Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 211/МА2023/00051

 

 

 

 

 

 

                           

                             

      Б.М-н нэхэмжлэлтэй иргэний

    хэргийн тухай

 

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч Л.Ариунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 129/ШШ2023/00360 дугаартай шийдвэртэй

Боржигон овогт Б-ийн М-н нэхэмжлэлтэй

Архангай аймгийн И сумын Засаг даргын тамгын газарт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагч байгууллагын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн ерөнхий шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.Н, өмгөөлөгч В.У, нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.1 Нэхэмжлэгч Б.М анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Архангай аймгийн И сумын Засаг даргын Тамгын газарт Бичиг хэргийн эрхлэгчээр орж ажилласан. Ингээд ажиллаж байгаад 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс жирэмсний амралтаа авсан. 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүүхдээ төрүүлсэн. Тамгын дарга утсаар холбогдож ажил ихтэй байна, чи ажилдаа орооч гэснээр 2022 оны 10 дугаар сарын 01-ны өдөр ажилдаа орсон. Ингээд ажилдаа ороод ажлаа хийж байх хугацаанд охин ханиад хүрээд ажиллах боломжгүй байсан тул 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс чөлөө авч хүүхдээ харсан. Өвлийн улиралд хүүхдээ харчхаад ажилдаа орчихвол болчих байх гэсэн бодолтой 2 сар чөлөө аваад 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс ажилдаа орно гэсэн бодолтой байтал 2 сарын сүүлээр хүүхэд дахин өвдөөд эмнэлэгт хэвтсэн. Хүүхэд өвдсөн учир хүүхэд асрах чөлөөгөө хуульд зааснаар авъя гэж Тамгын дарга Н-тай 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр утсаар холбогдож хэлээд өргөдлөө бичгээр гаргаж өгсөн. Дарга надад өргөдлийн хариуг өгөхгүй байсан тул утсаар холбогдож асуухад ажлаас гарах хүсэлтээ өг гэж дарамталсан. Тэгээд би өргөдлийн хариуг өгөхгүй байхаар нь 2023 оны 03 дугаар сарын 24-ний үдээс хойш ажил дээр нь очиход сургууль дээр тэмцээнтэй байна гэхээр нь хүлээж байгаад тушаал авсан. Хариад тушаалаа үзтэл 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөр ажлаас чөлөөлсөн тушаал байсан. Тэгээд би утсаар холбогдож яагаад намайг ажлаас чөлөөлж байгаа юм гэтэл түр тушаалтай байсан гэж хариу өгсөн. Би 2021 оны 10 сарын 01-ний өдөр үйлчилгээний албан тушаалд ажилд түр тушаалтай ороод 06 сар ажилласны дараа буюу 2022 оны 04 сарын 18-ны өдөр жирэмсний амралтаа авсан. Миний бие 2022 оны 11 сард явагдсан Төрийн албаны ерөнхий шалгалтад орж тэнцсэн. 2023 оны 03 сард зарлагдсан Төрийн албаны тусгай шалгалтыг өгөхөөр бүртгүүлээд бэлдэж байтал Тамгын дарга миний энэ орон тооны сонгон шалгаруулалтын захиалгыг Төрийн албаны зөвлөлд явуулаагүй байсан учраас тусгай шалгалтад орж чадаагүй хохирч байна. Тэгээд даргатай утсаар холбогдож тусгай шалгалтаа өгөхөөр бүртгүүлсэн талаар хэлэхэд захиалга хүсэлт явуулаагүй. Эрдэнэбулган сумын зарласан ажлын байран дээр шалгалт өгчих гэж хэлсэн. Энэ талаар Эрдэнэбулган сумын Тамгын даргаас шалгалтад орж болох эсэх талаар асуухад зарлагдаж захиалга өгсөн ажлын байран дээр орох ёстой гэснээр шалгалтад орж чадаагүй. Би жирэмсний амралттай хүүхдээ асрах хугацаатай байхдаа ажлаас халагдсан гэж үзэж 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь салбар зөвлөлд хандаж гомдол гаргасан. Хариуг нь 2023 оны 04 сарын 21-ний өдөр авсан. Төрийн салбар зөвлөлийн хариу нь миний гомдлын талаар биш шал өөр утгатай хариу өгсөн. Салбар зөвлөлөөс энэ гомдлоо шүүхэд гарга гэсэн. Иймд миний бие Архангай аймгийн И сумын Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын мэргэжилтний ажлаас \хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд\ үндэслэлгүй халагдсан гэж үзэж байгаа туг И сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 03 сарын 01-ний өдрийн Б\06 тоот тушаалыг хүчингүй болгож, намайг нийгмийн бодлогын мэргэжилтний албан тушаалд эргүүлэн тогтоож өгнө үү гэжээ.  

 

1.2 Хариуцагч Архангай аймгийн И сумын Засаг даргын тамгын газар шүүхэд гаргаж өгсөн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Мгийн гаргасан гомдлыг И сумын ЗДТГ-ын дарга Д.Н миний бие нь зөвшөөрөхгүй тул дараах тайлбарыг гаргаж байна. Б.М нь 2021 оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүртэл буюу 6 сарын хугацаанд /ЗДТГ-ын архив бичиг хэргийн эрхлэгч Д.А-гийн жирэмсний болон амаржсаны амралттай хугацаанд архив бичиг хэргийн эрхлэгчээр түр томилогдон ажилласан. /Ажилд томилсон болон чөлөөлсөн тушаалыг хавсаргав/. ЗДТГ-ын Нийгмийн ажилтан нь 2022 оны 09-р сарын 01-ээс ар гэрийн гачигдлаар ажлаасаа өөрийн хүсэлтээр гарч сул орон тоо гарсан юм. Нийгмийн бодлогын мэргэжлийн албан тушаал нь 2019 оноос төрийн захиргааны дэс түшмэлийн ангиллын албан тушаал тул тусгай шалгалт өгөх болзол болон тухайн албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг бүрэн хангасан тусгай шалгалтад тэнцэж хамгийн өндөр оноо авсан тохиолдолд тухайн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн иргэнийг томилох үүрэгтэйг ойлгож байсан. Манайд ажиллаж байсан сумын Нийгмийн ажилтныг 2018 онд Төрийн үйлчилгээгээр томилсон байсан. Ажиллаж байсан албан хаагч маань 2 удаа төрийн албаны шалгалт өгөөд тэнцээгүй. Б.М нь манайд анх ажилд орохдоо “Манай гэрийн хүн энэ суманд ирээд 5 жил болж байна. Би энэ жилээс эндээ нэг дороо суурьших бодолтой байна. Цаашдаа энэ сумандаа шилжиж ирнэ. /одоогоор шилжиж ирээгүй/ Ажил олдохгүй залуу хүн гэртээ суух хэцүү байна, хүний оронд байсан ч хамаагүй, та ажил байвал хэлээрэй, цаашдаа би төрийн захиргааны албан хаагчийн ажил хийх сонирхолтой байна” гэсэн. Нийгмийн ажилтны ажил нь ажил ихтэй яаралтай ажлууд их гардаг. Хүний эрх үүрэгтэй холбоотой цаг хугацаа шаардсан хавсран ажиллуулахад хүндрэл ихтэй ажил юм. Иймээс ажлын зайлшгүй шаардлагаар Б.Мг өөрийнх нь хүсэлтээр 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр түр хугацаагаар томилсон. Нийгмийн ажилтнаар түр томилоод төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтыг заавал өгч Нийгмийн бодлогын мэргэжилтэн болж Төрийн захиргааны албан хаагч болохыг анхааруулсан. Б.М нь 2023 оны 1, 2 сард цалингүй чөлөө хүссэн. Шийдвэрлэж өгсөн. 03-р сарын 01-нд ажилдаа орно гэсэн боловч орох орохгүй нь шийдгүй таг болсон. Би 3 өдөр утсаар ярих гэж оролдсон боловч дуудаад утсаа аваагүй. Бичиг хэргийн ажилтан Ц.Д-гээр залгуулаад утсаа аваагүй. Холбоо барих гэж 3 өдөр болсон. Байгууллагын хурлыг 2023 оны 03-р сарын 03-ны өдөр хийсэн. Хурал дээр Мтай холбогдохгүй байна. 3 өдөр ажил тасалсан тул ажлаас нь гаргалаа. Хов зөөх хүн байвал хэлээрэй” гэж хэлсний дараа хурал тараад 20 минут болоогүй байхад өөрөө залгасан. Тэгээд надад дахин 2 жилийн чөлөө олгооч гэсэн санал тавьсан. Өргөдлөө бичээд албан ёсоор өгчих гэсэн боловч тэр доороо өгөөгүй нэхүүлж байж З-р сарын 05-нд миний чат руу явуулсан. Энэ талаар хурал дээр яригдсан тул манай хамт олон бүгд мэднэ. Б.Мг 2023 оны 1, 2 дугаар сард чөлөөтэй байх хугацаанд нь албан тушаалыг нь архив бичиг хэргийн ажилтан Ц.Д-д хавсран гүйцэтгүүлж байсан. Б.Мд 2 жилийн чөлөө өгөхөд түр тушаалтай хүний оронд дахин түр тушаалаар хүн авч ажиллуулах боломжгүй. Төрийн албаны зөвлөлөөс бүх сумдад 2023 оны 01-р сарын 11-нд мэдэгдэл ирсэн. Уг мэдэгдэлд Төрийн байгууллагад гарсан албан тушаалын сул орон тоог төрийн албаны хууль тогтоомжийн дагуу ил тод, нээлттэй сонгон шалгаруулалтаар нөхөх, тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан иргэдийг адил тэгш, шударгаар өрсөлдөх ил тод нээлттэй боломжийг бүрдүүлэх, төрийн албан тушаалд сонгон шалгаргуулалгүйгээр томилогдсон иргэн, албан хаагчийг албан тушаалаас чөлөөлөх, чөлөөлөөгүй тохиолдолд хариуцлага хүлээлгэх тухай дэлгэрэнгүй заасан байсан. Б.