Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
Хэргийн индекс | 129/2016/00205/и |
Дугаар | 189 |
Огноо | 2016-04-04 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 189
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Архангай аймгийн Цахир сумын Баянгол багт оршин суух, Хатагин овогт Вандангийн Уртнасан /РД:АИ61022807/-ийн нэхэмжлэлтэй
Архангай аймгийн Хангай сумын Ардын зориг нэгдэлд 1981 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1990 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт бүхий иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнханд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч В.Уртнасан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:... Би 1981 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1990 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэл Хангай сумын “Ардын зориг” нэгдэлд малчин, саальчнаар тасралтгүй ажиллаж байсан ба энэ байдлыг бичсэн хөдөлмөрийн дэвтрийн тамга тэмдэг буруу дарагдсанаас болж ажилласан жил орохгүй хохироод байна. Архивын лавлагаа, хөдөлмөрийн хөлс авч байсан жагсаалт, шагнагдаж байсан баярын бичиг болон бусад нотлох баримтуудыг үндэслэн 1981 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1990 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэл Хангай сумын Ардын зориг нэгдэлд ажилчин, малчин, саальчнаар тасралтгүй ажиллаж байсан байдлыг харгалзан тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсөн төлөөлөгч Д.Мөнхбат шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Вандан овогтой Уртнасан нь 1981 оноос 1992 оныг хүртэл Хангай сумын “Ардын зориг” нэгдэлд ажиллаж байсан. Иймд В.Уртнасангийн дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч В.Уртнасан нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Нэхэмжлэгч В.Уртнасан нь Архангай аймгийн Хангай сумын “Ардын зориг” нэгдэлд 1981 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1990 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
1. Архангай аймгийн Архивын тасгаас олгосон:
- В.Уртнасангийн Архангай аймгийн Хангай сумын “Ардын зориг” нэгдэлд 1981 оны 7-11, 1982 оны 6-11, 1983 оны 2-4, 9-12, 1984 оны 1-5, 12, 1985 оны 6-9, 11-12, 1986 оны 1-10, 12, 1987 оны 3-6, 12, 1988 оны 4-12, 1989 оны 4-5, 1990 оны 1-3, 5-12 дугаар саруудад ажиллаж авсан цалингийн тодорхойлолт,
2. В.Уртнасангийн 1981 оноос 1990 оныг дуустал ажилласан хоног, авсан хөлс бичигдсэн зохих тамга дарагдсан хөдөлмөрийн дэвтрийн эх хувь,
3. В.Уртнасанд “Ардын зориг” нэгдлийн зөвлөлөөс 1984 оны 1-р сарын 30-ны өдөр олгосон “Баярын бичиг”, Хангай сумын МЗЭ-ийн хорооны нарийн бичгийн даргаас 1986 оны 4-р сарын 5-ны өдөр олгосон “Дурсамж”, Сумын намын хороо, АДХ-ын гүйцэтгэх захиргаа, ХЗЭ-ийн хороо, Үйлдвэрчний эвлэлийн зөвлөл, “Ардын зориг” нэгдлийн зөвлөлөөс 1986 оны 7-р сарын 10-ны өдөр олгосон “Гэрчилгээ”, Хангай сумын намын хороо, АДХ-ын гүйцэтгэх захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн зөвлөл, “Ардын зориг” нэгдлийн зөвлөлөөс 1985 оны 12-р сарын 5-ны өдөр олгосон “Баярын бичиг”, Хангай сумын Үйлдвэрчний эвлэлийн зөвлөл, Ардын зориг нэгдлийн зөвлөлөөс 1987 оны 2-р сарын 26-ны өдөр олгосон “Баярын бичиг” /эх хувиар/,
3. В.Уртнасангийн Архангай аймгийн Хангай сумын “Ардын зориг” нэгдэлд ажиллаж байсныг мэднэ гэх
гэрч Р.Нацагдоржийн ... В.Уртнасан нь Архангай аймгийн Хангай сумын “Ардын зориг” нэгдлийн Хан-Уул бригадад 1981 оноос 1990 оныг хүртэл төлчин, саальчнаар ажиллаж байсан. Би 1976 оноос 1988 оныг хүртэл Архангай аймгийн Хангай сумын Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны санхүү тасгийн даргаар, 1988 оноос 1997 оныг хүртэл Архангай аймгийн Хангай суманд банкны эрхлэгчээр ажиллаж байсан. В.Уртнасантай нэг суманд ажиллаж байсан мөн албан ажлаар хөдөө бригадаар явдаг байсан учраас В.Уртнасангийн ажиллаж байсан байдлыг сайн мэднэ... гэх
гэрч Д.Дамдинсүрэнгийн ... В.Уртнасан нь Архангай аймгийн Хангай сумын Ардын зориг нэгдэлд 1981 онд малчин, саальчнаар анх ажилд орж байсан. Тэгээд 1994 оныг хүртэл Архангай аймгийн Хангай сумын Ардын зориг нэгдлийн Хан-Уул бригадад төлчин, саальчнаар тасралтгүй ажилласан. Би Архангай аймгийн Хангай сумын Ардын зориг нэгдлийн Хан-Уул бригадад 1974 оноос нэгдэл тартал малчнаар ажиллаж байсан. В.Уртнасантай нэг бригадад ажиллаж байсан учраас В.Уртнасангийн ажиллаж байсан байдлыг сайн мэднэ ... гэх мэдүүлгүүд.
Нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох болсон үндэслэл нь хөдөлмөрийн дэвтэр зөрчлөөс болсон гэх тайлбар гаргасан.
Харин В.Уртнасангийн хөдөлмөрийн дэвтрийг шинжлэн судлаад 1981 оноос 1990 оныг дуустал тухайн саруудад ажилласан хоног, авсан цалин хөлс бичигдсэн хэсэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан “хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй” байх нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангасан тул шүүхийн зүгээс үнэлсэн болно.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хатагин овогт Вандангийн Уртнасангийн Архангай аймгийн Хангай сумын “Ардын зориг” нэгдэлд 1981 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1990 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