Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 48

 

 

 

 

 

 2019       02        18                                         2019/ШЦТ/48

 

                       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

     Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Одыг суулган улсын яллагч С.Алтай, шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баруунхуасай овогт Н.Бд холбогдох эрүүгийн 1821007450029 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд 1979 оны 07 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, ээж, дүү нарын хамт амьдрах, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх, ............................. регистрийн дугаартай, Баруунхуасай овогт Н.Б.

 

Шүүгдэгч Н.Б нь 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 23 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах “Тулга” төвийн зочид буудлын өрөөнд иргэн Э.Ц-ийн зүүн гарын шууг архины шилээр зүсч эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/ 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйл байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Хохирогч Э.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Хэрлэн сумын 6 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Тулга” төвийн караоке руу ороход хамаатны ах Н.Б, нутгийн залуу Гантөгс болон өөр нэг танихгүй залуугийн хамтаар сууж байсан юм. Тэгээд би тэд нар руу очиж мэнд мэдээд байж байхад удалгүй тэд нарын авсан зүйлс нь дуусч гарахаар болсон юм. Тухайн үед би хамт гараад гадаа үүдэнд зогсож байхад Н.Б ах надад хандан бид 3 энд өрөө авсан байгаа, хамт оръё гээд намайг дагуулаад өрөө рүүгээ орсон юм. Харин өрөө рүүгээ орохдоо хажуу талын дэлгүүрээс “Их монгол” гэх шошготой 0.75 литрийн архинаас 1 шилийг авсан юм. Тэгээд өрөөнд ороод Н.Б ах болон Б.Гантөгс нарын хамтаар авсан архиа ууж байхад Н.Б ах надад хандан чи ахтайгаа зэрэгцэж архи уулаа гээд намайг загнаад байхаар нь би өөдөөс нь уурлаж хоорондоо тэрхэн зуур маргалдсан бөгөөд тэр үед Н.Б ах уурандаа ууж байсан шилтэй архийг хагалахаар нь намайг хатгаж магадгүй гэж бодоод би хоёр гарыг нь бариад өөрийгөө хамгаалахад архины шилний хагарсан хоолойн хэсэг нь миний зүүн гарт таарч зүсэхээр нь би уурлаж Н.Б ахыг 1-2 удаа цохисон бөгөөд тэр үед хажууд орон дээр хэвтэж байсан нутгийн залуу Гантөгс босч ирээд салгаад миний гарнаас цус гарч байхыг хараад миний хүзүүний ороолтоор гарыг маань ороож хамт эмнэлэг явж, харин Н.Б ах өрөөнд ганцаараа үлдсэн. ...Надад ямар нэгэн нэхэмжилж байгаа зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18/

Гэрч Б.Гантөгс мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн үед бид нар авч орсон архиа хуваагаад ууж байхад хүргэн дүү Нямдорж буцаад баар руу орж миний хувьд Н.Б ахын хамтаар өрөөндөө үлдэж архиа хувааж ууж байгаад унтах гээд хэвтэж байхад гаднаас нутгийн залуу Э.Ц нэлээд халамцуу орж ирэхээр нь миний хувьд юм хэлэлгүй орон дээрээ буруу тийш хараад хэвтээд тэр хоёрын юу ярихыг нь сонсоод хэвтэж байхад эхэндээ Н.Б нь миний дүү гээд, Ц нь ах гээд сүрхий байсан бөгөөд удалгүй хоорондоо маргалдаад орноос босох чимээ гарахаар нь би сэрээд босоход хоорондоо өөд өөдөөсөө хараад зогсож байхаар нь голоор нь орж боль боль гэж салгаад орон дээр суухад Ц гар эвгүй болчихлоо гэхээр нь яасан бэ гэхэд зүүн гараа надад үзүүлсэн юм. Тэгэхэд зүүн гарын алга орчмоос нь цус гараад байхаар нь ханцуйг нь хойш болгоход зүүн гарын шуу хэсгийг нэлээд урт зүсчихсэн байсан бөгөөд тухайн үед Н.Б ахын гарт архины шилний хагархай амсар байхаар нь авч хогийн саванд хийж хаясан юм. Тэгээд Ц-ийн гарыг хүзүүний ороолтоор боогоод эмнэлэг хамт авч яваад оёдол тавьж үзүүлэхэд Цэнд та яв яв, эхнэр ирж байгаа иймээ тиймээ юм байхгүй гэж хэлэхээр нь би БОЭТ-ийн хүлээн авахаас явсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 62 тоот дүгнэлтэд: “1. Э.Ц-ийн биед зүүн шууны зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь хурц ир бүхий зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрхи гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх-ийн 30/

 

-Шүүгдэгч Н.Бын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 35-37/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

     Шүүгдэгч Н.Б нь 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 23 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах “Тулга” төвийн зочид буудлын өрөөнд хохирогч Э.Ц-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар хохирогчийн зүүн гарын шууг архины шилээр зүсч эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Н.Бын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Тухайн үед би дүү Э.Ц-ийг зэрэгцэж архи уулаа гэж хэлэхэд миний өөдөөс дайрч давшлаад цохихоор нь би айлгах санаатай архины шил хагалаад үзүүр хэсгээр нь санаандгүй гарыг нь зүсчихсэн...“ гэж /хх-ийн 35-37/, түүнийг давхар нотолсон хохирогч Э.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ...Н.Б ах уурандаа ууж байсан шилтэй архийг хагалахаар нь намайг хатгаж магадгүй гэж бодоод би хоёр гарыг нь бариад өөрийгөө хамгаалахад архины шилний хагарсан хоолойн хэсэг нь миний зүүн гарт таарч зүсэхээр нь би уурлаж Н.Б ахыг 1-2 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18/, гэрч Б.Гантөгсийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н.Б нь миний дүү гээд, Цэнд нь ах гээд сүрхий байсан бөгөөд удалгүй хоорондоо маргалдаад орноос босох чимээ гарахаар нь би сэрээд босоход хоорондоо өөд өөдөөсөө хараад зогсож байхаар нь голоор нь орж боль боль гэж салгаад орон дээр суухад Ц гар эвгүй болчихлоо гэхээр нь яасан бэ? гэхэд зүүн гараа надад үзүүлсэн юм. Тэгэхэд зүүн гарын алга орчмоос нь цус гараад байхаар нь ханцуйг нь хойш болгоход зүүн гарын шуу хэсгийг нэлээд урт зүсчихсэн байсан бөгөөд тухайн үед Н.Б ахын гарт архины шилний хагархай амсар байхаар нь авч хогийн саванд хийж хаясан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 62 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Хохирогч Э.Ц-ийн эрүүл мэндэд учирсан “зүүн шууны зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн гэмтэл /хохирол/ нь түүний зүүн гарын шууг архины хагарсан шилээр зүссэн шүүгдэгч Н.Бын санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч Н.Бд холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөв гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500000 төгрөгөөр торгох санал гаргаж байгаа, мөн шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд ял оногдуулбал зохино.        

 

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 

Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Н.Бын ................... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлвэл зохино.

 

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

 

                                                             

1.Шүүгдэгч Б овогт Н.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Быг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бын орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.Бд мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Н.Бын ...................... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.    

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар  энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

                          

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ЭНХБААТАР