| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Одонтуул |
| Хэргийн индекс | 105/2019/0118/Э |
| Дугаар | 156 |
| Огноо | 2019-01-22 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | И.Ариунсанаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 156
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанзул,
улсын яллагч И.Ариунсанаа,
хохирогч Г.Батнасан,
шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт С.Б холбогдох эрүүгийн 1806 06542 2200 дугаар хэргийг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, С.Б
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Б нь 2018 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.Батнасанг түлхэж унаган, нүүр рүү нь гараараа цохиж “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг үнэн.” гэх мэдүүлэг,
Хохирогч Г.Батнасангийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Энэ хэрэг 2018 оны 8 дугаар сарын 4-ний өдөр болсон. Тэр өдөр би ач хүүгээ хүргэж өгөөд буцаж явах замдаа С.Б-тай таарсан. Тэр аав, эхнэрийн хамт явж байсан. Би Самбуу гуайг “юу байна даа” гэтэл хүү нь намайг хашаа руу түлхсэн. Тэгээд л би газар унаад цаашид юу болсныг сайн мэдэхгүй байна. Гудманд байсан хүүхдүүд манай эхнэрийг дуудаж, эхнэр маань цагдаа дуудсан байсан. Миний эгэм, баруун хавирга хугарсан. Нүдний ухархай гэмтэлтэй байна. Би эмнэлэгт хэвтээгүй, гарандаа боолт тавиулаад гараа сойгоод эм бичүүлж тариа хийлгэн гэрээр эмчлүүлсэн. Эгэмний хугархайд уудаг гээд 20 ширхэгтэй 2 хайрцаг эм уусан. Одоо миний биеийн байдал дээрдсэн, надад хохирол төлбөр өгөөгүй, хавтаст хэрэгт өөрийн эмчилгээний зардлын баримтыг хавсаргасан байгаа, тэр мөнгөө нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч Г.Батнасангийн өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 14 цагийн орчим байх Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 75 дугаар байрны орчим хоёр зээгээ дагуулаад гэр рүүгээ явж байтал танил Самбуу хүү болон бэрээ дагуулаад явж байхаар нь би Самбуутай мэндэлсэн, тэгтэл хүү нь намайг ямар ч шалтгаангүй зодсон. Манай ач зээ хоёр надад шууд таныг баруун шанаа руу чинь цохитол та үсрээд хашаа мөргөөд унатал нөгөө ах таны дээрээс өшиглөөд байсан гэсэн. Эхнэр нь “хөгшин настай хүнийг яах гээд байгаа юм боль” гэж хэлсэн гэсэн. Тэгээд манай хоёр хүүхэд намайг босгоод дагуулаад явсан гэсэн. Би суга таягтай миний таягийг авч цохих гээд байсан гэсэн. ...Зүүн нүд хөхөрч хавдсан, баруун эгэм хугарсан, баруун нэг хавирга хугарсан гэмтлүүд учирсан. Томограф болон цээжний зураг авхуулсан, одоо нүдээ Болор мэлмий эмнэлэгт үзүүлнэ. Нүд гэмтсэн байж магадгүй гэсэн. Ер нь намайг нүүрэн тус газар гараараа цохиод унахад хөлөөрөө өшиглөсөн гэсэн.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 13-14 дүгээр тал/
Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч М.Мөнхтүвшингийн өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн орой, цагаа сайн мэдэхгүй байна, өвөөг дүү Сайханаагийн хамт хүргэж өгөхөөр явж байсан чинь өвөө нэг эмэгтэй, 2 эрэгтэй хүнтэй юм ярьж байсан. Тэгтэл залуу бүдүүн ах өвөөг түлхтэл өвөө хашаа налаад газар унасан. Тэгтэл тэр ах өвөөгийн барьж байсан таягийг булаагаад авсан, өвөө таягаа буцаагаад шүүрээд автал тэр ах өвөөгийн зүүн хацар руу алгадаад авсан. Тэр үед өвөө босоод зогсож байсан. Тэр ax өвөө рүү “чи худгийн тэнд худлаа яриа биз дээ” гэж хэлж байсан, тэгтэл хамт байсан эгч” наад настай хүнээ болиоч” гэж хэлж байсан. Өвөөг хартал зүүн хацар, нүд хоёр нь хавдсан байсан, өөр гэмтэл хараагүй. Таягаар цохиогүй, түлхэж унагаагаад алгадаж байсан.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 25 дугаар тал/
Мөрдөн байцаалтад гэрч Ш.Самбуугийн өгсөн: “...Тухайн өдөр би дэлгүүрээс тамхи аваад гарч байтал хүү С.Б, бэр Ариунтунгалаг 2 таарсан. Бид 3 гэрлүү алхаж байтал Г.Батнасан согтуу гарч ирээд “сайн байна уу” гэхээр “сайн” гээд явах гэтэл намайг явуулахгүй байтал хажуунаас хүү “та яах гээд байгаа юм” гэж хэлээд Батнасанг түлхтэл хойшоо хашаа налаад уначихаар нь бид 3 гэр рүү орсон.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 16 дугаар тал/
Мөрдөн байцаалтад гэрч О.Ариунтунгалагийн өгсөн: “...Тухайн өдрийн оройхон цагийг нь сайн санахгүй байна. Нөхрийн хамт гэр рүү ирж явсан, хадам аав тэр үед дэлгүүрээс тамхи аваад гарч ирж таарсан. Оройхон байсан учир гэрлүү алхаж байтал гэрийн хаалганы үүдэнд таяг тулсан өвгөн согтуу байрын байдалтай “Самбуу сайн уу, Намдо олдсон уу” гээд аавын ханцуйнаас зуураад байхаар нь манай нөхөр С.Б “та олдоогүйг нь мэдсээр байж яах гээд байгаа юм” гэж хэлээд тухайн өвгөний мөр лүү түлхтэл цаашаа хараад нүүрээрээ унчихаар нь би тухайн өвгөнийг татаж босгосон. Босч ирээд С.Б луу дайраад байхаар нь “яах гээд байгаа юм, хөгшин хүнийг хөл муутай хүнийг” гэж хэлээд нөхөр, аав хоёртой гэртээ орсон.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 18 дугаар тал/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 9573 дугаар:
“1. Г.Батнасангийн биед тархи доргилт, зүүн талын нүдний ухархайн дотор
хана З.З см өргөн хэсэгт этмойд хөндий рүү 0.5 см цөмөрсөн шинэ хуучин хавсарсан хугарал, зүүн нүд болон хацар орчмын зөөлөн эдийн няцрал, эгэм ясны хугарал, баруун 3 дугаар хавирганы зөрүүтэй хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн
шинэ гэмтлүүд байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл
мэндэд удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.” гэх дүгнэлт,
/хх-ийн 28 дугаар тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72 дугаар тал/
Хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын баримтууд /хх-ийн 33-37 дугаар тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.Б нь 2018 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.Батнасанг түлхэж унаган, нүүр рүү нь гараараа цохиж “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б-н өгсөн “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг үнэн зөв.” гэх мэдүүлэг,
мөн хохирогч Г.Батнасангийн өгсөн: “Энэ хэрэг 2018 оны 8 дугаар сарын 4-ний өдөр болсон. Тэр өдөр би ач хүүгээ хүргэж өгөөд буцаж явах замдаа С.Бтай таарсан. Тэр аав, эхнэрийн хамт явж байсан. Би Самбуу гуайг “юу байна даа” гэтэл хүү нь намайг хашаа руу түлхсэн. Тэгээд л би газар унаад цаашид юу болсныг сайн мэдэхгүй байна. Гудманд байсан хүүхдүүд манай эхнэрийг дуудаж, эхнэр маань цагдаа дуудсан байсан. Миний эгэм, баруун хавирга хугарсан. Нүдний ухархай гэмтэлтэй байна. Би эмнэлэгт хэвтээгүй, гарандаа боолт тавиулаад гараа сойгоод эм бичүүлж тариа хийлгэн гэрээр эмчлүүлсэн. Эгэмний хугархайд уудаг гээд 20 ширхэгтэй 2 хайрцаг эм уусан.” гэх мэдүүлэг,
мөрдөн байцаалтад хохирогч Г.Батнасангийн өгсөн “...2018 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 14 цагийн орчим Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 75 дугаар байрны орчим хоёр зээгээ дагуулаад явж байтал Самбуу хүү болон бэрээ дагуулаад явж байхаар нь би Самбуутай мэндэлсэн тэгтэл хүү нь намайг ямар ч шалтгаангүй зодсон. Манай ач зээ хоёр надад шууд таныг баруу шанаа руу чинь цохитол та үсрээд хашаа мөргөөд унатал нөгөө ах таны дээрээс өшиглөөд байсан гэсэн. Эхнэр нь “хөгшин настай хүнийг яах гээд байгаа юм боль” гэж хэлсэн гэсэн.” гэх /хх16/,
мөн насанд хүрээгүй гэрч М.Мөнхтүвшингийн өгсөн “...2018 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн орой, цагаа сайн мэдэхгүй байна, өвөөг дүү Сайханаагийн хамт хүргэж өгөхөөр явж байсан чинь өвөө нэг эмэгтэй, 2 эрэгтэй хүнтэй юм ярьж байсан. Тэгтэл залуу бүдүүн ах өвөөг түлхтэл өвөө хашаа налаад газар унасан. Тэгтэл тэр ах өвөөгийн барьж байсан таягийг булаагаад авсан, өвөө таягаа буцаагаад шүүрээд автал тэр ах өвөөгийн зүүн хацар руу алгадаад авсан. Тэр үед өвөө босоод зогсож байсан. Тэр ax өвөө рүү “чи худгийн тэнд худлаа яриа биз дээ” гэж хэлж байсан. Өвөөг хартал зүүн хацар, нүд хоёр нь хавдсан байсан өөр гэмтэл хараагүй. Таягаар цохиогүй, түлхэж унагаагаад алгадаж байсан.” гэх /хх25/,
мөн гэрч О.Ариунтунгалагийн өгсөн “...Тухайн өдрийн оройхон цагийг нь сайн санахгүй байна. Нөхрийн хамт гэр рүү ирж явсан, хадам аав тэр үед дэлгүүрээс тамхи аваад гарч ирж таарсан. Оройхон байсан учир гэр лүү алхаж байтал гэрийн хаалганы үүдэнд таяг тулсан өвгөн согтуу байрын байдалтай “Самбуу сайн уу” Намдо олдсон уу, гээд аавын ханцуйнаас зуураад байхаар нь манай нөхөр С.Б “та олдоогүйг нь мэдсээр байж яах гээд байгаа юм” гэж хэлээд тухайн өвгөний мөрлүү түлхтэл цаашаа хараад нүүрээрээ унчихаар нь би тухайн өвгөнийг татаж босгосон. Босч ирээд С.Б луу дайраад байхаар нь “яах гээд байгаа юм, хөгшин хүнийг хөл муутай хүнийг” гэж хэлээд нөхөр, аав хоёртой гэртээ орсон.” гэх /хх18/ мэдүүлгүүд,
мөн хавтаст хэрэгт авагдсан Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 9573 дугаар дүгнэлт /хх28/, “Болор мэлмий” нүдний эмнэлэгийн кассын орлогын ордер /хх33/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч С.Б-г “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж заасны дагуу шүүгдэгч С.Б нь хохирогч Г.Батнасангийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.
Хохирогч Г.Батнасан нь мөрдөн байцаалтад эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд гарсан зардал нийт 544.700 төгрөг нэхэмжилсэнээс шүүгдэгч С.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчид 400.000 төгрөгийг бэлнээр төлж, эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, бичмэл баримтаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч С.Б-с хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон гэм хорын хохирол болох 544.700 төгрөгөөс төлсөн 400.000 төгрөгийг хасч үлдэх 144.700 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Батнасанд олгох нь зүйтэй байна.
Түүнчлэн хохирогч Г.Батнасангийн биед хүндэвтэр гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул хохирогч нь цаашид өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч С.Б-т эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч С.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж гэм буруугийн талаар маргаагүй, хохиролд 400.000 төгрөгийг төлсөн зэргийг харгалзан үзэж С.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 460.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч С.Б-н хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр буюу сар бүр 153.333 төгрөгийг төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч С.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3, 36.5, 36.8, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт С.Б-г “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Б-т 460 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 460.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар С.Б-т оногдуулсан 460.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр буюу сар бүр 153.333 төгрөгийг төлүүлэхээр тогтоож, С.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлйн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар С.Б-с 144.700 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Батнасанд олгож, хохирогч Г.Батнасан нь цаашид эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, С.Б цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл С.Б-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОДОНТУУЛ