Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 1287

 

     Б.Цэенгийн нэхэмжлэлтэй,

    иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2016/03665 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Цэенгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч М.Ганганцэцэгт холбогдох

           

Зээлийн гэрээний үүрэгт 14 654 000 төгрөг гаргуулах гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг 

 

Хариуцагч М.Ганганцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн, 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч  Б.Цэен,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч  Н.Арвинтариа,

Хариуцагч М.Ганганцэцэг,

Хариуцагчийн өмгөөлөгч О.Батсүх,

Нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Цэен шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн М.Ганганцэцэгт 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 2 жилийн хугацаатай, 1 сарын 10 хувийн хүүтэй, 8 000 000 төгрөг зээлдүүлэхээр болж нотариатаар баталгаажуулж барьцааны гэрээ хийсэн. Энэ мөнгийг иргэн М.Ганганцэцэг нь хүүхэддээ байр авч өгөх гэсэн юм гэж зээлж авсан. Би банкны зээл төлдөг учраас энэ зээлэндээ нэмэр болох зорилгоор шуурхай зар сонинд сарын 10 хувийн хүүтэй мөнгө зээлүүлнэ гэж зар гаргасан. Тэгээд шуурхай зар сонинд гаргасан зарын дагуу М.Ганганцэцэгтэй холбогдож, танилцсан. Тэгээд бид хоёр ярилцаад 5 сая төгрөг зээлдүүлэхээр болж нотариат орсон. Гэтэл М.Ганганцэцэг энэ мөнгө надад хүрэлцэхгүй байна 8 сая төгрөг болгоод өгөөч гээд гуйсан. Ингээд маргааш нь ирж надаас мөнгөө авсан. Эхний нэг сар болоход М.Ганганцэцэг мөнгөөрөө байраа аваагүй, тэрний оронд хүүхэддээ интернэт кафе авч ажиллуулж байгаа. Эгч нь чиний мөнгийг цаг тухайд нь өгнө гээд эхний удаа 8 000 000 төгрөгийн хүү болох 800 000 төгрөг, үндсэн зээлийн хүү болох 335 000 төгрөг, нийлээд 1 135 000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 27-ны өдөр дансаар шилжүүлж өгсөн. 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр зээлээ хэд хоногийн хойно өгье, гэхдээ эгч нь алданги өгнө гэж гуйсан. Тэгээд 333 000 төгрөг хасагдаад 7 665 000 төгрөг үлдсэн. Энэ мөнгөний 10 хувь болох 766 000 төгрөг дээр, үндсэн мөнгө болох 335 000 төгрөг нэмж 1 150 000 төгрөгийг өгнө гээд 950 000 төгрөг, 200 000 төгрөгөөр 2 хувааж төлсөн.

Мөн 3 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацааг нь сар хойшлуулж байгаа юм чинь алданги төлнө гэсэн. 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Солонгост байдаг хүү маань байрны түрээсийг төлдөг, 1 000 000 төгрөг ирэхээр чамд өгнө гээд 4 дүгээр сарын 01-ний өдөр 7 300 000 төгрөгөөс, 333 000 төгрөгийг хасаад 6 335 000 төгрөгийг, 10 хувь болох 699 000 төгрөгийг нэмээд 1 034 000 төгрөгөөс ядаж 1 000 000 төгрөгийн хийе гээд 4 дүгээр сарын 01-ний өдөр хүүгээсээ ирсэн 1 000 000 төгрөгийг хийсэн. 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 6 395 000 төгрөгөөс 335 000 төгрөг хасаад 6 660 000 төгрөгийн 10 хувь 666 000 төгрөг дээр гэрээний үндсэн мөнгө болох 335 000 нэмээд нийт 1 000 000 төгрөг, 5 дугаар сар өнгөрөөд, 4 дүгээр сард төлөх ёстой мөнгөө өгөхгүй болохоор нь би 5 дугаар сарын 10-ны өдөр өөрийнх нь ажлын байр болох ТҮЦ дээр нь очоод 500 000 төгрөгийг бэлнээр авсан. 11 дүгээр сарын 26-ны өдөр өгөх ёстой байсан мөнгийг 12 сард 50 000, 70 000 төгрөг гээд тодорхой графикийн дагуу, 12 дугаар сарын 28-ны өдөр 270 000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 01 дүгээр сарын 30-ны өдөр 320 000 төгрөг, 9 дүгээр сарын 04-ний өдрөөс, 10 дугаар сард 480 000 төгрөг төлсөн. Тэгээд 1 сар болоход мөнгөө өгөөч энэ мөнгө чинь хүү нь нэмэгдээд ихсээд байгаа гэсэн чинь өгнө гэсэн. Дараа зан ааш нь хувираад, эгч нь 11 дүгээр сард тэтгэврийн зээл авсан төлж чадахгүй. Чи шүүхэд өг гэсэн. Зээлийн гэрээг дуусгавар болгож, 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр М.Ганганцэцэгтэй байгуулсан зээлийн гэрээг хүчингүй болгож, 14 654 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.  

