Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 151

 

 

                                         Б.Б, Э.У, Ө.А нарт  холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, шүүгч С.Батдэлгэр, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, прокурор А.Золзаяа, шүүгдэгч Э.У, Ө.А нарын өмгөөлөгч Б.Э, хохирогчийн өмгөөлөгч Ө.Сайнбаяр, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 769 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1421 дүгээр магадлалтай Б.Б, Э.У, Ө.А нарт холбогдох эрүүгийн 1805057121107 дугаартай хэргийг хохирогч Б.М, түүний өмгөөлөгч Ө.Сайнбаяр нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1985 онд төрсөн, 36 настай, эрэгтэй, “Тайхар” авто засварын газарт засварчин ажилтай, ял шийтгэлгүй С овогт Б-ийн Б,

2. Монгол Улсын иргэн, 1983 онд төрсөн, 38 настай, эмэгтэй, эрхэлсэн ажилгүй, ял шийтгэлгүй  С овогт Э-ны У,

3. Монгол Улсын иргэн, 1991 онд төрсөн, 30 настай, эмэгтэй, эрхэлсэн ажилгүй, ял шийтгэлгүй Т овогт Ө-ын А.

Б.Б, Э.У, Ө.А нар нь бүлэглэн, согтуугаар 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хороо, “Шонхор” караокены гадна хохирогч Б.М-ыг зодож биед нь эрүүний ооч болон баруун булан хэсгийн хугарал, баруун их араа булгарсан, доод үүдэн баруун 2 шүд хөдөлсөн гэмтэл үүсгэн, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 769 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Б, Э.У, Ө.А нарыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм хэрэгт гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр, Э.У-ыг 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох,  Ө.А-ыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Б.Б, Э.У нарт оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдэж,

мөн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Ө.А-д хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, ял хойшлуулсан хугацаанд түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэсэн байна.

Хохирогч, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцэж 1421 дүгээр магадлалаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...шүүгдэгч Ө.А-ыг 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж,

3 дахь заалтад “...Э.Уянга” гэсний ард “...Ө.А” гэсэн нэмэлт оруулан, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4, 5, 6 дахь заалтуудыг хүчингүй болгон бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч Б.М-ын өмгөөлөгч Ө.Сайнбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгожээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогч Б.М, түүний өмгөөлөгч Ө.Сайнбаяр нар хамтран гаргасан гомдолдоо: “Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоолгүй хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэн энэхүү гомдлыг гаргаж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх Б.Б, Э.У, Ө.А нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар гэм буруутайд тооцож зүйлчилсэн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэрэгт холбогдуулан зүйлчлэх үндэслэлгүй байна хэмээн шийдсэн. Гэтэл хохирогч Б.М-д учирсан гэмтэл нь баруун талын эрүү дунд хэсгээрээ 2 газраар хугарсан, 2 шүд унасан, 2 шүд хөдөлсөн, буйл язарсан зэргээр нүүрэнд засаршгүй гэмтэл, өөрчлөлт орсон, байнга зуунга яриатай, удаан ярьж том ангайж чадахгүй болсон байдаг. Шүүгдэгч Ө.А, Э.У нар нь хохирогчийг барьж байгаад цохисон бөгөөд барьж байхад нь үргэлжлүүлэн Б.Баян-Очир цохиж байгаа нь үйлдлээрээ нэгдэж үйлдсэн гэж үзнэ. Шүүгдэгч этгээдүүдийн үйлдэл нь зөвхөн нэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл биш бөгөөд давхар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэргийн шинжийг агуулж байгаа болно.

Э.У-ыг зодсон гэх Б-ийн найз, хамт байсан гэсэн шалтгаанаар  нийтийн хэв журмыг бүлэглэн буюу гурван этгээд зөрчиж, Б.М-д хүч хэрэглэж гэмтэл учруулсан, халдашгүй чөлөөтэй байх эрхийг олон нийтийн өмнө зөрчсөн, зугтах биеэ хамгаалах боломжгүйгээр “ална шүү” хэмээн сүрдүүлж, халдашгүй байх эрхийг нь санаатайгаар зөрчсөн, үүнийгээ ухамсарлаж санаатайгаар үйлдсэн. Ө.А нь зодох цохих үйлдлийг эхлэн хийж бусад этгээдийг энэхүү үйлдэлдээ өдөөн турхирч Б.Б, Э.У нар нь татагдан оролцож хэргийг үйлдсэн байдаг болно. Тухайн бүлэглэн хүч хэрэглэсэн үйлдлийг Баянгол дүүргийн “Шонхор” караокены үүдэнд буюу олон хүний дэргэд 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 03 цаг 56 минутад үйлдсэн байдаг ба зугтах ямар ч боломжгүй болгон тал талаас нь барьж, үйлдлийг үргэлжлүүлж хүнгүй газар аваачин дахин зодож гэмтээсэн. Энэ нь хэргийн газрын дүрс бичлэг, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч, хохирогчийн мэдүүлгээс тодорхой харагдана. Э.У нь зодуулсан гэх боловч хохирогч Б.М нь Э.У-ыг зодоогүй хамааралгүй байсан талаар гэрч болон шүүгдэгчийн мэдүүлгээр тодорхой болдог.

Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийн сэдэлт нь бусдыг үл тоомсорлон басамжлах. элдвээр доромжлох, өөрийн хүч чадал зэргээр бүхнээс давуу болохоо харуулах, айлган сүрдүүлэх явдал бөгөөд үүнээс хальж бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахыг зорилгоо болгосон үйлдлийг хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн аль тохирох зүйл, хэсгээр давхар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж байгаагаа ухамсарлан, энэ үйлдлээс бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр атлаа тийм хор уршиг бий болгохыг зориуд хүсч шууд санаагаа хэрэгжүүлсэн нь гэмт этгээдэд олон нийтийн аюулгүй байдлын эсрэг болон хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт нэгэн зэрэг хариуцлага хүлээлгэх үндэслэл болох бол уг үр дагаврыг хүсээгүй боловч олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах явцдаа хүргэсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх хууль зүйн үндэслэл бий болно. Тиймээс анхан болон давж заалдах шатны шүүх гэмт хэргийн шинжтэй үйлдэл тус бүрт гэмт хэргийн зүйлчлэлийг бүрэн хийгээгүй хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү.

Оноосон ялын тухайд:  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан. Гэтэл Б.Б гэмтэл учруулахад оролцоо их нүүрэн тус газар хүчтэй цохиж нийт 7 удаагийн үйлдлээр цохисон байхад түүнд оногдуулж буй ял нь 3,000,000 төгрөг буюу оногдуулж болох ялын хамгийн бага хэмжээнээс 300,000 төгрөгөөр  л илүү байгаа нь үнэхээр тохирсон ял оногдуулсан гэж үзэхээргүй байна. Бүлэглэж үйлдсэн хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй мөн давхар олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг үйлдсэн болно.

Түүнчлэн Б.Б, Э.У, Ө.А нар нь тодорхой эрхэлсэн ажилгүй орлогогүй хэмээн шүүх хуралдаанд мэдэгдэж байхад торгуулийн ял оногдуулж байгаа нь үндэслэлгүй байна. Тиймээс Б.Б, Э.У, Ө.А нар нь хоёр гэмт хэрэг үйлдсэн, үйлдэлдээ огт гэмшээгүй байх тул хорих ял оногдуулах бүрэн үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл хийгээд хийсэн хэрэгт нь тохирно гэж үзэж байна. Тиймээс  шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэж өгнө үү.

