Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 266

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Төрийн банк” ХХК-ий нэхэмжлэлтэй

Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р багийн Цагаан давааны 1-5 тоотод оршин суух Боржигин овогт Ганболдын Ууганбаатар /РД:АЭ85082631/, Сайчуул овогт Батдэлгэрийн Бямбасүрэн /РД:АГ84012701/ нарт холбогдох

              8 135 529.17 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд:

                        нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лүндэндорж,

                        шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнханд нар оролцов.

                                                             

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

                        Нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: зээлдэгч Г.Ууганбаатар, Б.Бямбасүрэн нараас Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, 227 дугаар зүйлийн 227.4 дэх хэсэг, түүнтэй байгуулсан зээлийн гэрээний 5.1.1, 5.1.2, 5.1.5-т заасныг үндэслэн гэрээг дуусгавар болгож, Зээлийн гэрээний 5.2 дахь заалтыг үндэслэн үндсэн зээл болох 6 922 195.37 төгрөг, зээлийн хүү болох 1 176 570.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүү болох 27 263.32 төгрөг, нотариатын зардал болох 9 500 төгрөг нийт 8 135 529.17 төгрөгийг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг зээлдэгчийн бусад орлого болон хөрөнгөөс хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргаж байна гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лүндэндорж шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжихдээ: Г.Ууганбаатар, Б.Бямбасүрэн нарын хооронд байгуулагдсан 2013 оны 1-р сарын 25-ны өдрийн 129 тоот зээлийн гэрээг байгуулан 9 000 000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэй, 2013 оны 7-р сарын 22-ны өдрийн шаардах эрх шилжүүлэх гэрээгээр 8 046 708,08 төгрөгийг “Төрийн банк”-нд шилжүүлэн өгсөн. 2014 оны 6-р сарын 10-ны өдөр 373 тоот нэмэлт зээлийн гэрээгээр 1 500 000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай жилийн 20,4 хувийн хүүтэй олгосон. 2015 оны 1-р сарын 6-ны өдрийн 6 тоот нэмэлт зээлийн гэрээгээр 2 000 000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай жилийн 20,4 хувийн хүүтэй тус тус олгосон. Зээлийн эргэн төлөгдөх хуваарийг сар бүр тогтмол дүнгээр төлөх хугацаатайгаар зээлсэн. Зээл төлөгдөөгүй тул Г.Ууганбаатар, Б.Бямбасүрэн нараас үндсэн зээл 6 922 195.37 төгрөг, зээлийн хүү 1 176 570.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27 263.32 төгрөг, нотариатын зардал 9 500 төгрөг, нийт 8 135 529.17 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг зээлдэгчийн бусад орлого болон хөрөнгөөс хангуулж өгнө үү гэв.

            Хариуцагч Г.Ууганбаатар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Боржигин овогт Ганболдын Ууганбаатар /РД:АЭ85082631/ нь 2015 оны 1-р сарын 6-ны өдөр 6 тоот нэмэлт зээлийн гэрээгээр цалингийн зээл авсан. 2015 ны 3-р сарын 12-ны өдрөөс эхлэн ажлаас чөлөөлөгдөж энэхүү цалингийн зээлээ үргэлжлүүлж төлөх мөнгөн боломж олдохгүй байсаар өнөөдрийг хүрсэн билээ. Энэхүү нэхэмжлэлийн шаардлага болох 8 135 529 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ цалингийн зээлийг авч гэр бүлийн хэрэгцээнд зарцуулсан бөгөөд хамтран зээлдэгч болох Б.Бямбасүрэнтэй хамт төлж, 50 хувь болох 4 067 764 төгрөгөөр хувааж төлцгөөх хүсэлтэй байна. Гэр бүлийн хүн болох Б.Бямбасүрэн нь Улаанбаатар хотод Golden plaza төвд үсчин хийж байгаа, зохих хэмжээний тогтмол орлоготой бөгөөд нэхэмжлэлийн 50 хувь болох 4 067 764 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Өнгөрсөн хугацаанд эрхэлсэн тодорхой ажилгүй байсан учир зээлээ цаг хугацаандаа төлж чадалгүй төвөг удсанд “Төрийн банк”-наас хүлцэл өчье гэжээ.

            Хариуцагч Б.Бямбасүрэн шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Б.Бямбасүрэн би “Төрийн банк”-ны нэхэмжилсэн 8 135 529.17 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 2015 оны 5 сараас хойш 2 хүүхдээ аваад Г.Ууганбаатараас тусдаа амьдарч байгаа. Саяхан ажилд орсон. Миний авдаг цалин хүүхдүүд бидэнд бараг хүрдэггүй. Би Г.Ууганбаатарын авсан зээлүүдийн ихэнх хэсгийг төлдөг байсан. Энэ зээлийг Г.Ууганбаатар төлнө гэж бодож байна. Иймд би “Төрийн банк”-наас нэхэмжилсэн 8 135 529.17 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

           

            Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК нь Г.Ууганбаатар, Б.Бямбасүрэн нарт холбогдуулан үндсэн зээл 6 922 195.37 төгрөг, зээлийн хүү 1 176 570.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27 263.32 төгрөг, нотариатын зардал 9 500 төгрөг, нийт 8 135 529.17 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

            Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хамтран хариуцах эсэх тал дээр харилцан адилгүй байр суурийг илэрхийлсэн бөгөөд нэхэмжлэлийн үнийн дүн, зээл хүлээн авсан эсэх үйл баримт дээр маргаагүй болно.

Г.Ууганбаатар, Б.Бямбасүрэн нар нь 2013 оны 1-р сарын 25-ны өдөр “Хадгаламж банк”-тай 129 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ” байгуулж, 36 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэйгээр 9 000 000 төгрөг хүлээн авсан байна. 

2013 оны 1-р сарын 25-ны өдрийн 129 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ”-ний дагуу үүссэн “Хадгаламж банк”-ны шаардах эрх нь 2013 оны 7-р сарын 22-ны өдрийн 129/18000020534 дугаартай “Шаардах эрх шилжүүлэх гэрээ”-ээр “Төрийн банк”-нд бүрэн шилжсэн байна.

“Төрийн банк” ХХК-ий зүгээс 2013 оны 1-р сарын 25-ны өдрийн 129 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ”-ний мөнгөн төлбөрийн үүрэг дээр нэмэгдүүлэн 2014 оны 6-р сарын 10-ны өдөр 373 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ”-г байгуулан, Г.Ууганбаатар, Б.Бямбасүрэн нарт нэмэлт 1 500 000 төгрөгийн зээл, 2015 оны 1-р сарын 6-ны өдөр 6 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ”-г байгуулан 2 000 000 төгрөгийг зээл тус тус олгосон.

Шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн байдлаар үндсэн зээл 6 922 195.37 төгрөг, зээлийн хүү 1 176 570.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27 263.32 төгрөгийн үлдэгдэлтэй байсан бөгөөд энэхүү мөнгөн төлбөрийн үүргийн хэмжээ, зээлийн гэрээ байгуулсан, мөнгөн хөрөнгийг хүлээн авсан, шаардах эрх шилжүүлсэн, үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн үйл баримтууд дээр хариуцагч нарын зүгээс маргаагүй болно.

            Иймд хариуцагч нар нь “Барьцаат зээлийн гэрээ”-ний дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй байх тул тэдгээрээс 6 922 195.37 төгрөг, зээлийн хүү 1 176 570.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27 263.32 төгрөг, нотариатын зардал 9 500 төгрөг, нийт 8 135 529.17 төгрөг гаргуулах нь зүйтэй байна.

             Хариуцагч Г.Ууганбаатар, Б.Бямбасүрэн нарт шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хариуцагч Б.Ууганбаатар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, хариуцагч Б.Бямбасүрэн нь нотлох баримт гаргуулахаар хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн аваад хангахаас татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг хариуцагч нарын эзгүйд хянан шийдвэрлэв.

            Хариуцагч Г.Ууганбаатар нь нэхэмжлэлийн шаардлагыг Б.Бямбасүрэнтэй хамтран хувааж төлнө, Б.Бямбасүрэн нь зөвхөн Г.Ууганбаатар төлөх ёстой гэж байгаа боловч Төрийн банк ХХК-тай байгуулсан “Барьцаат зээл”-ийн гэрээнүүдийг байгуулахдаа хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.11-д зааснаар тэдгээрийн хэн алинаас нэхэмжлэлийн шаардлагыг гаргуулах нь зүйтэй байна.

            Харин хамтран үүрэг гүйцэтгэх явцад төлсөн төлбөрийн хэмжээ, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаан байгаа тохиолдолд энэ асуудлыг тусдаа нэхэмжлэл гаргах замаар шийдвэрлүүлэх эрх Г.Ууганбаатар, Б.Бямбасүрэн нарт байгаа болохыг дурдвал зохино.

 

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118-р зүйлүүдэд заасныг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 225 дугаар зүйлийн 225.2, 242 дугаар зүйлийн 242.1, 242.11, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Г.Ууганбаатар, Б.Бямбасүрэн нараас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал болох 8 135 529.17 /найман сая нэг зуун гучин таван мянга таван зуун хорин есөн төгрөг арван долоон мөнгө/ төгрөг гаргуулж “Төрийн банк” ХХК-нд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145 118 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, Г.Ууганбаатар, Б.Бямбасүрэн нараас 145 118 төгрөг гаргуулан “Төрийн банк” ХХК-нд олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Т.БАДРАХ