Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 211/МА2023/00052

 

 

 

 

                           

 

          О.П-гийн нэхэмжлэлтэй иргэний

             хэргийн тухай

 

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч Л.Ариунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 129/ШШ2023/00415 дугаартай шийдвэртэй

Нэхэмжлэгч Б овогт О-гийн П-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Г овогт Н-гийн Д, Г овогт Т-гийн С нарт холбогдох О.П, Н.Д нарын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, тус гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хариуцагч Н.Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С-гийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн ерөнхий шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О /онлайнаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б /онлайнаар/, хариуцагч Н.Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С /онлайнаар/, нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч О.П шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Архангай аймгийн Х сумын Засаг даргын 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн А/40 дугаартай захирамжаар тус сумын М багийн С нэртэй газарт, нэгж талбарын ********** дугаартай үр тарианы зориулалтаар 50 га хэмжээтэй газар эзэмших эрхийг иргэн О.П-д олгосон. Гэтэл иргэн О.П-д мэдэгдэлгүйгээр газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээг хууль зөрчиж, хуурамчаар үйлдэж түүнд олгосон газрын эрхийг Архангай аймгийн Х сумын Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн А/45 дугаартай захирамжаар “М” ХХК-д шилжүүлсэн тухай 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдөр тус компанийн захирал Н.Д-тай уулзаж өөрийн газарт тариалалт хийх тухай ярилцах үеэр мэдсэн бөгөөд хуурамчаар үйлдсэн гэрээг тус сумын тухайн үеийн Засаг даргын тамгын газарт нотариат хариуцсан ажилтан Т.С хууль зөрчиж, иргэн О.П-г байлцуулалгүйгээр, түүний эзгүйд гэрчилжээ. Улмаар иргэн О.П-д олгосон газрын эрхийг шилжүүлсэн Архангай аймгийн Х сумын Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн А/45 дугаартай захирамжийн өөрт хамаарах хэсгийг үндэслэлгүй гэж үзэж хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд тус нэхэмжлэлээр үүссэн захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2015 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнд О.П--гийн нэрээр зурагдсан гарын үсэгт шүүхээс шинжээч томилж, дүгнэлт гаргуулсан. Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шинжээчийн 062 дугаартай дүгнэлтээр “О.П болон “М” ХХК-ийн захирал Н.Д нарын хооронд 2015 оны 5 дугаар сарын 8-ны өдөр байгуулсан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-нд зурагдсан гарын үсэг О.П-гийн гэх туршилтын болон чөлөөт загвараар ирүүлсэн гарын үсэгтэй тохирохгүй байна” гэж тогтоосон. Гэтэл иргэн О.П-г байлцуулалгүй, түүнд мэдэгдэлгүй, гарын үсгийг дуурайн зурж, хуурамчаар үйлдсэн иргэн Н.Д-тай 2015 оны 5 дугаар сарын 8-ны өдөр байгуулсан гэх “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г Архангай аймгийн Х сумын Засаг даргын тамгын газарт нотариат хариуцсан албан тушаалтнаар ажиллаж байсан Т.С гэрээний оролцогчийг байхгүйд хууль зөрчиж гэрчилжээ. Иймд иргэн О.П болон Н.Д, Б.Э нарын хооронд 2015 оны 5 дугаар сарын 8-ны өдөр байгуулсан гэх “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, тус гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгоно уу гэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгч О.П нь Н.Д н.Э нартай газар эзэмших, эрх шилжүүлэх гэрээ хийсэн гэж үзэж Архангай аймгийн Х сумын Засаг дарга захирамж гарган иргэн О.П-гийн эзэмшлийн 50 га газрыг Н.Д, н.Э нарын эзэмшлийн “М” ХХК-д шилжүүлсэн байдаг. Хавтаст хэргийн 9 дүгээр хуудсанд байгаа эрх шилжүүлэх гэрээ гэх баримтыг үйлдэж, тухайн үеийн сумын Засаг даргын тамгын газрын дарга, нотариатчийн үүрэг гүйцэтгэгч Т.С гэрээг гэрчлэх үед нэхэмжлэгч О.П байлцаагүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч О.П-гийн хууль ёсны эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших эрх нь зөрчигдсөн учир шүүхэд хандсан. Манай зүгээс дараах үндэслэлүүдээр хавтаст хэргийн 9 дүгээр хуудсанд авагдсан гэрээг хууль бус гэж үзэж байна. Нэгдүгээрт, тус гэрээ гэх баримт дээр нэхэмжлэгч О.Пд иргэн Н.Д 2,000,000 төгрөг өгч худалдаж авсан гэж бичигдсэн байдаг. Н.Дын тухайд захиргааны хэргийн шүүх дээр би нэг ч төгрөг өгөөгүй байгаа гэдэг талаараа хэлсэн. Хоёрдугаарт  Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 171 дүгээр тушаалын хавсралт болон нотариатын үйлдэл хийх зааврын дагуу нотариатч хүн гэрээг гэрчилж үйлчилгээ үзүүлэх ёстой. Тус зааврын 3 дугаар зүйлийн 3.6-д нотариатын бүртгэлийн дэвтэрт гэрээг гэрчилсэн хоёр үйлчлүүлэгчийг тэмдэглэж, гарын үсгийг нь зуруулж нэрийн тайллыг нь бичих ёстой байдаг. Х суманд хадгалагдаж байгаа нотариатын бүртгэлийн дэвтэр дээр хоёр үйлчлүүлэгчийн аль алиных нь гарын үсэг зурагдсан баримт огт байдаггүй. Үүгээр энэхүү гэрээг оролцогч тал байхгүйгээр хийгдсэн гэрээ гэж үзэж байгаа. Гуравдугаарт нотариатын үйлдэл хийх зааврын 5.9-д улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж гэрчилгээ авснаар эзэмших эрх нь батлагддаг хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй гэрчилгээ аваагүй байхад нь эрх шилжүүлэх гэрээг гэрчлэхийг хуулиар хориглодог. Манай тохиолдолд энэхүү газрыг нэхэмжлэгч О.Пд олгох Засаг даргын захирамж гарсан боловч кадастрын зураг нь хийгдээгүй, гэрчилгээ нь олгогдоогүй байсан. Энэ тохиолдолд Газрын тухай хуулиар ч тэр Нотариатын тухай хуулиар ч тэр бусдад шилжүүлэхийг хориглосон заалт байдаг. Энэ заалтыг зөрчсөн. Дөрөвдүгээрт нотариатын үйлдэл хийх заавраар гэрээг нотариат дээр хэрхэн гэрчлэх тухай хэд хэдэн заалтыг зөрчсөн. Аливаа гэрээ хэлцлийг нотариат гэрчлэхдээ хоёр талын бичиг баримт, биеийн байцаалтыг нь арын нүүрэн дээр нь хавсаргаж нотариатын тамгаар баталгаажуулж хийдэг. Энэхүү үйлдэл огт хийгдээгүй. Гэрээний арын нүүр нь хоосон байгаа. Тавдугаарт, эрх шилжүүлэх гэрээ гэх баримтын О.П гэх нэрийн доор зурагдсан гарын үсгийг Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний байгууллага өөрсдийн хууль үрмийн дагуу нотлох баримтыг цуглуулж 061, 062 дугаар иргэн О.Пгийн гарын үсэг болох нь тогтоогдохгүй байна гэсэн дүгнэлтийг гаргасан. Тухайн үед нотариатаар ажиллаж байсан Т.С нь Нотариатын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т заасныг харахаар нотариатч хуульд нийцсэн баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчилнэ гэх, мөн хуулийн 44.4-т үйлчлүүлэгч биечлэн ирж тухайн баримт бичиг болон нотариатын үйлдлийн бүртгэлд гарын үсэг зурна гэх заалтуудыг зөрчсөн. Мөн Нотариатын үйлдэл хийх зааврын 2.19-т заасан нотариат гэрчилсэн хуудас болгон дээр үйлчлүүлэгч нарын бичгийн болон тоон гарын үсгийг биечлэн зуруулна гэж заасан. Мөн зааврын 14.1-т нотариатчийн баримт бичиг зурсан гарын үсгийг үнэн зөвийг гэрчлэхдээ Нотариатын тухай хуулийн 44 дүгээр зүйлийг баримтална гэсэн заалтыг зөрчсөн. Мөн зааврын 14.5-д нотариатч баримт бичиг зурагдсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэхдээ өөрийн ажлын байранд үйлчлүүлэгчийг биечлэн ирсэн тохиолдолд үйлчлэх бөгөөд тухайн бичиг баримт болон нотариатын бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зуруулж үлдэнэ гэдгийг зөрчсөн байна. Эдгээр үндэслэлүүдээр дээрх эрх шилжүүлэх гэрээ гэх баримтыг гэрчилсэн тухайн үеийн сумын нотариатын үүрэг гүйцэтгэгч Т.Сийн нотариатын үйлдлийг Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасны дагуу хүчингүйд тооцуулах, мөн 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн О.П, Н.Д, н.Э нарын хооронд байгуулсан гэх газар эзэмшүүлэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасны  дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ. 

            3. Хариуцагч Т.С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч О.Пгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Т.С нь 2015 онд Архангай аймгийн Х сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа нотариатын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан нь үнэн. Энэ үед газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээг нэхэмжлэгч О.П, газар худалдаж авсан Н.Д нар өөрсдөө сайн дурын үндсэн дээр хийж, нотариатаар батлуулсан. Т.С нь тухайн үед хашиж байсан албан тушаалын дагуу нотариатын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан байна. Манай зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хоёр үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэгдүгээрт, нотариатын тухай хуульд зааснаар нотариатын үйлдлийг үйлчлүүлэгчийн хүсэлтээр нотариатын үүрэг гүйцэтгэгч хийсэн. Нэхэмжлэгч О.П нь нотариатын үйлдэл хийх явцад оролцсон. Баримтаа өөрөө бүрдүүлээд авчирч өгсөн талаар нотариатын үүрэг гүйцэтгэгч Т.С нь хэлдэг. Үүнийг ч нотлох зорилгоор гэрч асуулгах хүсэлтийг гаргасан. Мөн нотариатын үүрэг гүйцэтгэлтэй холбоотой асуудал болох 2, 3 өөр он сар тавьсан гэх асуудал яригдаж байна. Нотариатын үүрэг гүйцэтгэгч Т.С гэдэг хүн бол тухайн үед энэ хүмүүсийн хүсэлтийн дагуу л нотариатын үйл ажиллагааг хийсэн. Захиргааны хэргийн шүүх дээр авагдсан шинжээчийн дүгнэлтийг Иргэний хэргийн шүүх дээр үнэлэхгүй байж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна. Уг шинжээчийн дүгнэлтээр гарын үсэг нь биш гэсэн дүгнэлтийг гаргасан. Миний хувьд уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь нэг шүүх дээр авагдсан нотлох баримтыг нөгөө шүүх дээр эх сурвалж болгож гаргаж ирээд байгаа нь хууль зөрчиж байгаа асуудал. Газар эзэмших эрх шилжих гэрээ нь гарын үсэгтэй байгаа учраас нотариатын үйлдэл нь хууль ёсны дагуу хийгдсэн байна гэж харахаар байна. Нөгөө талаас газар эзэмших эрх шилжсэн захирамж нь өнөөдөр хүчин төгөлдөр л байж байгаа. Шүүх өнөөдөр энэ эрх шилжүүлэх гэрээг хүчинтэй эсэхийн талаар ямар нэг шийдвэр гарсан тохиолдолд эрх зүйн ач холбогдолгүй эрхийн акт болох талтай. Нөгөө талаар газар эзэмших эрх шилжих гэрээг иргэд хоорондоо тохиролцоод хийчихсэн байдаг. Энэ талаар ч гэсэн газрын даамал О.П гэх хүн газар эзэмших эрх шилжүүлэх энэ ажилд гол үүрэгтэй оролцсон, бусдынхаа бичиг баримтыг өмнөөс нь бүрдүүлээд яваад байсан гэж хэлж байна. Газар шилжсэн талаар хэлэхэд ойлголоо гэж хэлээд зөрж байсан талаар ч хэлж байна. Хоёрдугаарт, гэрээний эрх зүйтэй холбоотой асуудал яригдаж байгаа учраас Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа яригдах ёстой. Нотариатын үйлдэл нь 2015 онд хийгдсэн байдаг. Гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж хуульд заасан. Ийм учраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан нөхцөл байдал байна гэж үзэж байгаа. Нотариатын үйлдэл бол талуудын хүсэл зоригийн үндсэн дээр хийгдсэн үйлдэл учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэжээ. 

            4. Хариуцагч Н.Дын төлөөлөгч А.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сая тайлбартаа гэрчилгээ гараагүй байхад эрх шилжүүлсэн гэж байна. Үүнд хариуцагч Н.Д, н.Э нарт буруу байхгүй. Гэрчилгээ гарсан эсэх талаар авч байгаа тал мэдэхгүй. Үүн дээр ямар нэг хариуцлага хүлээх үндэслэл байхгүй. Мөн нэхэмжлэгч тал нэхэмжлэлийг 8 жилийн дараа гаргаж байгаа. Хөөн хэлэлцэх хугацаа яригдах ёстой гэж бодож байна. Нөгөөтээгүүр О.П огт мэдээгүй байхад миний газрыг шилжүүлж авсан гэж яриад байдаг. Тийм зүйл байхгүй. Мэдэж байсан. Өөрөө газрыг шилжүүлж өгнө үү гээд хүсэлтээ бичээд шилжүүлсэн байдаг. Нэхэмжлэлийн шаардлага дээр О.П миний бие газраа шилжүүлээгүй. 2015 оны 05 дугаар сард Н.Дтай уулзаж газар тариалан эрхлэхээр бэлдэж байгааг нь мэдсэн. Хуурамчаар миний газрыг шилжүүлж авсан байна гэх зүйлийг хэлдэг. О.П өөрийн газраа Н.Дад шилжүүлж байгаагаа өөрөө сайн мэдэж байсан. Үүнийг ч гэрч хэлж байна. Мөн маргаан бүхий өргөдлийг өөрийн гараар бичсэн гэдгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлж байна. Мөн тухайн үед О.П нь багийн Засаг даргаар ажиллаж байсан. Багийн Засаг даргаар ажиллаж байсан хүн хүний нэрийн өмнөөс өргөдөл бичээд баталгаа гаргаад яваад байна гэж байхгүй. Уг өргөдлийг О.П өөрийн гараар бичсэн. Бичихдээ Н.Д, Б.Э нарт миний бие 50 га газраа шилжүүлж байна л гэж бичих гэж байсан байх. Дунд нь үг үсэг орхигдуулсан байхыг үгүйсгэхгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлсэнчлэн Б.Эын нэрийн өмнөөс О.П өргөдөл бичсэн бол Б.Э гэх хүн энэ асуудал дээр тайлбар хэлэх ёстой. Нэхэмжлэгч тал Б.Эыг авчирч гэрчийн мэдүүлэг өгүүлэх ёстой байсан. Б.Эын тухайд нэхэмжлэгчээс залуу хүн байдаг. Бичиг үсгийн чадвартай л хүн байх. Маргаан бүхий өргөдлийг 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр бичсэн байдаг, мөн эрх шилжүүлэх гэрээг ч тэр өдөр хийсэн байдаг. Б.Э гэдэг хүн тухайн өдөр О.Птэй хамт байгаа хирнээ О.Пгээр өргөдөл бичүүлж өөрөө газраа өгчхөөд дахиад тэр газраа авах гээд эрх шилжүүлээд зогсож байна гэж юу байх вэ дээ. Мөн газар эзэмших эрх олгосон хүчинтэй захирамжийн хавсралтад байгаа нэрсийн жагсаалтад Б.Э гэдэг хүний нэр байхгүй байна. Харин хуучин хүчингүй болгосон захирамжид нэр нь байна. Б.Э гэх хүн өөрөө газаргүй юм байж хүнд шилжүүлэн өгнө гэсэн зүйл байхгүй. Мөн дээрэмдэж авсан гэж яриад байна. Ийм зүйл огт байхгүй. Миний хувьд хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байгаа. Мэдэхгүй байж байгаад гэнэт 6 жилийн дараа мэдээд шүүхээр яваад байгаа зүйл байхгүй. Анхнаасаа О.П газраа “М” ХХК-д шилжүүлснээ мэдэж байсан. Гэрээний үүрэгтэй холбогдуулан шаардлага гаргах хугацаа 3 жил байна гэж хуульд заасан. Энэ хуульд заасан хугацаа дууссан байхад нэхэмжлэлийн шаардлага гаргаад яваад байдаг. Ийм учраас нэгдүгээрт газар шилжүүлэх өргөдлийг О.П өөрөө бичиж өгсөн, мөн өөрөө газраа шилжүүлэх гэж байгаагаа мэдэж байсан байна. Мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул эдгээр хоёр үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 5. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 129/ШШ2023/00415 дугаартай шийдвэрээр: Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3-т зааснаар нэхэмжлэгч О.Пгийн хариуцагч Т.С-д холбогдуулан гаргасан О.П, Н.Д нарын хооронд байгуулсан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г гэрчилсэн 2015 оны 5 сарын 08-ны өдрийн бүртгэлийн 978 дугаартай нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар О.П, Н.Д нарын хооронд 2015 оны 5 сарын 08-ны өдөр байгуулсан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.С-оос 70,200 төгрөг, хариуцагч Н.Даас 46,950 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч О.Пд олгож, Шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц шийдвэрийг Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхийг шүүхийн Тамгын газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг  тайлбарлаж шийдвэрлэжээ.