3. Хохирлын тухайд: Хохирогч Б.М-д 13,735,460 төгрөгийн хохирол учирсан байдаг. Үүнээс шүүгдэгч нар нийт 1,050.000 төгрөгийг төлсөн. Анхан шатны шүүхийн зүгээс хохирогч Б.М-д цаашид гарах эмчилгээний зардал 12,685,460 төгрөгийг хэлэлцэхгүй орхисон. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3-т иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд иргэний журмаар шийдвэрлэхээр байна. Хохирогч Б.М-ын нэхэмжилж буй мөнгөн дүн тодорхой тооцоолол хийх боломжтой эмнэлгийн бичигтэй баримттай байгаа болно. Бодит гарсан зардал биш цаашид гарах зардал гэдгээр иргэний нэхэмжлэлийг хангахгүй байх боломжгүй. Хохирогч Б.М-ын эрүүнд хэлбэр засах, хиймэл 2 шүд хийх эмчилгээ хийх шаардлагатай бөгөөд үүнийг улсын эмнэлэгт хийдэггүй. Хувийн эмнэлэгт гажиг заслын эмчилгээ хийлгэхэд нэлээн өндөр зардал гарахаар байгаа болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 228 дугаар зүйлийн 288.4-т "Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй” гэж заасан. Мөн шинжээчийн дүгнэлтийн 4-т цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд хэрхэн нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэсэн байхад яаралтай эмчилгээ хийлгэхгүй зардал хохирлыг шийдвэрлэхгүй байгаа нь хохирсон дээрээ хохирох нөхцөл байдалд хүргээд байна. Тиймээс эрүүний хэлбэр засах, хиймэл шүд хийлгэх эмчилгээний зардлыг буруутай этгээдээс гаргуулахаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж оруулж өгнө үү.

Зэвсгийн чанартай зүйл ашигласан байж болзошгүй тухайд: Хохирогч Б.М гомдолдоо Б.Б-ыг гартаа юм барьчихсан 2-3 удаа баруун шанаа эрүү тус газар савах байдлаар цохисон хэмээн мэдүүлсэн байхад түүнийг тодруулалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь шийдвэр, магадлал үндэслэл бүхий гарсан үзэхгүй байх нөхцөл болж байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулан гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Ө.Сайнбаяр хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Энэ нь шүүхийн шийдвэр, магадлалд нөлөөлсөн гэж үзэж дараах гомдлыг гаргаж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх Б.Б, Э.У, Ө.А нарт холбогдох хэргийг зөвхөн яллах дүгнэлтэнд дурдсанаар Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлд заасан олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэгт холбогдуулан зүйлчлэх үндэслэл байхгүй хэмээн шийдсэн. Гэтэл хохирогч Б.М-д учирсан гэмтэл хэргийн нөхцөл байдлаас харахад олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийн шинжийг дээрх үйлдлүүд нь давхар агуулж байгаа юм. Өөрөөр хэлбэл хамтран гэмт хэрэг үйлдсэн, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан нь Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрнээ хангаж байна. Жишээ нь: биеэ хамгаалах боломжгүй байхад нь сүрдүүлэх буюу ална шүү хэмээн сүрдүүлж байгаа нь хавтаст хэргийн 24 дахь талд байгаа хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байгаа. Өөрөөр хэлбэл халдашгүй байх эрхийг нь санаатайгаар зөрчсөн түүнийг ухамсарлаж байсан үйлдлүүд нь бол шүүгдэгч нарын мэдүүлэг дээр тодорхой байдаг. Баянгол дүүрэгт байрлах “Шонхор” караокены үүдэнд олон хүмүүсийн өмнө 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 03 цаг 56 минутанд үйлдсэн. Зугтаах гэж оролдоход нь барьж авч хүний нүднээс далд аваачиж дахин зодох гэсэн байдаг. Энэ хэргийн нөхцөл байдал дүрс бичлэгт хийсэн тэмдэглэлд тодорхой харагддаг хажуугаар нь хүмүүс явж “Шонхор” караокены үйл ажиллагаа хэвийн явагдаж байдаг. Гэтэл Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт давхар зүйлчлэх үндэслэлгүй гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Давж заалдах шатны шүүх мөн адил тайлбар хийгээд явсан нь оногдуулах ял, гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлж байна.

