| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
| Хэргийн индекс | 168/2019/0061/Э |
| Дугаар | 58 |
| Огноо | 2019-03-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 58
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Од
Улсын яллагч Ц.Лхамсүрэн
Хохирогч Э.С
Шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У овогт Г.Г-д холбогдох эрүүгийн 192100 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Сэргэлэн суманд 1992 оны дүгээр сарын -ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт амьдрах, Дорнод аймгийн гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх, ЖЗ9 регистрийн дугаартай, У овогт Г.Г
Шүүгдэгч Г.Г нь 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Дорнод аймгийн Сэргэлэн сум 3 дугаар багийн нутаг “Эхэн худаг” гэх газарт байх гэртээ хамтран амьдрагч Э.С-г зодож, “тархи доргилт, хуйхны зулай хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун гуяны цус хуралт, зүүн шилбэний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, гэмтлүүд бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйл байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Э.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Г бид хоёр 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр анх танилцсан. Хоорондоо ярилцаад болно, бүтнэ гээд хөдөө явсан. Очоод 7 хоноод зодож, цохиж эхэлсэн. Би гэрт нь очоод янз бүрийн зан гаргаж байгаагүй. Сүүлд намайг зодоход ээж нь байсан. Гэр бүлийн асуудлаас болж муудсан. Үснээс зулгааж, хөл, гуя руу өшиглөсөн. Гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 67 тоот дүгнэлтэд: "1. Э.С-гийн биед тархи доргилт, хуйхны зулай хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун гуяны цус хуралт, зүүн шилбэний цус хуралт болон зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх-ийн 33/
Шүүгдэгч Г.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 44-46/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Г.Г нь 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Дорнод аймгийн Сэргэлэн сумын 3 дугаар багийн нутаг “Эхэн худаг” гэх газарт байх гэртээ хамтран амьдрагч хохирогч Э.С хувийн таарамжгүй хаоилцааны улмаас маргалдаж улмаар хохирогчийг зодож биед нь тархи доргилт, хуйхны зулай хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун гуяны цус хуралт, зүүн шилбэний цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Г.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлж өгсөн: “...Дашбалбар сум руу явах гэж байхад С хамт явъя гээд байхаар нь Дашбалбар суманд таних айл байхгүй, гэртээ байж бай гэхэд энэ гэрт чинь байж чадахгүй гээд байсан. Манай аав, ээж дээр очоод эсвэл аймагт байдаг гэртээ байж бай? гэхэд тэгвэл хоёулаа салъя гэхээр нь ямар тэнэг гичий вэ? гээд нүүр рүү нь 2-3 удаа алгадаж дараа нь өгзөг болон хөл рүү нь 6-7 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 45/ түүнийг давхар нотолсон хохирогч Э.С-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би Г-ай 2018 оны 09 сард танилцаад Сэргэлэн сумын 3-р багт байрлах хөдөө гэр рүү хамт явсан. Улмаар очоод Г намайг 7 хоноод байхдаа намайг цохьсон. ...2019 оны 01 дүгээр сарын 12-ны өглөө 09 цагийн орчимд ээжтэйгээ утсаар ярьж байхад Г цай, унд хийж өгсөнгүй, ээжтэйгээ утсаар ярилаа гээд уурласан. ...бид хоёр хоорондоо маргалдсан. ...миний хөл, гар толгой руу гараараа цохиж зодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 67 тоот дүгнэлт /хх-ийн 33/ болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Э.С-гийн биед учирсан “тархи доргилт, хуйхны зулай хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун гуяны цус хуралт, зүүн шилбэний цус хуралт болон зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Г.Г-ын хохирогч Э.С-гийн нүүрэн тус газарт нь гараараа 2-3 удаа цохиж, улмаар өгзөг болон хөл хэсэг рүү өшиглөж зодсон санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Г.Г-ад холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүхээс шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн шүүгдэгчийн гэм бурууг нотолсон нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөв гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан шүүгдэгчид ял оногдуулбал зохино.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Г.Г-н ЖЗ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У овогт Г.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-ын орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Г-д мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Г.Г-ын ЖЗ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Г.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЭНХБААТАР