Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 325

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анармаа,

улсын яллагч А.Сайнбаяр,

шүүгдэгч Ц.У

хохирогч О.Ганбат,

гэрч И.Анхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Ц.У холбогдох эрүүгийн 1806 0756 70089 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Ц.У

Холбогдсон хэргийн талаар:

Ц.У нь 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, автобусны буудлын ТҮЦ-нд хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн О.Ганбатыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.У мэдүүлэхдээ: 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүрэгт байрлах түрээсийн ТҮЦ-д эхнэртэйгээ хоёулаа байхад О.Ганбат нь гаднаас орж ирээд түрээсийн мөнгөнөөс болж маргалдсан. Би гэр бүлийн байдал хэр байгаа талаар төлбөр нэмэгдүүлэхэд төлөх боломжгүй гэдэг учраа хэлсэн. О.Ганбат нь удаа дараа ирж намайг болон миний эхнэрийг дарамталдаг байсан. Тухайн хэрэг гарсан өдөр Ганбат сандлын ард сууж байхад нь би тооны машин авч шидэхэд оногдоогүй. Дараагаар над руу гэнэт дайрч намайг зодож харилцан зодоон хийсэн. О.Ганбат өөрөө ирж хэрүүл маргаан хийж, зодоон эхлүүлээгүй байсан бол би өнөөдөр энд суухгүй байх байсан. Надад 500.000 төгрөгийн өртэй. Давхар түргэн үйлчилгээний цэгийг түрээслүүлсэн байсан. Зодоон хийхгүйгээр шийдэх боломж байсан гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Ганбат мэдүүлэхдээ: Би түргэн үйлчилгээний цэгийг өөр хүнээс өөрөө түрээслэдэг байсан. Би Эрээн хот руу явах ажилтай болсон тул Ц.У, Анхбаяр нарт өөрийн дэлгүүрээ түрээслэх санал тавьж өөрийн бараатайгаа хамт худалдагч хийлгэх зорилгоор сарын 30.000 төгрөгөөр түрээслүүлэхээр тохиролцсон. Би өөрөө уг эзнээс нь түргэн үйлчилгээний цэгээ сарын нийтдээ 700.000 төгрөгөөр түрээслэдэг байсан. Ц.У-т 2018 оны  07 дугаар сарын 27-ны үед дэлгүүрээ хүлээлгэж өгсөн. Орлого гайгүй болохоор үнээ нэмэгдүүлэх зорилгоор сарын 35.000 төгрөг болгох талаар урьд утсаар ярилцах гэтэл ярьж болохгүй, утсаар тохиролцдоггүй байсан. Нэг шөнө ирж уулзсан. Тухайн хэрэг гардаг өдөр 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1 цагийн үед ирж уулзсан. Энэ Ц.У-н хэлж байгаагаар учраа хэлэхээр нь би “одоо түрээслэхээ боль оо” гэж хэлэхэд муудалцаад миний өөдөөс тооны машин аваад над руу шидсэн. ТҮЦ-д байдаг миний ногоон иштэй жижиг хутгыг авч над руу довтлох гэж айлгасан. Зодоон болоод дуусч байхад эхнэр нь гаднаас орж ирж байсан. Би хүзүүг нь хумсаараа маажсан нь үнэн. Тэгээд цагдаагийн 102 дугаар руу залгаад цагдаад  дуудлага өгсөн. Энэ хүмүүстэй зөвлөлдөх талаар ярилцаж үзэхэд энэ бараа миний бараа гэж дайраад мөнгө өгөхгүй бараа өгөхгүй гэж дайраад байсан. Миний үлдсэн 800.000 төгрөгийн барааг авч миний ажлыг булааж авсан. Одоогоор гомдол санал бол байхгүй. Эмчилгээ хийлгээгүй тул зардал нэхэхгүй. Өдөр бүр согтуу ирж агсам тавьдаг, эхнэрийнх нь гэдэс рүү өшиглөсөн зүйл бол огт худал зүйл. Байнга дарамталсан, сүрдүүлсэн зүйл байхгүй худал гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч О.Ганбатын өгсөн: ...2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр би өөрийн түрээслүүлэгч ТҮЦ болох Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны буудлын ТҮЦ-нд түрээслэгч Баяраагаас түрээсийн мөнгө авахаар очсон. Тэгтэл би ТҮЦ-ээ өдрийн 35.000 төгрөгөөр түрээслэдэг юм. Тэгтэл Баяраа 30.000 төгрөг болго гэж надад хэлсэн тэгэхээр нь би боломжгүй гээд эвээр ярьж байсан. Тэгтэл Баяраа чи бид хоёрыг ойлгосонгүй гээд над руу лангууны доороос эвхдэг ногоон өнгийн хутга бариад босоод ирсэн. Тэгээд над руу далайгаад хутгаа газар хаячихаад миний зүүн шанаа руу цохисон. Тэр үед миний зүүн завьж хэсэгт шалбарсан. Тэгээд би биеэ хамгаалаад бид нар хоорондоо хувцаснаасаа зууралдаад боолцсон. Гэтэл би хөлнөөс нь бариад авах гэхэд доороос нүүр рүү гараа атгаж байгаад 2 удаа цохисон. Тэгэхэд миний хамарнаас цус гарсан. Тэгээд байж байтал эхнэр нь орж ирээд бид нарыг салгасан...гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч И.Анхбаярын өгсөн: ...Тухайн өдөр би гэртээ байж байгаад худалдааны төв орохоор гарсан. Тэгтэл Ганбат залгаад хаана байна гэхээр нь ТҮЦ рүү очиж гэж байна гэж хэлсэн. Тэгээд би иртэл нөхөр Ганбат хоёр юм яриад сууж байсан би хойд ТҮЦ ороод нэгж аваад ороод иртэл Ганбат манай нөхөр Ц.У-г ТҮЦ-ний шалан дээр унагаад доороо хийгээд зодож байхаар нь би болиоч ээ гэхэд огт салахгүй байхаар нь нуруу руу нь хэд, хэд цохиж байж салгаад хоёуланг нь босгоод байж байтал дахиж барьцалдаж авах үедээ миний гэдэс рүү тохойдсон. Би 8 сартай жирэмсэн байсан. Тэгээд Ц.У цагдаа дуудаад цагдаа ирээд өргөдөл гаргах бол очиж өг гэж хэлсэн. Тэр хоёрын гарт ямар нэгэн зүйл байгаагүй. Биеийнхээ аль хэсэгт хэн, хэн нь цохисныг хараагүй. Яг орж ирэхэд зууралдаад орилолдоод байж байсан учир сандраад хараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 31-33 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 10998 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. О.Ганбатын биед хамар ясны хугарал, цээж, баруун гарын эрхий хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. Шинжээч эмч О.Болороо гэх дүгнэлт /хх-ийн 17 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Ц.У-н: ...Тэгтэл 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Ганбат ТҮЦ-нд ирэхээр нь би 35.000 төгрөгөөр үнэхээр чадахгүй нийтийн байранд амьдарч байна, эхнэр жирэмсэн өнөө маргаашгүй төрлөө гэхэд шууд урдаас болохгүй тийм асуудал байхгүй гэхээр нь би чи яагаад хүний амьдрал ойлгодоггүй юм, эхнэр хүүхэдгүй болохоор чи ойлгохгүй байгаа юм гэж хэлсэн. Тэгтэл Ганбат өөдөөс хараад сандал дээр сууж байхаар нь тооны машин аваад түүн рүү шидэхэд түүнийг оноогүй. Би лангууны араас гараад ирэхэд Ганбат намайг хоолойноос боогоод ТҮЦ-ний хана руу түлхсэн. Тэгээд ухаан балартахаар нь нэг удаа түүнийг гараараа цохисон. Хаана нь оносныг мэдэхгүй. Тэгтэл намайг үүд рүү унагаад дээрээс цохиж байхад манай эхнэр Анхбаяр орж ирээд болиоч хүний нөхөр цохилоо гэж хэлээд Ганбатын нуруу руу цохиж байсан. Ингээд бид салцгаасан...гэх мэдүүлэг /хх-ийн 44-46 дугаар тал/,

- Шүүгдэгч Ц.У-н урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 47, 48 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

            Шүүгдэгч Ц.У нь гэм буруугийн талаар маргаж байна.

            Шүүгдэгч Ц.У, хохирогч О.Ганбат нар маргалдах явцад шүүгдэгч Ц.Уын хүзүүнд гэмтэл учирсан гэх боловч энэ талаар хавтаст хэргийн 52 дугаар талд фото зургийг өгсөн байх ба мөрдөн шалгах ажиллагаанд Ц.У гэрчээр мэдүүлэг өгөхдөө миний хоолой баруун хэсэгтээ бага зэрэг улайсан байсан. Шүүх эмнэлэгт үзүүлээгүй ба одоо надад шүүх эмэнлэгт үзүүлэх ямар нэгэн шаардлага байхгүй...гэж мэдүүлсэн байх ба хохирогчийг буруутай үзэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. /хх-ийн 30 дугаар тал/

            Шүүгдэгч Ц.У нь 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, автобусны буудлын ТҮЦ-нд хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн О.Ганбатыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч О.Ганбатын: Тэгтэл Баяраа чи бид хоёрыг ойлгосонгүй гээд над руу лангууны доороос эвхдэг ногоон өнгийн хутга бариад босоод ирсэн. Тэгээд над руу далайгаад хутгаа газар хаячихаад миний зүүн шанаа руу цохисон. Тэр үед миний зүүн завьж хэсэгт шалбарсан. Тэгээд би биеэ хамгаалаад бид нар хоорондоо хувцаснаасаа зууралдаад боолцсон. Гэтэл би хөлнөөс нь бариад авах гэхэд доороос нүүр рүү гараа атгаж байгаад 2 удаа цохисон. Тэгэхэд миний хамарнаас цус гарсан. Тэгээд байж байтал эхнэр нь орж ирээд бид нарыг салгасан...гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр тал/,

Мөн шүүх хуралдаанд О.Ганбатын: ...тухайн хэрэг гардаг өдөр 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1 цагийн үед ирж уулзсан. Энэ Ц.У-н хэлж байгаагаар учраа хэлэхээр нь би “одоо түрээслэхээ боль оо” гэж хэлэхэд муудалцаад миний өөдөөс тооны машин аваад над руу шидсэн. ТҮЦ-д байдаг миний ногоон иштэй жижиг хутгыг авч над руу довтлох гэж айлгасан. Зодоон болоод дуусаж байхад эхнэр нь гаднаас орж ирж байсан. Би хүзүүг нь хумсаараа маажсан нь үнэн...гэх мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 10998 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Уыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирогч Ц.У нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан 120.000 төгрөгийн баримтыг хавтаст хэрэгт ирүүлсэн ба уг хохирол төлбөрийг нэхэмжлэхгүй гэснийг дурдах нь зүйтэй байна. /хх-ийн 20 дугаар тал/

Хохирогч О.Ганбат нь гэмт хэргийн улмаас  өөрт учирсан хохирлоо холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзэв.                   

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ц.У-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан ...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.У нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Х овогт Ц.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.У-г 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.У-т оногдуулсан 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.        

           4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ц.У нь цагдан хоригдсон хоноггүй, одоогоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Хохирогч О.Ганбат нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

           6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.У-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.АЛТАНЦЭЦЭГ