Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
Хэргийн индекс | 129/2016/00217/и |
Дугаар | 256 |
Огноо | 2016-05-06 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 256
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Архангай аймаг, Эрдэнэбулган сум, Наранбулгийн 23-3 тоотод оршин суух Дэмбэрэлдодовын Цэдэнсодном /РД:АЖ77101606/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Архангай аймаг, Эрдэнэбулган сум, Наранбулгийн 29-3 тоотод оршин суух Цэрэндоржийн Баттөмөр /РД:АИ79061510/-т холбогдох
Гэрлэлт цуцлуулах, 3 хүүхдээ өөрийн асрамжид авч, тэтгэлэг гаргуулах, 3 хүүхдэдээ орон сууц бэлтгэж өгөхийг даалгах, 11 484 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Д:Цэдэнсодном,
нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Энхбаяр,
хариуцагч Ц.Баттөмөр,
хариуцагчийн өмгөөлөгч М.Алтанчимэг,
нарийн бичгийн дарга А.Цэрэнханд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Цэдэнсодном нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Ц.Баттөмөрөөс гэрлэлтээ цуцлуулж, 2011 оны 12 сарын 12-нд төрсөн хүү Тэмүүлэн, 2014 оны 2 сарын 8-нд төрсөн хүү Түвшинбат, Түвшинтөгс нарыг өөрийн халамждаа авч, 3 хүүдээ эцгээс нь хуульд заасны дагуу тэтгэмж гаргуулах. Эцэг Баттөмөрөөс 3 хүүхдэдээ орон сууц бэлдэж өгөхийг даалгуулах, мөн Баттөмөртэй гэрлээд 5 жил болоход 1 сар ч орлогогүй байж үзээгүй 5 жилийг сард 360 000 төгрөгийн дундаж цалинтай байсан ба үүнээс илүүг ч авч байсан удаа олонтой, дундажаар 60*360 000 төгрөг гэж бодоход би 21 600 000 төгрөгний орлогыг гэртээ оруулсан. Харин Баттөмөр эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй байсан. Гэхдээ ор хоосон суудаг байсан гэж хэлэхгүй. Би Баттөмөрийн тавьсан зээл, авсан машины өр төлбөрт зарцуулсан цалингийн зээл болон эх орны хишиг, жирэмсний амралт, өөрийн өмчлөлийн мал зэргээс нотлох боломжтойгоор зарцуулсан мөнгөн дүн нийт 11 484 000 төгрөг байна. Нэгэнт Баттөмөр нь бусадтай амьдралаа холбохоор шийдсэн байгаа учраас Баттөмөрийн 3 хүүхэд, өөрийн дагавар 2 хүүхэдтэйгээ орох орон гэргүй хоцорч байгаа учраас 11 484 000 төгрөгийг Баттөмөрөөс гаргуулж авахаар нэхэмжилж байна ... гэжээ.
Нэхэмжлэгч Д.Цэдэнсодном шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэв.
Хариуцагч Ц.Баттөмөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 3 хүүхдийнхээ сайн сайхны төлөө нэхэмжлэгч Д.Цэдэнсодномтой эвлэрэх саналтай байна гэв.
Шүүх зохигчийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлт болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Цэдэнсодном нь гэрлэлт цуцлуулах, 3 хүүхдээ өөрийн асрамжид авч, тэтгэлэг гаргуулах, 3 хүүхдэдээ орон сууц бэлтгэж өгөхийг даалгах, 11 484 000 төгрөг гаргуулахаар хариуцагч Ц.Баттөмөрт холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Д.Цэдэнсодном нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дүгээр зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Цэдэнсодном нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
4. Нэхэмжлэгчид шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрх хадгалагдаж байгаа болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