Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 216/МА2023/00008

 

 

 

 

 

 

 

   М.Н нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

        Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч О.Однямаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн нээлттэй хийсэн хуралдаанаар,

      Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 134/ШШ2023/00173 дугаар шийдвэртэй,

        Нэхэмжлэгч М.Н,

        Хариуцагч  Г.Я холбогдох

  Нэхэмжлэлийн шаардлага: Г.Я 23,240,289 төгрөгийг гаргуулж, Х б ХХК дахь Д.П зээлийг төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Я 22,849,000 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, багасгаж тодорхойлсон нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэхүүгийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн шүүгч О.Однямаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Н өмгөөлөгч Э.Сайханаа, нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

  1. Нэхэмжлэл түүний үндэслэл, шаардлага:

    Миний байрыг Г.Я нь нэр дээрээ түр болгоод өгөөч, би жижиг дундын зээл авах гэсэн чинь надад барьцаалах хөрөнгө байхгүй, та байраа найз нөхдийн журмаар барьцаалчих хямд байдаг гэж хэлсэн. Би 3 жилийн дотор төлнө. Тэгэхгүй бол надад барьцаалах хөрөнгө байхгүй гэж хэлсэн. Хуучин зах байсан нийтийн байранд байсан. Тэгээд би хүүхдэдээ байр авах гээд мөнгө хүрэхгүй болоод чамд байраа барьцаалаад чиний мөнгөнөөс эгч нь 4,500,000 төгрөг авна гэж хэлсэн. Чи 5,500,000 төгрөгийг авдаг юм байгаа биз гэсэн. Маргааш нь болсон хойно Н эгчээ барьцаа хөрөнгө хэрэгтэй байна. Та байраа түр барьцаалуулчих, 3 жилийн дотор та ч төлнө, би ч төлнө. Хоёулаа гэрээ нотариатаар баталгаажуулаад хийе гэж хэлсэн. Би өөрийнхөө ажлынхнаас асуусан чинь нотариатаар баталгаажуулвал болно гэж хэлсэн. Та тэгье гээд амаараа гэрээ хийвэл яг алуулна гээд байхаар нь Г.Б би очиж 4,500,000 төгрөгөө тоолж авсан. Энэ охин, хоёр охины хамт Б нар байсан. Би нотариатаар баталгаажуулаад авцгаасан. 3 жил болоод би мөнгөө төлөөд дууссан, одоо эгч нь мөнгөө авъя гэсэн чинь Н эгчээ би танд сандраад гүйж байхад чинь тус болсон. Манай нөхөр харвачихсан байна. Та намайг бодооч би 1 жилийн хугацаатай 2,000,000 төгрөг ахиулаад тавьсан. Би 2,000,000 төгрөгөө төлчихөөд байрны гэрчилгээг чинь аваад өгье гэхээр нь нээрээ ч тийм юм уу? гэж санаад би тэр чигт нь орхисон. Тэгээд жил болсны дараа төлөхгүй байхаар нь гэрт нь очсон байдаггүй. Сүүлдээ төмөр замын байрнуудын голд байдаг бөө нэг хүүгийнх нь байдаг байсан. Сүүлдээ дэнжид байсан. Би яваагүй биш араас нь зөндөө явсан. Би авсан нь үнэн, Н эгч одоо өглөө, би адилхан үр хүүхэдтэй хүн бузрын юм юу гэж хийх үү? би таны мөнгийг өгнө гэж хэлсэн. Би Г.Я минь чи цааш нь тавьдаг нь яаж байгаа юм бэ? гэхэд Н хужаа будаа ачуулах гээд, би төмөр ачуулах гээд мөнгөний хэрэг гараад аргаа бараад таны байрыг тавьсан. Би таныг гайгүй байх гэж бодоод гэж хэлсэн. Би юу гэж байгаа юм бэ? гэхэд 12,000,000, 12,000,000 төгрөгөөр хийчихье гэж бодсон юм гэж хэлсэн. Манай гэрт Н цуг ирсэн. Н эгч өргөдлөө буцаагаад авчих, бид хоёр төлнө гэж хэлсэн. Н нь би үхрээ зараад төлнө, Г.Я би яаж ийгээд төлнө, охин маань Солонгост байгаа гэж хэлсэн. Би 3-4 жил хөөцөлдсөн. Намайг очих болгонд чи дандаа өгнө гэж хэлдэг. Манай хүүхэд хуримаа хийсэн, байрны гэрчилгээг өгч чадаагүй, хадмуудынх нь хажууд онигоо болсон. Ингэж хэлээд байхад өгөхгүй байна гэхэд авсан юм чинь өгнө, Н эгчээ гэж хэлсэн. Өгнө гэж дандаа хэлдэг, өгөхгүй гэж ганц удаа хэлж байгаагүй. Би Н шүүх дээр дуудсан чинь энэ хоёр зээлтэй болохоор дүүгийнхээ нэр дээр зээл авсан байсан. Миний байрыг Д.П гэж хүний нэр дээр шилжүүлээд Хас банк ХХК-ийн барьцаанд байгаа учраас төлбөрөө төлөхгүй бол дуудлага худалдаанд орууллаа гэсэн. Манай том хүүгийн хүүхэд нь гараагүй байх үе буюу 2010 онд авч өгсөн байр. Би сандраад Г.Я рүү утасдсан чинь 5,000,000, 10,000,000 төгрөг хийнэ гээд, сүүлдээ бүр утсаа авахаа больсон. Нөхөр, охин хоёр нь өг гэж хэлдэг. Би Э.Сайханаа өмгөөлөгчийг дагуулаад очиход чи мөнгө өгөөч, ямар сонин юм бэ? гэхэд мөнгө өгөхгүй, 200 000 төгрөг өгөөд гаргаж байсан. Би 130 000 000 сая төгрөгөөр дэлгүүр зарж байгаа, таны мөнгийг гялс өгнө гэж хэлсэн. Тэгээд байхгүй, мөнгө өгөөгүй. Шийдвэр гүйцэтгэгч хүүхдийг чинь хөөж гаргалаа, байрыг чинь зарлаа гэсэн. Тэгэхээр нь би аргалаад таньдаг хүн, тэтгэвэр, хадгаламжийг тавиад л дутуу байгаа мөнгийг нь би бүгдийг нь олж хийсэн. Дараа нь миний нэр дээр болгосон ордероо авсан. Тэгээд би Хасбанкны даргад ч хэлсэн. Эгч нь байраа хоёр худалдаж авч байна гэхэд, та анхнаасаа Г.Я мөнгөө гаргуулж ав гээд байхад, та тэгэхгүй манай банктай зууралдаад байсан гэж намайг загнаад байсан. Хэлэхээр өгнө гээд өгөхгүй, Н би та хоёр хувааж тавьсан гэсэн биздээ, миний дүү нар мөнгөө өгөөч гэхэд мөнгө өгөхгүй, би аваагүй Я авсан гэж хэлсэн. Эхлээд авсан гэж байснаа сүүлдээ аваагүй болсон. Г.Я хэлэхдээ Н эгчээ би 7 000 000- 8 000 000 төгрөгт барьцаанд тавьсан, би тэр хүнээс мөнгөө авна, заргалдана гэж хэлсэн. Заргалдсан зүйл байхгүй. Би Н болон нөхөр дээр нь хүртэл очсон зодчих гээд хэцүү байсан. Би аргаа бараад банкинд хандаж ... би төлье, та нар намайг аваагүйг мэдэж байгаа биздээ, та нар манай байранд орж үзсэн талаар ч мэдэхгүй юм байна гэж уурлаж хэлсэн. Одоо тэдэн төгрөг дутуу гээд намайг олоод ир гээд гүйлгээд байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар байрыг чинь хураалаа гээд би арга ядаад өөрөө төлсөн. Н эгч өргөдлөө буцаачих би 10 000 000 төгрөг өгье гэж хэлсэн. Өгнө гээд өгдөггүй, би хичнээн жил хүлээж байгаа билээ, ёстой худлаа. Шүүх үнэн худлыг шийдэж өгдөг гэсэн, би шүүхээрээ дуусна гэж хэлсэн. Намайг өргөдлөө ав гэсэн, би авахгүй шүүхээрээ дуусна гэж хэлсэн. Би өөрөө мөнгө төлсөн учраас шүүхээр зөв бурууг шийдүүлнэ. Би сая байраа авсан. Хүүхдийнхээ нэр дээр шилжүүлдэг юм уу? гэснээ больсон нь оносон байсан. Манай хамгийн том хүү 2010 оноос хойш тэр байранд байгаа, одоо 38 настай, 3 хүүхэдтэй залуу байна. Би шүүх дээр банктай зууралдсан, банкийг дийлэхгүй байсан учраас би мөнгөө төлсөн гэжээ.