М нь тодорхой шалтгаангүйгээр 3 хоног ажил таслаад 2 жилийн чөлөө авах хүсэлтээ 5 хоногийн дараа ирүүлсэн боловч хүн чанар зулгааж 3 хоног ажил тасалсныг тооцохгүйгээр тушаалыг нь 3 сарын 1-нд гаргаж ажлаас чөлөөлсөн. ЗДТГ-ын дотоод журмын 9 дүгээр зүйлд Хөдөлмөрийн сахилга, эд хөрөнгийн хариуцлага бүлгийн 9.5-д Хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан албан хаагчийг ажлаас халах хүртэл арга хэмжээ авна гэж заасан. Хөдөлмөрийн ноцтой зөрчилд дотоод журмын 9.5.1-д Хөдөлмөрийн сахилгын ‘ноцтой зөрчил" гэдэгт ЗДТГ-ын үйл ажиллагааг санаатайгаар мушгин гуйвуулсан мэдээлэл тараасан, эд материалын болон бусад хохирол үзүүлсэн, ЗДТГ-ын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн болон мэдээллийн эх үүсвэрийг хувийн зорилгоор ашигласан, байгууллагын нэр хүнд, эрх ашигт харшлах алдаа гаргасан төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, албан үүрэгтэй холбогдуулан хээл хахуул авсан нь мэргэжлийн байгууллагаар тогтоогдсон, ажил үүргээ гүйцэтгэж байхдаа согтууруулах ундаа хэрэглэсэн, шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш өдрийн ажил тасалсан. Сахилгын шийтгэлийг давтан гаргасан тохиолдлыг хамруулж үзнэ гэж заасан байдаг. Хэрэв дотоод журмаар хариуцлага тооцсон бол ажлаас халах боломж байсан. Гэвч залуу хүүхэд олон жил төрийн алба хашна, хүний хувийн хэрэгт хар толбо үлдээгээд яах вэ гээд шийдвэр гаргасан нь миний алдаа байсныг ойлгосон. Б.М 2022 оны 9 сарын 19-нд тухайн сул орон тоон дээр түр хугацаагаар томилогдсон нь дээрх мэдэгдлийн дагуу түүнийг чөлөөлөх шаардлагатай болсон боловч тухайн мэдэгдэл ирэхэд Б.Мд  чөлөө олгосон байсан тул шууд чөлөөлж тухайн сул орон тооны захиалгыг зарлуулах боломжгүй байсан. Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь салбар зөвлөлийн 2023 оны 02 сарын 17-ны өдрийн 23 тоот албан бичигт сул орон тооны захилгыг ирүүлэх, ТАЗ-ийн 2023 01 сарын 11-ний өдрийн мэдэгдлийг хэрэгжүүлэн ажиллах сул орон тоо гарсан өдрөөс хойш энэ тухай мэдээллийг хэрэгжүүлэн ажиллах сул орон тоо гарсан өдрөөс хойш энэ тухай мэдээллийг 7 хоногт, сонгон шалгаруулалтыг явуулах захиалгыг 21 хоногт багтаан төрийн албаны холбогдох шатны байгууллагад хүргүүлэх талаар тодорхой зааж хэрэгжүүлэн ажиллахыг үүрэг болгосон бичиг байсан. Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь салбар зөвлөлийн 2023 оны 02-р сарын 17-ны өдрийн 23 дугаар албан бичгийг хэрэгжүүлэх зорилгоор Б.Мг чөлөөлсний дараа тухайн сул орон тооны захиалгаа 2023 оны 03-р сарын 31 ний өдрийн 03/83 дугаар албан бичгээр холбогдох газарт нь хүргүүлсэн. Аймгийн салбар зөвлөлөөс 2023 оны 2-р улиралд тусгай шалгалтыг журмын дагуу явагдах төлөвлөгөөтэй байсан. Манай сул орон тооны захиалга зарлагдсан байгаа. Б.Мд манай сул орон тооны захиалга энэ удаагийн тусгай шалгалтаар ороогүй байгаа Эрдэнэбулганы сул орон тоон дээр орж болбол ороод үзээрэй гэж хэлсний дараа Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ш.Г-с зөвлөгөө авахад болохгүй гэсэн зөвлөгөө өгсөн тул орж болохгүй нь байна шүү гэдгийг хэлээд 5 сард зохион байгуулагдах тусгай шалгалтад орчих орон тоо чинь сул хэвээрээ байгаа гэж хэлсэн. Одоогийн байдлаар бид сул орон тоон дээр хүн авч ажиллуулаагүй ба архив бичиг хэргийн эрхлэгчдээ хариуцуулан ажиллаж байна. Б.М нь ажилд орохдоо жирэмсэн болон амаржсаны чөлөөтэй хүний оронд ажиллаж байгаад төрсөн тул жирэмсний амралттай, хүүхдээ асрах чөлөөтэй байхдаа ажлаас халагдсан гэж үзэх боломжгүй болно. Би Б.Мг цаашид төрийн албанд бэлтгээд сургаад авъя гэсэн бодолтой байсан. Иймд өөрийн гаргасан тушаалаа хүчингүй болгох боломжгүй гэжээ. 

 

 1.3  Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 129/ШШ2023/00360 дугаартай шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Мг Архангай аймгийн И сумын Засаг даргын тамгын газрын нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтэн /нийгмийн ажилтан/-ий ажилд эгүүлэн томилж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан хариуцагч Архангай аймгийн И сумын Засаг даргын тамгын газраас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдан шийдвэрлэсэн байна.

 

1.4 Хариуцагч байгууллагын төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Архангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 сарын 07-ны өдрийн 129/ШШ2023/00360 шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд: ЗДТГ-т нийгмийн ажилтан буюу нийгмийн бодлогын мэргэжилтний сул орон тоо гарсан ч Б.М нь төрийн албаны ерөнхий болон тусгай шаардлагын өгөөгүй тул Төрийн жинхэнэ албан хаагчаар авах боломжгүй ч Б.Мг төрийн албанд ажиллах хүсэлтэй байна гэхээр нь ажлын зайлшгүй шаардлагаар Б.Мг өөрийнхөн хүсэлтийн дагуу 2022 оны 9 сард түр хугацаагаар нийгмийн ажилтны орон тоон дээр авч ажиллуулсан. Төрийн албаны зөвлөлөөс 2023 оны 01 сарын 11-нд мэдэгдэл ирсэн. Уг мэдэгдэлд төрийн байгууллагад гарсан албан тушаалын сул орон тоог төрийн албаны хууль тогтоомжийн дагуу ил тод, нээлттэй сонгон шалгаруулалтаар нөхөх, тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан иргэдийг адил тэгш, шударгаар өрсөлдөх ил тод, нээлттэй боломжийг бүрдүүлэх, төрийн албан тушаалд сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон иргэн, албан хаагчийг албан тушаалаас чөлөөлөх, чөлөөлөөгүй тохиолдолд хариуцлага хүлээлгэх тухай заасан байсан. Иймээс Б.Мг 2022 оны 09 сард тухайн сул орон тоон дээр түр хугацаагаар томилогдсон нь дээрх мэдэгдлийн дагуу түүнийг чөлөөлсөн. Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь салбар зөвлөлийн 2023 оны 02 сарын 17-ны өдрийн 23 тоот албан бичигт сул орон тооны захиалгыг ирүүлэх, ТАЗ-ын 2023 оны 01 сарын 11-ний өдрийн мэдэгдлийг хэрэгжүүлэн ажиллахыг үүрэг болгосон байсан тул Б.Мг чөлөөлж сул орон тооны захиалгаа 2023 оны 03 сарын 31-ний өдрийн 03/83 дугаартай албан бичгээр холбогдох газарт нь хүргүүлэн ажилласан. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2-т заасан тусгай шалгалтыг өгч шалгалтад тэнцэж хамгийн өндөр оноо авсан тохиолдолд тухайн албан тушаалд томилуулахаар заасан заалтыг зөрчиж Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр авч үзэх хэргийг Иргэний хэргийн анхан шатны шүүхээр авч үзсэн тул гомдолтой гэж үзэж байна. Анхан шатны шүүх хэргийн харьяалал зөрчиж шийдвэрлэсэн байгааг анхаарч үзнэ үү. иймд нэхэмжлэгч Б.Мгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

1.5 Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 сарын 07-ны өдрийн 129/ШШ2023/00360 шийдвэр нь үндэслэлтэй. Тамгын дарга намайг ажилд дуудаж оруулсан. Арай орох болоогүй байна гэхэд өөрөө над руу утасдаж ажилдаа орох шаардлагатай байна гэж хэлж оруулсан. Ажиллаж байх хугацаандаа ажлын хариуцлага тооцохоор асуудал гараагүй. Ажилтай холбоотой материалыг уг албан тушаалд ажиллаж байсан ажилтан хүлээлгэж өгөөгүй. Хүлээлгэж өгсөн нь сургалтын хэдэн материал компьютер, принтер зэрэг байсан. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна гэв.

 

1.6 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 сарын 07-ны өдрийн 129/ШШ2023/00360 дугаартай шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан байна. Анхан шатны шүүх хуулийг зөв хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчөөгүй. Давж заалдах гомдолд хэргийн харьяаллыг дурдсан байна. Архангай аймгийн И сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд томилогдсон тушаал ажлаас халсан тушаал эрх зүйн үндсийг үзэх ёстой. Эндээс иргэний хэргийн маргаан юм уу захиргааны хэргийн маргаан юм уу гэдгийг харж үзэх ёстой. 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Б/28 дугаартай Бийн М нарыг ажилд томилох тухай тушаал гарсан байна. Энэ тушаалаас ямар албан тушаалд томилсон нь харагдана. Бийн М 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн нийгмийн ажилтнаар түр томилсон. Нийгмийн ажилтан нь төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарах уу төрийн захиргааны албан тушаалд хамаарах уу гэдгийг тушаалд тодорхой зааж өгөөгүй байна. Тиймээс төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарахаар байна. Тушаалын 2 дахь заалтад Мгийн сарын үндсэн цалинг ТҮ-6 шатлалаар буюу 706.751.09 төгрөгийн цалин олгохыг нягтлан О-д зөвшөөрсүгэй гэсэн байна. Энэ үндэслэлээрээ иргэний хэргийн харьяаллын маргаан юм. Мөн бидний маргаад байгаа Архангай аймгийн И сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/06 тоот тушаалын ажлаас чөлөөлсөн үндэслэлийг харах ёстой. Үүнээс хэргийн харьяалал харагдана. Энэ үндэслэлээр Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.4, 67.5-д Засаг даргын тушаал тогтоол гарах эрх хэмжээний акт юм. Төрийн жинхэнэ албан хаагчийг томилсон ч тэр төрийн үйлчилгээний албан хаагчийг томилсон ч тэр Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.4, 67.5-д заасныг Засаг даргын Тамгын газрын дарга баримтлах ёстой. Харин ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т төрийн жинхэнэ албан хаагчтай байгуулсан үр дүнгийн гэрээ биш төрийн үйлчилгээний албан хаагчтай Хөдөлмөрийн хуульд заасны дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулсан үндэслэл харагдаж байгаа. Тиймээс шүүх нэхэмжлэлийг хүлээж авсан нь хууль зүйн үндэслэлтэй байна. Дараагийн асуудал үйл явдал фактын асуудал байна. 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн Б-ийн М-г нийгмийн ажилтнаар түр томилсон бол хэдэн сар хүртэл ажилласан цаг хугацааг харах ёстой. 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан байна. Энэ үед нялх нойтон хүүхэдтэй байсан учраас 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 2 сарын цалингүй чөлөө хүссэн өргөдлийг ажил олгогчдоо өгсөн. Ажил олгогч 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Б/01 тоот тушаал гаргаж Б.Мд чөлөө олгосон. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 139 дүгээр зүйлийн 139.1-т заасныг баримтлан 2023 оны 01 дүгээр сарын 2-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэл чөлөө олгосон тушаал нь хавтаст хэргийн материалд байгаа. 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 2 сарын чөлөө дуусахад 2 жилийн хугацаанд хүүхэд асрах чөлөөг ажил олгогчдоо гаргасан. Гэтэл 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс Б/06 тоот тушаал гаргаж Б.Мг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тушаалаа Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т заасныг үндэслэж гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болох” гэсэн байна. Энэ нь ажлаас чөлөөлөх үндэслэл биш хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болох үндэслэл юм. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үүссэнийг зөвшөөрч дуусгавар болгох хэд хэдэн нөхцөл байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т заасныг баримтлахдаа хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахад цаашид сунгагдахгүй болсон гэдгийг үндэслэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т заасан нөхцөл байдалтай холбоотой хэд хэдэн баримт байна. Өөрөөр хэлбэл тушаал гаргасан албан тушаалтан энэ зүйлд заасан хэд хэдэн зүйл байхыг харах ёстой. Нэгдүгээрт хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэсэн байна. Тэгэхээр ажил олгогч ажилтан хоёрын хооронд тодорхой хэмжээний хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан үйл явдал факт харагдаж байна. Хөдөлмөрийн гэрээ байгуулах үндэслэлийг Иргэний хуульд тодорхой заасан. Хэрэгт Хөдөлмөрийн гэрээний нийтлэг зохицуулалт байх ёстой. Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 47, 48, 49, 50 дугаар зүйлд заасан нөхцөл байх ёстой. Гэтэл хөдөлмөрийн гэрээ байгуулсан талаар хэрэгт баримт авагдаагүй байна. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй учраас цаашид сунгагдахгүй болсон ямар үндэслэл байгаа гэдэг асуудлыг харах ёстой. Хөдөлмөрийн гэрээ байгуулсан бол Хөдөлмөрийн тухай хуулийн 50-д заасан сунгагдахгүй болсон ямар үндэслэл байгааг харахаар гэрээний хугацааг харах хэрэгтэй. Хэрэгт ямар нотлох баримт авагдаагүй вэ гэхээр Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 581 тоот төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэх тухай тогтоол байхгүй. Ажлаас халсан тушаалыг харахаар төрийн үйлчилгээний албан хаагч болон нийгмийн ажилтан гэдэг албан тушаалын байр харагдаад байгаа. Засаг даргын Тамгын газрын хувьд ямар ажилтан авах нь өөрийнх нь эрх хэмжээний асуудал байхыг үгүйсгэхгүй. Тэр хэмжээндээ 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/28 тоот тушаалыг гаргасан гэж харж байна. Тиймээс ТҮ-гээр гүйцэтгэх албан тушаал гэж харж байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна. Төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэх асуудлын талаар хэлэхэд  ТЗ ангиллын асуудал яригдсан ч энэ хүн бэлэн байгаа гэдгийг сөхөж ярьсан гэдгийг шүүхээс анхаарч үзнэ үү гэв.

 

1.7 Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 сарын 07-ны өдрийн 129/ШШ2023/00360 шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд: ЗДТГ-т нийгмийн ажилтан буюу нийгмийн бодлогын мэргэжилтний сул орон тоо гарсан ч Б.М нь төрийн албаны ерөнхий болон тусгай шаардлагын өгөөгүй тул Төрийн жинхэнэ албан хаагчаар авах боломжгүй ч Б.Мг төрийн албанд ажиллах хүсэлтэй байна гэхээр нь ажлын зайлшгүй шаардлагаар Б.Мг өөрийнхөн хүсэлтийн дагуу 2022 оны 9 сард түр хугацаагаар нийгмийн ажилтны орон тоон дээр авч ажиллуулсан. Төрийн албаны зөвлөлөөс 2023 оны 01 сарын 11-нд мэдэгдэл ирсэн. Уг мэдэгдэлд төрийн байгууллагад гарсан албан тушаалын сул орон тоог төрийн албаны хууль тогтоомжийн дагуу ил тод, нээлттэй сонгон шалгаруулалтаар нөхөх, тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан иргэдийг адил тэгш, шударгаар өрсөлдөх ил тод, нээлттэй боломжийг бүрдүүлэх, төрийн албан тушаалд сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон иргэн, албан хаагчийг албан тушаалаас чөлөөлөх, чөлөөлөөгүй тохиолдолд хариуцлага хүлээлгэх тухай заасан байсан. Иймээс Б.Мг 2022 оны 09 сард тухайн сул орон тоон дээр түр хугацаагаар томилогдсон нь дээрх мэдэгдлийн дагуу түүнийг чөлөөлсөн. Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь салбар зөвлөлийн 2023 оны 02 сарын 17-ны өдрийн 23 тоот албан бичигт сул орон тооны захиалгыг ирүүлэх, ТАЗ-ын 2023 оны 01 сарын 11-ний өдрийн мэдэгдлийг хэрэгжүүлэн ажиллахыг үүрэг болгосон байсан тул Б.Мг чөлөөлж сул орон тооны захиалгаа 2023 оны 03 сарын 31-ний өдрийн 03/83 дугаартай албан бичгээр холбогдох газарт нь хүргүүлэн ажилласан. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2-т заасан тусгай шалгалтыг өгч шалгалтад тэнцэж хамгийн өндөр оноо авсан тохиолдолд тухайн албан тушаалд томилуулахаар заасан заалтыг зөрчиж Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр авч үзэх хэргийг Иргэний хэргийн анхан шатны шүүхээр авч үзсэн тул гомдолтой гэж үзэж байна. Анхан шатны шүүх хэргийн харьяалал зөрчиж шийдвэрлэсэн байгааг анхаарч үзнэ үү. иймд нэхэмжлэгч Б.Мгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

1.8 Хариуцагч байгууллагын төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 сарын 07-ны өдрийн 129/ШШ2023/00360 шийдвэрийг хариуцагч тал эс зөвшөөрч гомдол гаргасан. Миний бие давж заалдах шатнаас өмгөөлөгчөөр орж байна. Хэргийн материал болон гомдолд дурдсан асуудлаар дараах тайлбарыг гаргаж байна. Гомдолд дурдсан нэг үндэслэл нь иргэний хэргийн харьяаллын маргаан биш захиргааны хэргийн харьяаллын маргаан байхад үүнийг зөрчиж шийдвэрлэсэн гэж үзэж байгаа. Ажлаас чөлөөлсөн шийдвэр байгаа. Архангай аймгийн И сумын Засаг даргын Тамгын газрын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/03 тоот тушаалын Б.Мг ажлаас чөлөөлсөн үндэслэл нь хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгоод байгаа юм уу аль эсхүл төрийн албатай холбоотой асуудлыг шийдвэрлээд байгаа юм уу төрийн албаны томилгоотой асуудлыг шийдвэрлээд байгаа юм уу гэдэгт анхаарал хандуулах ёстой байсан. Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу төрийн үйлчилгээний албан тушаалтнаар цалинжуулж тушаал шийдвэр гаргасан учраас иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан асуудал харагддаг. Гэтэл хэрэгт цугларсан баримтаас харахад төрийн албаны зөвлөлийн хариу мөн Б.Мгийн томилогдож байгаа Архангай аймгийн И сумын Засаг даргын Тамгын газрын нийгмийн бодлогын мэргэжилтэн гэсэн албан тушаал нь төрийн жинхэнэ албан тушаал хамаардаг. Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийг үндсэндээ ажил олгогч анх зөрчиж Б.Мг ажилд томилсон байдаг. Өөрөөр хэлбэл сул орон тоо гарсан. Сул орон тоо гарсан тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн түр орлон гүйцэтгэгчийг гүйцэтгүүлэх тухай хууль болон журмыг зөрчиж тушаал шийдвэр гаргасан. Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн жинхэнэ албыг төрийн ерөнхий болон тусгай шалгалт өгсөн хүн эрхлэх эрхтэй байдаг. Б.Мгийн хууль ёсны эрх ашиг сонирхол хөндөгдөж байна уу гэдэгт ач холбогдол өгөх ёстой. Хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж зөрчигдөж байгаа тохиолдолд шүүх сэргээх хэвийн байдалд оруулах үүрэгтэй. Гэтэл хууль бусаар тухайн албан тушаалыг эрхлэх албан үүргийг гүйцэтгэх эрх байхгүй байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэр бага насны хүүхэдтэй гэдгийг голчилж шийдвэр гаргасан байдаг. Гэтэл хөдөлмөрийн харилцаатай холбоотой хөдөлмөр эрхлэхтэй холбоотой хөдөлмөр эрхлэлтийн хөдөлмөрийн гэрээг дүгнэх, цуцлахтай холбоотой харилцаа үүсээгүй. Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэх ёстой субъект ажил олгогч. Тиймээс хууль зөрчихгүй байх үүрэгтэй. Анх томилогдсон тушаалыг төрийн албаны зөвлөлөөс хүчингүй болгосон бол нэхэмжлэгч гомдлоо гаргаад суух эрхгүй нөхцөл харагдаж байна. Архангай аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 23 тоот албан бичгийг ажил олгогч хэрэгжүүлсэн, хэрэгжүүлэх үүрэгтэй. Хэрвээ хэрэгжүүлэхгүй бол өөрөө хариуцлага хүлээх ёстой. Мөн төрийн албаны шалгалтад орж тэнцсэн хүн түр ч бай жинхэлсэн орон тоонд ажил үүргийг гүйцэтгэх ёстой. Гэтэл түр орон тооны асуудалд хууль зүйн дүгнэлт хийж чадаагүй. Шүүхээс түр томилсон асуудлыг хөдөлмөрийн гэрээний талаас нь үнэлж үзсэн. Гэтэл хөдөлмөрийн гэрээний хугацааны асуудал огт яригдахгүй. Түр орлон гүйцэтгэж байгаа юу үгүй гэдэг нь харагдаж байгаа. Эрх зүйн ач холбогдол үр дагаврыг хольж сольж хэрэглэсэн байна. Мэдээж түр орлон гүйцэтгэгч нь бага насны хүүхэдтэй тохиолдолд асуудал вэ гэдэг нөхцөл яригдана. Гэтэл ажлаас чөлөөлсөн үндэслэл нь өөрөө хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож чөлөө олгохгүй. Нэхэмжлэлийг хүлээж аваад харьяаллын дагуу шилжүүлэхгүйгээр шууд хүлээж авч шийдвэрлэсэн. Ингэхдээ хэрэгт цугларсан хариуцагч талаас гаргасан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүй нь хууль зөрчсөн. Мөн хэрэгт нотлох баримтын шаардлага хангаагүй баримтууд нэлээн авагдсан. Эдгээр баримтыг харахад шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт байхыг үгүйсгэхээргүй нөхцөл харагдаж байна. Шүүх хэргийг гомдолд хязгаарлахгүйгээр шийдвэрлэх учраас эдгээрийг харж үзэж гомдолд дурдсан асуудлыг нарийвчлан хянаж үзнэ үү гэв.

 

                                                    ХЯНАВАЛ:

 

 Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасан үндэслэл илэрсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Б.М  Архангай аймгийн И сумын Засаг даргын тамгын газарт холбогдуулан “Архангай аймгийн И сумын Засаг даргын тамгын газрын нийгмийн бодлогын мэргэжилтний албан тушаал”-д эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагчийн төлөөлөгч Д.Н нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Мг Архангай аймгийн И сумын Засаг даргын тамгын газрын нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтэний ажилд эгүүлэн томилсон байна.

 Нэхэмжлэгч Б.М нь Архангай аймгийн И сумын Засаг даргын тамгын газрын даргын 2022 оны 09 сарын 19-ний өдрийн Б/28 дугаар тушаалаар нийгмийн ажилтны /нийгмийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн/ албан тушаалд түр томилогдон ажиллаж байгаад 2023 оны 01 сарын 02-ны өдрөөс 20023 оны 03 сарын 01-н хүртэл 2 сарын хугацаатай хүүхэд асрах чөлөө авчээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 01 сарын 11-ний өдрийн мэдэгдлийн 4-т “Төрийн албан тушаалд сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон иргэн, албан хаагчийг албан тушаалаас чөлөөлсөн шийдвэрийг гаргаагүй тохиолдолд Төрийн албанд хууль бусаар томилсон гэж үзэж, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш олгосон цалин хөлс, нэмэгдлийг төрд учруулсан хохиролд тооцож, буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэхийг мэдэгдье“  гэж заасны  дагуу Архангай аймгийн И сумын Засаг даргын тамгын газрын дарга Д.Н ажилтан Н.Мд олгосон чөлөөний хугацаа дууссан хугацаанд түүнийг ажлаас чөлөөлсөн, үүнийг эс зөвшөөрч Н.М Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь салбар зөвлөлд гомдол гаргаж, Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь салбар зөвлөл 2023 оны 04 сарын 20-ны өдрийн 47 дугаар албан бичгээр Н.Мд хариу өгсөн үйл баримт тогтоогдож байна.

 Хариуцагч Архангай аймгийн И сумын Засаг даргын тамгын газар ажлаас чөлөөлсөн тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3 дахь заалтыг үндэслэл болгосон ч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, агуулгаас үзвэл нэхэмжлэгч Н.Мгийн эгүүлэн томилогдох албан тушаал нь ангиллын хувьд ТЗ-9  бөгөөд энэ  албан тушаалд томилогдохын тулд Төрийн албаны тухай хуульд заасан шалгуурыг хангасан байх учиртай тул нэхэмжлэгч Н.Мгийн гаргасан нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан иргэний хэргийн анхан шатны шүүхийн харьяалан шийдвэрлэх нэхэмжлэл биш байна.  

Анхан шатны шүүх тухайн нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д заасан ...хэргийн харьяалал зөрчсөн бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах... журмыг зөрчсөн байна.

            Энэ үндэслэлээр гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 129/ШШ2023/00360 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Архангай аймгийн И сумын Засаг даргын тамгын газрын нийгмийн бодлогын мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хариуцагч байгууллагын төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.             

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ДАВААСҮРЭН

ШҮҮГЧИД В.ЦЭЦЭНБИЛЭГ

Л.АРИУНЦЭЦЭГ