Г.ДАВААРЕНЧИН

Bottom of Form