Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 233

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг,

улсын яллагч Бу.Эрдэнэбаатар,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Б.Б-д холбогдох эрүүгийн 1906 00094 0211 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.Б

Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Шар хоолой Булгийн ам гэх газар өөрийн гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч П.Н-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Бэрсүүд овогт Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэнийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэх мэдүүлэг,

Хохирогч П.Н-н мөрдөн байцаалтад өгсөн: “... Би Бтай хамт амьдраад 4 жил болж байна. Б бид хоёр дундаасаа нэг хүүхэдтэй. Б бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй. Б намайг зоддог өдрөөс 2 хоногийн өмнө Энхтуулын хүү буюу миний зээ хүү манай гэрт ирчихсэн байсан чинь Б манай зээтэй ширүүн харьцаад загинаад байхаар нь би зээ хүүгээ аваад Хужирбуланд байдаг эгч Нансалмаагийн гэрт очоод байж байтал Б над руу утасдаад “хүрээд ир” гэж хэлэхээр нь би очсон юм. Тэгээд эгчийнхээсээ гараад автобусанд суугаад Гачууртын эцэс дээр ирээд нэг машин явж байхаар нь гар өргөж зогсоож суутал 3 залуу явж байсан. Тэр 3 залуу пиво уучихсан явж байгаад надад нэг лаазтай пиво өгөхөөр нь би тэр пивоноос нь амсаад л өгсөн. Тэгээд гэртээ хүргүүлээд ороход Б тэр 3 залуутай хардаад намайг “чи энэ 3 залуутай банзалдаж архидаж байгаад ирэв үү” гэж хэлээд өмсөж байсан ардаа цахилгаантай цамцаар боогоод хоёр шанаа руу гараараа цохиод, газар унагааж байгаад цээж, хөх, нуруу, гэдэс хавьцаа хөлөөрөө дэвсэж, хоёр шанаа болон уруул руу гараа зангидаж байгаад цохисон. Тэгээд би гуйж байгаад болиулсан. Тэгээд маргааш нь цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 8 дугаар тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 399 дүгээр:

1. П.Н-н биед тархи доргилт, толгойн орой хэсгийн хуйх, эрүү, хүзүүний зөөлөн эдийн няцрал, доод уруул, эрүүний баруун, зүүн хэсэг, хүзүү, баруун эгэм, цээж, нуруу, баруун мөр, бугалга, шуу, сарвуу, зүүн дал, мөр, шуу, бугуй, хэвлийн баруун хажууд цус хуралт, баруун, зүүн хацар, эрүү, хүзүү, зүүн мөрөнд хэсэгт зулгаралт, зүүн дээд 1 дүгээр шүдний паалангийн эмтрэл гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх

боломжтой.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт,

/хх-ийн 17 дугаар тал/

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 31 дүгээр тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 32 дугаар тал/

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

                                                                                                                       

           Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

           Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Шар хоолой Булгийн ам гэх газар өөрийн гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч П.Нг зодож, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б-н өгсөн “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэх,

мөрдөн байцаалтад хохирогч П.Н-н өгсөн “Би Б тай хамт амьдрахаасаа өмнө өөр хүнтэй сууж 2 хүүхэд гаргасан байсан юм. Миний том охин Энхтуулын хүүхэд над дээр манайд байдаг юм. Б-тай хамт амьдраад 4 жил болж байна. Б бид хоёр дундаасаа нэг хүүхэдтэй. Б бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй. Б намайг зоддог өдрөөс 2 хоногийн өмнө Энхтуулын хүү буюу миний зээ хүү манай гэрт ирчихсэн байсан чинь Б манай зээтэй ширүүн харьцаад загинаад байхаар нь би зээ хүүгээ аваад Хужирбуланд байдаг эгч Нансалмаагийнд очоод байж байтал Б над руу утасдаад “хүрээд ир” гэж хэлэхээр нь би очсон юм. Тэгээд эгчийнхээсээ гараад автобусанд суугаад Гачууртын эцэс дээр ирээд нэг машин явж байхаар нь гар өргөж зогсоож суутал 3 залуу явж байсан. Тэр 3 залуу пиво уучихсан явж байгаад надад нэг лаазтай пиво өгөхөөр нь би тэр пивоноос нь амсаад л өгсөн. Тэгээд гэртээ хүргүүлээд ороход Б тэр 3 залуутай хардаад намайг “чи энэ 3 залуутай банзалдаж архидаж байгаад ирэв үү” гэж хэлээд өмсөж байсан ардаа цахилгаантай цамцаар боогоод хоёр шанаа руу гараараа цохиод, газар унагааж байгаад цээж, хөх, нуруу, гэдэс хавьцаа хөлөөрөө дэвсэж, хоёр шанаа болон уруул руу гараа зангидаж байгаад цохисон. Тэгээд би гуйж байгаад болиулсан. Тэгээд маргааш нь цагдаа дуудсан.”  гэх /хх-8/,

мөн Б.Б мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр би гэртээ байж байхад манай эхнэр П.Н гаднаас архи уучихсан, 3 залуугаар хүргүүлээд ирэхээр нь би уурлаад хоолойг нь боож, нүүр лүү цохиж, гар мөрийг нь самардаж, нуруу руу нь гараараа цохиж, цээж нурууг нь хумсаараа самардсан. Тэгээд миний уур гарч унтсан. Тэгтэл маргааш өглөө нь цагдаа ирсэн. Дүгнэлт дээр бичигдсэн П.Нгийн биед учирсан гэмтлүүдийг би учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би Намжилмаагаас уучлалт гуйж бид хоёр одоо хамт амьдарч байгаа. “ гэх /хх-30/ мэдүүлгүүд,  

хавтаст хэрэгт цугларсан Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 399 дүгээр дүгнэлт /хх-17/, зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Б.Бнь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Быг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирогч П.Н нь шүүгдэгч Б.Б-с гэм хорын хохирол төлбөр нэхэмжлээгүй бөгөөд прокурорын байгууллагад гаргасан хүсэлтдээ “Б-д гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Б-тай эвлэрсэн тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Би шүүх хуралд оролцохгүй.” /хх-38/ гэсэн байх тул шүүгдэгчийг бусад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгч Б.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Б хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр буюу сар бүр 112.500 төгрөгийг төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд Б.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 9 дэх хэсэг, 36.2, 36.8, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:                                                                                                             

1. Шүүгдэгч Б овогт Б.Б-г “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Б-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Б-г 450.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын  хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                                                                                

 

                     ДАРГАЛАГЧ,

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Н.ОДОНТУУЛ