  1. Хариуцагчийн татгалзал, түүний тайлбарын агуулга:

  Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийн хувьд 2010 онд өөрийн эзэмшлийн Г аймаг, С сум, - дугаар баг, - дүгээр байрны - тоот орон сууцыг худалдан авсан. Худалдан авсан орон сууцныхаа төлбөрийг бүрэн төлж чадахгүйн улмаас зээл авах гэж Г.Я- тохиролцоод орон сууцны өмчлөх эрхийг бэлэглэлийн гэрээгээр Г.Я- шилжүүлсэн. Бэлэглэлийн гэрээг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн шүүхийн шийдвэрээр хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон байгаа. Хэдийгээр бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон боловч нэхэмжлэгч нь өөрөө дахиж нэхэмжлэл гаргаад 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн шүүхийн шийдвэрээр өмчлөх эрхээ сэргээлгэсэн байна. Өмчлөгч хэвээрээ байгаа. Өмчлөгчийн ямар эрх, ашиг хөндөгдөөд хэрхэн, яаж, хөндөгдсөний улмаас хариуцагч Г.Я нэхэмжлэлийн шаардлага болох 22,849,000 төгрөгийг ямар үндэслэлээр хариуцах ёстой юм бэ? үндэслэл ойлгомжгүй байна. Энэ байрны мөнгийг ямар үндэслэлээр нэхэмжлээд байгаа нь ойлгомжгүй байна. Тухайн орон сууцыг Г.Я өмчлөлд байх хугацаанд Д.П эгч Н хүсэлтээр тухайн орон сууцыг худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн боловч уг гэрээг 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн шүүхийн шийдвэрээр хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон. Энэ шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. Энэ гэрээ анхнаасаа бодитой хэрэгжээгүй. Гэрээний дагуу Г.Я ямар нэгэн үүрэг хүлээж аваагүй. Уг гэрээг Д.П нь Хасбанк ХХК-тай байгуулаад зээлийн төлбөрт нийт 35,000,000 төгрөг аваад урьдчилгаа төлбөрт 10,500,000 төгрөгийг төлөөд үлдэгдэл төлбөрийг Д.П өөрөө авсан. Иргэний хуульд хэн нэгэн этгээд бусдын өр төлбөрийг сайн дураараа төлсөн. Ийнхүү өр төлбөрийг төлснөөр үүрэг бүхий үүргээс чөлөөлөгдсөн тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэх, шаардах эрхтэй. Тухайн үүрэг бүхий этгээд гэдэг нь хэн бэ? Д.П гэж хүн байгаа. 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний дагуу бол П гэж хүн үүрэг хүлээсэн. Энэ нь зээлийн гэрээгээр мөнгөө авсан байгаа. Уг төлбөрөө төлж чадаагүйн улмаас 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Хасбанк ХХК-ийн нэхэмжлэлийн дагуу Д.П зээлийн төлбөр 23,820,290 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Д.П төлөх ёстой төлбөрийг сайн дураараа төлсөн бол Д.П нэхэмжлэх ёстой. Үүнийг хариуцагч Г.Я төлөх үүрэг байхгүй. Энэ мөнгөнөөс Г.Я ямар нэгэн төлбөрийг аваагүй. Нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч нь Г.Я биш, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй байна гэжээ.

      3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6.-д заасныг баримтлан хариуцагч Г.Я 22,849,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Н олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 274,151 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Я 274,151 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Н олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.7.-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдэж, ... гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

  1. Давж заалдах гомдлын агуулга:

    Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн М.Н нэхэмжлэлтэй Г.Я холбогдох иргэний хэргийг 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хянан шийдвэрлэсэн 134/ШШ2023/00173 дугаар шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч  давж заалдах гомдол гаргаж  байна. Анхан шатны шүүх тухайн хэрэг маргаанд хамааралгүй  хуулийг хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглээгүй, мөн талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа, түүний хүчин төгөлдөр байдлын талаар хуульд нийцүүлэн эрх зүйн үнэн зөв дүгнэлт хийлгүй, хэтэрхий нэг талыг барьсан байр сууринаас хэргийг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүхээс хэний буруутай үйлдлээр ямар хэлцэл хүчин төгөлдөр болсон эсэх, энэ нь хэрхэн, ямар баримтаар нотлогдсон эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй атлаа хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаврын улмаас бусдад учруулсан хохирлыг хэлцэл хийсэн буруутай этгээд буюу Г.Я нь нөхөн төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн нь анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 00098 дугаар шийдвэрээр хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон 2010 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Бэлэглэлийн гэрээ мөн Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 001/ХТ2017/00978 дугаар тогтоолоор хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон 2014 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээг хариуцагч Г.Я нь дангаар байгуулаагүйгээс гадна хэлцэл хийгч талууд тухайн хэлцлийг хийхдээ анхнаасаа уг хэлцлийг хууль бус болохыг мөн хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас үүсэх үр дагаврыг мэдэж хийсэн гэж үзэх нөхцөл байдал байхад анхан шатны шүүх Г.Я нь анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Нөгөөтэйгүүр хэрэгт авагдсан баримт болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбараар нэхэмжлэгч нь Г аймаг С сум  дугаар баг, - тоот  өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн өмчлөх эрхээ сэргээж улмаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар арилсан байна. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн Д.П Хас банктай байгуулсан 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээний дагуу төлөх ёстой зээлийн төлбөрийн үлдэгдэл болох 22 849 000 төгрөгийг Д.П өмнөөс төлсөн нь Иргэний хуулийн 56.6 дахь хэсэгт заасан нөхөн төлөх хохирол мөн эсэх, тухайн төлбөрийг төлснөөр хэн үүргээс чөлөөлөгдөж, хэнд ашигтай байдал бий болсон талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй атлаа дээрх хуулийн заалтыг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хэт нэг талыг баримтласан байр сууринаас хэргийг хянан шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