Хариуцагч М.Ганганцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.Цэентэй 8 000 000 төгрөгийг 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 2 жилийн хугацаанд 10 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулж, зээлээ хугацаандаа төлж  байгаад 2014 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Депогийн явган хүний гарцан дээр машинд мөргүүлэн унаж нурууны сэртэн яс хугарч, тархи хавагнаж, доргилт өгөөд  хэвтрийн дэглэмд 1 сар 13 хоног хэвтэж эмчлүүлсэн. Энэ хугацаанд зээлээ 2015 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс өдрийн зээл маягаар 30 000-50 000 төгрөгийн хооронд төлж явсаар 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл чадлаараа өгөхийг хичээж ирсэн боловч Б.Цэен зээлийн гэрээ дуусгавар болоогүй байхад 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр өгч дуусга, эсвэл гэрээний хугацаа дуустал 12 000 000 төгрөгөөр тохирч, зээлийн гэрээ байгуул гэж шаардаж эхэлсэн. Би энэ хугацаанд Б.Цэенд нийт 7 610 000 төгрөг өгсөн. Үндсэн зээлээс 390 000 төгрөг үлдсэн ба үүн дээр 1 жилийн хүү 800 000 төгрөг нэмээд 1 190 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

          Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Ганганцэцэгээс зээлийн гэрээний үүрэгт 9 252 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Цэенд олгож, үлдэх 5 402 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

 

          Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 231 220 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч М.Ганганцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид 162 982 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Цэенд буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч М.Ганганцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. 1. Шийдвэрийн үндэслэх хэсэгт "Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.2 дахь хэсэгт Гэрээний аль нэг нөхцлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай
харьцуулах замаар тодорхойлно хэмээн хуулийг тайлбарлан хэрэглэсэн байна. Шүүхийн энэхүү дүгнэлт нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн асуудал юм. Учир нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.2 дахь хэсгийг гэрээний аль нэг нөхцлийн утга нь ойлгомжгүй тохиолдолд хэрэглэх ёстой байтал гэрээний яг ямар нөхцөл ойлгомжгүй талаар дүгнэлт хийгээгүй атлаа энэхүү хуулийн зохицуулалтыг хэрэглэсэн. Зохигчдын маргааны зүйлийн нэг нь зээлийн гэрээний хүүг жилийн эсхүл сарын гэж тохиролцсон асуудлаар байсан. Энэ талаар талуудын гэрээнд тодорхой байдаг ойлгомжгүй зүйл байхгүй байна. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасны дагуу талуудын байгуулсан тохиролцоог зөвхөн талууд өөрсдөө тодорхойлох ёстой байтал зөвхөн гэрээг байгуулсан гэдгийг гэрчлэх үүрэгтэй нотариатчийн мэдүүлгээр тайлбарласан нь хуулийг зөрчиж байна. Түүнчлэн Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.4 дэх хэсэгт “Гэрээнд өөрөөр заагаагүй бол зээлийн хүүг жил тутам төлнө" гэсэн байх ба энэ нь гэрээнд тусгайлан заагаагүй бол зээлийн хүүг жилээр тооцох тухай зохицуулалт юм. Би зээлийн гэрээг байгуулах үед сард үндсэн төлбөрт 335 000 төгрөг, хүүнд 800 000 төгрөг, нийт 1 135 000 төгрөг төлөх боломжгүй тул хэзээ ч сарын хүүгээр бодож зээл авахгүй байсан гэх нөхцөл байдлыг дүгнэж үзээгүй.

2. 2016 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 5 990 000 төгрөг үлдсэн байх ба уг мөнгөний cap бүрийн 10 хувийн хүүг 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүртэл тооцвол нийт хүүний хэмжээ 4 792 000 төгрөг болж байна гэжээ. Шүүхийн энэхүү дүгнэлт нь мөн хуулийг буруу хэрэглэсэн, ойлгомжгүй байдлыг бий болгосон үндэслэл юм. Зөвхөн нэхэмжлэгчийн тайлбар зэргээс үзэхэд 2016 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 5 990 000 төгрөг үлдсэн, түүний хүү мөн 4 792 000 төгрөг болж байна гэдэг нь хэт нэг талыг барьсан асуудал юм. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан үүрэг гүйцэтгэх дарааллыг баримтлаагүй. Миний бие зээлийн гэрээг жилийн хүүтэй гэж тохиролцсон тул төлсөн төлбөр болгон үндсэн зээлээс төлж байсан. Иймд үндсэн зээлийн төлбөрийг эхэнд хасч тооцох ёстой атал шүүх хуулийн үүрэг гүйцэтгэх дарааллыг тодорхойлоогүй зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэж тооцсон хэт нэг талыг барьсан шийдвэр гэдгийг харуулж байна.

3. Шийдвэрийн үндэслэх хэсэгт: "...тайлбар зэргээс дүгнэхэд зээлийг буцаан төлөх чадваргүй нөхцөл байдал бий болсон гэж үзэн нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө зээлийг эргэн төлөхийг шаардаж байгаа нь үндэслэлтэй байна" гэж дүгнэсэн байдаг. Миний бие осолд орсон, тэтгэврийн мөнгөөр амьдралаа залгуулж 4 хүүхдийн хамт амьдардаг зэргийг харгалзан үзэж хэрвээ шүүхээс жилийн бус сарын 10 хувийн хүүтэй зээл байсан гэж дүгнэвэл Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт "Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно" гэж заасны дагуу багасгаж өгөхийг албан ёсоор хүссэн. Энэхүү хуулийн зохицуулалт нь шүүхийн эрх хэмжээний асуудлыг зохицуулсан боловч зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа дуусах болоогүй байхад үүргийн гүйцэтгэлээ шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвтгөж дүгнэсэн нь дээрх хуулийн зохицуулалтыг ч мөн хэрэглэх боломжтой юм. Иймд 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2016/03665 дугаар шийдвэрийг өөрчилж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

      Нэхэмжлэгч Б.Цэен нь хариуцагч М.Ганганцэцэгт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 14 654 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага гаргасан байхад шүүх зөвхөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 14 654 000 төгрөг гаргуулах шаардлагад иргэний хэрэг үүсгэжээ. 

      

         Талуудын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдаж, 8 000 000 төгрөгийн зээлийн барьцаанд Б.Цэенгийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо 5 дугаар хэсэг, 10 дугаар байрны 3-8 тоот улсын бүртгэлийн Ү-2204015364 дугаар бүхий орон сууцыг барьцаалсан байна.

         

       Анхан шатны шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэлэлцээгүй орхигдуулсны улмаас зохигчдыг мэтгэлцэх эрхээр хангасан гэж үзэхгүй.

 

         Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагаас “Барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах” хэсгийг шийдвэрлээгүй орхигдуулсан, энэ талаар зохигчид тайлбар гарган мэтгэлцсэн талаар хэрэгт баримт авагдаагүй тул давж заалдах шатны шүүхээс шаардлагын үйл баримт, хууль хэрэглээний талаар дүгнэлт өгөх боломжгүй болно.

          

         Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

         Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

         1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын  04-ний өдрийн 102/ШШ2016/03665 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч М.Ганганцэцэгийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн  хураамжид төлсөн 163 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

        

         3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад учруулахгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

        ШҮҮГЧИД                                             А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                   Д.БАЙГАЛМАА