Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 158

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анармаа,

улсын яллагч Г.Эрдэнэ,

шүүгдэгч Н.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Е танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Т холбогдох эрүүгийн 1806 08047 2202 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн Н.Т

 

Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч Н.Т нь 2018 оны 9 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нью Сансар нэртэй баарны гадна хохирогч Б.Билгүүнтэй маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Н.Т шүүхийн хэлэлцүүлэгт: “Би 2018 оны 9 дүгээр сарын 29-ний шөнө найз охин болон өөрийн хоёр найзын хамт “Venus” бааранд орсон. Дараагаар утсаар ярихаар баарны гадаа гарахад найз охин араас дагаж гарч ирсэн. Байшингийн цаад буланд 5-6 охин тамхи татаад зогсож байсан. Гэтэл гэнэт манай найз охиныг дуудсан. Би найз охиноо очих хэрэггүй гэж хэлээд баар руу эргээд орох гэтэл нэг охин нь гүйж ирээд “танай найз охиныг чинь дуудаад байгаа юм биш үү” гэж хэлсэн. Тэгэхээр нь дургүйцлээ илэрхийлж баар руу орох гэхэд маргаан үүсч маргалдсан. Маргалдаад байж байтал өөр нэг охин ирээд миний хүзүүнээс татаад зүүлттэй байсан гинжийг татаж авсан. Тэр охиноос гинжээ авах гээд маргалдаж байтал баарнаас дахин нэг охин гарч ирээд “гинжийг чинь аваагүй гэж байна” гэж хэлээд миний толгой руу нэг удаа алгадсан. Миний уур хүрч тэр охиныг эргүүлээд цохьсон. Өөрийгөө хамгаалах үүднээс ийм явдал болсон.” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Б.Билгүүний мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 29-ний шөнө 00 цаг өнгөрөөгөөд Баянзүрх дүүргийн 3 хороо, Сансарын түнэлийн “Нью Сансар” бааранд найз Хонгорзул, Алтанцэцэг нарын хамт үйлчлүүлж байгаад гадаа тамхи татахаар гартал гадаа үүдэнд 2 залуу нэг эмэгтэйг явуулахгүй байхаар нь Хонгорзул тэр 3 дээр очоод та нар яаж байгаа юм бэ гээд оччихсон байсан ба би араас нь очоод болиулах гэтэл Хонгорзулыг хар богино куртиктэй 20-23 насны, 170 см орчим өндөртэй залуу зүүн эрүүнд нь цохихоор нь би салгах гэтэл миний зүүн нүд, хацар, баруун хацар, хамар, дух, гар орчимд цохиод байсан..., Миний зүүн нүд хөхөрч хавдсан, баруун хацар хавдсан, зүүн хацар хавдсан, дух хавдсан, дээд үүдэн шүд сэтэрсэн, баруун гарын булчин хэсэг хөдлөхөөр хөндүүртэй, хамар битүүрээд байна, эмзэглэлтэй байна...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 8 дугаар тал/

 

Хохирогч Б.Билгүүний дахин мөрдөн байцаалтад өгсөн: “...Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдийг Тогоонтөмөр гэх залуу миний биед учруулсан.., Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх  мэдүүлэг,

/хх-ийн 9-12 дугаар тал/

 

Хохирогчоор Э.Хонгорзулын мөрдөн байцаалтад өгсөн: “...шөнө 00 цаг өнгөрч байхад Билгүүн бид хоёр тамхи татах гээд баарны гадна гарсан. Гэтэл баарны үүдэнд 1 залуу найз охиноо элдвээр хэлээд алгадаж байсан. Харин нөгөө охин нь уйлчихсан. Тэгэхээр нь би очоод хөөе чи яагаад эмэгтэй хүн зодоод байгаа юм гэж хэлээд найз охиныг нь татаж дагуулж яваад миний одоо гэртээ харь, ийм муухай юманд зодуулаад юундаа уйлдаг юм гэзд нулимсыг нь арчиж өгсөн. Тэгтэл түүнийг алгадсан залуу нь ирээд намайг цохих гээд далайхаар нь манай эмэгтэй найз Билгүүн урдуур нь орж намайг өмөөрч байгаад түүнд цохиулчихсан...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 14-16 дугаар тал/

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 11848 дугаар:

1. Б.Билгүүний биед зүүн нүдний дээд зовхи, доод зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 1 дүгээр шүдний эмтрэл, дээд уруул, баруун гарын долоовор хуруунд зулгаралт, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т ааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.” гэх дүгнэлт, /хх-ийн 24 дүгээр тал/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28 дугаар тал/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 27 дугаар тал/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

                                                                                                                       

           Шүүгдэгч Н.Т нь 2018 оны 9 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нью Сансар нэртэй баарны гадна хохирогч Б.Билгүүнтэй маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч Б.Билгүүний: “...2018 оны 09 дүгээр сарын 29-ний шөнө 00 цаг өнгөрөөгөөд Баянзүрх дүүргийн 3 хороо, Сансарын түнэлийн “Нью Сансар” бааранд найз Хонгорзул, Алтанцэцэг нарын хамт үйлчлүүлж байгаад гадаа тамхи татахаар гартал ...Хонгорзулыг хар богино куртиктэй 20-23 насны, 170 см орчим өндөртэй залуу зүүн эрүүнд нь цохихоор нь би салгах гэтэл миний зүүн нүд, хацар, баруун хацар, хамар, дух, гар орчимд цохиод байсан..., Миний зүүн нүд хөхөрч хавдсан, баруун хацар хавдсан, зүүн хацар хавдсан, дух хавдсан, дээд үүдэн шүд сэтэрсэн, баруун гарын булчин хэсэг хөдлөхөөр хөндүүртэй, хамар битүүрээд байна, эмзэглэлтэй байна...”  гэсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Н.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Н.Т хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Т нь хохирогчид 8.000 төгрөгийн төлөх төлбөртэй гэж шүүх үзэв.

Харин хохирогч Б.Билгүүн нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээд болох Н.Т жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

Шүүгдэгч Н.Тэрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүх шүүгдэгч Н.Т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Н.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгч Н.Т ажил эрхэлдэггүй, эх, ах нарын хамт амьдардаг, эх нь хүнд өвчтэй зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Т цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3, 36.5, 36.8, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б овогт Н.Т хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Т шүүхээс оногдуулсан торгуулын ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Н.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар Н.Т 8.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Билгүүнд олгосугай.

 

6. Хохирогч Б.Билгүүн нь өөрт учирсан гэм хорын хохиролд гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн ирсэн хөрөнгөгүй, Н.Т цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Н.Т хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.                         

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Т.ШИНЭБАЯР