Мөн анхан болон давж заалдах шатны шүүх хохирлын талаар үнэлэлт, дүгнэлт хийхдээ хуулийг буруу тайлбарласан ирээдүйд үүсч болох хохирлыг тооцоод нэхэмжилж болох талаар Иргэний хуульд тусгайлан зохицуулсан зохицуулалт байдаг. Гэтэл цаашид үүсэх хохирлыг нотлох баримтгүй гэдэг шалтгаанаар хангаагүй орхисон. Хохирогч Б.М-ын гаргаж өгсөн баримтуудаар бол эмчилгээнд зайлшгүй шаардлагатай буюу гажиг заслын эмчилгээнд 5,752,900 төгрөг шаардлагатай гэдгийг “Төгс ялгуун” эмнэлгийн дүгнэлт байдаг. Энэхүү эмчилгээг даруй хийлгэхгүй бол цаашид хөдөлмөр алдалт хийгээд засал авах эмчилгээнд сөргөөр нөлөөлөхийг эмчийн тодорхойлолтод тодорхой дурдсан байгаа. Энэ нөхцөл байдлуудыг авалгүйгээр Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.4-т заасан нөхцөл байдлыг авч үзэлгүйгээр нэхэмжилж буй  мөнгөн дүнг хэрэгсэхгүй болгож шийдэж байна. Хэрэгсэхгүй болгохдоо иргэний журмаар дахин нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй гэж заасан. Гэтэл иргэний журмаар дахин нэхэмжлэх хугацаанд бол эмчилгээ авахгүй байх, сэргээх боломжгүй болох нөхцөл байдлууд үүсч болзошгүй. Өөрөөр хэлбэл унасан шүдний зай ямагт ойртож байдаг, ойртох тусам дахин засал эмчилгээ хийлгэхэд хүндрэлтэй. Нотлох баримтгүй гэдэг бол ямар нэгэн байдлаар тухайн зардал гарахыг нотлох баримт байхгүйг хэлнэ. Гэтэл албан ёсны “Төгс ялгуун” гэх эмнэлгийн тодорхойлолт байдаг. Гажиг засалд улсын эмнэлэг эмчилгээ хийдэггүй, хувийн эмнэлэгт хийдэг. Мөн хоёр шүд унасан нь шинжээчийн дүгнэлт хийгээд эмчлүүлэгчийн амбулаторийн карт зэрэгт доод үүдэн шүд, баруун талын доод араа унасан байгаа. Унасан шүднүүдэд имплант буюу хиймэл шүд хийхэд 6,600,000 төгрөгийн эмчилгээ шаардлагатай байгаа юм. Дээрх нөхцөл байдлыг тогтоохгүйгээр шүүхүүд нотлох баримтыг бүрэн гүйцэт байх үндэслэлийг хангаагүй гэж шийдсэн нь хохирогчид илтэд хохиролтой нөхцөл байдлыг үүсгээд байна. Шийтгэх тогтоол, магадлалд хохирол нөхөн төлүүлэх талаарх өөрчлөлтийг оруулж, зүйлчлэлд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байгаа учраас зохих шийдвэрийг гаргаж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Хохирогчийн өмгөөлөгчийн хэлж байгаа  Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж энэ хэрэгт байхгүй байна. Эмчилгээний зардлын хувьд шийтгэх тогтоол болон магадлалд эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж заасан. Шүүгдэгч нарын хувьд цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэхэд нь нөхөн төлөхөө илэрхийлсэн байгаа. Иймд магадлалыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Прокурор А.Золзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж болох объектив, субъектив тал хоёулаа байж энэ гэмт хэргийн үндсэн шинж хангагдана гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл объектив талын шинж болох тухайн баарны үйл ажиллагаа, олон нийтийн газар үйлдэгдэж байгаа хэв шинж байгаа боловч тухайн байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдаагүй нөхцөл байдал тогтоогддог. Субъектив талын шинж байхгүй байна гэж үзэж байна. Яагаад гэвэл тухайн үед хохирогч Б.М-ыг шүүгдэгч Э.У нь өөрийгөө цохисон гэж объектын андуурал болж энэ гэмт хэрэг үйлдэгдсэн байдаг. Анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт үндэслэлтэй байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан төрөл хэмжээний дотор ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагддаг бол мөн хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгодоггүй билээ.

Хуулийн эдгээр зохицуулалтаас үзэхэд яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт дурдсан, Эрүүгийн хуулийн тодорхой зүйл, хэсгээр зүйлчлэн ангилагдсан хэрэг, хүний хувьд л шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах бөгөөд прокурорын дээрх шийдвэрээр шүүх хуралдааны хэмжээ хязгаар тодорхойлогдох бөгөөд түүнд дурдаагүй хэрэг, хүний талаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болохгүй.

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Дүүрэнбилэг нь Б.Б, Э.У, Ө.А нарыг бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 597 дугаар яллах дүгнэлт үйлдсэн байх бөгөөд уг дүгнэлтийн тогтоох хэсэгт тэдгээрийг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллаж байгаа талаар дурдсан байна. (хэргийн 145-148 дахь тал)

Мөн дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 1622 дугаар захирамжаар Б.Б, Э.У, Ө.А нарыг прокурорын дээрх яллах дүгнэлтэнд тусгасан хэргийн хувьд шүүхэд шилжүүлэн, улмаар прокурорын яллах дүгнэлт болон уг захирамжинд дурдсан хэргийн хүрээнд хоёр шатны шүүх хэрэг хэлэлцэх ажиллагаа явуулсан нь хуульд нийцжээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтанд тулгуурлан хоёр шатны шүүх нь 2018 оны 11 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шонхор” караокены гадна Б.Б, Э.У, Ө.А нар нь бүлэглэн, согтуугаар хохирогч Б.М-ыг зодож түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримтыг тогтоож, тэдгээрийн үйлдлийг прокуророос зүйлчилсэн Эрүүгийн хуулийн зүйл, хэсгийг үндэслэлтэй гэж дүгнэж, уг зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсныг буруутгах үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хяналтын шатны шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй нөхцөл байдлыг тогтоох эрхгүй тул хэргийн зүйлчлэлтэй холбогдуулан гаргасан хохирогч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж үзэв.

Шүүх нь шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан хэсэгчлэн эсхүл бүгдийг хангаж, түүнчлэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх эрхтэй болох талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заажээ.

Шүүгдэгч нар нь шийтгэх тогтоол гарахаас өмнө хохирогчид 1,050,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн байх бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон 332,960 төгрөгийн хохирлыг шүүх тэдгээрээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Харин цаашид гаргах эмчилгээний зардалд хохирогч 12,685,460 төгрөг нэхэмжилсэн боловч 5,752,500 төгрөг эмчилгээнд шаардлагатай (хэргийн 180 дахь тал) гэсэн “Төгс-Ялгуун” эмнэлгийн тодорхойлолтоос өөр баримт сэлт тэрээр гаргаж өгөөгүй байх тул шүүх түүний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний нэхэмжлэлээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Иймд “эрүүний хэлбэр засах, хиймэл шүд хийлгэх эмчилгээний зардлыг буруутай этгээдээс гаргуулж өгөх”-ийг хүссэн хохирогч, түүний өмгөөлөгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 769 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1421 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хохирогч Б.М, түүний өмгөөлөгч Ө.Сайнбаяр нарын хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                           ДАРГАЛАГЧ                                            Ч.ХОСБАЯР

                           ШҮҮГЧИД                                                С.БАТДЭЛГЭР

                                                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                            Б.ЦОГТ

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН