Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 254

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, ерөнхий шүүгч Д.Байгалмаа, шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн Цагаан сүмийн 14-1 тоотод оршин суух Монгол овогт Ванчинсүрэнгийн Болорчимэг  /РД:АМ90062503/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн Цагаан сүмийн 12-1 тоотод оршин суух Монгол овогт Тэрбишийн Оюунчимэг /РД:АЖ70101500/-т холбогдох

              Гэм хорын хохирол 550 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд:

                        нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Удвал,

                        хариуцагч Т.Оюунчимэг,

                        хариуцагчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ,  

                        шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнханд нар оролцов.

                                                            

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

                        Нэхэмжлэгч В.Болорчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Архангай аймгийн Хотонт сумын “Хаан” банкинд ахлах теллер ажилтай В.Болорчимэг миний бие 2015 оны 5-р сарын 25-ны өдөр 550 000 төгрөгийг үйлчлүүлэгч Т.Оюунчимэгт илүү тоолж, 1 100 000 төгрөг болгон 550 000 төгрөгөөр касс дутагдаж, уг өдрөө үйлчлүүлэгч Т.Оюунчимэгт очиж “Би танд илүү мөнгө тоолж өгсөн байна” гэж учраа хэлсэн. Гэтэл Т.Оюунчимэг гуай “Би 550 000 төгрөг л авсан өөр илүү дутуу мөнгө аваагүй” гэж улмаар бид шүүхэд хандаж шүүхээр шийдвэрлүүлж, Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны 2016 оны 2-р сарын 23-ны өдрийн 17 тоот шийтгэх тогтоолоор иргэн Т.Оюунчимэгийг гэм буруутай нь тогтоогдон, бусдын эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон юм.

            Ийм учраас В.Болорчимэг миний бие иргэн Т.Оюунчимэгээс 550 000 төгрөгийг гаргуулан авах хүсэлттэй байх тул уг асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. В.Болорчимэг би Архангай аймгийн Хотонт тооцооны төвд дутагдлаа төлж банкыг хохиролгүй болгосон учир одоо иргэн Т.Оюунчимэгээс уг мөнгийг гаргуулж авах нь хууль зүйн үндэслэлтэй гэж бодож байна гэжээ.

           

            Хариуцагч Т.Оюунчимэг шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч В.Болорчимэгийн нэхэмжлэлтэй 550 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн аваад зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь 2015 оны 5-р сарын 25-ны өдөр Хотонт сумын Хаан банкны ахлах теллэр В.Болорчимэгээс өөрийн хадам эх С.Цэрэнбатын тэтгэврийн зээлийг 2 сараар нь авч нөхөр Ц.Амаржаргалын цалингийн зээлийг төлж үлдэгдэл 557 500 төгрөгийг 27 ширхэг 20 000 төгрөг, 1 ширхэг 10 000 төгрөг, 7 ширхэг 1 000 төгрөгийн 1 ширхэг 500 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг авсан. Иймд миний бие нэхэмжлэгч В.Болорчимэгийн илүү тоолж өгсөн гээд байгаа 550 000 төгрөг аваагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

           

            Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч В.Болорчимэг нь Т.Оюунчимэгт холбогдуулан гэм хорын хохирол 550 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

            Хариуцагч нь Архангай аймгийн Хотонт сумын “Хаан банк”-ны тооцооны төвөөр үйлчлүүлэхдээ 550 000 төгрөг илүү аваагүй учир төлөхгүй гэсэн мэтгэлцээний байр суурьтай байсан болно. 

             Т.Оюунчимэг нь Архангай аймгийн Хотонт сумын “Хаан банк”-ны тооцооны төвөөр 2015 оны 5-р сарын 15-ны өдөр үйлчүүлэхдээ тус тооцооны төвийн теллер ажилтай В.Болорчимэгийн мөнгөн дэвсгэрт андуурч илүү тоолж өгсөн 550 000 төгрөгийг хувьдаа завшиж, 550 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байх бөгөөд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2-р сарын 23-ны өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолоор Т.Оюунчимэгийг бусдын эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцжээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” болохыг заасан тул Т.Оюунчимэг нь Архангай аймгийн Хотонт сумын “Хаан банк”-ны тооцооны төвөөр үйлчлүүлэхдээ 550 000 төгрөг илүү авсан болох нь тогтоогдсон, энэ талаар гаргасан хариуцагч талын мэтгэлцээний байр суурийг хүлээн авах боломжгүй байна.

            Нэхэмжлэгч В.Болорчимэг нь Т.Оюунчимэгийн Архангай аймгийн Хотонт сумын “Хаан банк”-ны тооцооны төвөөр үйлчүүлэхдээ илүү авсан 550 000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2-р сарын 23-ны өдрийн 17 дугаар шийтгэх тогтоол, Архангай аймгийн Хотонт сумын “Хаан банк”-ны тооцооны төвийн 2016 оны 4-р сарын 4-ний өдрийн албан бичгийн нотариатаар батлуулсан хуулбараар тус тус нотлогдсон. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч В.Болорчимэгт 550 000 төгрөгийн хохирол учирсан, үүнд хариуцагч Т.Оюунчимэг буруутай байна.

            Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Т.Оюунчимэгээс 550 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч В.Болорчимэгт олгохоор шийдвэрлэв.

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Уранчимэг өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн, иргэдийн төлөөлөгч Д.Сэнгиймаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул зохигчийн зөвшөөрлөөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.8-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

           

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118-р зүйлүүдэд заасныг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Т.Оюунчимэгээс 550 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч В.Болорчимэгт олгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17 150 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, Т.Оюунчимэгээс 17 150 төгрөг гаргуулан В.Болорчимэгт олгосугай.

 

            3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

               

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Т.БАДРАХ

 

                                                        ШҮҮГЧИД                                    Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                             Д.БЯМБАСҮРЭН