6. Хариуцагч Н.Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С-гийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: О.Пгийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт Н.Дын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С би Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 129/ШШ2023/00415 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйл 116.2-д шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэн бүхий байна гэсэн заалтыг зөрчиж гарсан. Тодруулбал, анхан шатны шүүх нь нэхэмжлэгч нэхэмжлэлээ гаргахаас өмнө 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 062 дугаартай захиргааны хэргийн шүүхийн захирамжтай шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгон шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн байна, анхан шатны шүүх нь 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгч О.Пгээс Х сумын Засаг даргын Тамгын газрын  дэргэдэх газрын албанд гаргасан өргөдлийг үнэлж дүгнэлтгүй шийдвэр гаргасан, шүүхээс хөөн хэлэлцэх хугацааг тодорхойлохдоо Иргэний хуулийн 76 дугаар зүйл 76.2-т зааснаар эрх зөрчилдсөн тухай мэдсэн үеэс эхлэн тооцно ... гэж тодорхойлсон байна. Нэхэмжлэгч О.П нь 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн газраа Н.Д болон түүний компанид шилжсэнийг мэдэж байсан бөгөөд энэ нь түүний газрын албанд өөрийн гараар бичиж өгсөн өргөдөл мөн шүүх хуралд гэрчээр оролцсон Х сумын газрын даамал Х.Д нарын мэдүүлснээр тогтоогдож, гэрчлэгдэж байхад үүнийг үнэлж дүгнэлгүй шийдвэр гаргасан. Иймд 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 129/ШШ2023/00415 шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7. Хариуцагч Н.Дын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 129/ШШ2023/00415 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар  зүйл 116.2-д шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэн бүхий байна гэсэн заалтыг зөрчиж гарсан. Анхан шатны шүүх нь нэхэмжлэгч нэхэмжлэлээ гаргахаас өмнө 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 062 дугаартай захиргааны хэргийн шүүхийн захирамжтай шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгон шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн байна. Анхан шатны шүүх нь 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгч О.Пгээс Х сумын Засаг даргын Тамгын газрын дэргэдэх газрын албанд гаргасан өргөдлийг үнэлж дүгнэлтгүй шийдвэр гаргасан. Шүүхээс хөөн хэлэлцэх хугацааг тодорхойлохдоо Иргэний хуулийн 76 дугаар зүйл 76.2-т заасан эрх зөрчилдсөн тухай мэдсэн үеэс эхлэн тооцно гэж тодорхойлсон байна.

Нэхэмжлэгч О.П нь 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн газраа Н.Д болон түүний компанид шилжсэнийг мэдэж байсан бөгөөд энэ нь түүний газрын албанд өөрийн гараар бичиж өгсөн өргөдөл мөн шүүх хуралд гэрчээр оролцсон Х сумын газрын даамал Х.Д нарын мэдүүлснээр тогтоогдож, гэрчлэгдэж байхад үүнийг үнэлж дүгнэлтгүй шийдвэр гаргасан. Иймд 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 129/ШШ2023/00415 шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

8.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.П нь Н.Д н.Э нартай газар эзэмших, эрх шилжүүлэх гэрээ хийсэн гэж үзэж Архангай аймгийн Х сумын Засаг дарга захирамж гарган иргэн О.Пгийн эзэмшлийн 50 га газрыг Н.Д, н.Э нарын эзэмшлийн “М” ХХК-д шилжүүлсэн байдаг. Хавтаст хэргийн 9 дүгээр хуудсанд байгаа эрх шилжүүлэх гэрээ гэх баримтыг үйлдэж, тухайн үеийн сумын Засаг даргын тамгын газрын дарга, нотариатчийн үүрэг гүйцэтгэгч Т.С гэрээг гэрчлэх үед нэхэмжлэгч О.П байлцаагүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч О.Пгийн хууль ёсны эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших эрх нь зөрчигдсөн учир шүүхэд хандсан. Манай зүгээс дараах үндэслэлүүдээр хавтаст хэргийн 9 дүгээр хуудсанд авагдсан гэрээг хууль бус гэж үзэж байна. Нэгдүгээрт, тус гэрээ гэх баримтад дээр нэхэмжлэгч О.Пд иргэн Н.Д 2,000,000 төгрөг өгч худалдаж авсан гэж бичигдсэн байдаг. Н.Дын тухайд захиргааны хэргийн шүүх дээр би нэг ч төгрөг өгөөгүй байгаа гэдэг талаараа хэлсэн. Хоёрдугаарт, хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 171 дүгээр тушаалын хавсралт болон нотариатын үйлдэл хийх зааврын дагуу нотариатч хүн гэрээг гэрчилж үйлчилгээ үзүүлэх ёстой. Тус зааврын 3 дугаар зүйлийн 3.6-д нотариатын бүртгэлийн дэвтэрт гэрээг гэрчилсэн хоёр үйлчлүүлэгчийг тэмдэглэж, гарын үсгийг нь зуруулж нэрийн тайллыг нь бичих ёстой байдаг. Х суманд хадгалагдаж байгаа нотариатын бүртгэлийн дэвтэр дээр хоёр үйлчлүүлэгчийн аль алиных нь гарын үсэг зурагдсан баримт огт байдаггүй. Гуравдугаарт, нотариатын үйлдэл хийх зааврын 5.9-д улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж гэрчилгээ авснаар эзэмших эрх нь батлагддаг хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй гэрчилгээ аваагүй байхад нь эрх шилжүүлэх гэрээг гэрчлэхийг хуулиар хориглодог. Манай тохиолдолд энэхүү газрыг нэхэмжлэгч О.Пд олгох Засаг даргын захирамж гарсан боловч кадастрын зураг нь хийгдээгүй, гэрчилгээ нь олгогдоогүй байсан. Энэ тохиолдолд Газрын тухай хуулиар ч тэр Нотариатын тухай хуулиар ч тэр бусдад шилжүүлэхийг хориглосон заалт байдаг. Дөрөвдүгээрт, нотариатын үйлдэл хийх заавраар гэрээг нотариат дээр хэрхэн гэрчлэх тухай хэд хэдэн заалтыг зөрчсөн. Аливаа гэрээ хэлцлийг нотариат гэрчлэхдээ хоёр талын бичиг баримт, биеийн байцаалтыг нь арын нүүрэн дээр нь хавсаргаж нотариатын тамгаар баталгаажуулж хийдэг. Энэхүү үйлдэл огт хийгдээгүй. Тавдугаарт, эрх шилжүүлэх гэрээ гэх баримтын О.П гэх нэрийн доор зурагдсан гарын үсгийг Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний байгууллага өөрсдийн хууль үрмийн дагуу нотлох баримтыг цуглуулж 061, 062 дугаар иргэн О.Пгийн гарын үсэг болох нь тогтоогдохгүй байна гэсэн дүгнэлтийг гаргасан. Тухайн үед нотариатаар ажиллаж байсан Т.С нь Нотариатын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т заасныг харахаар нотариатч хуульд нийцсэн баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчилнэ гэх, мөн хуулийн 44.4-т үйлчлүүлэгч биечлэн ирж тухайн баримт бичиг болон нотариатын үйлдлийн бүртгэлд гарын үсэг зурна гэх заалтуудыг зөрчсөн. Мөн Нотариатын үйлдэл хийх зааврын 2.19-т заасан нотариат гэрчилсэн хуудас болгон дээр үйлчлүүлэгч нарын бичгийн болон тоон гарын үсгийг биечлэн зуруулна гэж заасан. Мөн зааврын 14.1-т нотариатчийн баримт бичиг зурсан гарын үсгийг үнэн зөвийг гэрчлэхдээ Нотариатын тухай хуулийн 44 дүгээр зүйлийг баримтална гэсэн заалтыг зөрчсөн. Мөн зааврын 14.5-д нотариатч баримт бичиг зурагдсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэхдээ өөрийн ажлын байранд үйлчлүүлэгчийг биечлэн ирсэн тохиолдолд үйлчлэх бөгөөд тухайн бичиг баримт болон нотариатын бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зуруулж үлдэнэ гэдгийг зөрчсөн байна. Эдгээр үндэслэлүүдээр дээрх эрх шилжүүлэх гэрээ гэх баримтыг гэрчилсэн тухайн үеийн сумын нотариатын үүрэг гүйцэтгэгч Т.Сийн нотариатын үйлдлийг Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасны дагуу хүчингүйд тооцуулах, мөн 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн О.П, Н.Д, н.Э нарын хооронд байгуулсан гэх газар эзэмшүүлэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасны  дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

9. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С-н гаргасан давж заалдах гомдлын нэг дэх хэсэгт шинжээчийн дүгнэлтийг үндэслэсэн нь үндэслэлгүй байна гэж маргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж заасан. Нэхэмжлэгчийн хувьд нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр шинжээчийн дүгнэлтийг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд нэхэмжлэгч маргаан бүхий гэрээнд гарын үсэг зураагүй болох нь 978 тоот бүртгэгдсэн нотариатын бүртгэлийн дэвтэрт гэрээ гэрчлүүлсэн этгээдүүдийн гарын үсгийг зуруулаагүй байдал мөн маргаан бүхий гэрээнд талуудын иргэний үнэмлэхийг хавсаргаагүй байдал, мөн гэрээнд заасан 2,000,000 төгрөгийг хариуцагч тал нэхэмжлэгч талд өгөөгүй болохыг хүлээн зөвшөөрсөн тайлбар зэргээс тогтоогддог. Мөн хариуцагч талаас шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүй гэж маргадаг боловч Шүүхийн шинжилгээний тухай хуулийн аль хэсгийг зөрчсөн болох ямар үндэслэлээр маргаж байгаа талаар дурддаггүй гэдгийг анхаарч үзээсэй. Мөн хариуцагчийн зүгээс гарын үсэг зурагдаагүй гэдэгт маргадаггүй юм. Газар шилжсэн гэдгийг мэдээгүй байсан гэж маргадаг. Давж заалдах гомдлын 2 дахь хэсэгт газрын албанд гаргасан өргөдлийг үнэлээгүй гэсэн байна. Гэтэл хариуцагч талын хүсэлтээр газрын албанд гаргасан өргөдөлд үзлэг хийж, тэмдэглэл үйлдсэн бөгөөд хариуцсан албан тушаалтан болох Х.Дээс гэрчийн мэдүүлэг авсан. Энэ талаар анхан шатны шүүхийн шийдвэрийн 9 дүгээр хуудсанд дурдсан. Давж заалдах гомдлын 3 дугаарт хөөн хэлэлцэх хугацааг буруу үнэлсэн гэсэн байна. Өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байгаа. Тухайлбал гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, нотариатын үйлдлийг хууль бусад тооцуулахад Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан ерөнхий хөөн хэлэлцэх хугацаа буюу 10 жилийн хугацааг баримтлах ёстой. Мөн Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2 дахь хэсэгт заасны дагуу эрх зөрчигдсөн үеэс буюу 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс хариуцагч Н.Дтай уулзаж газрыг шилжсэн гэдгийг мэдсэн тэр өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тооцох нь зөв юм гэж үзсэн. Иймд нотариатын үйлдэл хийх зааврын 3.6, 5.5, 5.9, Нотариатын тухай хуулийн 44, 46 дугаар зүйлийг ноцтой зөрчиж маргаан бүхий гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцсон нь хуульд нийцсэн. Маргаан бүхий гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр буцаах хэлцэлд тооцсон нь хуульд нийцсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх давж заалдах гомдолд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хяналаа.

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 129/ШШ2023/00415 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Н.Дын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Сгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч О.П хариуцагч Н.Д-д холбогдуулан 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, хариуцагч Т.С-д холбогдуулан О.П, Н.Д нарын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч Т.Сийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээг нэхэмжлэгч О.П, газар худалдаж авсан Н.Д нар өөрсдөө сайн дурын үндсэн дээр хийж, нотариатаар батлуулсан гэсэн үндэслэлээр, хариуцагч Н.Дын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С О.Пгийн нэр дээр гарсан гэрчилгээ гэж байдаггүй, О.Пг огт мэдээгүй байхад газар эзэмших эрх шилжүүлсэн гэрээ хийгдсэн гэдэг боловч О.П энэ талаар сайн мэдэж байсан, О.П өөрийнхөө гараар газрын албанд тодорхойлолт бичиж өгсөн байдаг. Уг тодорхойлолтод үндэслэж газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хийгдсэн. 7 жилийн дараа 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хийгдсэн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэсэн үндэслэлээр тус тус нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 109/ШШ2021/0046 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 3 сарын 16-ны өдрийн 191 дүгээр магадлал, Архангай аймгийн Х сумын Засаг даргын 2015 оны 4 сарын 30-ны өдрийн “Тариалангийн газрыг давуу эрхээр эзэмшүүлэх тухай” а/40 дугаар захирамж, Архангай аймгийн Х сумын Засаг даргын 2015 оны 5 сарын 08-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” а/45 дугаар захирамж, 1 дүгээр хавсралт, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 сарын 17-ны өдрийн 062 дугаар дүгнэлт, шинжилгээ хийхэд холбогдох материал, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 сарын 19-ний өдрийн 13А/137 тоот албан бичиг, нотариатын бүртгэлийн дэвтэр, Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр О.Пгийн Х сумын газрын албанд гаргасан өргөдлийн эх хувьд “Үзлэг хийсэн тухай тэмдэглэл”, үзлэг хийхэд хуулбарлан авсан холбогдох нотлох баримтууд, гэрч Х.Дийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хариуцагч Т.С Архангай аймгийн Х сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж нотариатчийн үүргийг хавсран гүйцэтгэж байхдаа О.П, Н.Д нарын хооронд 2015 оны 5 сарын 08-ны өдөр байгуулсан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г гэрчилсэн, нотариатын  бүртгэлийн дэвтэрт О.Пгийн гарын үсэг зурагдаагүй, О.П болон “М” ХХК-ийн захирал Н.Д нарын хооронд 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-нд зурагдсан гарын үсэг О.Пгийн гэх туршилтын болон чөлөөт загвараар ирүүлсэн гарын үсэгтэй тохироогүй, нэхэмжлэгч О.П нь 50 га газрыг эзэмших эрхийг 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Н.Дад шилжүүлсэн гэрээнд гарын үсгээ зураагүй тул 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г нэхэмжлэгч О.П хариуцагч Н.Дтай байгуулсан гэж үзэхгүй, гэрээг газар эзэмших эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй байгуулсан болох нь тогтоогдсон, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Н.Дын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С дараах 3 үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна.

1. Анхан шатны шүүх нь нэхэмжлэгч нэхэмжлэлээ гаргахаас өмнө 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 062 дугаартай захиргааны хэргийн шүүхийн захирамжтай шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгон шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн гэжээ.

Хэрэгт авагдсан 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай гэрээ /1-р хх-ийн 9/-нд эрх шилжүүлэгч О.П гэсний ард гарын үсэг зурагдсан байгаа бөгөөд тухайн гарын үсгийг О.Пгийн гэх туршилтын болон чөлөөт загвараар ирүүлсэн гарын үсэгтэй тохирохгүй талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 сарын 17-ны өдрийн 062 дугаар шинжээчийн дүгнэлт гарсан байна.

Хариуцагч тал шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй талаар маргаагүй, харин  Архангай аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн шүүгчийн захирамжаар томилсон, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 сарын 17-ны өдрийн 062 дугаар шинжээчийн дүгнэлтийг иргэний хэргийн анхан шатны шүүх үнэлэх боломжгүй гэж маргажээ.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж үзвэл энэ хуулийн 4.1.7-д заасан эрх бүхий этгээд / мөрдөгч, прокурор, шүүгч, шүүх, арбитр болон зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий этгээд/ шинжилгээ хийлгэх шийдвэр гаргана гэж заасан бөгөөд шинжээч нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтална.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан тул анхан шатны шүүх Архангай аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн захирамжаар томилсон, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 сарын 17-ны өдрийн 062 дугаар шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар тооцон, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэн дүгнэсэн нь үндэслэлтэй бөгөөд хууль зөрчөөгүй байна.

2. Анхан шатны шүүх  2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгч О.Пгээс Х сумын Засаг даргын Тамгын газрын дэргэдэх газрын албанд гаргасан өргөдлийг үнэлж дүгнэлгүй шийдвэр гаргасан гэжээ.

Архангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцээд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Сгийн гаргасан захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр байгаа хэргийн материалаас Архангай аймгийн Х сумын Засаг даргын Тамгын газрын дэргэдэх газрын албанд гаргасан О.Пгийн өргөдлийг гаргуулах хүсэлтийг хангаагүй гэсэн үндэслэлээр /нэг үндэслэл нь/ анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан.

Үүний дагуу О.Пгийн Х сумын Засаг даргын Тамгын газрын дэргэдэх газрын албанд гаргасан өргөдлийн хуулбар хэрэгт авагдсан байна. /2-х хх-ийн 45/

Өргөдөлд “Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг “М” ХХК-ны захирал Н.Д-д Б.Э миний бие эзэмшлийн 50 га газрыг эзэмшүүлж байгаа нь үнэн болохыг тодорхойлж байна. Баталгаа гаргасан О.П” гэсэн  байх ба агуулга нь Н.Д-д Б.Э 50 га газрыг  эзэмшүүлж байгааг О.П баталсан, энэ нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй гэж дүгнэхээр байх тул анхан шатны шүүхийг энэ баримтыг нотлох баримтаар үнэлээгүй гэж буруутгах аргагүй юм.

         3. Шүүхээс хөөн хэлэлцэх хугацааг тодорхойлохдоо Иргэний хуулийн 76 дугаар зүйл 76.2-т зааснаар эрх зөрчигдсөн тухай мэдсэн үеэс эхлэн тооцно гэж тодорхойлсон байна. Нэхэмжлэгч О.П нь 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн газраа Н.Д болон түүний компанид шилжсэнийг мэдэж байсан бөгөөд энэ нь түүний газрын албанд өөрийн гараар бичиж өгсөн өргөдөл мөн шүүх хуралд гэрчээр оролцсон Х сумын газрын даамал Х.Д нарын мэдүүлснээр тогтоогдож, гэрчлэгдэж байхад үүнийг үнэлж дүгнэлгүй шийдвэр гаргасан гэжээ.

Анхан шатны шүүх  нэхэмжлэгч О.П нь өөрийн эзэмшлийн 50 га газрыг “М” ХХК-ийн захирал Н.Д-д шилжүүлэхээр “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” байгуулан нотариатаар гэрчлүүлсэн талаар хариуцагч Н.Д-тай 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр уулзахдаа мэдсэн, энэ үеэс буюу нотариатаар гэрчлүүлснийг олж мэдсэн үеэс нотариатчийн үйлдлийн талаар шаардах эрх үүссэн байх тул нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж мэтгэлцэж байгаа итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С, С.П нарын тайлбар үндэслэлгүй гэж дүгнэсэн байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх хугацаа 10 жил байна” гэж, 75 дугаар зүйлийн 75.2.2-т “Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил байна”. гэж тус тус заасан бөгөөд Нотариатчийн үйлдлийг хүчингүй болгох шаардах эрхэд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан хугацаа хамааралтай бөгөөд мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар эрх зөрчигдсөн тухай мэдсэн үеэс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолно гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй юм.

 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдөр дуусгавар болох бөгөөд нэхэмжлэгч О.П 2021 оны 05 сарын 05-ны өдөр Н.Д-тай уулзаж, өөрийн эзэмшлийн газарт тариалалт хийх тухай ярилцах үеэр газар “М” ХХК-д шилжсэнийг мэдсэн үйл баримт тогтоогдож байгаа  тул шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болоогүй гэж үзнэ.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-т энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана гэж, 34 дүгээр зүйлийн 34.1-т Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ гэж, 35 дугаар зүйлийн 35.1.4-т газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлнэ гэж тус тус заасан.

 

Архангай аймгийн Х сумын Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн а/40 дугаар Тариалангийн газрыг давуу эрхээр эзэмшүүлэх тухай захирамж /О.П нарын 6 хүнд/ гарсан ч Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.1.6-д заасан ажиллагаа хийгдээгүй байхад 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр эрхийн гэрчилгээг бус, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хийгдсэн нь Газрын тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн, хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан  журмын дагуу явуулсан, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзал, маргааны үйл баримт, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.

            Давж заалдах шатны шүүх гомдлыг хангаагүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С-гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46.950 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 129/ШШ2023/00415 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С-ийн давж заалдах  гомдлыг хангахгүй орхисугай.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46.950 /дөчин зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.     

       

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГ Т.ДАВААСҮРЭН

ШҮҮГЧИД В.ЦЭЦЭНБИЛЭГ

Л.АРИУНЦЭЦЭГ