   5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Сайханаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Я нь энэ гэрээнд ямар ч хамааралгүй, хууль бус үйлдэл хийгээгүй гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг хэрэглэсэн нь хуульд нийцээгүй гэж байна. Анх 2014 онд бэлэглэлийн гэрээ байгуулсан байдаг. 3 жилийн дараа орон сууцыг өгөхөөр тохиролцсон гэсэн хэдий ч Я нь энэ тохиролцоондоо хүрээгүй. Цааш нь П гэдэг хүнд орон сууцыг худалдсан. Энэ үеэс эхлэн маргаан эхэлсэн. Н бол аргагүй байдалд хүрсэн. Хүүдээ орон сууц худалдаж авч өгөх зорилготой байсан. Орон сууцны үнэ өссөн байгаа. Ингээд 20 гаран сая төгрөг өөрөө төлөөд өөрийн орон сууцаа өөр дээрээ болгоод авчихсан байгаа. Үүнээс үүсэх үр дагаврыг нөхөн төлүүлэхээр Я мөнгө гаргуулахаар нэхэмжилсэн. Энэ талаар Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал байдаг. Я өөрийнхөө  буруутай үйлдлийг ч ойлгодог. Өөрөө уулзахгүй зугтаагаад байсан. Бүрэн төлнө гэдгээ олон удаа хүлээн зөвшөөрсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцэж байгаа тул хэвээр үлдээж өгнө үү гэв.  

ХЯНАВАЛ:

      1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, маргаанд холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж дүгнэв.

       2. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.       

  3. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хэт нэг талыг баримтласан байр сууринаас хэргийг хянан шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргажээ.        

       4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч Г.Я 23 240 289 төгрөг гаргуулж, ‘’Хб’’ ХХК дахь Д.П зээлийг төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Я 22 849 000 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, багасгаж  тодорхойлжээ.

  5. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг ... зээлийн гэрээний дагуу Д.П үүрэг хүлээсэн. Уг төлбөрөө төлж чадаагүйн улмаас Хб ХХК-ийн нэхэмжлэлийн дагуу Д.П зээлийн төлбөрт  23 820 290 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Д.П төлөх ёстой төлбөрийг сайн дураараа төлсөн бол Д.П нэхэмжлэх ёстой. Энэ төлбөрөөс Г.Я ямар нэгэн төлбөрийг аваагүй. Нэхэмжлэгчийн жинхэнэ хариуцагч нь Г.Я биш, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй байна...  хэмээн маргажээ.

            6.  Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрлэх үндэслэлгүй байна. Учир нь  Иргэний хуулийн  56 дугаар зүйлийн 56.6-д  зааснаар хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаврын улмаас бусдад учруулсан хохирлыг хэлцэл хийсэн буруутай этгээд буюу Г.Я нь нөхөн төлөх үүрэгтэй байна.

   7.  Шүүхийн шийдвэрээр  Говьсүмбэр аймгийн С сумын - дугаар баг, - дүгээр байрны - тоот орон сууцны өмчлөгчөөр М.Н тогтоосон боловч уг орон сууц нь хариуцагч Г.Я өмчлөлд хууль бусаар шилжсэн, Г.Я болон Д.П нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоон, Д.П нэр дээрх өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, орон сууцны өмчлөгчөөр Г.Я бүртгэхийг даалгаж, Хб ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.П холбогдох нийт 23 820 293 төгрөгийг гаргуулах, зээлдэгч сайн дураараа төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө /- тоот орон сууц/-өөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон.

    8. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д зааснаар нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлыг хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн этгээдээс  шаардах эрхтэй болохыг, мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.6 дахь заалт зэргийг зөв тайлбарлан хэрэглэсэн ба энэ талаар хийсэн дүгнэлт нь үндэслэлтэй зөв болжээ.

     9. Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлага 23 240 289 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 391 289 төгрөгийг хасч үлдэх 22 849 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шүүх  шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

    Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх  дүгнэв.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

    1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 134/ШШ2023/00173 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 272 195 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгсүгэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.ТЭГШСУУРЬ

                      ШҮҮГЧ                                                   А.САЙНТӨГС

                      ШҮҮГЧ                                                   О.ОДНЯМАА